| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0349/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/348 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Нямсүрэн
Шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Жүгдэрийн Буянжаргал, Хатгин овогт Жүгдэрийн Амарбат нарт холбогдох эрүүгийн 2221001830369 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг Буян-Өндөр гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хатагин овогт Жүгдэрийн Буянжаргал. /РД: ЖЖ87090619/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг Түмэнхаан гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хатагин овогт Жүгдэрийн Амарбат. /РД: ЖЖ92020119/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Буянжаргал нь Ж.Амарбаттай бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний труба төмөр хадгалах хашаанаас 2022 оны 03 дугаар сарын эхээр Hyundai porter маркийн 09-65 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 10 удаагийн үйлдлээр нийт 250 ширхэг труба төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 22,466,200 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Амарбат нь Ж.Буянжаргалтай бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний труба төмөр хадгалах хашаанаас 2022 оны 03 дугаар сарын эхээр Hyundai porter маркийн 09-65 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 10 удаагийн үйлдлээр нийт 250 ширхэг труба төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 22,466,200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Буянжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.Амарбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани нь труба төмрийг 130.000 төгрөгөөр үнэлж байна. ...Манай компани нь Вендо хөрөнгийн үнэлгээний Р22-125, Р22-126 дугаартай үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрч байна. Манай байгууллага 250 ширхэг труба төмрөөс 60 ширхэг труба төмөр хүлээж авсан. Хэрвээ 190 ширхэг труба төмрийн хохирлыг төлчих юм бол ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй, энэ асуудлыг заавал хүндрүүлэх шаардлага байхгүй. Мөн алдагдсан труба төмрийг олж өгч чадахгүй байгаа бол мөнгөн хэлбэрээр нь хохирлыг төлж барагдуулахад болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45/
Гэрч А.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сард манай нутгийн /Бухандай/ Буянжаргал гэх залуу над руу утсаар яриад 100 ширхэг труба авах хүн байна уу гэж асуусан тэгэхээр нь би авах хүн мэдэж байя гэж хэлсэн. Тэгээд 2 дугаар сарын эхээр Батжанцан гэх манайхаас урагш нутагладаг залуу манай гэрт орж ирээд труба төмөр зарах хүн байвал авна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Буянжаргалын утасны дугаарыг өгөөд залгуулсан чинь утасны дугаар нь холбогдохгүй байсан, тэгсэн Батжанцан труба төмөр нь зарагдчихаж магадгүй гээд мөнгийг нь над руу шилжүүлчихье гээд миний данс руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би дараа нь Буянжаргалтай утсаар яриад Батжанцан гэдэг хүн труба авъя гээд утас чинь холбогдохгүй болохоор нь над руу 7,000,000 төгрөг шилжүүлсэн гээд Буянжаргалын 5412033045 данс руу 7,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102/
Гэрч С.Батжанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед хажуу айлаасаа труба хаанаас авч байгааг нь асуухад нэг утасны дугаар өгсөн. ...би тухайн хүнтэй утсаар ярьж эхлээд 100 ширхэг, дараа нь 150 ширхэг нийт 250 ширхэг труба худалдан авсан. 100 ширхэг трубагаар нь малын хашаа барьж, 150 ширхгийг нь Дорнод аймагт зүс таних хүнд худалдсан. Би 1 ширхэг трубаг 70,000 төгрөгөөр тооцож худалдан авч нийт 17,500,000 төгрөгийг 2 хувааж ХААН банкны данс руу шилжүүлж байсан. 150 ширхэг трубаг Дорнод аймгийн Б.Батсайхан гэдэг хүнд худалдсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/
Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жанцан гэх хүнээс адууны авлагад 150 ширхэг труба төмөр авахаар болсон. ...Жанцан надад хэлэхдээ би Батаагаас адуу авсан юм чи оронд нь труба төмөр авах уу гэж хэлсэн. Тэгээд труба төмөр авахаар болсон бөгөөд тухайн 150 ширхэг труба төмрүүд Хэрлэн сумын 5 дугаар баг Дэхтэд эзэнгүй айлд байгаа тэрийг очиж ав гэж утсаар хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
Шүүгдэгч Ж.Амарбатын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Буянжаргал ах над руу утсаар яриад гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд гэр рүү нь очиход Буянжаргал ах хүмүүс труба төмөр аваад байна, хоёулаа 19 дүгээр талбайн труба хураалттай байгаа хашаанаас хэдэн труба авъя, ахдаа ачаад өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Буянжаргал ахын эзэмшлийн 65-09 ДОА улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгсэлтэй орой 19-20 цагийн орчимд газрын тосны 19 дүгээр талбайн баруун талд төв кемпээс 500 орчим метр зайд байх хашаатай труба руу очиж тухайн төмрөөс 25 ширхэг труба ачсан. Бид хоёр ачсан трубануудаа Ганхөлөг /Божи/ ахын гэрийнх нь баруун хойно 500 орчим метр зайд аваачиж буулгасан. ...бид хоёр 3 орой дараалан 6 удаа явж нийт 150 ширхэг труба авсан. Мөн өмнө нь Буянжаргал ахтай хамт явж 100 ширхэг труба төмөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 152/
Шүүгдэгч Ж.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дүү Амарбат руу утсаар ярьж манай гэр рүү хүрээд ир, хоёулаа труба төмөр хадгалах хашаанаас хэдэн труба ачъя гэж хэлсэн. Тэгээд Амарбат орой 22 цагийн үед манайд ирэхэд нь бид 2 миний эзэмшлийн 65-09 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй труба төмөр хадгалах хашаа руу явсан. ...бид хоёрыг хашаа руу очиход хүн болон машин байхгүй байхад нь машинтайгаа хашаанд орж хашааны баруун хойд хэсэгт байх хураалттай трубанаас 25 ширхгийг ачсан. ...Тэгээд дахин хашаа руу очиж 25 ширхэг труба төмөр ачаад Божин ахын гэрийн хойно нэлээн зайтай эзэнгүй газар төмрөө буулгасан. Энэ байдлаар 3 орой дараалан нийт 150 ширхэг труба авсан. ...Мөн 2022 оны 03 дугаар сарын эхээр дээрх байдлаар адилхан явж 100 ширхэг труба төмөр авч байсан. ...Би Батжанцан гэдэг хүнд нийт 250 ширхэг труба төмөр зарсан ба нэг бүрийг нь 70,000 төгрөгөөр бодож нийт 17,500,000 төгрөгийг өөрийн дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24-25/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-31/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 32-34/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-36/
- Хохирогч Д.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 41-43, 45, 49-51, 53/
- Гэрч Б.Сэрчинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 62-64/
- Гэрч Г.Баяржаргалын мэдүүлэг /хх-ийн 69-70/
- Гэрч Ч.Оюундарийн мэдүүлэг /хх-ийн 72-73/
- Гэрч Д.Оюун-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 76-77/
- Гэрч Ч.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 80-81/
- Гэрч Д.Лагнайдоржийн мэдүүлэг /хх-92/
- Гэрч Г.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 95-96/
- Гэрч Д.Золбаярын мэдүүлэг /хх-ийн 99-100/
- Гэрч Э.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 104/
- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-115, 130-137/
- Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 121-124/
- Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 160, 175/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161, 176/
- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 162-166, 177-179/
- Ж.Буянжаргалын ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 167, 169-174/
- Ж.Амарбатын ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 181-195/
- Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний 60 ширхэг труба хүлээн авсан албан бичиг /хх-ийн 202/
- Шүүгдэгч Ж.Буяндэлгэр, Ж.Амарбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмон нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 209-210/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нар нь бүлэглэн Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулах “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний труба төмөр хадгалах хашаанаас 2022 оны 03 дугаар сарын эхээр Hyundai porter маркийн 09-65 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 10 удаагийн үйлдлээр нийт 250 ширхэг труба төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 22,466,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цолмон, гэрч А.Өнөржаргал, С.Батжанцан, Б.Батсайхан нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, Ж.Буянжаргалын ХААН банкны депозит дансны хуулга, Ж.Амарбатын ХААН банкны депозит дансны хуулга, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний 60 ширхэг труба хүлээн авсан албан бичиг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат, тэдний өмгөөлөгч З.Нямсүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбатыг нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарын үйлдлийн улмаас Петро Чайна Дачин Тамсаг ХХК-д 22,466,200 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн мэдэгдэх хуудсанд “60 ширхэг труба төмөр буцааж авсан, үлдэгдэл 190 ширхэг труба төмрийн үнэ болох 17,074,300 төгрөгийг нэхэмжилж байна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч нар нь үлдэгдэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн /хх-ийн 209/ байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 17,074,300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Ж.Буянжаргалын эзэмшлийн 09-65 ДОР улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Хатагин овогт Жүгдэрийн Буянжаргал, Хатгин овогт Жүгдэрийн Амарбат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник, тээврийн хэрэгсэл бусад уналга ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-65 ДОР улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Г.Баяржаргал гэх хүний /хх-ийн 124/ нэр дээр байгаа боловч Г.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгээр /хх-ийн 69-70/ уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч Ж.Буянжаргал болох нь нотлогдож байна. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Ж.Буянжаргалд хадгалуулсан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-65 ДОР улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохироос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт Жүгдэрийн Буянжаргал, Хатгин овогт Жүгдэрийн Амарбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Жүгдэрийн Буянжаргал, Жүгдэрийн Амарбат нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нийт 17,074,300 /арван долоон сая далан дөрвөн мянга гурван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Буянжаргалаас 8,537,150 төгрөг, Ж.Амарбатаас 8,537,150 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Петро Чайна Дачин Тамсаг ХХК /Д.Цолмонд/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ж.Буянжаргалын эзэмшлийн 4,571,868 төгрөгийн үнэлгээтэй Hyundai porter маркийн 09-65 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Буянжаргал, Ж.Амарбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА