| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан ,
улсын яллагч А.Алтангэрэл,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210024951435 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хаппи Ресиденс” хотхоны 879 дүгээр байрны 301 тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгааж, зүүн хацар руу гараараа цохиж, баруун гарыг мушгиж, түлхэх байдлаар биед нь халдаж, түүнд тархи доргилт, баруун гарын 4 дүгээр хуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2210024951435 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэнээс ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин найз ***гийнд очоод юм ярьж байгаад ирье гэж хэлээд яваад гэртээ ирэхгүй байхаар нь *** руу залгаад ***өө яасан бэ, байна уу, хаана байна, чи яагаад худлаа яриад байна аа, эгчдээ үнэнээ хэлчих гэхэд утсаа таслаад удалгүй эргэж залгаад “эгчээ би үнэнээ хэлье, ***ээ *** рүү залгаад хайртай дуртай гээд дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин луугаа залгахад утас нь болохгүй байхаар нь мессеж бичтэл ээжээ би ***тэй цуг байна гэхээр нь “чи яагаад яваад очсон юм бэ” гэхэд “***ээ харин надад хайртай, уучлаарай гэхээр нь яваад очсон юм” гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би тэр хоёр луу залгахад утсаа авахгүй байхаар нь *** руу залгахад “Тэр хоёр ***ийд байгаа ”гэхээр нь ***тоот болох ***ий гэрийн үүдэнд зогсож байтал ***ээ лифтнээс гараад ирэхээр нь “Та хоёр яагаад гэртээ байхгүй” гээд худлаа яриад байгаа юм гээд ***ий хацар луу нэг удаа алгадсан. Тэгээд гэр лүү нь ороход охин байхаар нь уур хүрээд худал хэлснийг нь бодоод хацар луу нь нэг алгадсан. Тэгээд би ***д хандан “Яагаад надад худлаа хэлж охин болон намайг зовоогоод байгаа юм бэ” гээд хэлтэл “гуйлгачин авгай минь, чи охиндоо мөнгө өгч, олигтой утас аваад өгч чаддаггүй биз дээ” гэх мэтээр элдэв зүйл хэлж байтал гаднаас 4 залуу ороод ирсэн. Тэгээд би тэр 4 залууд учраа хэлтэл *** гээд ах нь ***ийг загнаад “амьдарч чадахгүй бол айлын охиныг явуул гэж хэлээд байхад” гэж хэлж байсан. ***ээ намайг доромжлоод байхаар нь уур хүрээд ***ийг эхлээд үстсэн. Тэгтэл ***ээ миний үсийг зөрүүлж зулгаагаад доош дараад байхад хажууд байсан хүмүүс тавиулах гэтэл ***баруун гарыг мушгитал ядам хурууны хумс хугараад цус гарсан байсан. Тэгээд бид хоёрыг *** салгаад би цагдаад дуудлага өгсөн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг ***үснээс зулгааж, баруун гарыг мушгиж, зүүн хацар луу гараараа цохисны улмаас дээрх гэмтлүүд үүссэн байна. Миний толгой маш их өвдөж байна. гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дэх тал),
3. Гэрч Л.***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: 9 сард би нэг машин түрээсээр унаж байхад нэг найзын төрсөн өдөр болж, ***ий хамт яваад буцаад харих гэтэл нисэхийн тойрог дээр цагдаа байсан учир тойрч явах гэж байгаад нөгөө машинаа бага зэрэг муухай болгочихсон юм. Тэгээд бид хоёр машин янзлах асуудалтай байсан. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ээж *** бид хоёртой уулзаж ярих юм байна гэхээр нь оройтсон байна яах юм бэ гээд хэлсэн. Тэгсэн ээж ***ий гадаа байсан юм байна лээ, гэрт нь орж ирэхэд ***зөрөөд найзуудтайгаа уулзахаар гараад, би араас нь авч орж ирэхээр гараад 30 минут болсны дараа буцаад гэрт ортол ээж ***бид хоёрыг нэг нэг алгадсан. Ээж “чи намайг өмнө нь хэл амаар доромжилсон” гэх мэт зүйлс хэлсэн санагдаж байна. Тэгтэл ***ээ өөдөөс нь “үнэнийг чинь хэллээ гуйлгачин авгай минь” гэх зэргээр хэг ёг хийж яриад байхаар нь ээж ***ийг үсттэл ***ээжийг хана руу түлхээд үснээс нь зулгааж доош дарсан. Баруун гарыг нь дарж байхдаа хумсыг нь хугалаад хаячихсан, би тэр хоёрыг салгасан. Тэгтэл гаднаас ***ий найзууд нь орж ирээд ээжтэй юм ярьж байгаад ээжээс уучлалт гуйгаад гарсан. *** гэх хамаатны хүн нь үлдсэн. Тэгээд ээж цагдаад дуудлага өгөхөд ирэхгүй удаад байхаар нь хэлтэс дээр ирсэн. Мөн ***ий найзууд явсны дараа манай хамаатны ах *** ирээд ***ийг ээжийн өөдөөс элдэв зүйл ярьж доромжиллоо “нохойн гөлөг минь” гэж хэлээд ***ий гар луу нэг удаа цохисон. Тэгтэл ***өөдөөс нь хэг ёг гээд байсан ба ах куртикнээс нь барьж байгаад ор луу түлхсэн. Тухайн үед ***архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №13428 дугаартай:
- ***гийн биед тархи доргилт, баруун гарын 4-р хуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.
- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
5. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим *** бид хоёр гэртээ ороод байж байгаад би дэлгүүр орохоор гэрээсээ гарсан чинь ***ий ээж *** гэх хүн байрны орцонд байж байсан. Тэгээд намайг харангуутаа миний зүүн, баруун хацар луу гараараа 2 удаа цохисон. Тэгээд хүмүүс харж байхаар нь би *** гэх хүнийг дээшээ гараад ярилцъя гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон бөгөөд би ***д чи ээжтэйгээ ярьж ойлголцоорой гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Гадаа хэсэг байж байгаад ээж нь явсан байх гэж бодоод гэртээ орсон чинь ээж нь нэг найзтайгаа орж ирээд гэрт суучихсан байсан. *** гэх эмэгтэй ярилцъя гэхээр нь би ярилцахгүй, та гэрээс гарчих гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэрээс гарахгүй удаад байхаар нь уур хүрээд тэр эгчийг гарчих л даа гээд нэлээн өндөр дуугаар хэлсэн чинь *** гэгч нь урдаас ирээд үснээс зулгаасан. Тэнд *** гэгчийн найз нь мөн *** нар байсан. Тэгээд тавихгүй байхаар нь би үснээс нь зулгаагаад цааш түлхсэн чинь над руу дайраад байсан. Тэгээд *** найз гэрээс гарч яваад *** үлдсэн юм. Тэгээд *** нь урдаас янз бүрээр хэлээд дургүй хүргээд байсан чинь гаднаас ***ий ах *** гэх хүн орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай найз цагдаа дуудна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гарыг нь мушгиагүй юм. Гэм буруу дээр маргаж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дэх тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч шинээр гаргаж өгсөн ) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ий үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 09 дугаар сарын 08-ний орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хаппи Ресиденс” хотхоны 879 дүгээр байрны 301 тоотод иргэн ***тай охин Л.***ийг гэртээ байлгасан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, зүүн хацар руу нь гараараа цохих, баруун гарыг мушгиж, түлхэх зэргээр бие, эрүүл мэндэд нь халдаж, тархи доргилт, баруун гарын 4 дүгээр хуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэнээс ирсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
-Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 21 дэх тал),
-Гэрч Л.***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №13428 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
-Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу хохирогчийн үснээс нь зулгааж, зүүн хацар луу гараараа цохиж,баруун гарыг мушгиж, түлхсэнээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хохирогч ***тай охин Л.***ийг нь гэртээ байлгасан гэж маргалдан, улмаар түүний үснээс нь зулгааж, зүүн хацар руу гараараа цохиж, баруун гарыг мушгиж, түлхэх байдлаар биед нь халдсанаар гэмт хэрэг гарсан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагаанд хохиролтой холбоотой 407,800 төгрөгийн баримт гаргаж өгсөн.
Шүүгдэгч *** нь шүүхийн шатанд хохирогч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ***д 410,000 төгрөгийн хохирлыг дансаар шилжүүлсэн талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөгөө талаас хохирогч шөнийн цагаар шүүгдэгчийн орон байрны халдашгүй байдалд халдаж, гэрт нь орж маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сар буюу 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ий хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН