Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч А.Ариунтуяа,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Э.Энх-Од, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Хохирогч Б.Батжаргалын өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

Гэрч Э.Энхтөр, Г.Оюунханд,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтуяагийн Энх-Одод холбогдох эрүүгийн 201625021686 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Энхтуяагийн Энх-Од /Одко гэх/, Монгол Улсын иргэн, 1997 оны 12 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, ах 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-281 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ШУ97120811/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Энх-Од нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 26 дугаар гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Б.Батжаргалыг нуруун тус газраас нь өргөн газар шидэж  бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энх-Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06

дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ Хандгайтын 14 дүгээр хороонд байрлах сагсны шийдэн дээр ахтайгаа хамт тоглож байсан. Бид хоёр тоглож байгаад түр амраад суусан. Тэгэхэд далан дээрээс нилээн согтуу, хувцас нь шороо тоос болчихсон 2 хүн тэр хавьд байсан хүүхдүүдийг дээрэлхэж, тамхины мөнгө нэхэж, архинд явуулаад танхайрч эхэлсэн. Тэгээд нөгөө хоёр согтуу хүн ах бид хоёр дээр ирж Батжаргал нь манай ахаас чи 6 дугаар буудлын “Жасмин” гэдэг компьютер тоглоомын газар гар утас тавьсан уу гэж асуухад манай ах хүн андуураад байна. Би утсаа тавиад тоглож явдаггүй гэхэд Давхарбаяр нь цэнхэр тортой зүйлээр манай ахын дагз руу цохисон. Манай ах чи яаж байна аа гэхэд Батжаргал би чамайг одоо андуурлаа юу гээд манай ах руу дайраад байсан. Манай ах Батжаргалд чи хүн андуураад байна. Би тэр газар тоголдоггүй, утсаа ч тавихгүй гэж хэлсэн. Давхарбаатар нь манай ахыг учир шалтгаангүйгээр тортой зүйлээрээ дахиад цохисон. Манай ах босч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд Давхарбаатартай барьцалдаад авсан. Тэгэхэд Батжаргал нь манай ахыг цохих гэж завдахад нь би Батжаргалд “чи болиоч ээ” гэж хэлэхэд намайг нэг цохисон. Дахиад нэг цохих гэхэд нь би бултаад бүсэлхийнээс нь хойш нь татаад унагаасан юм. Би Батжаргалыг татаж унагаасандаа үнэхээр их харамсаж байна. Би санаатайгаар унагаая гэж бодоогүй. Батжаргал манай ахыг хэл амаар доромжлоод байхаар нь би татаж унагаасан юм. Би тэр даруй түргэн тусламж дуудахад Батжаргал босч ирээд би зүгээрээ гээд цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр рүүгээ явсан. 2-3 хоногийн дараа цагдаагийн газраас намайг дуудсан. Надаас байцаалт авахдаа мөрдөн байцаагч нь энэ хоёр хүн анхнаасаа ийм ирсэн гэдгийг хэлэх боломж олгоогүй, чамд тайлбар тавих эрх байхгүй гэж чичлээд загнаад байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би танхайраад яваад байдаг хүн биш, 1-12 дугаар ангидаа онц суралцаж төгссөн. Надад Төмөр замын дээд сургуулиас суралц урилга өгсөн боловч би энэ сургуульдаа суралгүйгээр ажил хийж хохирогчийн төлбөрийг нь төлсөн. Миний ээж тэтгэвэрт байдаг гэв.

Гэрч Г.Оюунханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 06-ны орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай хүүхэд гэртээ ирчихсэн байсан. Би орон нутгаас ирсэн хүмүүстээ хоол хийж өгөхөд хүүхэд маань орондоо ороод унтсан байсан. Тэгээд шөнө миний хөнжлөөс татаад толгой өвдөөд байна гэхээр нь би толгойны эм өгөөд унтуулсан. Өглөө нь би ажилдаа явахад миний хүүхэд зүгээр байсан. Тэгээд 12 цагийн үед над руу залгаад та яаралтай ирэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Манай хүүхэд өмнө нь гэмтэл авч байгаагүй, драмын тайзад тайзны засал хийдэг байсан. Намайг гэртээ орой ирэхэд яагаад гэмтэл авсан тухайгаа хэлээгүй. Өглөө нь ч энэ тухайгаа хэлээгүй. Хохиролд 3.050.000 төгрөг авсан, гомдолгүй гэв.

Гэрч Э.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг Давхарбаатар араас тортой зүйлээр 2 удаа цохисон. Та хохирогчийг уначихсан байхыг хараагүй. Шүүгдэгч хохирогчийг яаж унагааж байхыг нь харж амжаагүй. Түргэн тусламж, цагдаа дуудсан. Давхарбаатар би анагаахын сургуульд сурдаг гээд хохирогчийн толгойноос нь өргөх гэж байгаад 2 удаа цемент дээр унагаасан гэв. 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.Батжаргалыг Гэмтэл согог үндэсний төвд гадуур

үзлэгээр очиж үзсэн. Очиж үзэхэд ухаан бүдэг, зовиураа бүрэн хэлэх чадваргүй, буруу зөрүү ярьсан байдалтай байсан. Хэсэг газрын үзлэг дээр баруун чамархайнд мэс засал хийгдсэн, зүүн мөрөндөө зулгаралттай байсан. Гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүх мөн өөрийн үзлэгтээ үндэслэж дүгнэлт гаргасан. Тархины гэмтлүүд нь хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл мохоo зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хохирогчид учирсан гэмтэл шугаман хугарал байгаа учир босоогоороо унах үед энэ гэмтэл үүсэх боломжтой. Харин толгойгоороо унахад энэ гэмтэл учрахгүй. Хохирогч нүүрэн тус газраа 2-3 удаа цохиулахад уг гэмтэл үүсэхгүй. Хохирогч нь цагдаа, эмч нарыг ирэхэд би зүгээрээ гээд босоод явсан гэж байна. Тодорхой хугацаанд саруул үе байж болно. Мөн зовиур илрэхгүй, ухаан алдахгүйгээр яваад байх боломжтой. Тухайн хүнийхээ биеийн байдал, өвчин намдаах эм болон согтууруулах ундаа хэрэглэсэн байдал зэргээсээ хамаараад өвдөлтөө мэдрэхгүй өнгөрч болно. Үүнээс олон хоног яваад байх боломжгүй. Дүгнэлт хэсэг дээр байгаа бүх зүйл бүгд гэмтлүүд, ямар ч өвчин ороогүй. Энэ бүгд шинэ гэмтлүүд байна. Хүч үйлчилсэн байдал, шугаман хугарал, цус хуралт, няцралууд нь хавтгай талбай дээр босоо байдалд унах үед энэ гэмтэл үүснэ. Толгойг нь өргөөд дарах үед энэ гэмтэл үүсэхгүй гэв.

Хохирогч Б.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад Давхараа ирээд “намайг рашааны тэнд байдаг ахынд очоод ирье” гэхээр нь цуг явсан... Тэгээд Давхараа замдаа ганц шил юм уучихья гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь Давхараа би гэрээсээ мөнгө авчихсан гэж хэлсэн... Тэгээд сагсан бөмбөгийн шийдэн дээр очоод манай найзын дүүг Давхараа бид хоёр нэг шил архинд явуулж авчруулсан... тэр архиа шийдний ойролцоо далан дээр сууж байгаад бид хоёр хувааж уусан... Тэгээд ямар ч байсан шийдэн дээр очоод ганц хоёр бөмбөг шидэж тоглосон. Тухайн үед жаахан жаахан хүүхдүүд бас байсан... нэг мэдсэн чинь толгой аймар өвдөөд задрах гэж байгаа юм шиг байсан. Тэгээд би “103 дуудаад өгөөч ээ” гэж хүмүүст хэлээд байгаа юм уу, өөртөө бодоод байгаа юм уу бүү мэд. Тэгээд л би юу болсноо мэдэхгүй ухаан алдчихсан байсан нэг мэдэхэд гэртээ байсан. Гэртээ яаж ирсэн талаараа би сайн санахгүй байна. Тэгээд ямар ч байсан эгчээсээ тусламж гуйгаад байснаа санаж байна. Тэгээд сэрэхэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн газрын орон дээр хэвтэж байсан... хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,

 

Гэрч Н.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим манай эхнэр Оюунханд над руу яриад “хүү Батжаргалын бие муу байна гэнэ, хөөсөөр бөөлжөөд толгой нь өвдөөд байна гэнэ...” гэхээр нь би эхнэрийн хамт гэртээ иртэл бага хүү Батжаргал бөөлжсөн, халуурсан, нүд нь долийсон бие нь муудсан байдалтай байсан... 103-н эмч ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь очоод үзүүлтэл яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй гээд хагалгаанд орсон... хагалгаанд орсоныхоо дараа 10 хоног орчим юм ярьж чадахгүй, ам хамар нь хөдлөж нэг талруугаа шүлс нь гоожоод зүүн талын гар, хөл нь саажилттай болж, ерөнхийдөө зүүн тал нь харвасан гэмтэлтэй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Гэрч Г.Оюунханд мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар

сарын 06-ны өдөр манайд хөдөөнөөс хүмүүс ирсэн байсан учраас би Батжаргалыг сайн анзааралгүй бужигнаж өнгөрсөн... орой 02 цагийн үед хүү Батжаргал маань “...ээжээ миний толгой өвдөөд байна...” гээд хөнжил татахаар нь би яасан миний хүү гэсэн чинь дахиад ээжээ гээд дуудсан. Тэгэхээр нь би босоод Батжаргалыг орондоо оруулаад цуг хэвтсэн чинь Батжаргалын бие нь их даарчихсан их сонин болчихсон байхаар нь би Цитрамон таллаж өгчихөөд унтсан... Тэгээд өглөө намайг ажилдаа явах гэж байхад бас толгой өвдөөд байна гэхээр нь би дүү Пүрэвжавдаа “Батжаргалын толгой өвдөөд байна гэнэ, хоол хийж өгөөд өвчин намдаах эм өгөөрэй...” гэж хэлчихээд ажилдаа явсан. Тэгээд байж байтал 11 цагийн үед дүү Пүрэвжав утсаар яриад “Батжаргалын толгой ахиад өвдөөд байна гэнэ, хоол хийж өгсөн чинь улаан өнгөтэй зүйлээр бөөлжөөд байна, та хурдан ир...” гэхээр нь би нөхөр Баттулгатай хамт 15 цагийн орчим ирсэн. Намайг гэрт ирэхэд хүү Батжаргал ухаантай ч юм шиг ухаангүй ч юм шиг байсан. Тэгээд Батжаргалын гэмтлийн эмнэлэг дээр авчирахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай... тархинд нь цус хуралттай, цус харвасан байна. Удах юм бол аюултай... гээд хагалгаанд орсон... Одоо миний хүү Батжаргалын зүүн талд харвалт өгөөд мэдээгүй болсон, байнгын асаргаанд орсон, уур уцаар ихтэй болсон... Батжаргал ганцаараа явж алхаж, гишгиж, өөрөө бие засаж чадахгүй хүнд байдалд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-35-37/,

Гэрч Б.Давхарбаатар мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: “...Батжаргалыг цуг хойшильё гээд бид хоёр цуг 7-н буудал явсан. Тэгээд хоёулаа ганц шил архи уух уу гэсэн чинь “аа би чамайг мэдсэн юм аа, чимээгүй дагуулаад явахаар чинь мэдсэн юм аа...” гээд бид хоёр “Аму” төв орж тэндээс 1 шил 0.75 литрийн Бурхан халдун архи, түмний кола ундаатай цуг авсан. ...далангийн яг хажууд байдаг сагсны шийдний наана очиж далан дээр хоёулахнаа сууж авсан архиа ууж суусан. Батжаргал бид хоёр дахиад ганц шил архи авья гэж яриад Батжаргал хүүхэд архинд гүйлгэчихье гэхээр нь би 10.000 төгрөг гаргаж Батжаргалд өгсөн чинь нэг хүүхдийг архинд явуулсан. Тэгээд  тэр хүүхэд нь 1 шил 0.75 литрийн Бурхан Халдун архи, Түмний 2 литрийн ундаатай цуг авчирч өгчихөөд би хариултаа аваад тэр хүүхэд шийд рүү яваад өгсөн. Тэгээд бид хоёр 2 дахь шил архиа задлаад уусан... тэгээд би “За одоо намайг автобусанд суулгаад өг, харихгүй бол оройтлоо” гээд Батжаргалтай цуг 7-н буудал руу алхаж явтал Батжаргал “2-уулаа энэ шийдээр ороод хэд бөмбөг шидээдэхье” гэсэн. Батжаргал бид хоёр нөгөө сагсны талбай дээр очоод би гартаа барьж явсан цэнхэр өнгийн тортой номнуудаа сандал дээр нь тавьчихаад бөмбөг шидсэн. Батжаргал хойд талынх нь шийдэн дээр бөмбөг шидэж байсан, би урд талынх нь шийдэн дээр бөмбөг шидчихээд тэнд тоглож байсан хоёр хүүхдийг хараад сандал дээр сууж байсан чинь Батжаргалыг Энхтөр гэх цагаан майктай залуу эрүү рүү нь цохиж харагдсан, тэгээд би өөдөөс нь яваад очсон чинь тэр Энхтөр гэдэг залуу над руу дөхөж ирээд “та нар тийм болчихсон юм уу, хэн нь томоо үзэх үү” гэж хэлээд өөдөөс тулаад ирсэнээ миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгэхээр нь би Энхтөр гэдэг залууг барьж аваад “п.... минь чи зүгээр байгаарай, яагаад байгаа юм” гэсэн чинь намайг нэг мөргөөд миний гарыг тавиулсан. Тэгтэл Батжаргал цаанаас ирээд Энхтөртэй барьцалдах гэсэн чинь цаанаас хүмүүс ирээд дундуур нь ороод болиулсан. Тэгээд намайг бас боль гээд байсан, тэр хооронд Энхтөр Батжаргал хоёр барьцалдах гээд нэг л салж

өгөхгүй байсан. Тэгээд Батжаргал Энхтөр хоёр барьцалдаад нэг нэгийгээ цохиж байгаа юм шиг харагдахаар нь чи боль гээд Батжаргалыг холдуулаад аваад явах гэж байхад... Энхтөр гэдэг залуу буцаж ирээд салж өгөхгүй надтай зууралдаад байсан чинь нөгөө 94 оны залуу дахиад болилдоо андаа гээд аваад цаашаа алхсан. Тэгэхээр нь би зүгээр байж байсан чинь Энхтөр араас хүрч ирээд хөл рүү жийж унагаад миний дээр гараад зүүн талын шанаа болон нүд рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний 2 гарыг хөлөрөө дарчихаад миний хүзүүг боогоод би бараг ухаан алдах гэж байсан чинь нэг нь салгаад авсан. Тэгээд тэр залуу надаас ерөөсөө салахгүй надтай нэг зууралдсан чинь нөгөө 94 оны гэж Батжаргалын танилцуулсан залуу намайг ирээд салгаад “чи больчихоо” гэхээр нь наад залуу чинь өөрөө болихгүй байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд тэр залуу намайг “битгий тоо одоо ингээд явчих” гээд зогсож байсан чинь сагсны талбай дээр “түк” хийгээд чанга дуу гарсан. Тэгсэн чинь 3-4 дүгээр ангид сурдаг болов уу гэмээр 8-9 орчим настай жоохон хүүхэд гүйж ирээд “ахаа танай найз тэнд ухаан алдаад уначихлаа” гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Батжаргал сагсны шийдний цементэн дээр бөгсөн бие нь шороон дээр биенийхээ зүүн талаараа дараад газар ухаангүй болоод уначихсан байсан. Тэгээд би хэн ингэчихэв гэсэн чинь тэнд байсан хүмүүс “энд сая унагаасан хүн нь байсан шүү дээ” гээд байсан. Тэгээд би Батжаргалыг сэрээрэй гээд өндийлгөсөн чинь огт ухаан орохгүй байсан, тэгээд Батжаргалын баруун гарнаас нь атгаад байж байсан чинь араас нэг залуу чи наадхыгаа яах гээд байгаа юм бэ гэж хэлээд миний араас татахаар нь би Батжаргалын гарнаас тавьсан. Тэгээд намайг тэндээс холдуулаад нөгөө 94 оны залуу намайг бас холдуулаад “хөгшөөн чи наанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд хүн амьтан ус аваад ир гээд яриад байх шиг байсан, нэг банди гол руу гүйж харагдсан, тэгэхээр нь би дахиад Батжаргал дээр очсон чинь хөлийг нь нугалаад дээш нь сойгоод дээш нь харуулаад хэвтүүлчихсэн байхаар нь хөлийг нь буулгаад “Би анагаахад сурдаг өөрөө мэдэж байна” гээд Батжаргалыг ухаан алдчихсан байхад нь сэрээрэй гээд хацар руу нь зөөлөн товшсон. Тэгээд намайг очиход Батжаргалын цээжийг нүцгэлчихсэн байсан болохоор цээжин дээр хүйтэн ус хүмүүс асгасан. Тэгтэл Батжаргал хоёр нүдээ нээгээд ухаан орж байгаа юм шиг өндийх гээд байсан тэгэхээр нь би Батжаргалын цээжин биеийг өндийлгөөд тэврээд сууж байсан чинь Батжаргал нэг сонин дүйнгэ юм шиг манараад гөлөрөө байдалтай болчихсон хүний хэлж байгаа юмыг сонсохгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс эмэгтэй хүний хоолой гараад цагдаа дуудаарай гэж байсан болохоор би Батжаргалыг “андаа хэвтэж бай” гэж хэлээд хажууд байсан 94 оны залуу бид хоёрыг Батжаргалыг эвтэйхэн буцаагаад газар хэвтүүлсэн. Тэгээд байж байтал цаанаас 40 гаран насны эмэгтэй ирчихсэн “чи наанаасаа холд” гэж хэлсэн. Тэр үед Батжаргалаас холдож явахгүй ээ гээд хөлнийх нь харалдаа зогсож байсан. ... тэгээд тэр цагдаа надаас хэн ингэсэн юм бэ гэж асуухаар нь би Энхтөр гэдэг залуу руу заагаад “энэ залуу” гээд хэлчихсэн. Тухайн үед би Энхтөрийг л унагаасан байх гэж бодсон... Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр авчирсан Цагдаагийн хэлтэсрүү авчирч байх замдаа цагдаа надад “танай найз Батжаргалын чинь бие муу байна гэнэ, тэр өдөр яг юу болсон юм бэ гэж ” асуусан. Намайг цагдаагийн хэлтэс дээр Энхтөр гэгчийн дүү Энх-Од гэдэг залуу, нөгөө 94 оны залуутай цуг 2-уулаа ирчихсэн байсан. Тэгээд би 94 оны залуугаас “яасан, юу болсон юм бэ” гэсэн чинь нөгөө 94 оны залуу надад “Энх-Од гэдэг залуу миний найзын асуудалд хамааралтай юм байна лээ ш дээ”

гэсэн, тэгж л би Энх-од гэдэг залуу миний найзын асуудалд хамааралтай юм байна даа гэж ойлгосон юм. Угаасаа тэр Энх-Од гэдэг залуу сагсны талбай дээр байж байсан залуу мөн байна лээ   ...” гэсэн мэдүүлэг /хх-38-40/,

 

Гэрч А.Оргилболд мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: “...Тэр үед Энхтөр яг шийдний хажуу талын сандал дээр сууж байсан чинь Батжаргал нь Энхтөрийн хажууд очоод, дайраад “Жасмин РС тоглоомын газарт гар утас тавьсан гээд яриад” тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Энхтөр ах би РС тоглоомын газар утсаа тавьдаггүй, тэнд тоглодог ч үгүй гээд маргалдаад байсан. Тэгээд байж байхад нь Дархаа гэдэг залуу Энхтөр ахын шанаа руу нь цохиод авсан тэгтэл Энхтөр буцаагаад Дархааг өргөж аваад газарт шидчихсэн. Тэгээд цаана нь Батжаргал хэрүүл гуйгаад Энхтөртэй хэрэлдээд Батжаргал нь Энхтөрийг цохих гээд ойртоод байсан тэгэхэд нь Энхтөрийн дүү Энх-Од хажууд нь ирчихсэн зогсож байсан. Тэгээд Энх-Од ахыгаа өмөөрөөд Батжаргал руу чи болиоч ээ гээд байж байтал Батжаргал юу гээд байгаа юм гээд байгаа бололтой Энх-Одыг цохих гээд дайрсан чинь Энх-Од Батжаргалыг хажуугаар нь бултаад бүсэлхийнээс нь тэврээд зүүн тийш нь газарт унагаачихсан чинь Батжаргал нь шийдний цементэн талбай дээр зүүн мөрөөрөө цохигдож газарт унасан....” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,

 

Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 26 дугаар гудамжны сагсны шийдэн дээр хохирогч гэх нэг залуу, тэрний найз нь гээд нэг бүдүүн махлагдуу залуу байж байсан, хажууд нь дуудлага өгсөн гээд хэдэн танихгүй эмэгтэйчүүд зогсож байхаар нь яасан юу болсон гээд уулзтал тэнд байсан хүмүүс нөгөө хоёр залуу руу зааж “энэ хоёр залуу ингээд хүүхдүүд тоглож байсан чинь хүрч ирээд агсам согтуу тавиад байна” тэгтэл нэг залуу энэ хохирогч гэх залууг аягүй аймар өндөрт өргөж байгаад пид хийтэл шидчихлээ гээд л шаагилдаад байсан. Тэгэхээр нь тэр хохирогч гэх залууг хартал хувцас нь шал нойтон болчихсон байхаар нь энэ яагаад нойтон болчихсон байгаа юм бэ гэхэд ухаан алдчихаад болохгүй болохоор нь голоос ус аваад хийчихсэн юмаа гээд тэнд байсан хүмүүс тал талаас нь шаагилдаад байсан. Тэгэхээр нь хэн энэ залууг шидчихсэн юм бэ гэтэл тэр шидсэн залуу нь зугтаад явчихлаа, энд алга байна гээд байсан. Тэгэхээр нь тэр шидсэн залууг та нар таньдаг юм уу, та нар хамт байсан юм чинь таньдаг л байж таарна гэсэн чинь Энхбаярын Энхтөр гэдэг УШ90040132 гэх регистрын дугаартай залуу “ахаа би шидчихсэн юм аа тоглож байсан чинь хүрч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би өргөөд шидчихсэн юм аа” гэж хэлсэн. Уг нь Энхтөр гэдэг залуу надад тэгж хэлэх үед хажууд нь байсан хүмүүс “тэр шидсэн залуу нь энд байхгүй байна аа, тийшээ зугатаагаад явчихсан” гээд тал талаас шаагилдаад байсан. Тэгсэн чинь Энхтөр гэдэг залуу “за за ахаа би шидчихсэн юм аа” гэж тайлбарласан. Тэгээд яасан юунаас болоод ийм зүйл болов гэтэл хохирогч гэх залуу өөрөө хүрч ирээд хэл амаар доромжлоод болохгүй байсан гэж тайлбарласан. Тэгээд нөгөө хохирогч гэх залууг хартал баруун талын чихнээс нь цус гарчихсан байсан тэгэхээр нь өөрийн 90305005 дугаарын утаснаас нь 103 луу залгаж “Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын 26 дугаар гудамжны үзүүрт бусдад зодуулсан хүн байна” гэж дуудлага өгсөн. 103 эмч хохирогчийг авч явах гэсэн чинь “би зүгээр ах аа одоо ямар ч асуудалгүй ингээд харилаа” гээд яваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,

 

Гэрч Б.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...ахмад Пүрэвдорж бид 2 дуудлагын дагуу очиж шалгахад хохирогч гэх залуугийн хувцас хунар нь норчихсон, даарчихсан, чичирсэн байдалтай байсан, хажууд нь найз нь гэх бүдүүн залуу байсан, бас тэндхийн нилээн олон хүмүүс байсан. Тэгтэл тэр хохирогч гэх залуу руу хүмүүс заагаад “сая энэ залууг аймар өндөрт авч шидээд унагаачихсан чинь ухаан алдчихсан тэгээд бид нар голоос ус авчирч асгаж байгаад сэргээлээ” гэж байсан. Тэгээд удаа ч үгүй 103-н эмч ирээд хохирогч гэх залууг машинд суулгаад үзсэн чинь нэг талынх нь чихнээс цус урсаад гарчихсан байхаар нь Пүрэвдорж ахмад бид хоёр хоёулаа чихнээс нь цус гарчихсан байна гэж хэлтэл 103-н эмч үзээд “чих нь шалбарчихсан байна авч явна гэхэд хохирогч явахгүй гэсээр байгаад үлдсэн...” тэгээд энэ залууг хэн унагаасан юм бэ гэтэл Энхтөр гэдэг залуу “би өргөж аваад шидчихсэн юм аа” гэсэн тэгтэл тэнд байсан хүмүүс “...унагаасан хүн нь зугтаасан...” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-51/,

Гэрч З.Амгаланбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...намайг Архангайгаас ирэхэд миний дунд хүү Оргилболд надад “манай найз Энх-Одын ахыг нэг залуу зодоход нь Энх-Од найз маань араас нь очоод бүсэлхийнээс нь тэврээд хойш нь саваад унагаачихсан, цагдаа нар надаас тайлбар авсан, угаасаа цагдаа нар ирэхэд нь би хажууд нь байсан” гэж хэлсэн. Ер нь бол Оргилболд надад хэлэхдээ Энх-Од гэдэг найз нь тэр залууг бөхийн мэх шиг хойноос нь барьж аваад арагш нь савж унагаачихсан гэж хэлсэн. Өөр юм нэмж хэлээгүй.” гэсэн мэдүүлэг  /хх-52/,

Гэрч Б.Ариунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…хэн нь хэнтэй маргалдаж байсныг сайн хараагүй... Тэгтэл тэр туранхай залууг нэг банди өргөөд цементэн талбай дээр унагаасан, тэгтэл пид пад хийгээд аймар дуу гарсан. Дуу гарахдаа бүүр түмпэн газарт унаж байгаа юм шиг дуу гарсан тэгээд очоод хартал нөгөө туранхай залуу цементэн талбай дээр дээшээ хараад ухаан алдчихсан байсан, нөгөө унагаасан банди нь яг хажууд нь ташаагаа тулчихсан амьсгаадаад зогсож байсан. Уг шидсэн гэх залууг харвал танина...” гэсэн мэдүүлэг /xx-53-54/,

Гэрч Э.Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгтэл Батжаргалтай цуг ирсэн Давхарбаатар гэдэг залуу миний зүүн гар талд зогсчихсон хажуу талаас цэнхэр өнгийн тортой зүйлээрээ миний дагз руу цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад хөөш яагаад байгаа юм бэ гэтэл дахиад миний толгой руу Давхарбаатар тортой зүйлээрээ цохисон, тэгэхээр нь би Батжаргалтай утасны талаар маргалдаж байснаа эргэж хараад Давхарбаатарыг “яагаад байгаа юм бэ хөөе” гэсэн чинь дахиад миний нурууны араас тортой зүйлээрээ цохисон, тэгэхээр нь би Давхарбаатарыг барьж аваад хавсраад цементэн талбай дээр унагачихсан. Тэгээд Давхарбаатар нь босож ирээд бүр над руу дахиад дайраад дээгүүрх хувцасаа тайлчихаад дайраад байсан чинь тэнд байсан Оргил-Эрдэнэ гэдэг хүүхэд ирээд Давхарбаатарыг салгаж авсан. Тэгсэн чинь миний ард талд “так” хийгээд цементэн талбай дээр дуу гарахаар нь эргээд хартал Батжаргал цементэн талбай дээр дээшээ хараад уначихсан байсан. Тухайн үед Батжаргал ухаан алдчихсан байсан. Тэр үед манай дүү Энх-Од ирчихсэн зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-61-62/,

Гэрч Оргил-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Батжаргал

Энхтөртэй яг зодолдож цохилцохгүй дайраад хэрүүл маргаан хийгээд байсан, тэгээд Давхарбаатар газар уначихсан байснаа босч ирээд Энхтөр рүү дайраад байхаар нь би Давхарбаатарыг барьж аваад “чи наанаа суучихаа” гээд Давхарбаатарын өөдөөс нь тэврээд хойш нь түлхээд байж байтал ард цементэн дээр “так” хийх чанга чимээ дуугарсан. Тэгээд эргээд хартал Батжаргал цементэн талбай дээр ухаан алдчихсан хэвтэж байсан, тэгээд хажууд нь сагс тоглож байсан хүүхдүүд “одко ах унагаачихлаа” гээд орилоод байсан... мөн би маргааш нь билүү нөгөөдөр нь билүү дүү Оргилболдоос асуусан чинь “Энх-Од буюу Одко гүйж ирээд араас нь тэврээд өргөөд шидчихсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-154-155/,

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн №7997 дугаартай дугнэлт:

“…Батжаргалын биед тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархай, зүүн зулайн тархины эдэд дэх цус хуралт, няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гар, хөлийн талласан саажилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”        /хх-64/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг: “...Батжаргалын биед учирсан гэмтлүүд нь бүсэлхийнээс барьж аваад хүчтэй унагаах үед цементэн гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

Хохирогч Б. Батжаргалын өвчний түүх /хх-82-104/,

Хохирлын талаарх баримт /хх-105-119/,

Гэрч А.Оргилболд, Б.Давхарбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-158/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-164-166/,

Шүүгдэгч Э.Энх-Одын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын ам бүлийн тодорхойлсон тодорхойлолт, хувийн байдлын тодруулсан баримтууд                  /хх-120-139/,

Хохирол төлсөн баримтууд /хх-143-145/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Энх-Од нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 26 дугаар гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр ах Э.Энхтөрийг өмөөрч хохирогч Б.Батжаргалыг нуруун тус газраас нь өргөн газар шидэж  бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Батжаргалын “...тэр архиа шийдний ойролцоо далан дээр сууж байгаад бид хоёр хувааж уусан... Тэгээд ямар ч байсан шийдэн дээр очоод ганц

хоёр бөмбөг шидэж тоглосон. ...нэг мэдсэн чинь толгой аймар өвдөөд задрах гэж байгаа юм шиг байсан. Тэгээд би “103 дуудаад өгөөч ээ” гэж хүмүүст хэлээд байгаа юм уу, өөртөө бодоод байгаа юм уу бүү мэд. Тэгээд л би юу болсноо мэдэхгүй ухаан алдчихсан байсан нэг мэдэхэд гэртээ байсан. ...эгчээсээ тусламж гуйгаад байснаа санаж байна. Тэгээд сэрэхэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн газрын орон дээр хэвтэж байсан.” гэх /хх-31-32/,

гэрч Н.Баттулгын “…103-н эмч ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь очоод үзүүлтэл яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй гээд хагалгаанд орсон... хагалгаанд орсоныхоо дараа 10 хоног орчим юм ярьж чадахгүй, ам хамар нь хөдлөж нэг талруугаа шүлс нь гоожоод зүүн талын гар, хөл нь саажилттай болж, ерөнхийдөө зүүн тал нь харвасан гэмтэлтэй болсон...” гэх /хх-33-34/, гэрч Г.Оюунхандын “...Батжаргалыг гэмтлийн эмнэлэг дээр авчирахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай... тархинд нь цус хуралттай, цус харвасан байна. Удах юм бол аюултай... гээд хагалгаанд орсон... Одоо миний хүү Батжаргалын зүүн талд харвалт өгөөд мэдээгүй болсон, байнгын асаргаанд орсон, уур уцаар ихтэй болсон... Батжаргал ганцаараа явж алхаж, гишгиж, өөрөө бие засаж чадахгүй хүнд байдалд байгаа...” гэх /хх-35-37/, гэрч Б.Давхарбаатарын “...Батжаргалыг Энхтөр гэх цагаан майктай залуу эрүү рүү нь цохиж харагдсан, тэгээд би өөдөөс нь яваад очсон чинь тэр Энхтөр гэдэг залуу над руу дөхөж ирээд “та нар тийм болчихсон юм уу, хэн нь томоо үзэх үү” гэж хэлээд ...зүүн талын шанаа руу цохисон. ...би Энхтөрийг “п.... минь чи зүгээр байгаарай, яагаад байгаа юм” гэхэд намайг нэг мөргөөд миний гарыг тавиулсан. ...Энхтөр араас хүрч ирээд миний хөл рүү жийж унагаад миний дээр гараад зүүн талын шанаа болон нүд рүү хэд хэдэн удаа цохисон. ...Тэгээд тэр залуу намайг “битгий тоо одоо ингээд явчих” гээд зогсож байсан чинь сагсны талбай дээр “түк” хийгээд чанга дуу гарсан. Тэгсэн чинь 3-4 дүгээр ангид сурдаг болов уу гэмээр 8-9 орчим настай жоохон хүүхэд гүйж ирээд “ахаа танай найз тэнд ухаан алдаад уначихлаа” гэхээр нь би яваад очсон. ...би хэн ингэчихэв гэсэн чинь тэнд байсан хүмүүс “энд сая унагаасан хүн нь байсан шүү дээ” гээд байсан. Намайг цагдаагийн хэлтэс дээр Энхтөр гэгчийн дүү Энх-Од гэдэг залуу, нөгөө 94 оны залуутай цуг 2-уулаа ирчихсэн байсан. Тэгээд би 94 оны залуугаас “яасан, юу болсон юм бэ” гэсэн чинь нөгөө 94 оны залуу надад “Энх-Од гэдэг залуу миний найзын асуудалд хамааралтай юм байна лээ шүү дээ” гэсэн, тэгж л би Энх-од гэдэг залуу миний найзын асуудалд хамааралтай юм байна даа гэж ойлгосон юм.” гэх /хх-38-40/,

гэрч А.Оргилболдын “...Энх-Од ахыгаа өмөөрөөд Батжаргал руу чи болиоч ээ гээд байж байтал Батжаргал юу гээд байгаа юм гээд байгаа бололтой Энх-Одыг цохих гээд дайрсан чинь Энх-Од Батжаргалыг хажуугаар нь бултаад бүсэлхийнээс нь тэврээд зүүн тийш нь газарт унагаачихсан чинь Батжаргал нь шийдний цементэн талбай дээр зүүн мөрөөрөө цохигдож газарт унасан....” гэх /хх-47-48/, гэрч Б.Пүрэвдоржийн “...хэн энэ залууг шидчихсэн юм бэ гэтэл тэр шидсэн залуу нь зугтаад явчихлаа, энд алга байна гээд байсан. ...Энхтөр гэдэг УШ90040132 гэх регистрын дугаартай залуу “ахаа би шидчихсэн юм аа тоглож байсан чинь хүрч ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би өргөөд шидчихсэн юм аа” гэж хэлсэн. Уг нь Энхтөр гэдэг залуу надад тэгж хэлэх үед хажууд нь байсан хүмүүс “тэр шидсэн залуу нь энд байхгүй байна аа, тийшээ зугатаагаад явчихсан” гээд тал талаас шаагилдаад байсан.” гэх /хх-49-50/, гэрч Б.Баасандоржийн “...тэр хохирогч

гэх залуу руу хүмүүс заагаад “сая энэ залууг аймар өндөрт авч шидээд унагаачихсан чинь ухаан алдчихсан тэгээд бид нар голоос ус авчирч асгаж байгаад сэргээлээ” гэж байсан. ...энэ залууг хэн унагаасан юм бэ гэтэл Энхтөр гэдэг залуу “би өргөж аваад шидчихсэн юм аа” гэсэн тэгтэл тэнд байсан хүмүүс “...унагаасан хүн нь зугтаасан...” гээд байсан...” гэх /хх-51/,

гэрч З.Амгаланбаатарын “...Оргилболд надад хэлэхдээ Энх-Од гэдэг найз нь тэр залууг бөхийн мэх шиг хойноос нь барьж аваад арагш нь савж унагаачихсан гэж хэлсэн.” гэх /хх-52/, гэрч Б.Ариунжаргалын “…хэн нь хэнтэй маргалдаж байсныг сайн хараагүй... Тэгтэл тэр туранхай залууг нэг банди өргөөд цементэн талбай дээр унагаасан, тэгтэл пид пад хийгээд аймар дуу гарсан. Дуу гарахдаа бүүр түмпэн газарт унаж байгаа юм шиг дуу гарсан тэгээд очоод хартал нөгөө туранхай залуу цементэн талбай дээр дээшээ хараад ухаан алдчихсан байсан, нөгөө унагаасан банди нь яг хажууд нь ташаагаа тулчихсан амьсгаадаад зогсож байсан. Уг шидсэн гэх залууг харвал танина...” гэх /xx-53-54/, гэрч Э.Энхтөрийн “...миний ард талд “так” хийгээд цементэн талбай дээр дуу гарахаар нь эргээд хартал Батжаргал цементэн талбай дээр дээшээ хараад уначихсан байсан. Тухайн үед Батжаргал ухаан алдчихсан байсан. Тэр үед манай дүү Энх-Од ирчихсэн зогсож байсан.” гэх /хх-61-62/, гэрч Оргил-Эрдэнийн “...би Давхарбаатарыг барьж аваад “чи наанаа суучихаа” гээд Давхарбаатарын өөдөөс нь тэврээд хойш нь түлхээд байж байтал ард цементэн дээр “так” хийх чанга чимээ дуугарсан. Тэгээд эргээд хартал Батжаргал цементэн талбай дээр ухаан алдчихсан хэвтэж байсан, тэгээд хажууд нь сагс тоглож байсан хүүхдүүд “одко ах унагаачихлаа” гээд орилоод байсан... мөн би маргааш нь билүү нөгөөдөр нь билүү дүү Оргилболдоос асуусан чинь “Энх-Од буюу Одко гүйж ирээд араас нь тэврээд өргөөд шидчихсэн” гэж хэлсэн...” гэх /хх-154-155/,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн №7997 дугаартай дугнэлт: “…Батжаргалын биед тархи доргилт, зүүн чамархай, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун чамархай, зүүн зулайн тархины эдэд дэх цус хуралт, няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн гар, хөлийн талласан саажилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хх-64/, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Батжаргалын биед учирсан гэмтлүүд нь бүсэлхийнээс барьж аваад хүчтэй унагаах үед цементэн гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-65-66/,

хохирогч Б. Батжаргалын өвчний түүх /хх-82-104/, хохирлын талаарх баримт /хх-105-119/, гэрч А.Оргилболд, Б.Давхарбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-158/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-164-166/, хохирол төлсөн баримтууд /хх-143-145/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энх-Одын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Энх-Одод Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Энх-Одод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.050.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Батжаргал нь “гомдолгүй” гэсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Энх-Од нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогч Б.Батжаргал нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Энхтуяагийн Энх-Одыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Энх-Одыг  3 /гурав/ жил 5 /тав/  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энх-Одод оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Энх-Од нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Батжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энх-Одод урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Энх-Одод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

                

ШҮҮГЧИД                                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                    С.ОЮУНЧИМЭГ