Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 30

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч:  О овогт Г-ын О-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Х овогт Ж-ийн Ц-д холбогдох,

      Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ж.Ц, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ц-тэй 25 жил амьдарсан ба 2018 онд хоорондын таарамжгүй зан харьцаа болон гэр бүлийн хүчирхийлэлтэй байдлын улмаас гэрлэлтийг шүүхийн журмаар дуусгавар болгосон. Улмаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр хүү Ц.О, Ц.Б, охин Ц.О нарыг миний асрамжид үлдээсэн тул эцэг Ж.Ц-ээс тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй. Одоо түлээ нүүрс, хүүхдүүдэд маань дулаан хувцас, хоол хүнс хэрэгтэй байгаа тул эцэг Ж.Ц-ээс хүү Ц.О, Ц.Б, охин Ц.О нартаа хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О бид хоёр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед Г.О нь хүүхдийн асрамжийн тэтгэлэг авахгүй гэсэн билээ. Гэвч миний бие нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж байгаа юм биш. Би 2018 оны 10-12 дугаар сар, 2019 оны 1-2 дугаар сарын нүүрсний мөнгийг би өөрөөсөө гаргаж авсан тул 2019 оны 1-2 дугаар сарын тэтгэмжийн мөнгөнөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. Мөн 2018 оны 8 дугаар сард орлого байхгүй, банкинд 300.000 төгрөгийн зээл төлөх учир 8 дугаар сарын тэтгэлгийн мөнгийг чөлөөлөх, хэрэв би банкны зээл төлж дуусахаас өмнө ажилгүй болбол, дуусах хүртэл хүүхдийн тэтгэлгээс чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр Г.О, Ж.Ц нарын гэрлэлтийг цуцалж, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.О нарыг эх Г.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

     Тухайн үед нэхэмжлэгч Г.О нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй нь хариуцагч Ж.Ц-ийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд гэрлэлт цуцалснаас хойш нэхэмжлэгч нь хэдийд ч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй болно.

       Ж.Ц, Г.О нарын хүү Ц.О 17 нас, 3 сартай хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байгаа, хүү Ц.Б, охин Ц.О нар нь эрүүл өсөн, хүмүүжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, Дун цагаан өрхийн эмчийн тодорхойлолт, Увс аймгийн Ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн менежер, Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

      Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Бү, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.О нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Ц-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

      Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлд тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхөөр зохицуулжээ.

      Хариуцагч Ж.Ц-ийн 2018 оны 8 дугаар сард орлого байхгүй, банкинд 300.000 төгрөгийн зээл төлөх учир 8 дугаар сарын тэтгэлгийн мөнгийг чөлөөлөх, хэрэв би банкны зээл төлж дуусахаас өмнө ажилгүй болбол, дуусах хүртэл хүүхдийн тэтгэлгээс чөлөөлж өгнө үү гэх тайлбар нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О нь улсын тэмдэгтийн хураамж 147.378 төрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Ц-ээс 147.378 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ц.О, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Б, 2007 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.О нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Ц-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаарнэхэмжлэгч Г.О нь улсын тэмдэгтийн хураамж 147.378 /нэг зуун дөчин долоон мянга гурван зуун далан найм/ төрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Ж.Ц-ээс 147.378 /нэг зуун дөчин долоон мянга гурван зуун далан найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ