| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0537/З |
| Дугаар | 221/МА2024/0789 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0789
“У х р” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Нэхэмжлэгч: “У х р” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0537/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У х р” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн, гэтэл тогтоох хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу алдаатай шийдвэр гаргасан байна. Шүүхийн үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгт нийцсэн байх учиртай, гэтэл илтэд алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.2. Нэхэмжлэгч “У х р” ХХК нь газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй, газар ашиглагч нь иргэн Т.У биш, хуулийн этгээд болох “У х р” ХХК юм. Хуулийн этгээдийн хувьд гэрээнд газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаан хангалттай тайлбарлаж чадаагүй, иймд газраа 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлтэй. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн шалтгаан нь хуулийн этгээдийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзах, хуулийг мөрдөхгүй байх шалтгаан болохгүй. Гэр бүлийн гишүүн хүүхэд нь эрүүл мэндийн шалтгаантай байж болох боловч гэр бүлийн гишүүн болох хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг нь нэхэмжлэгчийн нөхөрт тэргүүн ээлжид оногдох бөгөөд мөн бусад гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм.
Гэр бүлийн нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдэг асуудлыг хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад уг эрүүл мэндийн асуудлаар хүсэлт, тайлбар, нотлох баримт манайд ирүүлж байгаагүй болно.
3.3. Нэхэмжлэгч нь газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй зөрчил гаргасан нь нэгэнт нотлогдсон бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй байгаа тул Байгаль орчин, аялал аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, давж заалдах гомдлыг үгүйсгэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлсний зэрэгцээ Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. “У х р” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ... Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн тус компани нь ганц хувьцаа эзэмшигчтэй бөгөөд гүйцэтгэх захирал Т.У нь ар гэрийн гачигдлын улмаас 2022 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний заалтыг зөрчөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга болон Налайх дүүргийн Засаг дарга нартай 2019/46, 2021/62 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай” гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн нь буруу, нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Т.Ундрахын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд охиныхоо асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тасралтгүй хамт байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь тогтоогдсон, зөвхөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны хийсэн хээрийн судалгааны ажлын тэмдэглэлийг үндэслэн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй хэмээн буруутгасан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх нь хөндөгдсөн хэргийн оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 26.1-д заасныг зөрчсөн” гэх зэргээр дүгнэж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
5.1. Анх Байгаль орчны сайдын 2008 оны 201 дүгээр тушаалаар маргаан бүхий газарт иргэн С.С-т олгосон газар ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/181 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бол С.С-ыг “У х р” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар энэ 3.1-д заасан маргаан бүхий дээрх газар буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хөмөгийн аманд байршилтай 1 га газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар 0171337 дугаартай гэрчилгээг олгосон.
5.2. Т.Ундрах нь “У х р” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан уг өөрчлөлт нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Харин тэрээр өөрийн хүү Б.А-д тохиолдсон эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 он 08 дугаар сарыг хүртэл түүнийг асарсан гэх үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
5.3. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, Газрын тухай хуульд заасан арга хэмжээ авч өгөх” талаар саналаа хүргүүлсний дотор нэхэмжлэгч “У х р” ХХК багтжээ.
6. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар “У х р” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан үүссэн.
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/ “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
8. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
9. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 2 жилийн хугацааг тоолох ба нэхэмжлэгчийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар газар ашиглах эрхтэй болж, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/62 дугаар гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий 2023 оны А484 дүгээр тушаал гарах хүртэлх хугацаанд “У х р” ХХК нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал:
9.1. Тухайн тохиолдолд хүндээр өвчилсөн хүүхдийг асрах нь хувь хүний тухайд хүндэтгэн үзэх шалтгаан мөн.
Гагцхүү хуульд газар ашиглагчийг хүн, хуулийн этгээд гэж эрх зүйн байдлын хувьд ялгамжтай тодорхойлсон учраас хувь хүнд тулгарсан дээрх нөхцөл байдал нь газар ашиглах эрхийг хэрэгжүүлж буй хуулийн этгээдийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, газар ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Т.У-д тохиолдсон “хүүхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас асарсан, газарт оруулах хөрөнгө оруулалтаа хүүхдийн эмчилгээнд зарцуулсан” гэх нөхцөл байдлыг газар ашиглагч “У х р” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаатуулан тайлбарлах үндэслэлгүй.
9.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл 2 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх зөрчлийг шалгаж тогтоосон болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаартай албан бичиг, хээрийн судалгааны ажлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзнэ.
9.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн /маргаан бүхий газарт төлөвлөсөн/ “Хөмөгийн энгэр” жуулчны баазын загвар болон тойм зураг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэрэг нь 2019 онд үйлдэгдсэн байх тул цаг хугацааны хувьд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарах хүртэл хугацаанд “зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан” гэдгийг нотлохгүй.
Бодит байдалд газрыг төмөр хийц бүхий торон хашаагаар хашаалсан нь “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг үгүйсгэхгүй.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “... 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигч бүрэн өөрчлөгдөж, шинэ төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байх хугацаанд хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг хүлээн авсангүй.
9.4. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, ноцтой зөрчил гаргасан эсэх зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэх газар ашиглах эрхийг хүчингүй болгох өөр үндэслэлд хамаарах тул энэ хэсгийн 4-т заасан маргааны үйл баримтад үл хамаарах асуудалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.
10. Нэгтгэн дүгнэвэл, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө газраа зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоосон буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ялангуяа хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох ойлголтыг тайлбарлахдаа, харгалзах нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна.
11. Нэхэмжлэгчээс “... хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр газрыг эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн” гэж маргадаг боловч сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал, бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
12. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гэр бүлийн нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдэг асуудлыг хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...давж заалдах гомдол нь гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй, байгууллагын албан бланк дээр хэвлэгдээгүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 115.2.5-д заасан шаардлагыг хангаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
14. Учир нь гомдол гаргасан О.Д нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01/4164 дүгээр албан бичгээр олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар, давж заалдах гомдол гаргах хуулиар тогтоосон 14 хоногт багтаан анхан шатны шүүхэд цахим шуудангаар гомдлоо ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас давж заалдах шатны шүүх уг гомдлоор хэргийг хянан хэлэлцсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “У х р” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ