Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

  

 

 

 

 

 

 

2023              01            16                                    2023/ШЦТ/85

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Оргилболд,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан эрүүгийн 2209000001957 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш.Э, /регистрийн дугаар .../, ... оны .... дугаар сарын ...-ны өдөр, Төв аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ..... тоотод түр оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой ....тоотод оршин суух гэртээ байхдаа, хохирогч Н.Э-тайтухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан маажих зэргээр зодсоны улмаас түүний биед “...баруун чигчий хуруунд шарх, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Н.Э мэдүүлэг, шүүгдэгч Ш.Эгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой ....тоотод оршин суух гэртээ байхдаа, хохирогч Н.Э-тайтухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан маажих зэргээр зодсоны улмаас түүний биед “...баруун чигчий хуруунд шарх, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Эгийн хохирогч Н.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

шүүгдэгч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би биеэ хамгаалах гэж байгаад Энхтайвангийн нүүрийг хумсаараа урчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

хохирогч Н.Э\ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагаас хойш байрныхаа Шийрав гэх ахтай гэрт нь буюу Сүхбаатар дүүргийн 31 дүгээр байрны 3 давхарт ертөнцийн зүгээр баруун тийш харсан голын шаргал өнгийн төмөр хаалгатай тоотыг нь санахгүй байна. Мөн манай байрны Т, Г нарын хамт орж орж 3-4 шил 0.75 л "Хараа" нэртэй архи хувааж уусан Г нь архи уугаагүй тэгээд Төмөрөө, Шийрав ах бид гурав архи хувааж ууж байгаад би унтчихсан байж байгаад нэг сэрсэн чинь 21 цагийн үед байх сайн санахгүй байна Ш ахын хамтран амьдрагч эмэгтэй нэрийг нь мэдэхгүй Ш, Т хоёртой архи хувааж уугаад сууж байсан. Шийрав ах манай гэрийн зурагт хаагдчихсан бас утсаа сунгах гэсэн юм гэхээр нь би өөрт байсан 110.000 төгрөг өгсөн тэгээд Шийрав ахын эхнэр гэх эмэгтэй намайг босооч, хариач гэхээр нь би босож чадахгүй байна жоохон хэвтэж байгаад бослоо гэж хэлчхээд та ер нь яагаад Ш ахыг үхээч гэж хэлсэн юм бэ гэж хэлсэн чинь миний нүүрийг хумсаараа олон удаа самардахаар нь би босоод ирсэн чинь түшлэгтэй том модон сандал миний уруул руу шидчихээр нь би сандлыг булааж аваад өөрийг нь гараараа түлхэж унагаасан тэгээд гарах гэсэн чинь хажуу талынх нь танихгүй эмэгтэй хаалга онгойлгоод юу болоод байна гэсэн чинь юм болоогүй гэж хэлсэн тэгээд би гарч яваад гэртээ орсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Н.Ш “...2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчим зүс таних дүү нар болох Г, Төмөрөө, Э нар манай гэрт ирж ахмадын баярыг тэмдэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн оройн манай хамтран амьдрагч Э гаднаас орж ирээд сууж байсан би Э архи өгөөрэй гэж хэлээд тасарсан би юу болсныг санахгүй байна өглөө сэрэхэд эхнэр Э нь босоод явах гэж байсан би хайчих гэж байгаа юм гэхэд эмнэлэгт үзүүлнэ гэсэн би цаг харахад 7 цаг болсон байсан тэгээд би гэр орноо цэвэрлэчхээд гадаа салхилж явж байхад Э нь над руу 80008186 дугаараас залгаад танай эхнэр Э чинь миний нүүр амыг маажаад хаячихлаа гэж хэлсэн. Өглөө Э гарч явахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Э унтаж байхад нь бос гээд босохгүй байхаар нь сандлаар цохиод Э босож ирээд түлхсэн тэгтэл миний нүүрийг маажсан гэж надтай утсаар ярихдаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №13390 тоот актын “…Н.Э биед баруун чигчий хуруунд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт /хх-н 54-55/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой ....тоотод оршин суух гэртээ байхдаа, хохирогч Н.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан маажих зэргээр зодсоны улмаас түүний биед “...баруун чигчий хуруунд шарх, нүүрэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ш.Эгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа нь шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг түүнд болон өмгөөлөгч нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ш.Эд 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Ш.Эгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд энэ тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Н.Э нь гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Э энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

 

4.Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР