Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,  

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110017200070 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа орчуулагчийн ажил эрхэлдэг, ам бүл-3, хүүхдүүдийн хамт, *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банканд бүртгэлтэй *** дугаарын дансанд нь хохирогч *** Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа андууран шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 20,177,000 төгрөгөөс 10,177,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 2110017200070 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаар иргэн *** гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 03 дахь тал),

2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний таньдаг *** надад *** гэсэн данс руу 20,177,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч, юань авсан юм гэж хэлсэн. Мөн удалгүй *** гэсэн данс руу 475,000 төгрөг шилжүүлж өгөөч гэсэн. Би 20,177,000 төгрөгийг *** данс руу хийх байсныг андуурч *** тоот *** данс руу хийсэн. Энэ нь *** тоот дансны эзэмшигчид өгөх ёстой зүй ёсны мөнгө байсан юм. Иймээс 20,177,000 төгрөгийг авах ёстой. Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөө андуурч шилжүүлчхээд тэр өдөртөө ***гоор дамжуулж данс эзэмшигч гэх ***тай холбогдоход удахгүй шилжүүлнэ, одоохон гэж хэлсэн хэрнээ шилжүүлэхгүй байж байгаад маргааш нь утас нь бүр холбогдохоо болихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд “Модунь таун”-аас мөнгөө интернэт банкаар шилжүүлсэн. *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 10 сарын 03-нд 10,000,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө 11 сарын 04-ний өдөр өгч болох уу гэчхээд өгөхгүй яваад байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

3. Яллагдагч ***ын Хаан банкны *** дугаарын дансанд үзлэг хийсэн:

- хэрэг гарсан гэх цаг хугацаа болох 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Clm” гэсэн утгатай Хаан банкны *** тоот данснаас *** тоот данс руу 20,177,000 төгрөг,

- 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Clm” гэсэн утгатай Хаан банкны *** тоот данснаас *** тоот данс руу 475,000 төгрөг орж ирсэн байна.

- Дээрх мөнгөнөөс:

2022.09.30-ны өдөр *** данс руу 10,000,000 төгрөг,

*** тоот данс руу 2022.09.30-ны өдөр 112,700 төгрөг,

*** тоот данс руу 2022.09.30-ны өдөр 136,400 төгрөг,

*** тоот данс руу 2022.09.30-ны өдөр 12,900 төгрөг,

*** тоот данс руу 2022.09.30-ны өдөр 3,264,000 төгрөг,

*** тоот данс руу 2022.09.30-ны өдөр 2,112,790 төгрөг шилжүүлсэн байна. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

4. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Сани таун”-ы 10 тоотод байхад миний эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 20,177,000 төгрөг, 475,000 төгрөг нийт 20,652,000 төгрөг орж ирсэн. Тухайн үед нөхөр *** Эрээн хотод байдаг бөгөөд 20,000,000 төгрөг шилжүүлнэ гэж 2022 оны 08 дугаар сарын дундуур хийнэ гэж хэлээд хийгээгүй байсан. Тухайн мөнгийг нөхрөөс ирсэн мөнгө гэж бодоод өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Тус өдөр 10,000,000 төгрөгийг нь ээж Янжинлхамын *** тоот данс руу шилжүүлсэн. 260,000 төгрөгөөр дэлгүүрээс хэрэглээний зүйл авсан. 3,264,000 төгрөгийг “Нэт капитал финанс” ББСБ-д ээжийн нэр дээр тээврийн хэрэгсэл банк бусаас авсан тул тус банк бусын мөнгийг өгсөн. 2,112,790 төгрөгийг Начин заан ломбардад алтан гинжээ тавьсан байсан болохоор буцааж авсан. Тус өдөр ажилтай байхад танихгүй дугаар залгаад байсан, би ярих боломжгүй ажил их байсан. Маргааш нь аваад ярихад миний данс руу андуурч мөнгө шилжүүлснийг мэдсэн. Би буцаагаад 12,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг хэрэглээнд зарцуулсан болохоор өгч чадаагүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30-44 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1356 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 46-50 дахь тал), Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 22/906 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол, шүүхийн шатанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,177,000 төгрөгийн хохирол төлсөн талаар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банканд бүртгэлтэй *** дугаарын дансанд нь хохирогч *** Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа андууран шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 20,177,000 төгрөгөөс 10,177,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хохирогч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модун таун хотхонд байхдаа  шүүгдэгч ***ын *** тоот данс руу 475,000 төгрөгийн шилжүүлэг хийгээд, *** тоот данс руу 20,177,000 төгрөгийн шилжүүлэг хийх байсныг дахин *** тоот данс руу төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу дансны дугаар андуурч шилжүүлэг хийснийг шүүгдэгч нь *** нь мэдсээр байж өөрийн хэрэгцээндээ зарцуулж, завшиж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаар иргэн *** гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...*** надад *** гэсэн данс руу 20,177,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч ...гэж хэлсэн, удалгүй *** гэсэн данс руу 475,000 төгрөг шилжүүлж өгөөч гэсэн. Би 20,177,000 төгрөгийг *** данс руу хийх байсныг андуурч *** тоот *** данс руу хийсэн. ...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөө андуурч шилжүүлчхээд “...данс эзэмшигч гэх ***тай холбогдоход удахгүй шилжүүлнэ, одоохон гэж хэлсэн хэрнээ шилжүүлэхгүй байж байгаад маргааш нь утас нь бүр холбогдохоо больсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

- Яллагдагч ***ын Хаан банкны *** дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Хаан банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 20,177,000 төгрөг, 475,000 төгрөг нийт 20,652,000 төгрөг орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.

Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол тус гэмт хэргийн шинж болохоор тодорхойлжээ.

 

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээний талаарх хууль зүйн ойлголт нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хүсэл зоригоос үл хамаарч, санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс харилцагчийн дансанд мөнгөн шилжүүлэг, төлбөр тооцоог гүйцэтгэхдээ тоо, цифр, дансыг буруу бичих, төгрөгийг тодруулаагүй зэргээс алдаатай гүйлгээ хийхийг ойлгоно.

Түүнчлэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулж завшсан идэвхтэй үйлдэл байхыг, уг үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх, мөн үйлдэл, хохирол нь шууд хамаарал шалтгаант холбоотой байхыг хуулиар шаардана.  

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр андуурч 20,117,000 төгрөгийн алдаатай гүйлгээ хийсэн талаар шүүгдэгч ***д утсаар ярьж мэдэгдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Мөн шүүгдэгч ***аас өөртөө шилжүүлсэн 475,000 төгрөгөөс гадна алдаатай гүйлгээний улмаас хийгдсэн  20,117,000 төгрөг, нийт 20,652,000 төгрөгийн орлого өөрийн дансанд орж ирсэн байгааг мэдсэн, тухайн үедээ нөхөр *** Эрээн хотод байдаг, 20,000,000 төгрөг шилжүүлнэ гэж 2022 оны 08 дугаар сарын дундуур хийнэ гэж хэлээд хийгээгүй байсан, нөхрөөс ирсэн мөнгө гэж бодоод өөрийн хэрэгцээнд зарцуулсан.” гэж мэдүүлэх бөгөөд бусдын эзэмшил өмчлөлийн хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн дансанд алдаатай гүйлгээний улмаас орлогоор орж ирсэн 20,117,000 төгрөгөөс заримыг нь ээждээ шилжүүлэх, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан тээврийн хэрэгслийн зээлийн төлбөр, Начин заан барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан эд зүйлийн зээлийн төлбөрийг төлөх болон хувийн бусад хэрэгцээндээ зарцуулах зэргээр завшжээ.

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээний эд хөрөнгө “...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан...” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

 

            Прокуророос хохирлын хэмжээг 10,177,000 төгрөгөөр тооцож ирүүлсэн байх боловч хэргийн үйл баримтаар хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20,117,000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ буюу дансны дугаарыг андуурч шилжүүлэг хийсэн талаар шүүгдэгч ***д хэлэхэд удахгүй шилжүүлнэ, одоохон гэж хэлсэн боловч тухайн өдрөө хохирогчид мөнгийг шилжүүлээгүй, бусад руу шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул завшсан хохирлын хэмжээг 20,117,000 төгрөгөөр тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү хохирлын хэмжээг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд хохирлын хэмжээ нэмэгдснээс шалтгаалж шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл хүндрэх, эрх зүйн байдал нь дордох үндэслэл болохгүй юм.   

 

            Шүүгдэгчийн учруулсан 20,117,000  төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ” гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 20,117,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,177,000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн талаар хохирогчийн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:     

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар хэлэх саналгүй. гэсэн тайлбар хэлж, мэтгэлцээгүй болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 1356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан байх ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/906 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэний хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, засарч төлөвшөөгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ***ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байх боловч шүүгдэгч өмнө хүлээсэн эрүүгийн хариуцлагаа ухамсарлаагүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, засарч төлөвшөөгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн болон хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй болно.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН