Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 27

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч:  Д овогт Н-ын Б-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Х овогт Р*ийн А-д холбогдох,

        Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Р.А, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А гэдэг хүүтэйгээ амьдардаг байсан. Би 2017 оны 10 дугаар сард Р.А-тэй танилцаж улмаар хүү маань аавтай болохыг хүлээн зөвшөөрснөөр бид 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хуримаа хийж хамт амьдрах болсон. Бид хоёрын дундаас 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүү А төрсөн. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бид маргалдсан ба маргааш нь 2 хүүгээ аваад өөрийн ээжийнх рүү явахаас өөр аргагүйд хүрсэн. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир бага хүү А-аа өөрөөрөө овоглосон. Р.А нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хүүдээ халамж анхаарал тавихгүй, уулзахгүйгээр барахгүй хүүгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би хэдий том хүүгээ нөхөргүй төрүүлсэн ч гэсэн янз бүрийн хүнтэй нэр холбогдож хүүгээ зовоох зүйл хийж байгаагүй. Харин ч бид хоёрын маргаан том хүүд маань хүндээр туссан. Р.А нь хүү А-ны өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд хүү А-д эцэг Р.А-ээс тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Б бид хоёр 2017 оны хавар танилцаж үерхэж байгаад мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр хуримаа хийж хамтран амьдарсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлье гэхэд Н.Б дургүйцээд бүртгүүлэхгүй байсан. Бид хоёр хуримаа хийхээс өмнө үерхэж байх хугацаандаа ямар нэгэн дотно харьцаанд орж байгаагүй, Н.Б манайд ирэхдээ жирэмсэн ирсэн. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүү А-ыг төрүүлсөн ба эмнэлгээс гэртээ гарч ирээд байж байгаад 3 дугаар сарын 13-ны шөнө декритний мөнгөнөөс болж бага зэргийн маргаан гарахад Н.Б нь 2 хүүхдээ аваад яваад өгсөн. Хэрэггүй гэхэд тоолгүй явчихсан. Н.Б нь манайд ирэхдээ жирэмсэн ирсэн бөгөөд хүү А нь миний хүүхэд биш тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй группын 240.000 төгрөгөөр амьдардаг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Р.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.Б, Р.А нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2018 оны 3 дугаар сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

      Тэдний дундаас 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүү Р.А төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар “Р.А нь Р.А-ны биологийн эцэг байх магадлал 99.99 хувь байна” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

         Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.

          Иймд хүү Р.Ань эх Н.Б-ын асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Д овогт Б-ын А-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.А-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхөөр зохицуулжээ.

       Хариуцагч Р.А нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний “Миний бие хөгжлийн бэрхшээлтэй группын 240.000 төгрөгөөр амьдардаг тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А-ээс 30.182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Д овогт Б-ын А-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.А-ээр тэжээн тэтгүүлсүгэй.\

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А-ээс 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ