| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0202/з |
| Дугаар | 221/МА2024/0752 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0752
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сампилноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV-000223 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/663 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0202/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV-000223 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/663 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.5, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны нүүрсний ордын 3,44 га талбай бүхий газрыг Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 11 сарын 30-ны өдрийн 112 дургаар захирамжаар манай “Э” ХХК-д олгосноор Түлш Эрчим хүчний яамнаас 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах” зөвшөөрөл дуусвар болж гэрчилгээ хүчингүй болсон. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу манай “Э” ХХК-д тухайн үеийн Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн бүртгэж, 223 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон болно.
2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас шинэчлэн бүртгэж хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 2911002016 тоот гэрчилгээтэй “Э” ХХК-д энэхүү зөвшөөрлийг 2007 оны 01 сарын 29-ний өдөр 223А гэрчилгээгээр манай “Э” ХХК-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон юм.
3.2. Дээрх тусгай зөвшөөрлийн 30 жилийн хугацаа дуусах болоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлснөөр жил бүр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж хянаж баталгаажуулдаг бөгөөд хуульд заасан үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр бүрэн төлж, 2021 онд хугацаа сунгуулах хүсэлт материалыг Ашигт малтмал газрын тосны газарт өгсөн.
Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш 20 өдөрт багтаан өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг дурьдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэж энэ тухай бүртгэлд тэмдэглэж өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцаан өгөх тухай мөн хуулийн 26.8-д заасныг ноцтой зөрчиж, 2 жил гаруй хугацаанд огт хариу өгөхгүй дарагдуулан хууль зөрчсөн болно.
Эцэст нь зөвшөөрлийн хугацаа дууссан гэж хугацааг буруу тооцож захиргааны акт гаргасан нь “Э” ХХК-ийн хуулиар олгогдсон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болно.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасан байна.
“Э” ХХКнь 1997 он, 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газар нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр тус тус шинэчлэн бүртгэж, 2007 оны 1 сарын 29-ний өдөр ашигт малтмал ашиглалтын 223А дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосон болно.
3.4. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ аливаа тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу мөн хуулийн 26.5-д заасан хугацаагаар шинэчлэн бүртгэх тухай дурьдаж улмаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 1993 оноос тооцож шийдвэрлэсэн нь хүчингүй болсон зөвшөөрлийг энэ хуульд хамааруулан хугацааг тооцож хуульчлагдаагүй зохицуулалтыг төсөөтэй хэрэглэж тусгай зөвшөөрлийн хугацааг давхардуулж тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг зөрчиж байна.
Шүүх хэт нэг талыг барьж хариуцагчид ашигтай байдал үүсгэж талуудад тэгш бус хандаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 6 дугаар зүйлүүдэд заасан хэргийн оролцогчид шүүхийн өмнө эрх тэгш байх тухай заалтыг зөрчиж байна.
3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3-д заасан баримт бичгийг хавсаргаж өгөх ёстой байхад шүүхийн шийдвэрт тус хуулинд заагаагүй үндэслэлүүд болох байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулах, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг ирүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй гэх зэрэг хуульд заагаагүй үндэслэл зааж хариуцагчийн шийдвэр үндэстэй гэж үзэж хуулиар зохицуулаагүй үндэслэл зааж Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч үл зөвшөөрч байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэлүүлэхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “...ТЭЗҮ шинэчлэн батлуулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинэчлэн хийх бусад материалыг бүрдүүлэхийг шаардах зэргээр элдэв шалтаг тоочсоор 2021 онд хүсэлт гаргахад хугацаа сунгахаас татгалзсан, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 112 дугаар захирамжаар дээрх газрыг уурхайн зориулалтаар манайд олгосон буюу орон нутгаас зөвшөөрөл авсны үндсэн дээр лицензийг шинээр авсан тул ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 1997 оноос тооцох учраас хугацаа сунгахаас татгалзах үндэслэл байхгүй” гэх агуулгаар,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д шилжүүлсэн нотлох баримт байхгүй, мөн тусгай зөвшөөрөл шинээр олгосон шийдвэр байхгүй, зөвхөн гэрчилгээ олгож шинэчилсэн бүртгэл хийсэн, ашигт малтмалын ашиглалтын MB-009085 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.5, 28.1, 40.2-т заасан шаардлагыг хангаагүй учраас хугацаа сунгахаас татгалзаж, бүртгэлээс хассан” гэх агуулгаар тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “… Ашигт малтмалын тухай хуульд өмнө олгосон тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тоолох зохицуулалт байхгүй, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон 1993 оноос тооцохоор байх тул шинэчлэн бүртгэсэн үеэс тоолно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, 2021 онд хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтдээ хуульд заасан баримт бичгийг бүрэн хавсаргаж ирүүлээгүй нь тогтоогдсон” хэмээн дүгнэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цуглуулсан нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй байдлаар тодорхойлогдохгүй байхын зэрэгцээ маргааны үйл баримтын талаар бүрэн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
6. Ашигт малтмалын тухай хууль /1997 он/-ийн 18 дугаар зүйлийн 1-д “Ашигт малтмал ашиглах лиценз авахыг хүссэн этгээд нь Геологи, уул уурхайн кадастрын албанд, уг албанаас баталсан загварын дагуу өргөдөл гаргаж хүргүүлнэ. Өргөдөлд дор дурдсан бичиг баримтыг хавсаргасан байна:”, 6-д “Ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга дараахь шийдвэрүүдийн нэгийг гаргаж, өргөдөл гаргагч этгээдэд мэдэгдэнэ:”, 8-д “Өргөдөл гаргасан этгээд лицензийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийг 60 жилийн хугацаатайгаар олгож, лиценз болон уурхайн талбайг лицензийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж тэмдэглэнэ” гэж,
Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.15. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх;”, 26 дугаар зүйлийн 26.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж,
Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгахтай холбоотой аливаа асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн шийдвэрлэх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан этгээдийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх зохицуулалттай байна.
7. Хэрэгт цуглуулсан нотлох баримтыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулах үзэхэд;
7.1. Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Баянцагааны нүүрсний ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах зөвшөөрлийг, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай гэрчилгээгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаагаар олгосон бол “Э” ХХК-д тус аймгийн Засаг даргын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамжаар уг нүүрсний ордод уурхай байгуулахад нь зориулан 3.44 га эдэлбэр газрыг олгожээ.
7.2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /тухайн үеийн нэршлээр/-аас дээрх газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 223А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2007 онд “Э” ХХК-д 30 жилийн хугацаатай олгосон, уг хуулийн этгээдийн зүгээс 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 6 дахь жилийн төлбөрийг төлснөөс хойш 2020 онд 28 дахь жилийн төлбөрийг төлсөн.
7.3 Ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг “анх олгосон хугацаагаар” гэж шинэчлэн бүртгэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргасныг захиргааны байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэж авсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий актыг гаргажээ.
8. Дээрх үйл баримтаас үзэхэд, бодит байдалд энэ хэсгийн 6-д заасан хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан эсэх нь хэргийн оролцогчдын тайлбар, цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
9. Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны нүүрсний ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл “Э” ХХК-д Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх, тийм бол уг ашигт малтмал ашиглах эрх хэзээнээс, ямар хугацаагаар үүссэн болохыг холбогдох бичгийн нотлох баримтаар тогтоох замаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах шаардлага бодитоор үүссэн эсэх, тийм бол хүсэлт нь хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан эсэх буюу тухайн тохиолдолд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхийг маргааны үйл баримтын хүрээнд дүгнэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тухайлбал:
9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч “… Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байсан нүүрсний орд нь арай том талбайтай байсан, харин 1997 онд манай авсан 3.44 га талбай нь тус ордын нэг хэсэг бөгөөд ингэхдээ аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Ашигт малтмал газрын тосны газарт хүсэлт гаргаж, Баянцагааны нүүрсний ордын ашиглалтын лицензийг шинээр авсан” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “…Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д шилжүүлсэн, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгосон шийдвэр байхгүй” гэж зөрүүтэй тайлбар гаргасан.
Үүнтэй холбогдуулан, Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Баянцагааны нүүрсний ордод хамаарах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас “Э” ХХК-д хэрхэн шилжүүлсэн эсэх, ийнхүү шилжүүлсэн буюу лицензийг шинээр олгохыг зөвшөөрсөн албан бичгийг Архангай аймгийн Засаг даргаас ирүүлж байсан эсэх, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2006 онд 223А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ямар үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон, ингэхдээ “Э” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр, эсхүл шилжүүлэн олгох шийдвэрийг бодитоор гаргасан эсэх нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тодорхойлоход зайлшгүй ач холбогдолтой.
9.2. Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Баянцагааны нүүрсний ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах зөвшөөрлийг хүчинтэй эсэх, мөн “Э” ХХК-д Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамжаар олгосон 3.44 га газар эзэмших эрх хүчинтэй эсэх, нөгөөтээгүүр тухайн ордод ашигт малтмалын ашиглалтын хэд хэдэн тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг маргааны үйл баримтын хүрээнд шалгаж тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.
Энэ хүрээнд Архангай аймгийн Ихтамир сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр тогтоол зэргийг нотлох баримтаар цуглуулах нь зүйтэй.
9.3. Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамжаар 3.44 га газар олгосон гэх “Э” ХХК-ийн 2911002016 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, https://opendata.burtgel.gov.mn/ вэб сайт дахь хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийг харьцуулан үзэхэд энэ компани 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Гэтэл нэхэмжлэгчээс “1997 оноос ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр авсан” гэж маргаж буй энэ тохиолдолд хэзээ үүсгэн байгуулагдсаныг шалгах тогтоох нь түүний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэзээнээс, бодитоор эзэмшиж байсан эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзнэ.
10. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ