Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

      2023        01          12                                    2023/ШЦТ/49

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч А.Ариунаа,

шинжээч эмч О.Болороо /онлайнаар/,

хохирогч Г.Г , түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.А ,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Б.Э д холбогдох эрүүгийн 2203004750481 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овгийн Б.Э , 1962 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн техникч мэргэжилтэй, “А...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод оршин суух, регистрийн дугаар .......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 08 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Номин” супермаркетийн баруун замд “Hyundai Sonata 6” маркийн .... УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.2- т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Г ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 21 цаг 14 минутад ажлаас буугаад явж байсан. Би том оврын нийтийн тээврийн автобус барьдаг бөгөөд манай ажлын граж Зунжин худалдааны төвийн хойд талд байдаг учир автобусаа байрлуулчхаад өөрийн машинаа унаад Зунжингийн зам дээр явж байхад хажуугаар 2 машин зөрөх үед гэнэт тэдгээрийн машины цаанаас нэг хүүхэд гүйгээд орж ирсэн. Тухайн газраар байнгын зорчдог учир хурдтай яваагүй. Миний утасны цэнэг дууссан учир охиныг унангуут түшиж аван тухайн газраар явж байсан машиныг зогсоож байж түргэн, цагдаа дуудуулсан. Түүнээс өөр хүн байгаагүй. Тухайн осол болсон гэх явган хүний гарц бол их эвгүй, өдөр хүн ихтэй байдаг учир би хурдтай явахгүй, тэр охин явган хүний гарцаар гарч байсан гэснийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн гэрч Билгүүн гэж хүн хаанаас гараад ирснийг мэдэхгүй байна. Осол гарах үед хүн байгаагүй. Миний хувьд хохирогчийг эмнэлэгт болон гэртээ байх үед очиход ар гэрийнхэн нь уурлаад уулзуулаагүй, гэхдээ эмчилгээнд нийт 1.763.500 төгрөг төлсөн. Эрүүл болоход зарцуулах мөнгийг боломжоороо төлнө. Ажлаа хийж байвал өр төлбөрийг барагдуулж чадна...” гэв.

Хохирогч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 8 дугаар сарын 7-ны орой ажлаа тараад автобусанд суух гээд зам хөндлөн гарч байсан. Зам хөндлөн гарч байхад гэнэт машин ирээд мөргөсөн. Тухайн цаг үед харанхуй босон байсан учир би зориуд болгоомжилж явган хүний гарцаар гарсан. Машинд мөргүүлснээс хойш болсон үйл явдлыг нарийн санахгүй байна. Миний хувьд маш их гомдолтой байна, эмч надад ийм хүнд осолд орсон, жирэмсэн учир хүүхдэд эрсдэлтэй гэж хэлсэн, тийм учраас би хүүхдээ аборт хийлгэж авхуулсан. Би энэ осолд ороогүй бол хүүхдээ гаргах байсан. Нийт 47.389.131 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шинжээч эмч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн хүсэлтээр эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсэн гэдгийг дүгнэлтийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт байгаа. Хүсэлгүй байгаа талаар эмч хүсэлтэд бичсэн байсныг үндэслэж гаргасан. Ямар ч нөхцөлд хэн ч байсан ургаа авхуулахад ургаа авхуулъя гэсэн хүсэлт бичих зэрэг журам байдаг уу. Журам стандартад юу гэсэн байдаг гэдгийг нарийн хэлж мэдэхгүй. Өвчний түүхэнд бичигдсэн зүйлийг тайлбарлаж хэлсэн. Хүсэлт байгаа эсэхийг үзлэг хийсэн хүнээс асуусан нь зөв. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх дээр юу гэж бичигдсэн түүнийг бичсэн. Татгалзсан гэж бичсэн байсан. Г.Г т учирсан гэмтэлд эмчилгээ хийхэд ураг хэвийн бойжих боломжтой байсан эсэхийг мэдэхгүй. Аарцаг ясны хугарал болон дээд доод мөчний хугаралт мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан. Мэс засалд орох шаардлагагүй байсан, эсхүл тээхийг хүссэн бол заавал авах шаардлагатай байсан эсэхийг эмчлэгч эмч зөвлөх байсан байх. Хохирогч байгалийн жамаар хүүхэд төрүүлэх эсэх нь эдгэрэлтийн явцыг буюу яаж эдгэрснээс хамаарна. Жирэмслэх боломжтой. Төрөлтийг өөрөө төрөх эсэхийг шийдэхэд эдгэрэлтийн процесс яаж явагдсан чухал. Яс нь эдгэсэн байгаа тохиолдолд төрөх боломжтой. Жирэмсэн байсан нь өөрийн хүсэлтээр эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлсэн учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн үед урагт нөлөөлөөгүй. Хохирогчид учирсан гэмтэл нь зам тээврийн үед учирсан байх боломжтой...” гэв.

Иргэний хариуцагч С.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...“Hyundai Sonata 6” маркийн ..... УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин мөн. Би энэ тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг нөхөр Б.Э д өгсөн. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эрүүл мэндийн байдал муу, намайг нөхрөөс өөр асрах хүн байхгүй тул хохирол төлбөр төлөлтийн талаар нарийн хэлж мэдэхгүй байна...”

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар Б.Э  нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.2- т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Г ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримт нь:

- 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,  

- 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,

- хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ингээд Номин худалдааны төвийн харалдаа явган хүний зохицуулагддаггүй гарцаар зүүнээс баруун тийш зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Ингээд урдаас хойш явах машины зорчих хэсгийг гараад цааш алхсан, тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би гарцаар зам гарахдаа автомашин байгаа эсэхийг харахад ойрхон автомашин харагдаагүй...Би өөрийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ингээд Номин худалдааны төвийн харалдаа баруун зам явган хүний гарц руу ойртоод ирж байхад замын эсрэг талд юм мөргөх шиг чанга чимээ гарсан, тэгэхээр нь харахад эсрэг урсгалд нэг машины урд хамар дээр нь нэг хүн шидэгдээд унаж байсан, тэгэхээр нь би зогсоод очиход машинд мөргүүлсэн эмэгтэй хүн дуугарахгүй зорчих хэсэг дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10959 дугаартай “...Г.Г ийн биед ууц ясны баруун талын латерал масс баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, доод мөчдийн хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зовхи, шанаа, зүүн мөр, шуу, баруун тохой зулгаралт, зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- хохирогч Г.Г ийн “Гэмтэл согог, судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 119-139 дэх тал/,

- гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Г ийг үзээд би өвчтөнд хэлэхэд өөрөө жирэмсэн гэдгээ мэдэхгүй байсан, тэгээд би өвчтөн Г.Г т хэлсэн олон шинжилгээ хийнэ тийм болохоор урагт гаж нөгөө үүсгэж болзошгүй гэж хэлэхэд өвчтөн Г.Г  нь би энэ хүүхдийг гаргахгүй үр хөндөлт хийлгэнэ, шинжилгээндээ орно гэж хэлсэн. Хүүхэд авхуулах тал дээр бол эмчлүүлэгч Г.Г  нь өөрөө хүүхдээ авхуулна гаргахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161 дэх тал/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны дөрийн 1020 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

- “Hyundai Sonata 6” маркийн 57-79 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/,

- “Кости Эстимэйт” ХХК-ний “Hyundai Sonata 6” маркийн 57-79 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 395.000 төгрөгөөр тогтоосон 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 32306 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 66 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.А гийн “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн автомашин нь нөхөр бид хоёрын дундын эд хөрөнгө юм...Би нөхрийн хамт бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/,

- “Итгэлт Эстимэйт” ХХК-ний сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан гэм хорыг 34.307.518 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэм хорын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 142-152 дахь тал/,

- хохирогч Г.Г ээс нэхэмжилсэн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 170-224 хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г ийн өмгөөлөгч Н.Санчиндорж нь “...Хохирогчид учирсан сэтгэл санааны дүгнэлтийг тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний газар болох “Итгэлт Эстимэйт” 34.307.518 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал, энэ хэргийг шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сэтгэл санааны хохирлыг тогтоолгох саналтай байна...” гэх санал гаргасан. Өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь сэтгэл санааны хохирлыг “Итгэлт Эстимэйт” үнэлгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гэм хорын үнэлгээний тайлан”-гаар үнэлсэн нь гэмт хэргийн улмаас хохирлыг нотлохоос гадна уг хохирлыг гэм буруутай этгээдээс гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн дээрх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж, шийдвэрлүүлэхээр зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын хяналтад зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.  

Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.  

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Г.Г  нь сэтгэл санааны хохирол 34.307.518 төгрөг, эм тарианы зардал 8.568.613 төгрөг, цалингийн зөрүү 3.840.000 төгрөг, 9, 10 дугаар сарын цалин 1.200.000 төгрөг нийт 47.916.131 төгрөг нэхэмжилжээ. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн баримтуудаас дүгнэхэд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.841.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримт хангалтгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Мөн 3.220.179 төгрөг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, энэ хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э  нь хохирогчид нийт 1.763.500 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 39.091.452 төгрөгийг гаргуулан хохирогчид оргуулж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч С.А  нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Э ийн №248... дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын хяналтад зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э өөс 39.091.452 /гучин есөн сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүрэг ... дугаар хороо ........ тоотод оршин суух Г.Г /РД: .../-т олгуулж, нэхэмжлэлээс 3.220.179 төгрөг нь хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

7. Шүүгдэгч Б.Э ийн №248... дугаар дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.   

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН