Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01035

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр                  Дугаар 183/ШШ2019/01035                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ........ тоот хаягт байрлах, И ХХК /РД:........ /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..... тоот хаягт байрлах, Г ХХК /РД:... /-д холбогдох,

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг, алданги 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай И ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний зүйл нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар тайлан үйлчилгээг үзүүлэхээр тохирсон болно. Талууд гэрээний нийт төлбөрийг 10,400,000 төгрөг тохиролцож уг мөнгөнөөс Гастосервис ХХК 2,000,000 төгрөг өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-с санхүүгийн тайлан баримтуудыг хүлээлгэн өгөхийг хүссэн хүсэлт гаргаж, хүсэлт болон гэрээний үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-н санхүүгийн баримтыг хүлээлгэн өгч манай байгууллага 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр акт үйлдсэн. Иймд манай компани үлдэгдэл төлбөр болох 8,400,000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу Г ХХК ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээн дээр алданги тусгаж өгсөн. Алдангийн нийт хэмжээ нь Иргэний хуулийн дагуу үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 4,200,000 төгрөг болж байна. Иймд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг түүний алданги 4,200,000 төгрөг. Нийт 12,600,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт 12,600,000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулахаар шаарджээ.  

 

Хариуцагч Г ХХК-ийн захирал Г.Ц нь нэхэмжлэлийн хувийг 2019.04.08-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, мөн 2019.05.01-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч болон түүний өмгөөлөгч нар мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар  зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г ХХК  нь энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Хэргийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд Г ХХК, И ХХК-ийн хооронд 2016.02.06-ны өдрийн 16/02 тоот санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр захиалагч Г ХХК өөрийн санхүүгийн сар, улирал, хагас жил, жилийн тайлангаа гаргуулах, мөн хавсралт 1-д заасан санхүүгийн тайлан бэлтгэх, тайлагнах үйлчилгээ үзүүлэхийг И ХХК-д даалгаж, үйлчилгээний төлбөрийг 10,400,000 төгрөгөөр тохирч, төлбөрийн графикийн дагуу 2016.02.21-нд 2,400,000 төгрөг, 2016.03.21-нд 2,000,000 төгрөг, 2016.04.21-нд 6,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохирсон байна.

 

Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 Хариуцагч Г ХХК-ийн захирал Г.Ц дээрх төлбөрийг  2016.04.21-ний өдрийн дотор бэлэн болон бэлэн бусаар төлж дуусгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн 2016.02.06-ны өдрийн баталгаа гаргаж байсан, үйлчилгээний төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 8,400,000 төгрөгийг төлөөгүй тул 2017.02.16-ны өдрийн 17/09 албан тоот, нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 346.2 даь хэсэгт “ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч тал гэрээний хавсралт 1-ийн дагуу төлбөрийг төлөөгүй байна.

Г ХХК болон Премиус ХХК-ийн санхүүгийн тайлан баримтуудыг тус компанийн ажилтан Н.Эрдэнэсүрэнд хүлээлгэн өгөхийг хүссэн хариуцагч Г ХХК-ийн 2017.02.15-ны өдрийн 17/2 тоот хүсэлтийн дагуу баримт хүлээлцсэн 2017.02.16-ны өдрийн акт хэрэгт авагдсан байна.

 

Иймд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 3-т зааснаар үлдэгдэл төлбөр 8,400,000 төгрөг, алдангид 4,200,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөгийг хариуцагч Г ХХК төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-иас санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт 12,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                          

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ