Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдорж (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 3152), О.Мөнхболд (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2265),

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1672) нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт У.Н, Б** овогт Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001169 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Б** овогт У.Н нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аялал жуулчлал-зочид буудлын менежер мэргэжилтэй, 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс С** ХХК-д  зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэх, ам бүл, ганцаараа Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар  магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн уг ялыг эдэлж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны  өдрөөр 10 сар 4 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын үлдэгдэлтэй (РД:********).

2.Б** овогт Ц.М Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын**-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 2018 оноос Х** ХХК-д менежерээр ажиллаж байгаа гэх, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ** хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

У.Н, Ц.М нар нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үүрээр 05 цагийн орчим Д.Ө, Б.О нартай маргалдаж, улмаар бүлэглэн Д.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хамрын угалзад няцарсан шарх, зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод уруулын салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Н шүүх хуралдаанд: Хэргийн талаар урьд мэдүүлэг гаргасан. Дахин нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд: Хохирогчийн нуруу, гар руу нь цохисон. Гэм буруугийн талаар маргахгүй. Нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2210000001169 дугаартай хэргээс судалсан болон цугларсан нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны 05:42:40 цагт 2 согтуу хүн агсам тавиад манай найзыг зодчихлоо  гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

2.Хохирогч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

3.Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

4.Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

5.Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13123 дугаартай дүгнэлтэд:Болсон хэргийн товч хэсэгт: Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** хотхоны ** дугаар байрны ** тоотод зодуулсан гэж, зовиур хэсэгт:хамар битүүрнэ, өвдөнө, шүд өвдөнө гэж, хэсэг газрын үзлэгт: Хамрын үзүүрт ариун боолттой, нээж шалгахад хамрын угалзны гол хэсэгт 1.0х0.2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Зүүн хэсэгт 1.5х0.3см хүрэн ягаан өнгийн зулгаралтын төвд 1 ширхэг мэс заслын оёдол тавигдсан шархтай. Хамрын нуруу, дээд уруул овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Дээд, доод уруулын дотор салстыг нилэнхүйд нь хамарсан хөхөлбөр, хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун дээд  1-р шүд тэмтрэлт, тогшилтоор эмзэглэлтэй, урагш, арагш чиглэлд сул ганхаж хөдөлнө. Зүүн чамархайн хуйханд бага зэрэг овойж хавдсан тухайн хэсэгт 4.5х4.0см талбайд цоохортсон хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Гэмтэл согог Судлалын Үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны онош: Хамар, уруулын няцарч, зүсэгдсэн шарх. гэжээ.

1.Д.Ө-ын биед хамрын угалзад няцарсан шарх, зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал, хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас)

7.Яллагдагч У.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

8.Яллагдагч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой У.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 1 сараас 2022 оны 3 сар хүртэл хугацааны тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), UA Properties ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар магадлал (хавтаст хэргийн 105-113 дугаар хуудас), Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/23201 дугаартай албан бичиг (шүүх хуралдаанд ирүүлсэн), Ц.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 1 сараас 2022 оны 8 сар хүртэл хугацааны тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), Х** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/03 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 60 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б** овогт У.Н, Б** овогт Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-ыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.М-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Н-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялын эдлээгүй үлдсэн 10 (арав) сар 4 (дөрөв) хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Д.Ө-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардаж авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА