Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2019/00984

 

 

 

 

 

 

 

 

 

 2019 оны 04 сарын 24 өдөр                  Дугаар183/ШШ2019/00984                              Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Ц.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......тоотод оршин суух, Л.Б /РД:.......... /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг ...... тоот оршин суух, Ж.Ч /РД:................. /-д холбогдох,

 компанид учирсан хохиролд 403,671,862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2019.04.01-ний өдөр үндыэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Үүнд: Хариуцагч Ж.Ч нь Т ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дугаар заалтыг зөрчиж, Т ХК-ийн 2004 оны дүрэмийн 7.3.4-т заасан их хэмжээний хэлцлийг заавал ТУЗ-ийн зөвшөөрлөөр байгуулдаг гэх заалтыг зөрчиж, түүнчлэн компанийн дүрмийн 7.2, 7.2.2-т заасан ТУЗ бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас бусад их хэмжээний хэлцлийг гүйцэтгэх удирдлагад олгосноор гүйцэтгэх удирдлага их хэмжээний хэлцэл байгуулах эрхтэй. Эдгээр заалтуудыг Ж.Ч зөрчиж дур мэдэж их хэмжээний хэлцэл байгуулсан. Нэхэмжлэлд дурдаж байгаа их хэмжээний хэлцлийг 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр *******тай байгуулахдаа Т ХК-ийн өмчлөлийн *******,******* тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгыг барьцаалж 150.000 ам.долларыг сарын 1.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан. Зээл авах гол зорилго нь Э ХХК-ийн захирал *******тай 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнчлэн 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлийг Э ХХК-д дамжуулан олгоно гэж тус тус гэрээ байгуулж *******наас 150.000 ам.доллар зээлж, Э ХХК-д зээлүүлсэн. Эдгээр зээл хэлцлүүд нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл гэдэг нь дараах байдлаар тогтоогдож байна. Зээлсэн 150.000 ам.доллар сарын 1.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн хугацаа дуусахад зээлийн хүү 58.000 ам.доллар болж үндсэн зээлийн хамт нийтдээ 208.000 ам.доллар төлөх үнийн дүнтэй гэрээ байгуулсан. 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Т ХК-ийн нийт өөрийн хөрөнгийн 28 хувьтай тэнцүү байсан. Үүнтэй холбоотой гомдлуудыг 2011 оноос хойш Т ХК-ийн ТУЗ болон Үнистар /Unistar-Audit/ аудитын компаниар шалгалт хийлгэсэн. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ТУЗ-ийн зөвшөөрлөөр хийгдсэн 11/70 дугаарт аудитын шалгалтын тайланд гүйцэтгэх захирал Ж.Ч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дүгээр заалт, Т ХК-ийн дүрмийн 7.3.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчиж эрх мэдлээ хэтрүүлж, их хэмжээний хэлцэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан нь тогтоогдсон. Ж.Ч нь тус компанитай хөдөлмөрийн менежментийн гэрээ байгуулсан. *******наас зээл авахад Т ХК-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нь мөн адил Т ХК-ийн дүрэм болон гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 202.606.85 ам.долларыг Т ХК *******инд 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн. Энэ мөнгийг Т ХХК өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулаагүй, ямар нэгэн байдлаар эргэлтийн хөрөнгөнд ашиглаагүй, Э ХХК-д тухайн мөнгийг зээлүүлсэн,мөн Э ХХК ямар нэгэн байдлаар зээлийг буцааж төлөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ж.Чг эрх мэдлээ хэтрүүлж компанид хохирол учруулсан их хэмжээний хэлцэл байгуулсан талаар удаа дараа гомдол гаргаж шалгуулсан, энэ  ажиллагаа 6 жил үргэлжлээд Чингэлтэй дүүргийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаарт прокурорын тогтоолоор дүгнэлт гарсан. Тухайн прокурорын тогтоолд Ж.Ч хамтран ажиллах гэрээний дагуу татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхдээ ТУЗ-ийн зөвшөөрөл аваагүй, албан тушаалынхаа хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид 243.147.150 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед холбогдогч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Энэ үед Ж.Ч их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл авахгүйгээр *******тай зээлийн гэрээ байгуулсан гэж хүлээн мэдүүлсэн. Их хэмжээний хэлцэл байгуулахдаа компанийн сүүлийн баланс 756.000.000 төгрөг байсан. 756.000.000 төгрөг өөрийн хөрөнгөөс байгуулаад байгаа их хэмжээний хэлцэл нь 243.147.150 төгрөг гэж аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Т ХК-ийн 2006 оны санхүүгийн тайлангаар компанийн нийт хөрөнгийн 32.3 хувийг энэхүү их хэмжээний хэлцэл эзэлж байсан. Иймд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар их хэмжээний хэлцлийн шинж чанарыг бүрэн агуулсан. Мөн дахин аудитын шалгалт оруулж өмнөх аудитын тайлантай адил дүгнэлт гарч Ж.Чг их хэмжээний хэлцэл байгуулсан гэж дүгнэсэн байна. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10355 тоот шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон,  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтэд 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шалгалтын тайланд Т ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр хийлгэсэн аудитын тайлангаар Т ХК-ийн Э ХХК-тай 243.147.150 төгрөгний хэлцэл хийсэн гэж дүгнэсэн. Хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийн шаардлагаар аудитын 17/58 дугаартай тайлангаар Т ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756.706.995.79 төгрөг байгаа тул 189.176.748.95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл байгуулах нь их хэмжээний хэлцэлд тооцогдох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Э ХХК-тай байгуулсан зээл дамжуулж олгох гэрээнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэлд тооцогдож байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 3 удаагийн аудитын дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй гарсныг шүүх анхаарч үзнэ гэж хүсэж байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс томилогдсон шинжээч нар Ж.Ч Т ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн тул хариуцагч Ж.Ч Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 86 дугаар заалтыг тус тус зөрчсөн учраас нэхэмжлэгч Л.Б нь Компанийн тухай хуулийн 84.7, 86.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд компанид учирсан 202.606 ам.доллар 85 центийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкнаас гаргасан ам.долларын ханш 1992.39 төгрөгөөр тооцож 403.671.862 төгрөгийг хариуцагч Ж.Чгээс гаргуулж компанид олгох хүсэлттэй байна гэв.

 

            Хариуцагч Ж.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тухайн үед Т ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Э ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд зээл дамжуулан олгох гэрээ байгуулаад мөнгө шилжүүлсэн. Би өөрөө Т ХК-ийн 150.000 ам.долларын гэрээ байгуулаад хувьдаа энэ мөнгийг аваагүй. Т ХК-тай эрх зүйн харилцаанд Э ХХК орж энэ мөнгийг зээлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг би биш Э ХХК төлөх ёстой. Би тухайн мөнгөнөөс огт хэрэглээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Э ХХК манай Т ХК-тай 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргаад хамтран ажиллах гэрээ байгуулах санал гаргасан. Э ХХК гаалийн татваргүй барааны дэлгүүр нээх зөвшөөрөл авсан, харин Т ХК-ийг хөрөнгө оруулах хүсэлтийг тавьсан. Үүний дагуу 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Үүнийг үндэслээд *******наас 150.000 ам.долларын зээл авсан, энэ 150.000 ам.доллар тухайн үеийн ханшаар 174.750.000 төгрөг болсон Энэ нь Т ХК-ийн тайлан балансад зээл гэж бүртгэсэн. Зээлийн барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн. Барьцааны хөрөнгийн үндсэн үнэлгээ нь 147.493.000 төгрөг. Үүнийг Нев аудит ХХК-иар 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үнэлүүлсэн. Нэхэмжлэгчийн дүгнэлт гаргуулсан аудит компани нь дүгнэлт гаргахад энэ хоёр аудит компанийн үнэлгээ хоорондоо зөрүүтэй гарсан тул Стар аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг үндэслээд 756.000.000 төгрөгний жилийн эцсийн тайлан баланс актив хөрөнгийн дүнд барьцаалсан хөрөнгө нь 19.5 хувьтай тэнцүү, 174.750.000 төгрөг нь их хэмжээний хэлцлийн хэмжээнд хүрэхгүй байна. Иймд би тухайн үед их хэмжээний хэлцлийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд Э ХХК-д тухайн өдөр мөнгө зээлүүлж шилжүүлсэн. Намайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад энэхүү зээл нь төлөгдөж дуусаагүй байсан. 2010 онд би ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Халагдсаны дараа 2012 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллага намайг их хэмжээний мөнгө завшсан, компанид хохирол учруулсан гэж үзэж 6 жилийн турш шалгаж байсан. Тухайн үед *******наас авсан зээл Т ХК-ийн нийт хөрөнгийн 19.5 хувьтай тэнцүү байна. Их хэмжээний хэлцэл байгуулаагүй, Компанийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Э ХХК-тай хамтран ажиллах үед хоёр талаас хүсэлт гаргаад тооцоо нийлүүлсэн акт үйлдэж баталгаажуулаад тайлан балансад бүртгэж байсан. Э ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Т ХК Э ХХК-иас мөнгөө иргэний шугамаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 316 дугаартай тогтоолоор Т ХК, Э ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчинтэй гэж дүгнэсэн. Дээрээс нь гэрээний дагуу Т ХК ямар хэмжээний ашигтай эсхүл ямар хэмжээнд ашиггүй байсан талаар дурдаагүй. Үүнийг тогтоох шаардлагатай тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч энэ талаар Т ХК-иас ямар ч баримт ирүүлээгүй гэж хэлж байсан. Иймд энэхүү хамтран ажиллах гэрээнээс үүдэн компани хохирол хүлээсэн талаар нотлох баримт байхгүй. Аудитын хувьд би өөрөө 2013 оноос эхлэн Т ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Л.Б нь өөрөө ТУЗ-ийн даргаар ажилладаг. Тэгэхээр Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.10-т аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох гэж заасан байдаг. Иймд компанид хэн ч аудитын шалгалт хийлгэхэд ТУЗ-ийн зөвшөөрөл авах ёстой. Л.Б ТУЗ-ийн дарга боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. ТУЗ-ийн зөвшөөрөлгүй аудитын шалгалт оруулж тухайн шалгалтын дүгнэлтийг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Л.Б ямар үндэслэлээр ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр өөрөө дур мэдэн компанид аудитын шалгалт хийлгэсэн нь ойлгомжгүй, иймд тухайн аудитын дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргаж байсан. Би 1996-2010 он хүртэл Т ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2007-2009 онд гэрээ байгуулахад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай жил болгон гэрээ байгуулж, гэрээг дүгнэдэг. ТУЗ-ийн 9 гишүүний шийдвэрээр гүйцэтгэх захирлын гэрээг сунгадаг. Гүйцэтгэх захирал жил болгон хийсэн ажлынхаа үр дүнг ТУЗ-д тайлан гаргадаг. Тухайн үед би ТУЗ-д тайлангаа тайлагнаад ТУЗ-ийн 9 гишүүний дүгнэлтээр 2010 он хүртэл миний гэрээг сунгаж байсан. Тухайн үед намайг ажлаа хангалтай сайн гүйцэтгэж байсан тул компаниас шагнах талаар яригдаж байсан. Тухайн үед энэхүү зээлийг ямар шалтгааны улмаас яриагүй атлаа зээл аваад 10 жилийн дараа энэ асуудлыг сөхөх нь ойлгомжгүй байна. Л.Б энэ мөнгийг Э ХХК-иас нэхэмжлэх боломжтой, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                               

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Чд  холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан гэх  2019.04.01-ний өдрийн нэхэмжлэлийг дэмжиж, Т ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтыг /1999 оны/ зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн “Их хэмжээний хэлцэл” байгуулсны улмаас тус компанид учруулсан хохирол болох *******тай байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23000178 дугаар гэрээний зээлийн төлбөрт Т (ХК) компаниас төлсөн 202,606.85 ам.доллар буюу 403,671,862 төгрөг /2016.04.19-ний өдрийн Монгол банкны ханш 1992.39 төгрөг/-ийг хариуцагч Ж.Чгээс гаргуулж Т ХК-д олгуулахыг шаарджээ.

Хариуцагч Ж.Ч хариу тайлбартаа “...миний бие Т ХК-д ямар нэгэн хохирол учруулсан үйлдэл гараагүй бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнөүү” гэжээ.

         Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б нь Т ХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/549 тоот албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдсон, тэрээр Компанийн  тухай хуулийн /2011 оны/ 84 дүгээр зүйлийн 84.7-д “ төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 86 дугаар зүйлийн  86.1-д “компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу Л.Б нэхэмжлэл гаргасан байна.

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухуй прокурорын тогтоолоор Ж.Чг *******тай барьцаа тавьсан зээлийн гэрээгээр бол 243,147,150 төгрөгийн хэлцэл хийсэн, эд хөрөнгийн хувьд бол 245,000,000 төгрөгийн эд хөрөнгөтэй холбоотой /их хэмжээний/ хэлцэл хийсэн болохыг нь нотолж тогтоосон, харин дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ж.Чд холбогдох 201201051695 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэгдүгээр хавтаст хэргийн 121-135 дахь хуудсанд авагдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010.04.18-ны өдрийн 644 дүгээр шийдвэр, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2010.10.03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013.12.02-ны өдрийн 662А тогтоол, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014.09.19-ний өдрийн 2456 тогтоол, мөн дүүргийн 2015.01.13-ны өдрийн 170 дугаар прокурорын тогтоол болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргасан нэхэмжлэгч Л.Бын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний огноо бүхий нэхэмжлэл зэрэг бичгийн баримтаас үзэхэд Т ХК учирсан хохирлоо арилгуулахаар Э ХХК-ийн захирал ******* хариуцагч Ж.Ч нарт холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, шүүхэд 2010 оноос эхлэн гомдол гаргаж байсан, улмаар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Б.Эт холбогдуулан 2010.07.23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Ж.Чд холбогдуулан 2012 оны 11 сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэв.        

Т ХК-ийн  ТУЗ болон хариуцагч Ж.Ч нарын хооронд 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдөр  хөдөлмөр, менежментийн гэрээ байгуулсан, улмаар 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн байгуулсан гэрээний 2.1-д “энэхүү гэрээ нь 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2005 оны компанийн жилийн тайлан тэнцэл болон гүйцэтгэх захирлын жилийн тайланг компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх өдөр хүртэл хугацаанд үйлчилнэ”, 6.3-т “энэхүү гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд захирал ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээг 2-р хэсгийн 1-д заасантай адил хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу сунгагдаж,  2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр, менежментийн гэрээг Т ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Бтай байгуулах хүртэл дээрх 2004 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Талуудын хооронд байгуулсан 2004 оны хөдөлмөр, менежментийн гэрээний 8-д зааснаар Ж.Ч нь дор дурдсан эрх эдлэх бөгөөд гэрээний 8.3-т “компанийн үл хөдлөх хөрөнгийг  барьцаалж зээл авч үр ашигтай зарцуулна”, мөн  8.4-т “эргэлтийн болон худалдааны зээл авч үр ашигтай зарцуулна”, 8.5-д “компанийн ТУЗ-өөс тухай бүр олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн байшин барилга, дулаан, цахилгаан, цэвэр бохир усны суурин буюу барилгаас салгашгүй төхөөрөмжөөс бусад тоног төхөөрөмж, эд аж ахуйн зүйлийг компанид ашигтайгаар түрээслэх, худалдан борлуулах, барьцаалах” эрхтэй байна.

Ж.Ч нь Т ХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Э ХХК-тай татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулахад шардлагатай эргэлтийн хөрөнгийн зээл авах буюу батлан даалт гаргах зорилгоор 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан, улмаар 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр *******тай зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, тус компанийн өмч болох *******,******* тоотод байх дэлгүүр, засварын газрын зориулалттай барилгыг барьцаалж, 150.000 ам.долларыг 12 сарын хугацаатай зээлсэн, 2008.04.18-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн шугамын гэрээий хугацааг  2009 оны 1 дүгээр сарын 13-ныг хүртэл сунгасан байна.

Дээрх зээлийн шугамын гэрээ болон барьцааны гэрээ нь хоорондоо шууд холбоотой хэлцэл бөгөөд үндсэн зээл 150,000 ам доллар, зээлийн хүү 34,200 ам доллар, нийтдээ 184,200 ам дооларыг 1,165 төгрөгөөр /2007.03.15-ны өдрийн ханш/ тооцоход 214,593,000 төгрөг, үүн дээр барьцаа хөрөнгийн үнэ 140,000,000 төгрөгийг нэмэхэд нийтдээ 354,593,000 төгрөгийн хэлцлийг 2007.03.15-нд Ж.Ч хийсэн байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Компанийн тухай хууль /1999 он/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1-д зааснаар хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэлийг их хэмжээний хэлцэл гэж тооцох бөгөөд  Т  ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756,706,995.76 төгрөг байх бөгөөд 25 хувиар тооцоход 189,176,748.95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл нь Т ХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд тооцогдохоор байна./1хх-92-95, 3хх-79-81/

Ж.Ч 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээл дамжуулан олгох гэрээг Э ХХК-ийн захирал Б.Этай байгуулж, дээрх 150.000 ам.долларыг сарын 1.9 хувийн хүү тооцож, 2009 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн, энэ гэрээгээр хүлээсэн үүрэг нь нийт 243,036,452,87 төгрөг байх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ байгуулаагүй байна.

 Т ХК-ийн балансад 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн эзлэх хувь 28,36 хувь, зээл дамжуулан олгох гэрээгээр хүлээсэн үүргийн эзлэх хувь 32,12 хувь, харин Т ХК нь зээлийн хүүд 50,072.10 ам доллар, үүрэг хүлээсний шимтгэлд 2,534,75 ам доллар, үндсэн зээлд 150,000 ам доллар, нийтдээ 202,606.85 ам долларыг төлсөн, гүйлгээ хийгдсэн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 239,379,546.06 төгрөгтэй тэнцэж байгааг тогтоосон ******* ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/58 тоот албан бичгээр хүргүүлсэн тайлан хэрэгт авагдсан байна./2хх-65-69/

           Ж.Ч нь  Компанийн тухай хууль /1999 он/-ийн 80 дугаар зүйлийн 80.6-д “...Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна...”, 2004 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Т ХК-ийн дүрмийн 7.3 дугаар зүйл 7.3.4-т Гүйцэтгэх захирал: “...Энэ дүрэмд заасан Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулах шаардлагатай их хэмжээний хэлцлээс .. бусад хэлцэл хийх, компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах .. зэрэг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах...”, 7.2 дугаар зүйлийн 7.2.2 -д Төлөөлөн удирдах зөвлөл: “...Компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоос бусад их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох...”, гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

          Т ХК-ийн *******инд төлсөн зээлийн тооцоо, *******ны тодорхойлолтоос үзэхэд үндсэн зээл, зээл олголтын хураамж, зээлийн хүүгийн төлбөр, үүрэг хүлээсний шимтгэлийг бүрэн төлж дууссан байх бөгөөд нийтдээ 202,606.85 ам долларыг  2019 оны 1 дүгээр сарын 5-нд төлсөн байх тул тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 259,251,673 төгрөгний хохирол Т ХК-д учирсан байх бөгөөд шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Барьцааны зүйл болох *******,******* тоотод байх дэлгүүр, засварын цехийн зориулалттай барилгын 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнэ 245 000 000 төгрөг болохыг тодорхойлсон *******, “Юнистар-аудит” ХХК-ийн дүгнэлт,  Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлан хэрэгт авагдсан байна.

             Хариуцагч Ж.Ч шүүх хуралдаанд “...тухайн үед их хэмжээний хэлцлийн хэмжээнд хүрэхгүй байгаа тул ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүйгээр өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдсэн” гэж тайлбарласан боловч Юнистар-аудит ХХК-ийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/70 дугаар шалгалтын ажлын тайлангаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, Т ХК-ийн дүрмийн 7.3.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн барьцаагүй зээл олгож компанийг их хэмжээний алдагдалд оруулсан болохыг тогтоосон, мөн Ж.Ч 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн ял өөрчилж сонсгож, яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэлд “...би зөвшөөрөл авах ёстой байсан боловч зөвшөөрөл аваагүй” гэж мэдүүлжээ.

         Талуудын хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 10355 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтэсийг шинжээчээр томилсон бөгөөд тус газрын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 227 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...Т ХК-ийн нийт актив 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр 756,706,995.76 төгрөг байх бөгөөд 25 хувиар тооцоход 189,176,748.95 төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэлцэл нь Т ХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд тооцогдох Ж.Чгийн хийсэн 243 147 150 төгрөгийн хэлцэл нь тухайн үед мөрдөж байсан Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл болох”-ыг тогтоосон ******* болон ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоосон байна.

          Т ХК-ийн ТУЗ болон хариуцагч Ж.Ч нарын хооронд байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 9.11-т “...захирал өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал жинхэнэ учирсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ”, 9.12-т “захиралд хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болно” гэж тус тус заажээ.

           Иймд Компанийн тухай хууль /1999 он/- ийн 81 дүгээр зүйлийн 81.3-т ...“Хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг хариуцна...” 82 дугаар зүйлийн 82.1-д “...Компанийн эрх бүхий албан тушаалтан санаатайгаар дараахь хууль бус үйл ажиллагаа явуулсан бол компани болон түүний хувь нийлүүлэгч, зээлдүүлэгчдэд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна..., 82.1.6-д “...энэ хуулийн ... төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, компанийн дүрмээр тогтоосон эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээг хэтрүүлсэн...” гэж тус тус заасны дагуу Т ХК-д учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үндэслэлтэй болно.

          Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт гүйцэтгэх захирал нь компанийн эрх бүхий албан тушаалтан байхаар заасан, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т компанийн эрх бүхий албан тушаалтан ...учруулсан хохиролыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө, 85 дугаар зүйлийн 85.4-т “өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд энэ хууль болон бусад хуульд заасан хариуцлагыг оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр энэ хуулийн 85-д заасан хариуцлага хүлээлгэж болно” гэж тус тус заажээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,454,208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

       1. Компанийн тухай хуулийн /1999 оны/ 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.6-д зааснаар хариуцагч Ж.Чгээс 259,251,673 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144,420,189 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 395 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,454,208  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ЭНХЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧИД                         Ц.ОЮУНБИЛЭГ

                                                                                     Д.ЯНЖИНДУЛАМ