Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/373

 

 

  2022          11             14                                  2022/ШЦТ/373

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Б.М /цахимаар/

Шүүгдэгч Н.М, Г.М  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, Г.М  нарт холбогдох эрүүгийн 2225000920395 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь согтуурсан үедээ Г.Мтэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-25 тоотод Б.Мыг алгадаж унагаан, өшиглөн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ Н.Мтэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-25 тоотод Б.Мыг үснээс зулгаан, цохиж, өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Н.Мийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Г.Манан-Эрдэнийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг

-хохирогч Б.Мын мэдүүлсэн: Тухайн үед төрөөд удаагүй 2 сартай байсан. М гэдэг охиныг манай нөхөртэй уусан гэж сонсоод гарч уулзахаар явсан. Тэнд очоод 3 шил пиво уусан. Хэрүүл болоод Мөнхбилэг гэдэг нь хөлөөрөө өшиглөж унагасан, үснээс зулгаан чирсэн. М нь харааж зүхэж үснээс зулгаасан, өшиглөсөн. Би төрөөд удаагүй байсан. 2 сар шахам хөхөрсөн нүүртэй толгой өвдөж явсан. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-Нас тоолсон тухай” Г.М нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 17 нас 09 сар 23 хоногийн настай байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-р тал/

-хохирогч Б.Мын мэдүүлсэн... Манан-Эрдэнийн найзын гэрт очиход 4-5 залуу байсан. Тэгээд миний дотор муу байсан болохоор гэрийнх нь буйдан дээр хэвтсэн. 20 минут орчим унтаад сэрсэн чинь М нэг залуутай гараад явсан байсан. Гэрт нь 2 залуу үлдсэн байсан. 5 минутын дараа М гаднаас буцаад нэг залуутай орж ирэхээр нь гар утасны цэнэглэгч аваад өг гэж хэлснээс болоод бид 2 хэрэлдсэн. Тэгээд бид хоёр муудалцаад үс үсээ зулгаагаад байж байхад хажуу талаас Мөнхбилэг гэх залуу миний нүүрэн тус газарт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед би доошоо унах үед миний толгой дээр 2 удаа дэвссэн.  Дахин миний үснээс зулгаагаад 3-4 метр зайтай чирсэн. Тэгээд Мөнхбилэг гэх залуу намайг үг хэлээр сүрдүүлсэн. Тэгээд би худлаа үүд хэсэг бараадаж байгаад гараад зугатаасан...Миний зүүн талын нүдний дотор талд цус хурсан байсан. Толгой тархи хөдөлсөн, их хэмжээний үс халцарсан байсан. Одоо миний толгой жаахан өвддөг. М үснээс зулгаасан, нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Мөнхбилэг нь миний толгой руу өшиглөж дэвссэн, үсдэж чирсэн....”гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р тал/

-гэрч Г.Эгийн мэдүүлсэн ... Би тухайн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол Баянзам 11- 25 тоотод гэртээ Мөнхбилэг, Билгүүн, Чулуун-Эрдэнэ  нартай хоол унд хийж идээд сууж байхад гаднаас М нэг танихгүй эмэгтэйн хамт орж ирсэн. Хамт явсан эмэгтэй нь нилээн согтуу орж ирээд буйдан дээр суугаад унтаад өгсөн. Ингээд би Чулуун-Эрдэнэтэй хамт таксинд явах гээд гарсан. Гэрт Мөнхбилэг, Билгүүн, М, тэр хүүхэн 4 үлдсэн. Намайг гэрээс гарахад 1 том 2,5 литр пивийг М задлаад тойруулж байсан. Тэгээд таксинд явж байхад над руу Мөнхбилэг утсаар яриад энд асуудал гарчихлаа хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би гэр лүүгээ явж байтал гудамжинд манайд ирсэн танихгүй эмэгтэй уйлчихсан явж байхаар нь Манка хаана байна гэж асуутал манай гэрийг заагаад тэнд гэж хэлээд явсан. Би гэртээ иртэл гэрт Билгүүн, Мөнхбилэг, М нар байж байсан ба юу болсон талаар асуухад, М” би сая аллаа шүү дээ үсдэж дараад цөлөөд” гэж ярьж байсан. Харин Мөнхбилэг “энэ 2-ыг салгасан чинь өөдөөс пиво цацахаар нь чи яагаад байгаа юм бэ гэр оронд ирчихээд гэж хэлээд” гэж хэлсэн. Ингээд Мөнхбилэг, Чулуун-Эрдэнэ бид 3 нөгөө охины араас гарч хайсан боловч байхгүй болохоор нь Мөнхбилэг, Чулуун-Эрдэнэ 2-ыг буулгачихаад өөрөө гадуур таксинд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/

-гэрч Б.Чулуун-Эрдэнийн мэдүүлсэн.... Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Мийн Уртын гол багийн Баянзамын 11-25 тоот гэрт нь Батбилгүүн, Эрдэнэхүү ах, Мөнхбилэг нарын хамт байж байхад гаднаас орой болсон байхад Г.М нэг охины хамт хоёулаа согтуу орж ирээд Батбилгүүн, Мөнхбилэг, Г.М, танихгүй охин нар 2,5 литрийн хэмжээтэй пиво хуваан ууж эхэлсэн бөгөөд Г.Э ах бид 2 пиво ууж эхлэхэд нь таксинд явах гээд Н.Мийн гэрээс гараад явсан. Г.Э ах бид 2 таксинд явж байхад Н.М Г.Э ах руу залгаад “асуудал гарсан хүрээд ирээч” гэж хэлэхэд эргээд Н.Мийн гэрт очих гээд явж байхад Уртын гол багийн Баянзамын 11 дүгээр гудамжинд нөгөө танихгүй охин уйлсан байдалтай явж байхаар нь зогсож байгаад юу болсон юм, хайчих гэж байгаа юм бэ гэсэн чинь юу ч дуугарахгүй цааш яваад өгсөн. Г.Э ах бид 2 Н.Мийн гэр лүү явж ороход Н.М, Г.М, Батбилгүүн гурав байж байсан бөгөөд Г.Э ах байсан хүмүүсээс танихгүй охинг яасан юм гэж асуухад Г.М Эрдэнэхүү ахад хандаж саяны охиныг аллаа ш дээ гээд яриад байсан... ” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50-р тал/

-гэрч Б.Батбилгүүний мэдүүлсэн....Тухайн өдөр манай найз Мөнхбилэгийн гэрт Чулуун-Эрдэнэ, Мөнхбилэг бид 3 байж байхад М найз охинтойгоо /найз охиныг нь Мөнхзул гэдэг/ ирээд бид нар нийлээд Сэнгүр нэртэй том савалгаатай пиво гурвыг уугаад сууж байхад М Мөнхзул нар нь хоорондоо маргалдаад М босож ирээд цохих гэж дайрахад нь Мөнхзул нь Манан-Эрдэнийг түлхэж унагаагаад дээр нь гараад тэр 2 хоорондоо дээр доороо гараад зодолдоод байсан. Тухайн үед Мөнхбилэг Чулуун-Эрдэнэ нар голоор нь орж салгасан чинь Мөнхзул гэдэг охин М рүү пиво цацаад, ус буцалгагч шидээд байхаар нь Мөнхбилэг босож ирээд “гэр оронд зүгээр байгаарай” гэж хэлээд Мөнхзулыг алгадсан чинь Мөнхзул газарт уначихсан. Тэгсэн чинь М босож ирээд Мөнхзулыг өшиглөөд дээрээс нь цохиод байсан. Тэр үед Мөнхбилэг бас Мөнхзул руу дайраад Мөнхзулыг босоод ирэхээр нь дахиж 2-3 удаа алгадсан. Тэгсэн чинь Мөнхзул дахиад газарт уначихаар нь Чулуун-Эрдэнэ голоор нь орж Мөнхбилэгийг салгаж байхад Мөнхбилэг тухайн үед хөл нь хугарчихсан гипстэй байсан бөгөөд эрүүл хөлөөрөө юм түшиж зогсож байгаад Мөнхзулын гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөнхзул босож ирээд найзтайгаа утсаар ярьж цагдаа дуудна гээд гараад гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/

-гэрч Г.Баярхүүгийн мэдүүлсэн... Б.М бид хоёр 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамт Уртбулаг багийн 5-41-07 тоот гэрт байж байхдаа муудалцсан бөгөөд би машинаа янзлуулахаар гэрээс гараад эргээд ирэхэд Б.М охин Б.Маралжингоог үлдээгээд өөрөө гараад явсан байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу охиноо авч яваад Улаанбаатар хотод очоод байж байсан чинь Б.М фейсбүүкийн чатаар дүрсээ харан ярихаар видеогоор залгахад танихгүй айлд Г.М болон хэдэн залуучуудын хамт байж байсан...Б.М надтай ярьж байхад гэнэт Г.М Б.М хоёр маргалдаж эхэлэхэд гар утас нь газар унан юу ч харагдахгүй болж Б.Мын уйлах, орилох чимээ гарч байгаад яриа салсан. Би гар утас руу нь эргүүлэн залгахад гар утсаа авахгүй байсан тул байршил тоггоодог “Zenly” аппликейшн ашиглаж хаана байгааг нь олж аав, ээж хоёрыг байгаа газар руу нь явуулахад Б.М гудамжинд явж байгаад аав, ээжтэй таарсан байсан.Тэгээд маргааш нь Улаанбаатар хотод ирэхэд Б.Мын нүд, хацар, шанаа зэрэг нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар тодруулахад “3x3” гэсэн бичигтэй цамцтай залуу, Г.М хоёр нийлж байгаад газарт унагаан үсдэн цохиж зодсон гэсэн. Б.М охин бид гурав хоёр байна уу гурван хоногийн дараа Эрдэнэт хотод ирэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101 дугаартай... Б.Мын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун шанаа, хуйх, зүүн шилбэ, баруун завьжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн хацар, дух, зүүн шанаанд 3 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хохирогчийн мэдүүлж байгаа хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р тал/

-шүүгдэгч Н.Мийн яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр би хөлөө хугалсан байсан болохоор Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-25 тоот хаягт гэртээ найз Батбилгүүн Эрдэнэхүү, Чулуун-Эрдэнэ нарын хамтаар байж байхад Г.М над руу залгаад найзтайгаа Улаанбаатар хотоос ирсэн байна танайд очиж болох уу гэж надаас асуухаар нь би тэг, тэг гэж зөвшөөрөхөд орой 21 цагийн үед Б.М гэдэг охины хамт орж ирсэн.Ирэхдээ 2,5 литрийн хэмжээтэй 2ш пиво барьсан байсан. Тэгээд Батбилгүүн, Б.М, Г.М гурав пиво хуваан ууж байхад Г.М Б.М хоёр гэнэт хоорондоо маргалдаж эхлэн харилцан нэг нэгнийгээ үсдэж газарт унан өнхрөлдөн зодолдохоор нь би дундуур нь орж салгахад Б.М аяга шидэж пиво цацахаар нь яв гээд нүүр лүү нь нэг удаа алгадаж гэрээсээ Г.Манан-Эрдэнийн хамт Б.Мыг хөөн явуулсан. Би Б.Мыг өөрөөр цохиж зодсон үйлдэл байхгүй. Г.М нь Б.Мыг хэрхэн яаж цохиж зодсонг санахгүй байна, ямар ч байсан үсдэлцээд газарт унан өнхрөөд зодолдоод байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/

-шүүгдэгч Г.Манан-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн:... Тухайн өдөр Б.М нь Эрдэнэт хотод хонох газар байхгүй байна гээд над руу байн байн залгаад байхаар нь бид хоёр уулзаж, өөрийнхөө найз болох Н.Мийн Уртын гол багийн Баянзамын 11-25 тоот гэрт дагуулан очиход Н.М, Эрдэнэхүү, нэрийг нь мэдэхгүй 2 залуу байсан...Б.М бид 2 уг залуучуудтай хамт сууж пиво хуваан ууж байхад Б.М намайг гар утасны цэнэглэгч аваад өг гэхээр нь би чадахгүй гэхэд надтай маргалдаж эхэлсэн гэдгийг санаад цааш болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа, тэгээд нэг ухаан ороход цаад талын өрөөнд Н.М Б.Мыг хөлөөрөө цээжин хэсэг рүү өшиглөөд байж байсан. Тэгээд би юу болсонг мэдэхгүй байгаа, тэгээд ухаан тасраад нэг сэрсэн чинь өглөө болчихсон, би ганцаараа сэрсэн...би Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ мэдэн хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р тал/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-111-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-116-р тал/

--Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-122-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-133-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 137-139-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 11-25 тоотод шүүгдэгч Н.М, Г.М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан эмэгтэй Б.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Мөнхзулыг алгадаж өшиглөн унагаж үсдэн зодож  биед нь хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Н.М, Г.М нар нь Б.Мыг бүлэглэн зодсоны улмаас Б.Мын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун шанаа, хуйх, зүүн шилбэ, баруун завьжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн хацар, дух, зүүн шанаанд 3 тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Мын... Тэгээд бид хоёр муудалцаад үс үсээ зулгаагаад байж байхад хажуу талаас Мөнхбилэг гэх залуу миний нүүрэн тус газарт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед би доошоо унах үед миний толгой дээр 2 удаа дэвссэн.  Дахин миний үснээс зулгаагаад 3-4 метр зайтай чирсэн. Тэгээд Мөнхбилэг гэх залуу намайг үг хэлээр сүрдүүлсэн. Тэгээд би худлаа үүд хэсэг бараадаж байгаад гараад зугтаасан....гэх мэдүүлэг, гэрч Б.Батбилгүүний...М Мөнхзул нар нь хоорондоо маргалдаад М босож ирээд цохих гэж дайрахад нь Мөнхзул нь Манан-Эрдэнийг түлхэж унагаагаад дээр нь гараад тэр 2 хоорондоо дээр доороо гараад зодолдоод байсан. Тухайн үед Мөнхбилэг Чулуун-Эрдэнэ нар голоор нь орж салгасан чинь Мөнхзул гэдэг охин М рүү пиво цацаад, ус буцалгагч шидээд байхаар нь Мөнхбилэг босож ирээд “гэр оронд зүгээр байгаарай” гэж хэлээд Мөнхзулыг алгадсан чинь Мөнхзул газарт уначихсан. Тэгсэн чинь Мөнхзулыг газарт уначихсан байхад М босож ирээд Мөнхзулыг өшиглөөд дээрээс нь цохиод байсан. Тэр үед Мөнхбилэг бас Мөнхзул руу дайраад Мөнхзулыг босоод ирэхээр нь дахиж алгадаад 2-3 удаа алгадсан. Тэгсэн чинь Мөнхзул дахиад газарт уначихаар нь Чулуун-Эрдэнэ голоор нь орж Мөнхбилэгийг салгаж байхад Мөнхбилэг тухайн үед хөл нь хугарчихсан гипстэй байсан бөгөөд эрүүл хөлөөрөө юм түшиж зогсож байгаад Мөнхзулын гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн… гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101 дугаартай... Б.Мын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, баруун шанаа, хуйх, зүүн шилбэ, баруун завьжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зүүн хацар, дух, зүүн шанаанд 3 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хохирогчийн мэдүүлж байгаа хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар үйлдлээрээ бүлэглэн Б.Мыг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийсэн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хориглосон хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэж үйлдлээрээ нэгдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгч Н.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч их согтуу байсан. Гэрт орж ирээд агсам тавиад агсраад байсан гэж,

-шүүгдэгч Г.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна гэжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

        шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.М хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүйг зааж, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч Т овгийн Нгийн М, Е овгийн Гийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Г.М нарыг тус бүр 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Н.М, Г.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Мт энэ хэрэгт нь таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйг дурдсугай.

5. Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Г.М нарт тус тус оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ