Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хн ургийн овогт Бны Бт холбогдох 2213001480246 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгний торгох ялаар шийтгүүлж байсан, Хн ургийн овгийн Бы Б, регистрийн дугаар

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Толбо нуур" амралтын газрын автомашины зогсоолын талбайд 2022 оны 05 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хохирогч Т.Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 7 өнгөрөөд 8 цаг дөхөж байхад ажлаасаа ирэхэд Дгийн ээж нь буюу эгч маань манайд ирээд “манай хүү гэртээ хоноогүй 3 өдөр боллоо 4 дэх өдөртөө орох гэж байна. Хүүгээ олмоор байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь таньдаг дүү нараасаа асуухад 20-30 гэсэн дугаартай цэнхэр өнгийн Prius машинтай яваад байгаа сурагтай байна гэж хэлсэн. Тэгээд тухайн цэнхэр өнгийн Prius машины эзнийг нь сураглаад үзтэл “Х” гээд баарны урьд байна гэж хэлсэн. Баарны урьд очиход байхгүй байсан ба баарны ресейпшнээс нь асуухад Өлгий явна гээд гараад явсан гэж хэлсэн. Тухайн үед Ховд аймгийн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн хүүхдүүд Буянт, Толбо руу зугаалгаар явсан байсан. Насанд хүрээгүй хүүхдийг дээрэлхэж, Дгийн утсыг 4 хоногийн өмнө 400.000 төгрөгөөр ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д тавьж, тэр мөнгөөр машиндаа шатахуун хийж, архи уугаад насанд хүрээгүй хүүхдийг дагуулаад яваад байсан байна. Д утсаа алдсан гэдгээ ээждээ хэлж чадахгүй, гэртээ ирэхгүй яваад байсан байна. Тэгээд Дг хайгаад Буянт руу очиход   Баян-Өлгий аймаг руу явсан сураг гарч араас нь ах, эгчийн хамт гурвуулаа наашаа гарсан. Толбо амралтын газар ирэхэд 1 цаг 30 минут болж байсан. Машинаа хашааны гадна талын зогсоолд тавьж, хаалгаар нь алхаж ороход талбайд нь 20-30 дугаартай цэнхэр өнгийн Prius машин байсан. Тэгэхэд А гэх жолооч залуу нь арай гайгүй эрүүл байсан. Ховд аймагт архи авсан дэлгүүрийн хүнтэй нь уулзахад нэг шил 0,75 л архи, 4 ширхэг том “Сэрүүн” нэртэй пиво авсан гэж хэлсэн. Замдаа Буянт орж архи, 2 пиво, Толбо амралтын газарт ирээд 1 пиво уусан байсан. Д машины тээшинд согтсон байдалтай хэвтэж байсан бөгөөд архи шахаж, хүчээр уулгасан гэж хэлсэн. Тухайн үед А нь утсаар ярьж байсан бөгөөд надаар зодуулсан гэж байгаа Г нь машины урьд бөөлжиж байсан. Бас нэг залуу нь машины арын суудалд нь тасарсан байдалтай хэвтэж байсан. Машин руу дөхөөд очтол Г нь “ямар хүмүүс яваад байгаа юм бэ” гэхээр нь  “Д байна уу” гэхэд “тийм хүн байхгүй” гээд томорсон. Манай ах машиныг тойрч явж байгаад машины тээшнээс нь дүүг гаргаж ирэхэд согтсон байдалтай байсан. Тэгээд татаж гаргахад газар унасан бөгөөд газарт хэвтсэн чигээрээ байж байхад би дүүгээ “чи яахаараа энд явж байдаг билээ” гээд нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Г хүрч ирээд намайг цохисон. Тэгэхээр нь та нар яагаад насанд хүрээгүй хүүхдийг уруу татаж архи уулгаж байгаа юм гээд зогсоож байгаад нэг, нэг удаа гар хүрсэн...” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213001480246 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         2.1. Иргэн Т.Гаас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

          2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн талаарх “...Хэрэг учрал болсон гэх газар нь тус аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, иргэн Энхболдын амралт, зугаалгын газрын автомашины зогсоолд болсон байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

          2.3. 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

          2.4. Иргэн Т.Гийн биед үзлэг хийсэн тухай “...Иргэн Т.Гийн нүцгэн биед үзлэг хийхэд толгойндоо 7 см урттай, хар бор өнгийн шулуун үстэй, баруун нүдний дээд хэсэгт 4x2 см хэмжээтэй бор өнгийн тав тогтсон хуучин шархтай, хамрын нуруунд 0,5x0,5 см хэмжээтэй шархтай, зүүн нүд бүхэлдээ хавдаж, нүдээ аньсан байдалтай..." гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 18-23 дахь тал), 

 

          2.5. Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие найз А, Дсайхан, Т, дүү Д нарын хамт 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн Толбо сумын амралтын газарт ирсэн. Тэр дүү гээд байгаа Д гэх хочтой нөхөр бол надаас насаар дүү бөгөөд одоо Ховд аймгийн ЕБС-ын 1-р сургуульд 12 дугаар ангид сурдаг. Уг нь бол манай дүүгийн найз ба би Ховд аймгаас гарахаас өмнө найз А нар намайг гэрээс ирж авахдаа тэд нартай цуг дагаж ирсэн байсан. Би Ховд аймгаас наашаа гарахдаа Дд “ахын дүү чи гэртээ үлд, бид нар өөр аймаг руу гарна” гэсэн чинь тэр залуу хүч өгөлгүй, хонох газаргүй гээд байхаар нь дагуулж авсан байсан. Харин найз А, Дсайхан, Т нар бол насанд хүрчихсэн юм. Тэгээд бид хэд амралтын газарт ирээд тавуулаа амралтын газрын автомашины зогсоолд машин дотор унтаж байтал 04 цагийн үед нэг машин хүрээд ирсэн. Бид нар Ховд аймгаас наашаа ирэхдээ хэдэн пиво ууж ирсэн, харин жолооч А нь огт согтууруулах ундаа хэрэглээгүй, харин амралтын газарт ирсний дараагаар нэг пиво уусан.

          ...Тэгээд нөгөө Ховдоос ирсэн гэх машинаас гурван залуу, нэг эгч бууж ирээд “Д байгаа юу” гэж асуухаар нь би Дгийн жинхэнэ нэрийг мэдэхгүй болохоор тэр хүнд "тийм хүн байхгүй" гэж хэлсэн чинь танихгүй ах манай машины хойд багажийн хаалгыг онгойлгосон. Тухайн үед нөгөө Д гэх хүүхэд машины багажийн хэсэгт унтаж байсан бөгөөд нөгөө багааж онгойлгосон цоохор эрээн алаг цамцтай залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохиж авсан. Тэр үед доошоо тонгойгоод нүдээ бариад суутал дахиж миний хамар луу нэг удаа өшиглөж авсан. Тэгж байтал намайг манай нэг нь босгож авахад намайг анх цохисон цоохор хувцастай залуу манай жолооч Атой зууралдаж байхаар нь би гүйж очоод цоохор хувцастай залуугийн толгой руу нь нэг удаа цохиж авахад тэр намайг эргүүлээд нөгөө анх цохисон зүүн нүд рүү дахиж нэг удаа цохиж авахад би доошоо хараад суучихсан. Тэгээд нөгөө хүмүүс яваад өгсөн. Ийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 54 дахь тал),

 

2.6. Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би нарт амралтын газарт ирээд амрах байр олдохгүй байхаар нь тавуулаа машин дотроо унтаж байтал үүрээр 04 цаг өнгөрч байхад Ховд аймгаас 90-55 УЕА улсын дугаартай саарал өнгийн “Тоёота акуа” маркийн машин ирээд сигналдахаар нь босоод машинаас гартал тэр машинаас гурван ах, нэг эгч бууж ирээд бид нараас Д байгаа юу гэхээр нь бид нар Дгийн жинхэнэ нэрийг нь мэдэхгүй болохоор тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь цоохор хувцастай ах миний машинд хүрч ирээд хойд багажийг онгойлгоод найз Гийг шууд учир зүггүй нүд рүү нэг удаа гараараа цохиж аваад дараа нь дахиж нэг удаа өшиглөж авсан. Тухайн үед нөгөө машинаас бууж ирсэн саарал куртиктэй ах над руу хүрч ирээд намайг заамдаж аваад надад "яагаад насанд хүрээгүй хүүхэд дагуулж яваад архидаад байгаа" гэж хэлж байхад цоохор хувцастай ах ирээд миний хөл рүү нэг удаа өшиглөөд, зүүн шанаа руу нэг удаа цохиж авсан. Тэгж байтал Г ирээд нөгөө цоохор хувцастай ахыг нэг удаа толгой хавьд нь цохиж байх шиг харагдсан. Зарим зүйлсийг санахгүй байна. Тэгээд сүүлдээ намайг заамддаг саарал куртиктэй ах нөгөө цоохор хувцастай ахыг салгаж аваад манай машинд унтаж байсан Д гэх хүүхдийг аваад яваад өгсөн. Ийм л юм болж өнгөрсөн...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

2.7. Гэрч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нарт амралтын газарт ирээд амрах байр олдохгүй, машин дотроо унтаж байтал үүрээр 04 цаг өнгөрч байхад нэг мэдэхэд дуу шуугиан гарахаар нь би машинаас гарахад манай найз Г зодуулчихсан байдалтай, нүднээс цус гарчихлаа гээд уйлаад байсан. Харин А машин урд хэсэгт цоохор хувцастай ахтай зууралдаж байсан. Тэгж байтал цоохор хувцастай болон саарал куртиктэй ах нар ээлж ээлжээр ирээд миний нүүр лүү 2, 3 удаа цохиж авсан. Яг хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан 2, 3 удаа миний баруун шанаа, нүд хэсэг рүү 2, 3 удаа цохиж авсан. Харин би хамгийн сүүлд зодоон болж дууссаны дараа цоохор хувцастай ахын өгзөг рүү нэг удаа өшиглөж авсан. Ийм л юм болсон. Тэд нар манай машинд унтаж байсан Д гэх хүүхдийг аваад яваад өгсөн. Ийм л юм болж өнгөрсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

2.8. Гэрч Т.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие найз Г, Т, А, танил Д нарын хамт найз Аын машинаар Ховд аймгаас гараад 2022 оны 05 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн Баян-Өлгий аймгийн Толбо сумын нуурын эрэгт амралтын газарт амрахаар ирсэн. Замдаа бид хэд пиво ууж ирсэн харин жолооч замдаа согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд ирсний дараа нэг сав пиво л уусан. Амралтын газарт ирээд амрах байр олдохгүй, тэгээд машин дотроо унтсан. Нэг мэдэхэд найз нар намайг сэрээгээд зодуулчихлаа гэсэн. Би өөрөө өчигдөр сагсны тэмцээнд ороод түрүүлээд тэгээд архи уугаад наашаа ирэхдээ бараг тасарчихсан байсан. Бараг тэр Д гэх хүүхэд бид нартай цуг ирснийг нь мэдээгүй. Өглөө л 05 цагийн үед машины хойно унтаж байтал Г сэрээгээд зодуулчихлаа гэж үед л зодоон болж өнгөрснийг мэдсэн. Тэрнээс манай найз нарыг Ховд аймгаас Дг авахаар ирсэн хүмүүс зодсон үед би машины хойно унтаж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

2.9. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 439 дугаартай “1.Т.Гийн биед гэмтэл учирсан байна. 2. Т.Гийн зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хараа -0.8 хүртэл бууралт гэмтэл тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Т.Гийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-42 дахь тал),

2.10. Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 19:30 минутад ажлаасаа буугаад гэртээ орж ирэхэд миний төрсөн эгч Б.Анхтуяа манай гэрт ирчихсэн. Манай Д /Д/ гэрт ирэхгүй 4 хонолоо олоод өгөөчээ...” гэж хэлхээр нь би найз нөхдөөс нь хайж эхэлсэн. Тэгсэн чинь 30-20 /дугаарыг нь сайн санахгүй байна/ хар хөх өнгийн приус маркийн машиныг олох юм бол Дүүгээ олох юм байна гэсэн чиг авсан. Тэгээд би уг машиныг хайхад X баарны урд зогсож байсан сураг дуулаад яваад очсон. Жолоочийг нь ямар ч байсан Жижгээ гэдэг залуу гэдгийг нь олж мэдсэн. Тэгээд X баар луу ороод камерыг нь шүүж үзэхэд текенд байсан хүн надад “...сая текний урд зогсоод Баян-Өлгий явах талаар ярьж байсан. Та нар Баян-Өлгий явсан дээр байхаа...” гэж хэлсэн. Тэгээд хайж байгаад дөнгөж сая Ховд аймгийн Буянт сум руу явсан гэсэн баримжаа авсан. Тэгээд Жаргалант сумын нутагт байдаг хуучин нисэхийн хажуу талын гурван замын уулзварын модон дэлгүүрээс юм авсан гэхээр нь очоод асуутал худалдагч нь “...1 том архи 5 том пиво аваад гараад явсан...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрт очоод ах Б.Эрдэнэбаатар луу залгаад “...Дг ингээд хайсан чинь Толбо сум руу гараад явсан юм шиг байна. Та бензин бага иддэг машинтай учир хүрээд ир, очиж үзэх шаардлагатай байна...” гээд дуудсан. Тэгээд ах ирээд 23:00 цагийн үед манай ах Б.Эрдэнэбаатар, эгч Б.Анхтуяа бид гурав Баян-Өлгий аймгийн Толбо сум руу ах Б.Эрдэнэбаатарын Акуа маркийн 90-55 УЕА улсын дугаартай машинаар гарсан.

Тэгээд шөнө 01:30 минутын үед Толбо нуурын амралтыг газарт очоод гадаа нь машинаа тавиад дотогшоо алхаж орсон. Дотогшоо алхаж ороход манай хайж явсан машин яг урд зогсож байсан. Биднийг очиход нэг намхан залуу машиныхаа баруун талд утсаар яриад, нэг өндөр залуу машины урд талын ногоон байгууламж руу бөөлжиж байсан. Тэр би тэр утсаар ярьж байсан залуугаас “...Д далай байна уу?...” гэж асуухад цаад талд нь бөөлжиж байсан залуу чи хэн юм бэ? гээд хүрээд ирсэн. Яг тухайн үед би тэр залуучуудтай ярилцаад зогсож байхад манай ах тэр машиныг шалгаж байгаад манай дүү Дг тэр машины багаж дотоос шал согтуу тасарсан байдалтай байхад нь гаргаж авсан. Тэгээд гаргаж аваад манай ах Дг нэг өшиглөсөн. Тэгсэн чинь миний хажууд зогсож байсан өндөр залуу манай найзыг зодлоо гээд тийшээ гүйгээд явсан. Араас нь утсаар ярьж байсан залуу бид хоёр яваад очиход манай ах тэр өндөр залуу хоёр заамдалцсан байдалтай байсан. Тэгээд би “...манай дүү энэ байна. Яагаад насанд хүрээгүй хүүхдэд архи өгдөг юм...” гэж хэлсэн. Тэгээд би тойроод машин руу шагайтал нэг залуу тасарсан байхаар нь тэрийг татаад машинаас гаргасан. Тэгээд цамц дүүгийнхээ цамц энэ тэрийг тэр машинаас хайгаад байхгүй болохоор нь гарч ирээд нөгөө дөрвийг нэг нэг алгадаад, нэг нэг өшиглөсөн. Тэгээд би дүүгээ аваад тэр приусын түлхүүрийг аваад түрүүлээд машин руугаа явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 161-162 дахь тал),

          2.11. Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Иргэн Б.Бын иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76-80 дахь тал),

2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал),

3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 70-75 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.13. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

1. Иргэн Т.Гаас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

3. Иргэн Т.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 18-23 дахь тал), 

 

          4. Хохирогч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед нөгөө Д гэх хүүхэд машины багаажны хэсэгт унтаж байсан бөгөөд нөгөө багааж онгойлгосон цоохор эрээн алаг цамцтай залуу миний зүүн нүд рүү нэг удаа цохиж авсан. Тэр үед доошоо тонгойгоод нүдээ бариад суутал дахиж миний хамар луу нэг удаа өшиглөж авсан. Тэгж байтал намайг манай нэг нь босгож авахад намайг анх цохисон цоохор хувцастай залуу манай жолооч Атой зууралдаж байхаар нь би гүйж очоод цоохор хувцастай залуугийн толгой руу нь нэг удаа цохиж авахад тэр намайг эргүүлээд нөгөө анх цохисон зүүн нүд рүү дахиж нэг удаа цохиж авахад би доошоо хараад суучихсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 54 дахь тал),

 

5. Гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхлээр нь цоохор хувцастай ах миний машинд хүрч ирээд хойд багажийг онгойлгоод найз Гийг шууд учир зүггүй нүд рүү нэг удаа гараараа цохиж аваад дараа нь дахиж нэг удаа өшиглөж авсан.....гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

6. Гэрч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би машинаас гарахад манай найз Г зодуулчихсан байдалтай, нүднээс цус гарчихлаа гээд уйлаад байсан. Харин А машин урд хэсэгт цоохор хувцастай ахтай зууралдаж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

7. Гэрч Т.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө л 05 цагийн үед машины хойно унтаж байтал Г сэрээгээд зодуулчихлаа гэж үед л зодоон болж өнгөрснийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

8. Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд дүүгийнхээ цамц энэ тэрийг тэр машинаас хайгаад байхгүй болохоор нь гарч ирээд нөгөө дөрвийг нэг нэг алгадаад, нэг нэг өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 161-162 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь  2022 оны 05 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баян-Өлгий Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Толбо нуур” амралтын газрын автомашины зогсоол дээр “дүүгээ авч явлаа” гэх шалтгаанаар хохирогч Т.Гийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон, шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. 

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Т.Гийн биед нь үүссэн зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 39-42 дахь тал),  

4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь “дүү Дүрээг дагуулж явсан” гэх шалтгаанаар хохирогч Т.Гийг зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон тул түүнийг хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.4. Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Иймд шүүгдэгч Б.Быг хохирогч Т.Гийг зодож,түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Хохирогч Т.Гийн найз нарын хамт насанд хүрээгүй Ж.Дг дагуулаад авч явж, улмаар амралтын газарт очиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн хор уршгийг гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч Т.Гт эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй учраас  хохирогчийг хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Б.Быг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч Б.Б урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, 500,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгүүлж байсан нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа байна. (хавтаст хэргийн 70-75 дахь тал),  

2.3.  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг гаргав.

2.5. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож түүнд оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

2.6. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

2.7. Шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх хувийн байдлыг харгалзан, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тэлээний төмөр толгой 1 ширхэг, тэлээний тасархай 1 ширхгийг тус тус устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүургийн овгийн Бы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баярсайханы Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Бт сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. 2213001480246 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн тэлээний төмөр толгой 1 ширхэг, тэлээний тасархай 1 ширхгийг тус тус устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б