| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0486/з |
| Дугаар | 221/МА2024/0790 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0790
Н.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээд Ж.А өмгөөлөгч Г.Н
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар
Хариуцагч: Барилгын хөгжлийн төв
Гуравдагч этгээд: Ж.А
Гуравдагч этгээд: Ж.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Ж.А-т олгосон 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2018/07-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 138/2019 /0003997, 0003996/ болон 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ298/2019 /00044750/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 865/2019 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШК-781806 дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0696 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А
Гуравдагч этгээд Ж.Т
Гуравдагч этгээд Ж.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я
Гуравдагч этгээд Ж.Аийн өмгөөлөгч Г.Н, Г.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2019/0486/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О-ээс Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан “Ж.А-т олгосон 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2018/07-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 138/2019 /0003997, 0003996/ болон 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ298/2019 /00044750/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 865/2019 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШК-781806 дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0696 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд Ж.Аийн өмгөөлөгч Г.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Маргаж байгаа актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар субьектив эрх хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлд тодорхойлж бичээгүй байсан тул хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс үндэслэл бүхий байдлаар хариу тайлбар гаргах болон мэтгэлцэх боломжгүй байсан учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хүсэлтийг миний бие шүүхэд гаргасны дагуу шүүгчийн захирамж гарсан. Гэвч захирамж биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
3.2. Н.О-ийн маргаж байгаа захиргааны зарим акт хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 368 дугаар магадлалын 2.6-д “Тодруулбал, ... шүүхийн хийсэн үзлэг, хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл гуравдагч этгээд нь маргаж буй давхцалтай гэх 316 м.кв талбайд буюу захиргааны байгууллагаас олгосон талбайд хуульд заасан журмыг хангуулан Барилгын ажлын зөвшөөрлийн 3996 дугаар гэрчилгээ, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар зэргийг хийлгэн, барилгын ажлыг эхлүүлж, зардал гаргасан, эргэж засахад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзлээ” гэсэн байгаа.
Тэгэхээр Барилын ажлын зөвшөөрлийн 3996 дугаар гэрчилгээ, Архитектур төлөвлөлтийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний даалгаврыг хуульд заасан журмыг хангуулан хийлгэсэн байна гэсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт тул түүнийг ямар нэг байдлаар дахин нотлох нь хууль хэрэглээний алдаа болно. Нэгэнт өмнөх захиргааны актууд нь хуульд нийцсэн бол түүнд тулгуурлан гарсан захиргааны акт хуульд нийцнэ гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан.
Гэвч уг тайлбарыг хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчил болно. Түүнчлэн “барилгын ажил эхлүүлж, зардал гаргасан, эргэж засахад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх боломжтой” гэсэн шүүхийн хүчин төгөлдөр дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарч авч үзэхгүй байгаа нь буруу юм.
3.3. “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгосон 2420 м.кв газраас нийтийн эдэлбэр газарт хамаарах 316 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрээр Н.О-ийн эрх сэргэсэн юм бол энэ удаа ямар эрхээ хэрхэн сэргээлгэх гэж байгаа нь тодорхойгүй ба энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүхээс хийсэнгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны 368 дугаар магадлалын 2.4-т “Энэ тохиолдолд маргаан бүхий газар буюу гуравдагч этгээд Ж.А-т нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар 2420 м.кв газрыг олгохдоо нийтийн эдэлбэр бүхий бусад этгээдийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн талбайг олгосон буруу байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэснээс үзэхэд орц, гарцын асуудал хөндөгдсөн болохыг шүүх тогтоож, түүнийг сэргээсэн хэмээн үзэхээр байна. Гэвч барилгын газар шорооны ажил хийгдсэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн ба Н.О, Ж.Т нар нь орц, гарцын асуудлаар огт маргаагүй нь тухайн үедээ тэдний эрх хөндөгдөөгүй байсны нотолгоо ба зөвхөн барилгын ажлыг зогсоох сонирхолтой байсан хэмээн үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.О, гуравдагч этгээд Ж.Т нар нь эдүгээ газар өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлээд явж байгаа ба гуравдагч этгээд Ж.А-ээс хамаарч тэдний эрх зөрчигдсөн ямар ч зүйл байхгүй.
3.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 768 дугаар магадлалаар гуравдагч этгээд Ж.А-ийн эзэмшил 2420 м.кв газраас 316 м.кв газар хасагдсан нь түүнд олгосон зөвшөөрлийг болон бусад баримт бичгийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл хүчинтэй байгаа 2104 м.кв талбай дээрх захиргааны актыг хүчингүй болгож байгаа үндэслэлээ шүүх тайлбарласангүй. Захиргааны буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шууд л гуравдагч этгээдийг буруутган, холбогдох баримт бичгийг нь хүчингүй болгосноор эдийн засгийн хувьд улам хүндрэлтэй байдалд орж байна.
Маргаж байгаа захиргааны актын талаар нэхэмжлэгч 2019 онд мэдэж байсан нь хэрэг дотор байгаа шүүхийн шийдвэр, магадлалаас шууд харагдах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд Ж.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.А-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Н.О-ээс Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан “Ж.Ат олгосон 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2018/07-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 138/2019 /0003997, 0003996/ болон 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ298/2019 /00044750/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 865/2019 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.А-ийн орон сууцны барилгын ТШК-781806 дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Н.Оийн газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, гуравдагч этгээд Ж.Т-ын газар эзэмших эрхийг хөндөж, тэдний санал зөвшөөрлийг аваагүй байхад барилгын зургийг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй, … барилга барих гэж буй этгээд нь өөрийн хууль ёсны эзэмшил газрын хил хязгаарыг зөрчин, Н.О, Ж.Т нарын эзэмшил газрыг оролцуулан төлөвлөсөн нь бусдын эрхийг хөндсөн байхад түүнийг хянахгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь хууль бус, ... гуравдагч этгээд Ж.А-ийн эзэмшиж байсан газрын хэмжээ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хасагдсан байхад уг 316 кв.м газрыг оруулан баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхээс хүчингүй болгож байгаа тохиолдолд түүнд үндэслэн гарсан магадлалын ерөнхий дүгнэлт, ажлын зураг баталсан үйлдэл нь мөн хууль зүйн үндэслэлгүй” гэх зэргээр маргааны үйл баримтад холбогдуулан хэрэгт цуглуулсан нотлох баримтыг зөв үнэлж, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
5.1. Н.О нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26 дугаар гудамжны 339 тоот хаяг байршилтай, нэгж талбарын 18646311493647 дугаартай, 313 кв.м газар болон 83.8 кв.м талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүү Б.Анавадын хамт, мөн 339А тоот хаяг байршилтай, нэгж талбарын 18646311490628 дугаартай, 313 кв.м газар болон 216 кв.м талбай бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хүү Б.Т-ний хамт тус тус өмчилдөг.
Гуравдагч этгээд Ж.Тын хувьд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 349 тоот хаяг байршилтай 492 кв.м газрыг өмчилдөг байна.
5.2. Харин гуравдагч этгээд Ж.А нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар, тус дүүргийн 5 дугаар хороонд, нэгж талбарын 18646311483656 дугаартай 2420 кв.м газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшсэн.
Уг газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн гаргасан Ж.Аийн барилга барих хүсэлтийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2018/07-11 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, дараа нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажлын зургийг баталж олгожээ.
5.3. Ж.А, Н.О нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх “Н.Оээс өмчлөлийн газраа Ж.А-т шилжүүлэх, Ж.А нь захиалгаар бариулах орон сууцнаас түүний үнэд тооцон тодорхой тооны байр шилжүүлэх” агуулга бүхий хэлцэлд Н.О гэх бичгийн хэв түүний гарын үсгийн загвартай тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /тухайн үеийн нэршлээр/-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4689 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
5.4. Ж.Ат эзэмшүүлсэн нэгж талбарын 18646311483656 дугаартай 2420 кв.м газраас 316 кв.м талбай нь орц, гарц болох нийтийн эзэмшлийн газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Мөн Н.О, Ж.Т нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 651 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 768 дугаар магадлалаар хянан шийдвэрлэхдээ, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/928 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгээс 316 кв.м газрыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/928 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгээс 316 кв.м газрыг хүчингүй болохыг дурдсан боловч нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй, Ж.Ат олгосон 2420 кв.м газраас дээрх байдлаар 316 кв.м газар хасагдсан үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
6. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.16. “барилга байгууламжийн зураг төслийн магадлал” гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг; 4.1.43. “эх загвар зураг /эскиз/” гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1. барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна: 12.1.4. нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;” гэж,
Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө: 12.6.3. төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж тус тус заасан.
7. Хуулийн эдгээр зохицуулалтыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримттай харьцуулан үзэхэд, барилга угсралтын ажил явуулах үндэслэл нь захиргааны байгууллагаас олгосон газрын хэмжээтэй уялдаж, түүнд хамаарах норм стандартад нийцсэн нөхцөлд хууль болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэл болно.
Энэ тохиолдолд Хот байгуулалт, хотын стандартын газраас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2018/07-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ж.Ат олгох үндэслэл болсон буюу нийслэлийн Засаг даргын 2017 оны А/928 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2420 кв.м газраас нийтийн эзэмшлийн газартай давхцалтай 316 кв.м талбайг шүүхийн шийдвэрээр хасч, түүнд 2104 кв.м хэмжээтэй газар үлдсэн байхад анх олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүнийг үндэслэн олгох барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, магадлалын ерөнхий дүгнэлт, баталсан ажлын зургаар барилга угсралтын ажил гүйцэтгэх нь хууль зөрчих учир “… Ж.Аийн хүчинтэй байгаа 2104 кв.м талбай дээрх захиргааны актыг хүчингүй болгосон үндэслэлээ шүүх тайлбарлаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан гаргах шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь үндсэндээ тогтоогдсон байх ч шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах боломжийг хариуцагчид олгосон ба тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас /түдгэлзүүлсэн/ маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг тодорхойлсон, завсрын шинжтэй шийдэл байдаг.
9. Энэ хэсгийн 5.4-д заасан Н.О, Ж.Т нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн магадлалд “… хариуцагч захиргааны байгууллага /нийслэлийн Засаг дарга/-аас өөрийн шийдвэрээ эргэж харж засч залруулах боломжийг хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүй байх талаар буюу гуравдагч этгээд /Ж.А/-ийн газраас нийтийн эзэмшлийн болон нэхэмжлэгч нарт гарц гаргах боломжит талбайг судлан хасч, бодит байдалд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй” гэж дүгнэн, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/928 дугаар захирамжийн Ж.Ат холбогдох хэсгээс 316 кв.м газрыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, энэ хугацаанд захиргааны байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд нөхцөл байдлыг судалж, шинэ акт гаргаагүйн улмаас Ж.Аийн эзэмшил газрын хэмжээ 316 кв.м талбайгаар багассан эрх зүйн үр дагавар үүссэн байна.
Нөгөөтээгүүр, тус хэрэгт гагцхүү нийслэлийн Засаг даргын 2017 оны А/928 дугаар захирамж /Ж.Ат холбогдох хэсэг/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн тул “Н.Оийн маргаж буй зарим акт хууль болоод нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй” гэх гомдол бодит байдалтай нийцэхгүй.
10. Харин нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн болох нь хэрэгт цуглуулж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан “... Н.О, Ж.Т нарын орц, гарцын асуудал хөндөгдсөн болохыг шүүх тогтоож, түүнийг сэргээсэн, …. барилгын газар шорооны ажил хийгдсэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн нь орц, гарцын асуудлаар огт маргаагүй нь тухайн үедээ тэдний эрх хөндөгдөөгүй байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/2612 дугаартай шүүгчийн захирамжаар, нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосонтой холбогдуулан Н.Оээс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбар бичгээр гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, бусдын халдлагаас хамгаалах эрх зөрчигдсөн зэргээр тайлбарлаж маргаснаас үзэхэд “шүүхийн шаардлагаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй” гэж үзэхгүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдсонгүй.
12. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Аийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Аийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ