Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

               Нэхэмжлэгч:  Ч.т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: УАУДХС ТӨХК-д холбогдох,

       Тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг, нийт 18.769.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны  3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.т ХХК-ийн захирал С.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, гэрч Х.М, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.т ХХК нь хуучнаар "Дулааны II станц, ДШС" ОНӨААТҮГ-аас зарласан 2016-2017 оны халаалтын улирлын 1-р ээлжийн нүүрс тээвэрлэлтийн тендерт оролцож шалгаран нүүрс тээвэрлэлтийн А-003/2016 дугаартай гэрээг 315.900.000 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй нүүрс болох 13.000 тонн нүүрсийг Увс аймаг, Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт орших Хотгор шанагын уурхайгаас нэг тонн км-ийн үнэ 135 төгрөг буюу 180 км-т /180км*135 төгрөг/ нэг тонныг 24.300 төгрөгөөр тооцож нийт 13.000 тонн нь 315.900.000 /НӨАТ-тэй дүн/ төгрөгийн нүүрсийг, эхний 5000 тонныг өөрийн санхүүжилтээр тээвэрлэх нөхцөлтэйгээр нүүрс тээвэрлэх гэрээг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Манай компани нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлсэн. Улмаар тээвэрлэлтийн ажлын үйл явц хэвийн явагдаж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 5700 тонныг тээвэрлэж гэрээгээ давуулан биелүүлж байтал 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тээврийг түр зогсоосон. Учир шалтгааныг тодруулахад УДХС ТӨХК нь Хотгор шанагын уурхайтай хийсэн гэрээ дууссан, сунгах шаардлагатай учраас зогсоолоо гэсэн хариу өгсөн. Тогтмол тээвэрлэлтийн жигдрэлтийг үгүй болгож УДХС ТӨХК нь нийт 17 хоног зогсоосны улмаас тогтвортой явагдаж байсан тээвэрлэлт байхгүй болсон. Учир нь тээвэр хийж байсан жолооч нар өөр газарт тээвэр хийхээр явцгааж манай компанийн ажлыг доголдуулж хугацаа алдагдуулсан. Ингээд 10 дугаар сарын 08-наас эхлэн тээвэрлэлтээ үргэлжлүүлж гүйцэтгэж байтал 10 дугаар сарын 09-нээс эхлэн цаг агаар муудаж цас орсон. Голдуу хүнд даацын машинууд тээвэрт явж байсан учир Улаан даваанд халтиргаа гулгаа бий болж машинууд явахад бэрхшээлтэй хэдий ч манай компани өөрийн нөөц бололцооны хэмжээгээр хатуу элс хайрга цацан явуулж нүүрс таталтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Тэр үед АЗЗА компани нь 11 дүгээр сарын 15-наас эхлэн даваанд гэрээ барьж ажиллаж эхэлсэн. 10 дугаар сарын 17-нд цаг агаар муудаж цас орон шуурч 15 см-ын хэмжээтэй цасан бүрхүүл үүсч Улаан даваа, Улаан зуух, Өөгийн хөтөл зэрэг газруудад цас орж зам хаагдаж хүнд даацын машин явах боломжгүй болсон. Энэ үед Хотгор шанагын уурхайгаас 10 шалаанз машин нүүрсээ ачаад Үүрэг нуур жуулчны бааз дээр ирээд зам харж хоёр хоног цаг агаарын байдлыг ажиглан хүлээсэн. Гэвч зам гарах ямар ч боломжгүй байсан. Тэр үеийн зургийг хэвлэж хавсаргав. Иймд буцаад Ховд сумаар тойрч явах шийдвэр гаргаж 350 км буцаад тойрч явсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн машинуудын шатахуун хүрэлцэхгүй болж Ховд сумын Ундарга Увс ХХК-ийн ШТС-ын салбараас манай компани нэмэлт шатахууны төлбөрийг 100% хариуцан төлж машинууддаа шатахуун нэмж хийн Улаангом суманд оруулж ирж байсан. Ингээд 180 км явж нүүрс татах тээвэр маань цаг агаарын давагдашгүй хүчинд автагдаж нэг талдаа 250 км замыг туулж 2 талдаа 500 км явж нүүрсээ тээвэрлэж эхэлсэн. Хол замд машин шатахуун их идэж, машинуудад эвдрэл гэмтэл гарч тээвэрт явах машин цөөрч хүндрэл үүсч байсан. Нүүрсний тээврийг таслахгүйн тулд манай компани жолооч нарын тээврийн хөлсөө тендерийн гэрээний үнэ болох нэг тонныг 24000 төгрөгөөр тооцож хөлс олгож байсан. Энэхүү шалтгааны улмаас Ч.т ХХК алдагдалд орсон. Энэхүү нөхцөл байдлын талаар УДХС ТӨХК-ийн дарга Ю.Сайнжаргалд амаар хүсэлт тавьж хэлэхэд 2016 оны 12 дугаар сараас эхлэн олгож байгаа тээврийн хөлсийг нэмэлтээр тооцож олгож өгнө. Та бүхэн өвлийн хүйтэнд нүүрсээр тасалж болохгүй, тээвэрлэлтээ хийж байгаарай гэж хэлсэн тул манай компани нүүрс тээвэрлэлтийн ажлаа зогсоолгүй хэвийн тасралтгүй явуулж УДХС дулааны шугам сүлжээний нүүрсний нөөцийг бүрдүүлэн ажилласаар 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 13637.14 тонн нүүрс тээвэрлэж гэрээгээ хариуцлагатайгаар биелүүлсэн. Нийт тээвэрлэж татсан 13637.14 тонн нүүрсний мөнгөн дүн нь 331.382.502 төгрөг болсон болно. Компани нь машинуудаа зогсоохгүйн тулд машинуудад эвдрэл гэмтэл гарсан тэр газарт нь сэлбэг хүргэх, дугуй буудсан бол дугуй хүргэж өгөх зэрэг нэмэлтээр маш их зардлууд гарч түүнийг өөрийн санхүүжилтээр бүгдийн хийж гүйцэтгэж байсан. Гэвч компанид хэлсэн ёсоор тээврийн хөлсөө нэмж олгоогүй. Анх 2016 оны намар хийж байсан гэрээний дүнгээр тээврийн хөлсөө бодож шилжүүлсэн. Тооцоо нийлсэн акт хавсаргав. Ундрага Увс ХХК-тай шатахуун гэрээгээр авч байсан хэдий ч хүйтний улирал эхлэхээр 15 хоног тутам шатахууны үнэ өссөөр 1770 төгрөгийн үнээр шатахуунаа бодож тооцоо нийлж байсан. Тооцоог бодож хавсаргав. 13637.14 тонн нүүрсний нүүрс тээвэрлэсний тээврийн хөлсийг тонн км-ын гэрээнд заагдсаны дагуу 24.300 төгрөгөөр тооцон нийт мөнгөн дүн болох 331.382.502 төгрөгийг манай компаний дансанд 2017 оны 4 дүгээр сарын 25-нд шилжүүлж дуусгавар болгосон. Компанийн дансны хуулга хавсаргав. 2016 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрийн хоорондох өдрүүдийн Цаг агаарын байдлыг Увс аймаг Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс тодорхойлолт авч хавсаргав. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүдэлтэйгээр манай компани тээвэр хийсэн жолооч нарын тээврийн хөлсийг олгож чадахгүйд хүрсэн. Тээвэр хийсэн жолооч нарт өгөх тээврийн хөлсийг бодож хавсралтаар оруулав. Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь "Нүүрс тээвэрлэлт" А-003/2016 тоот гэрээнд заагдсан төлбөр төлөх хуваарийн дагуу Ч.т ХХК-ийн данс руу төлбөрөө дутуу шилжүүлж байсан. Жишээ нь: 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх төлбөр хугацаандаа орж ирээгүй 40.000.000 төгрөгнөөс 35.0000.000 төгрөг орж ирж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөр хугацаандаа орж ирээгүй 40.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөг орж ирж байсан. Бид банкнаас зээл авч шатахууны үнэ хийж байсан. Иймээс энэ хугацаанд банкны зээл, зээлийн хүү төлөгдөөгүй улмаас зээл, зээлийн хүүний торгуульд орж байсан. Үүний алданги тооцож нэхэмжилсэн болно. Байгаль цаг уурын хүндэрсэн нөхцлөөс үүдсэн Ч.т ХХК-ийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл тээвэрлэсэн 5744.6 тонн нүүрсний жолооч нарын тээврийн хөлсийг нэг тонныг 27.000 төгрөгөөр тооцож нийт 17.239.920 төгрөг /НӨАТ-тэй дүн/, тээврийн хөлс 17.239.920 төгрөгийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйн улмаас 1 жилийн 3 хувиар алданги тооцож нийт 2 жилийн алданги 1.034.952 төгрөг, гэрээнд заасны дагуу УДХС  ТӨХК нь Ч.т ХХК-д төлбөрөө төлөх хуваарийн дагуу компаний дансанд шилжүүлээгүй дүн болох 15.000.000 төгрөгийг 3 хувиар тооцож алданги 495.000 төгрөг, нийт 18.769.872 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

             Хариуцагч Ю.С шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2016 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах Хотгор шанага ХХК-ийн уурхайгаас Улаангом сумын 3-р багт байрлах УДХС хүртэл нүүрс тээвэрлэлтийн тендэр зарласан бөгөөд шалгарсан компани буюу Ч.т ХХК-тай 2016 онд А-003/2016 тоот нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн билээ. Тухайн гэрээний хүчин төгөлдөр хугацаанд гэрээний хоёр тал харилцан тохиролцож дулааны станцыг тасралтгүй ажиллуулж ард иргэдийг дулаанаар хангах бүхий л боломжийг эрэлхийлж хамтран ажиллаж байсан билээ. Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах Хотгор шанага ХХК-ийн уурхайгаас нүүрс тээвэрлэж байх хугацаанд байгалийн хүндрэлтэй үзэгдэл буюу цас их орсны улмаас хальтиргаа гулгаа их болсны улмаас тойруу замыг сонгон аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан. Гэвч Ч.т ХХК-ийн тойруу зам буюу хоёр талын 500 км зам туулсан бензиний төлбөр, байгалийн давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас үүдэн гарсан гэрээний гүйцэтгэлийн зөрүү тээврийн хөлс болох 17.239.920 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв тухайн асуудал гарсны дараа тулгамдсан асуудлын талаар харилцан тохиролцож гэрээнд нэмэлт заалт оруулсан бол манай байгууллага энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан боловч энэхүү боломжийг үл ашигласан. Манай компани нь Ч.т ХХК-тай байгуулсан А-003/2016 тоот нүүрс тээвэрлэх гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлж дууссан ба одоогоор Ч.т ХХК-д тухайн гэрээний дагуу ямар нэгэн өр төлбөргүй болно. А-003/2016 тоот нүүрс тээвэрлэх гэрээгээр 1 тонн.км-ийг 135 төгрөгөөр тооцсон. Гэтэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 1 тонн.км-ийг 150 төгрөгөөр буюу 1 тонныг 27.000 төгрөгөөр тооцож байгааг зөвшөөрөхгүй байна. Гэрээнд тээврийн хөлсний талаар  өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Захирал Ю.С-тай тээврийн хөлсний талаар ярилцаад амаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй, үнэхээр тухайн үед тохиролцсон бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсан. Иймд гэрээнд бусад гарч болзошгүй зардал, төлбөрийн талаар тусгагдаагүй тул Ч.т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Гэрч Х.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Миний бие нь 2016 оноос 2017 онд шилжих өвөл нүүрсний тээвэрт явж байсан. Тэр үед С.А-ийн компаний нүүрсний тээвэрт явж байсан. Тухайн үед цаг агаарын байдал муу байсан тул ачаагүй дан машин нь Улаан даваагаар явж байсан. Ачаатай машин Улаан даваагаар явах ямар ч боломжгүй байсан тул Өмнөговь сумаар тойрч явж байсан. С.А-ийн компанид 1 тонн.км-ийг нь 24000 төгрөгөөр тооцож тээвэр хийж байсан. 2017 оны сүүлээр бусад компаниуд 27500 төгрөгөөр тооцож тээвэр хийлгэж байсан” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.т ХХК нь хариуцагч Увс аймгийн УДХС ТӨХК-д холбогдуулан тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг, нийт 18.769.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

         Хариуцагч нь “Тухайн тойруу зам буюу хоёр талын 500 км зам туулсан бензиний төлбөр, байгалийн давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас үүдэн гарсан гэрээний гүйцэтгэлийн зөрүү тээврийн хөлс болох 17.239.920 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв тухайн асуудал гарсны дараа тухайн тулгамдсан асуудлын талаар харилцан тохиролцож гэрээнд нэмэлт заалт оруулсан бол манай байгууллага нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан боловч энэхүү боломжийг үл ашигласан. Манай компани нь Ч.т ХХК-тай байгуулсан А-003/2016 тоот нүүрс тээвэрлэх гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлж дууссан ба одоогоор Ч.т ХХК-д тухайн гэрээний дагуу ямар нэгэн өр төлбөргүй болно” гэж маргаж байна.

      УАУДХС ТӨХК болон Ч.т ХХК-ийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-003/2016 дугаартай “Нүүрс тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт орших Хотгор шанагын нүүрсний уурхайгаас 13.000 тонн нүүрсийг 315.900.000 төгрөгөөр тээвэрлэж Улаангом сумын 5-р баг, УДХС-ын хашаанд буулгахаар, захиалагч нь хөлсийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэсэгчлэн төлөхөөр хугацаа болон төлбөрийн дүнг тохиролцсон байна.              

        Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

           Ажил гүйцэтгэгч Ч.т ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч хөлсөө гэрээгээр тохирсон хугацаандаа төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Ч.т ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.

            Гэвч нэхэмжлэгч Ч.т ХХК нь “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай компани тээвэр хийсэн жолооч нарын тээврийн хөлсийг олгож чадахгүйд хүрсэн. Энэхүү байгаль цаг уурын хүндэрсэн нөхцлийн улмаас Ч.т ХХК-ийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл тээвэрлэсэн 5744.6 тонн нүүрсний жолооч нарын тээврийн хөлсийг нэг тонныг 27.000 төгрөгөөр тооцож, нийт 17.239.920 төгрөгийг нэхэмжилж байна” хэмээн маргаж, цаг агаар байгалийн гамшигт байдал болсныг  нотлохоор гэрэл зургийн үзүүлэлт болон Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.

           Нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрэл зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна уг гэрэл зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхойгүй, 2016 онд авахуулсан болох нь тогтоогдохгүй байх тул гэрэл зургийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

              Мөн Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын “2016 оны 10 дугаар сарын 09-нд Түргэн сумын нутаг дэвсгэр болох Улаан даваа, Улаан зуух гэх газруудад 4,5 мм тунадас орж, цасны зузаан 2 см, 17-18-нд 0,5-6,4 мм тунадас орж, цасны зузаан 16 см болсныг тодорхойлов” гэх агуулгатай тодорхойлолт нь он, сар, өдөр, дугааргүй байгаагаас гадна талууд хоорондоо гэрээний үүрэг биелүүлэх, биелүүлж байх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд МҮХАҮТ-д хандан, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсний эцэст байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолсон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгодог. Энэхүү үйл ажиллагаа хийгдээгүй байх тул ажил гүйцэтгэгч Ч.т ХХК-ийг ажлаа гүйцэтгэх явцад байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэх боломжгүй юм.

          Хэрэв нэхэмжлэгч байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолсон тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцлийн 20.1-д “Гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас гэрээг гүйцэтгэх боломжгүй болсон бол төслийн менежер үүнийг гэрчилнэ. Гүйцэтгэгч нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсны дараа ажлын талбайн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажлыг аль болох богино хугацаанд зогсооно. Захиалагч уг мэдэгдэл гарахаас өмнө хийгдсэн ажил болон түүний дараа захилагаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлнө” гэх заалтаар талуудын маргааныг зохицуулахаар байна.

         Ийнхүү нэхэмжлэгч байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотолж чадаагүй тул “Нүүрс тээвэрлэлтийн А003/2016 дугаартай гэрээний 20.1-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас гарсан гэрээний гүйцэтгэлийн зөрүү тээврийн хөлс 17.239.920 төгрөг, алданги 1.034.952 төгрөг, нийт 18.274.872 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгчийн “Гэрээнд заасны дагуу УДХС ТӨХК нь Ч.т ХХК-д төлбөрөө төлөх хуваарийн дагуу компаний дансанд шилжүүлээгүй дүн болох 15.000.000 төгрөгийг 3 хувиар тооцож алданги 495.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагын тухайд талууд гэрээний 3-д төлбөр төлөх хугацааг тохирсон байх бөгөөд эхний төлбөрийг 2016.10.20-ны өдрөөс 2016.11.01-ний өдрийн хооронд 40.000.000 төгрөг, 2016.11.20-ны өдрөөс 2016.12.01-ний өдрийн хооронд 40.000.000 төгрөг, ... гэж тус тус тохиролцжээ.

        Ч.т ХХК-ийн Хас банкин дахь 5000948390 дугаар дансны хуулгаас үзвэл УДХС ТӨХК-аас тус компанийн дансанд тээврийн хөлсөнд 2016.09.07-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016.10.18-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016.10.28-ны өдөр 15.000.000 төгрөг, 2016.11.04-ний өдөр 5.000.000 төгрөг, 2016.11.29-ний өдөр 10.000.000 төгрөг, 2016.12.01-ний өдөр 30.000.000 төгрөгийг тус тус шилжүүлснээс үзвэл захиалагч УДХС ТӨХК нь тээврийн хөлсийг гэрээнд заасан хугацаандаа төлсөн байх тул “2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөх төлбөр хугацаандаа орж ирээгүй 40.000.000 төгрөгнөөс 35.0000.000 төгрөг дансанд орсон. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлөх төлбөр хугацаандаа орж ирээгүй 40.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөг дансанд орсон. Иймд 15.000.000 төгрөгийг 3 хувиар тооцож алданги 495.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Гэрч Х.М-ын шүүхэд өгсөн мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

          Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч УАУДХС ТӨХК-д  холбогдох, нэхэмжлэгч Ч.т ХХК-ийн тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг, нийт 18.769.872 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

             Нэхэмжлэгч Ч.т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАУДХС ТӨХК-д холбогдох, нэхэмжлэгч Ч.т ХХК-ийн тээврийн хөлсний зөрүү 17.239.920 төгрөг, алданги 1.529.952 төгрөг, нийт 18.769.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.799 /хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ