Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Д.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210000001467 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Д.Д нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Э** цайны газарт ажилладаг, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1.Баянгол дүүргийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх  тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2.Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 136 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 17 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан,

3.Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 17 хоногийг нэмж нэгтгэн, нийт ялыг 1 жил 2 сар 17 хоног хорих ялаар тогтоосон, 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4.Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаар  шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, хөнгөн ялын заримыг нэмж нэгтгэн бүгд 4 жилийн хорих ялаар тогтоосон, 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5.Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 149 дугаар захирамжаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 6 жил 7 сарын хорих ялаас чөлөөлөгдсөн,

6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялыг бүрэн эдэлж дууссан. (РД:УО70081030).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны ** дүгээр байрны ** тоотод иргэн Г.Г-тай согтуугаар маргалдан, газар унагааж түүнийг өшиглөн, толгой болон нүүрэн тус газарт цохисны улмаар зулайн хуйханд шарх, зүүн хөмсөг орчим, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн дал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурортой тохиролцсон ялыг зөвшөөрч байгаа. Ялыг биелүүлэхгүй бол хорих ял болгоно гэдгийг ойлгосон. Хохирлын 8,000 төгрөгийг төлнө, өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210000001467 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15:17:45 цагт “манай Г ахыг ажил хийлгэж байсан эхнэр, нөхөр хоёрын нөхөр нь зодсон байна. Ах босож чадахгүй хэвтээд, элдүүрээр тарихыг нь хагалсан, хөл нь хавдартай байна. гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

2. Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна Төв аймаг руу арц түүхээр Д гэх хүнхий хамтаар яваад 10 сарын эхээр хотод ирээд Д болон түүний эхнэр И нарын цайны газарт туслах ажилтнаар 1-2 сар гаран ажиллаад хөлс мөнгөө олж авч чадаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д-гийн гэр  Хан-Уул дүүргийн ** тоотод өдөр би ирэхэд эхнэр нь гэрээсээ гараад явсан. Бид хоёр тухайн үед 0,33 литрийн савлагаатай архи хувааж уугаад тухайн архиа дуусгасан. Д том хүүтэйгээ дэлгүүр гараад цагаан водка гэж бичсэн бичигтэй архи авч орж ирээд тэрийг мөн адил уугаад сууж байтал би нэг мэдсэн чинь тасраад орон дээр нь унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь ...Д нь орон дээрээ унтаад байж байхаар нь би гэрээс нь гараад, удалгүй буцаад Д-гийн гэрт нь орох гэтэл хаалга нь түгжээтэй байхаар нь шатан дээр унтаад өгсөн. Маргааш орой нь би хаалгыг нь цохитол Д надтай маргалдаад намайг гэрийнхээ нойлын өрөөнд оруулаад Ичко хаана байна гээд миний хөлийг өшиглөөд, ганжингаар толгой нүүр хэсэгт 4-5 удаа цохиод байсан. Би өөрийнхөө биеийг хамгаалахаар тэндээс гараад зугтсан. Би буцаж Д-гийн гэрт очоод явуулын хүнд өөрийн гар утсаа барьцаанд тавиад 0,33 литрийн савлагаатай архи авч уугаад бид хоёр гэрт нь тасраад унтаад өгсөн. Бид хоёр дахиж гараад автобусны буудлын хойд талд байх Түц-ээс Д утсаар ярих гэхээр нь би тэндээс зугтаагаад гэртээ ирсэн Миний толгой өвдөж байна, хавирга болон баруун талын хөл хэсэг өвдөөд байна. 1-2 жилийн өмнөөс цугтаа ажил хийгээд танилцсан. Намайг зодуулж байхад хажууд ямар нэгэн хүн байгаагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

3. Яллагдагч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн гэртээ Г-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед манай эхнэр хүүхдээ аваад салхинд гарлаа гээд гараад явахаар нь бид хоёр гэртээ үлдсэн. Г нь согтуу гэрээс гараад яваад өгөхөөр нь явуулсан. Орой Г хаалга цохиод байхаар нь онгойлготол тал шил архи бариад ороод ирсэн. Тухайн үед би эхнэр лүүгээ залгах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь би Г-аас асуутал дуугарахгүй байхаар нь миний гар утсыг зарсан байна гэж бодоод би Г-ыг нойлын өрөөндөө оруулж байгаад толгой болон зүүн нүүр буюу зүүн талын нүд хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиж, шанаа хэсэгт 1 удаа цохиж, баруун зүүн гарын шуу хэсгээс гараараа барьж байгаад газар унагаагаад баруун зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөж зодсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Г-ыг миний гар утсыг зараад архи авсан байна гэж бодоод зодчихсон юм. Тэгээд би Г-ыг гэрээсээ хөөгөөд явуулсан. Г-ын биед үүссэн бүх гэмтлийг би үүсгэсэн. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16236 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн урд хэсэг хуйханд 1,0х0,3см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус шархтай. Зүүн хөмсөгний дээр 3,0х0,2см хэмжээтэй, 0,2х0,2см хэмжээтэй 5 тооны, зүүн шанаанд 0,2х0,2см хэмжээтэй, 0,5х0,3см хэмжээтэй 2 тооны хүрэн ягаан зулгаралтуудтай. Баруун шанааны гадна доод хэсэгт 1,0х0,6см, 0,8х0,3см хүрэн ягаан зулгаралтуудтай. Баруун, зүүн сарвууны ар гадаргуу нилэнхүйдээ хаван, хавдартай. Зүүн далны доод хэсэгт 15х8,0см хэмжээтэй бүдэг ногоон шаргал цус хуралттай, хавдсан. Баруун шилбэний урд болон гадна хажуу дээд, дунд, доод хэсэг хамарсан 20х10см хэмжээтэй бүдэг ягаан өнгийн цус хуралттай, уг цус хуралтын дээд захад 1,0х0,4см, 0,5х0,4см хэмжээтэй, 0,3х0,3см хэмжээтэй 4 тооны хүрэн ягаан зулгаралттай, бага зэрэг хавдсан. гэжээ.

1.Г.Г-ын биед зулайн хуйханд шарх, зүүн хөмсөг орчим, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн дал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

5.Яллагдагчийн хүсэлт, прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 54, 55, 56-57 дугаар хуудас),

6.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тодорхойлолтууд (хавтаст хэргийн 37-52 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 61 дүгээр байрны 28 тоотод иргэн Г.Г-тай согтуугаар маргалдан, газар унагааж түүнийг өшиглөн, толгой болон нүүрэн тус газарт цохисны улмаар зулайн хуйханд шарх, зүүн хөмсөг орчим, зүүн шанаа, баруун шуунд зулгаралт, баруун, зүүн сарвуу, зүүн дал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Маргааш орой нь би хаалгыг нь цохитол Д надтай маргалдаад намайг гэрийнхээ нойлын өрөөнд оруулаад Ичко хаана байна гээд миний хөлийг өшиглөөд ганжингаар миний толгой нүүр хэсэг рүү 4-5 удаа цохиод байхаар нь би өөрийнхөө биеийг хамгаалахаар тэндээс гараад зугтсан юм..гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16236 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Г.-Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогчийн хэрэгт ирүүлсэн баримтыг шүүх судалж үзээд нотлох баримтын хүрээнд шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-аас гаргуулж, хохирогч Г.Г-д олгох үндэстэй гэж үзэв.

Хохирогч Г.Г-д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд оролцохгүй талаар тэмдэглэлд тусгагдсан байгааг дурдав.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-тай ял тохиролцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Д улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Д-гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтаас үзэхэд урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба ялын хугацаа дуусгавар болсон байна. Нөгөө талаас түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Д-гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шалгах хуулийн шаардлага, нөхцөл хангагдсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурортой тохиролцсон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-аас 8,000 (найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-д олгосугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА