Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2019/00053/И |
Дугаар | 177 |
Огноо | 2019-05-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 177
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С овогт Х-гийн Ө-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л овогт Н-ийн Н-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.533.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжл элийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.533.500 төгрөг, алданги 1.766.750 төгрөг, нийт 5.300.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие Н.Н-ын хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Солонгос Улсаас ирсэн эмэгтэй 310 ширхэг хувцсыг 2500 төгрөгөөр, хүүхдийн 40 ширхэг хувцсыг 1500 төгрөгөөр тооцон бүгд 350 ширхэг хувцас, нийт 835.000 төгрөгийн хувцсыг №18/7 зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 14 хоногийн хугацаатай өгсөн. Мөн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 500 ширхэг 1.220.000 төгрөгийн хувцас нэмж өгсөн. Мөн 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 840 ширхэг бэлэн хувцсыг 2500 төгрөгөөр тооцон нийт 2.100.000 төгрөгийн хувцас нэмж өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 10-23-ны өдөр хүртэл 1680 ширхэг хувцас, нийт 4.155.000 төгрөгийн мөнгөн дүн бүхий хувцас зээлээр өгсөн бөгөөд үүнээс 171.500 төгрөгийн хувцсыг хариуцагч Н.Н буцаалт хийсэн. Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг Хаан банкны дансаар тус тус шилжүүлсэн ба хувцасны тооцоо гэж нийт 450.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Зээлээр 4.155.000 төгрөгийн хувцас авснаас Хаан банкаар дамжуулан 450.000 төгрөг өгсөн мөн буцаалт хийсэн хувцасны мөнгө 171.500 төгрөг болсон. Одоо 4.155.000-450.000-171.500=3.533.500 төгрөгийн үлдэгдэл тооцоог Н.Н нь өгөөгүй. Тиймээс өгсөн хувцас эсвэл төлбөр тооцоогоо авъя гэж Н.Н-д удаа дараа хэлсэн боловч залгахаар утсаа авдаггүй эсвэл өөр хүн аваад байхгүй гэж хэлдэг. Энэ байдал нь олон удаа давтагдаж байгаа бөгөөд түүнийг залилан хийж байна гэж бодоход хүргэж байна. Иймд Н.Наас 1680 ширхэг хувцасны үнэ 3.533.500 төгрөг, алданги 1.766.750 төгрөг, нийт 5.300.250 төгрөг гаргуулж өгнө үү. Н.Н нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах 18/7 дугаартай гэрээний үүргээ бүхэлд нь биелүүлээгүй нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн, Иргэний хуулийн 232.4 дэх заалтын дагуу алданги тооцсон болно” гэжээ.
Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Х.Ө-ы нэхэмжлэлийн шаардлага болох 3.533.500 төгрөг болон түүнээс авсан хувцаснуудыг буцааж өгөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Н.Н-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.300.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18/7 тоот зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Н.Н-д 350 ширхэг хувцсыг 835.000 төгрөгөөр худалдсан байх ба дараа нь 1340 ширхэг хувцсыг 3.320.000 төгрөгөөр, нийт 1680 ширхэг хувцсыг 4.155.000 төгрөгөөр худалдсан болох нь тус гэрээ болон гэрээний хавсралтаар тогтоогджээ.
Улмаар хариуцагч нь 73 ширхэг 171.500 төгрөгийн хувцсыг буцаан өгч, нийт 450.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, одоо 3.533.500 төгрөгийн үлдэгдэл байгаа ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон үнийг хэсэгчлэн буюу төлөх хугацааг тохирсон, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1-д заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч хувцсаа худалдан авагчид шилжүүлсэн тул худалдан авагч нь хувцасны үнэ 3.533.500 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Зохигчид гэрээний 4.1-д “Худалдан авагч нь барааг хүлээн авч, төлбөрийг гэрээ хийгдсэн өдрөөс хойш эхний 7 хоногт 50 хувийг, дараагийн 7 хоногт үлдсэн 50 хувийг хийнэ”, 4.2-т “Төлбөрийг гэрэээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд нийт үлдэгдэл төлбөрийн 3 хувиар алданги тооцно” гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх тул талуудын тохиролцсон алдангийг хуульд нийцүүлэн 0,5 хувь гэж багасгах нь зүйтэй.
Хариуцагчаас гаргуулах үндсэн төлбөр 3.533.500 төгрөг, гэрээгээр хүлээсэн алдангийг үүрэг гүйцэтгээгүй хоногоор тооцоход үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож алдангид 1.766.750 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Наас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.533.500 төгрөг, алданги 1.766.750 төгрөг, нийт 5.300.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Өд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Ө-ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас 79.560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ө-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д, хариуцагч Н.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Н-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.533.500 /гурван сая таван зуун гучин гурван мянга таван зуу/ төгрөг, алданги 1.766.750 /нэг сая долоон зуун жаран зургаан мянга долоон зуун тавь/ төгрөг, нийт 5.300.250 /таван сая гурван зуун мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ө-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.560 /далан есөн мянга таван зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас 79.560 /далан есөн мянга таван зуун жар/төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ө-д олгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ