Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1046

 

Г.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Батбаяр,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Эд холбогдох 1902005950211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э, 2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3 байрны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Г.Э нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Шилтгээн” цогцолборын хашаанд өөрийн барьж явсан цэнхэр өнгийн спорт цүнхэнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17,2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-г “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Ганзоригийн Энхтүвшинд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Г.Эгийн хөх цэнхэр өнгийн спорт цүнхэн дотроос хураан авсан 3.1 грамм жинтэй 2 ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.2 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Шүүгдэгч Г.Э миний бие нь 19 настай. Өвөө, эмээ дээрээ өссөн, гэхдээ одоогоор аав, ээж нартайгаа тавуулаа амьдардаг. Ачтай буянтай эдгээр хүмүүсийнхээ дэргэд юугаар ч дутахгүй, хайр энхрийллийн дээдийг эдэлж өссөн. Миний бие хүүхэд тогтдоггүй айлын ганц хүү нь бөгөөд багадаа өвдөж хавдаж, энэ дөрвийгөө багагүй зовоож байж хүн болж өдий зэрэгт хүрсэн юм гэж тэд минь ярьдаг. Үйлдсэн хэргийн тухайд би маш их буруу зүйл рүү сониучлан оролдож, гэмт хэрэг хийсэндээ өөрийгөө зүхэж сууна. Миний эргэн тойронд ойрхон байх бүхий л найз нараа ийм асуудлаас хол явах, ийм зүйлээр оролдохгүй байхыг байнга сануулж, тэдэнд анхааруулж байх болно. Анхан шатны шүүх миний төлөө, намайг сайн хүн болгохын тулд намайг шийтгэсэн гэж ойлгож байна. Харин давж заалдах шатны шүүх миний гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... ” гэв.

 

            Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хуулийн хүрээнд болон хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтын хэмжээнд зөв тодорхойлогдсон гэж үзэж байна. Харин оногдуулсан ял шийтгэлийн тухайд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл оногдож байгаа. Үйлдсэн хэргийнхээ талаар үнэн мэдүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруу дээр маргаагүй зэрэг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл байсаар атал хорих ялаар шийтгэсэнд гомдож, энэхүү шийтгэлийг өөрчлөн тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна... ” гэв.

 

            Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн гэмт хэрэг Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуучуудын нийгмийн ухамсар, хүн амын аюулгүй байдалд маш хүнд хор хохирол учруулдаг тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Шилтгээн” цогцолборын хашаанд шүүгдэгч Г.Э нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17,2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, өөрийн барьж явсан цэнхэр өнгийн спорт цүнхэнд авч явсан болох нь:

            Г.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэгтэл тэр залуу надаас өвч авах уу гэж асуухаар нь би авахгүй гээд аваагүй юм. ...нөгөө залуу дахиад өвс авах уу гэж асуухаар нь би жаахан өвс 25,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд уг өвсийг тэр шөнөдөө найз Батмагнай, Мөнх-Ананд нарт өгч хэрэглүүлсэн. Харин би өөрөө тэр үед уг өвснөөс хэрэглээгүй...” /хх 99/,

            гэрч М.Мөнх-Анандын “... би 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Play time 2019” наадмыг үзэх гээд хүүхдийн ордны тэндээс автобусанд суугаад автобусан дотор Энхтүвшинтэй таарсан ... шөнө дунд Батмагнай, Энхтүвшин хоёрыг тоглохоос нь өмнө голын тэнд уулзтал Батмагнай, Энхтүвшин хоёр тамхинд өвс ороочихсон татаж байсан. Тэгээд шөнө нь Батмагнай, Энхтүвшин бид гурав Энхтүвшиний майханд очиж унтсан. ...Би өмнө Батмагнай, Энхтүвшин нартай хамтдаа нэг удаа өвс татаж байсан. ...” /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3975 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “40” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүй, “41” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, мөнгөлөг өнгийн цаас зэргээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтад багтдаг болно ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 49-51/,

            “...Ганзоригийн Энхтүвшингийн шээсэнд..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/..., гэж зааж байгаа нь ..., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав. ...” гэх Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 12-13/,

             “...үзлэг эхлэхийн өмнө иргэн Ганзоригийн Энхтүвшингээс таны биед болон байрлаж байсан майхан ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхөд миний барьж явсан хөх цэнхэр өнгийн спорт цүнхэнд гялгар ууттай өвс байгаа гэж хариулав...” гэх хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургууд /хх 4-8/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эгийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэн хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Э “...ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар “...үйлдсэн хэргийнхээ талаар үнэн мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэнсэж өгнө үү”  гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Г.Эгийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг хувийн байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Эгийн өмсөж явсан хувцасны халааснаас 3,1 грамм,  түүний хөх цэнхэр өнгийн спорт цүнхнээс хураан авсан 17,9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авсан /хх 30-31 тал/ бөгөөд шинжилгээ хийгдэх үед эдгээр нь 2.0 грамм, 15.2 грамм жинтэй болж хорогдсон /хх 49 тал/ болох нь хэрэгт бэхжүүлэгдсэн эд зүйл хураан авах тогтоол, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3975 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба Г.Эгийн үйлдлийг “...17,2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хэрэгт хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст хадгалагдаж байгаа уг бодисыг устгах ажиллагааг шууд шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн нь зохимжгүй Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай захирамж, тушаалтай нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1338 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Г.Эгийн хөх цэнхэр өнгийн спорт цүнхэн дотроос хураан авсан 3.1 грамм жинтэй 2 ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.2 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлжсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар 19020005950211 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 17,2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. ...” гэсэн өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ