Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч ***,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001348 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл-1, ганцаараа *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/255 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, *** (РД:***)

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** тоот гэртээ хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ***ыг зураг авлаа гэх шалтгаанаар түлхэж унаган эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 1-р нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн;

 

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 онд хүнээр дамжуулж танилцсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-нд ***ийн гэрт очиж амьдарч байгаад 07 дугаар сард дүү нь Солонгос Улсаас ирнэ гээд би байр руугаа буцсан. Тэгээд охин сургуулиа төгсөх болоод 2016 оны 01 дүгээр сарын 05-нд эд зүйлээ энэ хүний байшинд аваачиж хурааж нэг гэрт орсон. 2017 оны 10 дугаар сард охин Дарханаас ирээд энд ажилд орох болоод эд зүйлээ аваад тусдаа гарсан. Түүнээс хойш бид хоёр нэгнийхээ гэрт орж гардаг, дотно харилцаатай байсан. Би энэ хүний гэрт орохдоо муу сэтгэл өвөртөлж ордоггүй, сайн санаж ордог. Би энэ хүнд гомдож байсан болон баярлаж байсан үе ч байгаа. *** ахыг буруутгаж, муу хэлж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 01-нд дуудахаар нь ороход *** гэж хүнтэй нэг шил архи талд нь ортол уусан байсан. Би ороод байж байхад энэ хоёр уйлаад янз бүр болоод байсан. Тухайн үед гайхсан. Дараа нь дахин нэг архинд гарсан. Би нэг их согтоогүй байсан. Тэгэхэд *** *** хоёулаа унтъя гээд өвөртөө аваад унтахаар нь гэр бүлийн найзууд гэчхээд яагаад намайг ингэж доромжилдог юм гээд гэнэт дургүй хүрээд хөнжлийг нь татаад зургийг нь дарсан чинь босож ирээд барьж аваад зураг дарлаа гээд утас булааж авах гээд хүчтэй  түлхэхэд би хойшоо унасан. Унахдаа нуруу хэсгээр орны эрмэг дээр цохиж газар унасан. Тэр хүн надтай дотно харилцаатай байсан гэдгийг нь мэдсээр байж энэ хүний өвөрт орсон. Найз нь энэ хүнд гай чирсэн. Би муухайгаар, шүүх, цагдаагаар явуулъя гэж бодоогүй. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр: Эрүүгийн 2210000001348 дугаартай хэргээс:

 

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн ***аас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2.Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед *** залгаад *** бид хоёр байна гэхээр нь гэрт нь ороход нэг шил архи уугаад архи нь дундаа орсон байсан. Би тэр хоёрт бууз жигнэж өгөөд архи 21 цагийн үед дууссан. *** эгч гараад 0,7 грамм Эден нэртэй архи аваад ирсэн. Ингээд хамт ууж ойр зуурын юм ярьсан. Архи дуусаад ***, *** эгчийг хоёулаа унтъя гээд хамт нэг оронд ороод унтахаар нь миний дургүй хүрээд хөнжлийг татаад зургийг нь дарсан чинь босож ирээд барьж аваад зураг дарлаа гээд утас булааж авах гээд хүчтэй  түлхэхэд би хойшоо унасан. Унахдаа нуруу хэсгээр орны эрмэг дээр цохиж газар унасан. Тухайн үед бас толгой хэсгээр юм мөргөсөн. Би босож чадахгүй эвгүй уначихлаа гэж хэлэхэд *** ах орондоо ороод унтсан. Гэтэл *** эгч цагдаа дуудаад өгчихгүй гэхээр нь настай хүнийг бодоод больсон юм. Хувийн оточ манал эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Миний хувьд энэ хүнээс мөнгө төгрөг нэхсэн зүйлгүй. Харилцан тохиролцож 3,500,000 төгрөг авахаар болсон, тус мөнгийг өгвөл гомдол саналгүй. *** эгчийг бол *** танина, гэр бүлийн найзууд юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

3. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Энэ асуудлыг анх надад 2018 онд хэлж байсан. Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн байх ёстой. 2020 онд Хан-Уул дүүрэгт бас *** өөрийн гэртээ гар хүрж байсан. Миний мэдэхээр ээж надад хэлж байгаагүй болохоос өмнө нь олон удаа зодуулж байсан юм шиг байна лээ. *** ахынх руу явлаа гэж хэлчхээд ирэхдээ дандаа гар хөл нь хөхөрчихсөн байдалтай ирдэг байсан. Намайг гэртээ байхгүй байхад *** нь гэрт ирж агсам тавьж байсан байна лээ. Манай хажуу айл хүртэл цагдаад дуудлага өгч байсан. *** нь намайг оюутан байхад ээжтэй цуг байгаа болохоор сургалтын төлбөр гээд 1,500,000 төгрөг, дараа нь 450,000 төгрөг өгч байсан. Дараа нь ээж бид хоёр луу янз бүр болж агсам тавихаар нь би өөдөөс нь зөрүүлээд хэл ам хийхээр өгсөн мөнгөөрөө түрий барьж танай ээжийг яасан ч яадаг юм гэж хэлээд дарамталж доромжилдог. Ээж *** ахтай уулзахаараа л архи уугаад байдаг. *** нь өөрөө архины хамааралтай.  Төрсөн охин нь аав ээжийг амьд байхад нь дандаа архи ууж агсам тавьж зоддог байсан гэж хэлж байсан. *** ахын зан аашны талаар хүүхдүүд нь хүртэл мэддэг. *** гээд байгаа нь бас архичин. Урьд эхнэр нь амьд мэнд байхад бас *** гэх хүнтэй нийлээд архи уугаад явдаг байсан юм билээ. *** нь хүртэл над руу зурвас бичиж дарамталсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн19 дэх тал),

 

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяр байсан. ***, *** хоёр дуудсан. *** би бууз жигнэж байна хэдүүлээ ахмадын баяр тэмдэглэе гэж хэлээд *** ирж гэрээс аваад дэлгүүр орж 0,75 граммтай архи авсан. Бид гурав ***ийн гэрт хоол идэж архиа ууж дуусгасан. ***ийн утас дуугараад *** тэр хоёр маргалдаж эхэлсэн. Хоорондоо бараг цаг хэрэлдсэн. Ингээд би том өрөөнд унтсан.  ***ийг миний ороор ороод унт битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. *** миний араар орж унтаад, жижиг өрөөнд *** унтсан. Гэнэт *** ***ыг чи битгий зураг дараад бай гээд утсыг нь авахаар булаацалдаж байгаад *** барьсан гараа тавих үед *** хойш саваад орны хөл рүү унаад ёолоод нуруу эвгүй болчихлоо гээд босож ирэхгүй байсан. Би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирэх үед *** тэр хоёр нэг оронд ороод унтаад өгсөн байхаар нь гайхаад цагдаа нарт болсон зүйлийг хэлэхэд нөгөө хоёр унтаад байсан. Би энэ эмэгтэйн  нуруу эвгүй болоод босож ирэхгүй байсан. Хэзээ нэг оронд орчихов гэхэд цагдаа яваад өгсөн. Би уурлаад гарч 2 ширхэг сөжү аваад орж уусан. *** босож чадахгүй өвдөөд байна гэснээ босож ирээд сөжү уусан. Дахин архи ууна гээд байсан. *** гэнэт амиа хорлоно гээд хутга бариад *** хутгыг нь булааж авсан. Тэгээд хэрүүл маргаан дуусаж унтсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №13974 дугаартай:

- ***ын биед бүсэлхий нурууны 1-р нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн унах, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

6. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ахмадын өдөр байсан бөгөөд хамт тэмдэглэе гэж хэлээд *** та *** эгчийг дуудчих гэж хэлсэн. *** ирээд хойноос нь *** ирээд манай гэрт хамт архи уусан. Архи дуусах дөхөж байхад ***д архи хийж өгөхөд *** надад хийж өгсөнгүй чи ***даа хийж өглөө гээд уурлаад байсан. Ингээд унтах болоод *** надтай хамт унтсан. Гэтэл *** зураг дарахаар нь би босоод яагаад зураг дарж байгаа юм гээд утсыг нь авах гэтэл өгөөгүй. Утсыг нь авах гээд хоёр гараас нь бариад түлхсэн чинь хойш саваад унасан. Унахдаа нуруу хэсгээрээ юманд цохисон уу яасан мэдэхгүй байна унаад босоод ирсэн. *** бид хоёрыг болиоч цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Эмч дуудаарай гэсэн боловч цагдаа ороод ирсэн. Цагдаа орж ирэхэд миний ор руу ороод унтаад өгсөн. Цагдаа ирэхэд түргэн дуудах гэсэн чинь цагдаа хүрээд ирсэн байна гэхэд яваад өгсөн. Тухайн үед 2 шил архи мөн 2 шил сөжү уусан. Тухайн үед ***тай хардаад *** хутга бариад амиа хорлоно гээд байхаар нь хутгыг нь булааж авсан. ***тай маргалдаад байхаар нь ***г араараа оруулаад унтсан. Гэтэл хөнжил татаад зураг дарахаар нь уур хүрсэн. Би ***д гэмтэл учруулсныг мэдэж байгаа. Тухайн үед утсыг нь авах гэж байгаад түлхтэл хойш саваад унасан. Хохирлыг барагдуулах болно. Намайг хамгийн багаар торгож өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46, 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 49, 52-55 дэх тал) болон шүүхийн шатанд улсын яллагчийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/255 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн;  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас хэрэгт авагдсан баримт, талуудын мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэлт хийхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлгүй гэж байна. Хохирол төлбөрийн тухайд эмчилгээний баримтаар 717,500 төгрөгийн баримт авагдсан,  шүүх хуралдаанд шинээр 154,192 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн, нийт 871,692 төгрөгийн баримт байна. Миний үйлчлүүлэгч 3,910,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Бусад баримт буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс, такси унааны зардал, байрны төлбөр, апплейкшний төлбөр зэрэг хэрэглээний зардлаа нэхэмжилж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш тул иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Эрүүгийн хэргийн шууд хохирол нь эрүүл мэндэд учирсан хохирол байх ёстой учраас эдгээр нь шууд зардалд хамааралгүй гэж үзэж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3,500,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн учраас тухайн нэхэмжлэлийн хүрээнд бэлдэж ирээд үлдэгдэл хохирол төлбөрийг төлсөн. Шинээр гаргаж өгсөн нь баримтууд нь төлсөн мөнгөнд орж байх тул хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжтой.” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 73 дугаар байрны 16 тоот гэртээ хамтран амьдарч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ***ыг утсаараа зураг авлаа гэх шалтгаанаар маргалдан зууралдах явцдаа хохирогчийг нуруу хэсгээр нь орны ирмэг рүү түлхэж унагаан бие, эрүүл мэндэд нь бүсэлхий нурууны 1-р нугалмын их бие шахагдсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн ***аас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн19 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №13974 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үндсэн шинжээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын биед халдсан, хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч *** нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заасан буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон бөгөөд уг нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлсон: 3.1.1 дэх заалтад хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд. гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, 5.1.2 дахь заалтад гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ. гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүгдэгч ***, хохирогч *** нар нь хамтран амьдрагч нар болох нь тэдний болон гэрч *** нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах хүмүүс гэж үзэх үндэслэлтэй.

            Мөн хэргийн тогтоогдсон үйл баримт болон гэрч ***гийн мэдүүлгээр хохирогч ***ын эрүүл мэндэд шүүгдэгч *** урьд халдаж байсан талаар мэдүүлсэн байх тул 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүгдэгчийн үйлдэл нь тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ. 

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар нэгнээ бусадтай хардсаны улмаас гар утсаараа зураг авснаас болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***эд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарахгүй учир гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцохоо илэрхийлсэн хэдий боловч шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн шатанд гаргасан дүгнэлтдээ хэрэгт авагдсан баримт, талуудын мэдүүлэг, тайлбар зэргээс дүгнэлт хийхэд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гаргаж улсын яллагчтай санал нэг байна гэсэн тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.   

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагаанд:

- 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Манал-Оточ эмнэлгийн өвчтөнд үзлэг хийх үйлчилгээ утгаар төлсөн төлбөр 25,000 төгрөг,

-2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Манал-Оточ эмнэлгийн өвчтөнд үзлэг хийх үйлчилгээ утгаар төлсөн төлбөр 7хоног х65,000=455,000 төгрөг,

-2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Манал-Оточ эмнэлгийн үйлчилгээ утгаар төлбөр 3 хоног х 65,000=195,000 төгрөг,

- Сити фарм МЭИК ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр осталон 70 мг №4 бүрхүүлтэй шахмал Gedeon Richter нийт төлбөр 31,500 төгрөг,

- Уран цэгцүүхэн ХХК 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Тебантин 300 мг 8500 төгрөг, бюпак 2500 төгрөг нийт 11,000 төгрөг дээрх бүх хохирол нийт 717,500 төгрөгийг;

            Мөн шүүхийн шатанд УБ Сонгдо Эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр рентген төлбөр 49,900 төгрөг,

-Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт 67,050 төгрөг,

-Ази фарм сүлжээ эмийн сан хондроксид гель 23,600 төгрөг,

-Хаппи фарм эмийн сан Тебантин капс 8600 төгрөг, Нецурюу 4992 төгрөг нийт 13,592 төгрөг дээрх бүх хохирол нийт 154,142 төгрөг, нийт мөрдөн шалгах ажиллагааны явцад 717,500 төгрөгийн баримтаар, шүүхийн шатанд 154,142 төгрөгийн баримтаар бүгд 871,642 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч *** 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны дансаар 1,910,000 төгрөг,  2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр хохирогч ***д хүлээлгэн өгсөн баримт авагдсан байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч *** нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардал болох цалин хөлс, эмчилгээтэй холбоотой бусад хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон.

 

 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл эдэлнэ. гэсэн байдаг учраас өмнөх ял шийтгэлээ бүрэн эдэлж дуусгасан тул өнөөдрийн хэрэгт нь ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйсан, болсон асуудалд хэн хэн нь түргэн зан гаргасан, хохирогч зөвшөөрөлгүй зураг авсан нь буруу гэдгээ хэлж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч тухайн зургийг устгах гэж гаргасан үйлдэл нь хохирогчид гэмтэл учруулах бүрэн боломжтой гэдгийг мэдсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас үйлдлээ хянах чадваргүй байсан. Гэхдээ үйлдлийг нь зөвтгөж байгаа юм биш. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн, 71 настай, хиймэл хөлтэй, эрүүл мэндийн байдал, хохирол төлбөр төлсөн, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх заалтад зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэсэн” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээс үзэхэд *** нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байх боловч  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/255 дугаартай тогтоолоор Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна. Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн согтуурсан үедээ хохирогчид гэмтэл учруулсан нөхцөл байдал, нөгөө талаас 70 настай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн өндөр насны тэтгэвэр авдаг цалин хөлс, орлогыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч ***д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** гэмт хэргийн улмаас өөрт учирсан цалин хөлс болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН