Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 599 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Ц -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д-д холбогдох

“Б.Д гээс 58207200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Б.Д гийн сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга З.Сүхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагч Б.Д , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Д  нь 43130000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлэхээр харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Ц  миний биетэй зээлийн гэрээ байгуулж, барьцаанд нь RODEX, 3000LC-7 маркийн экскаватор тавьсан боловч, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3000000 төгрөг өгснөөс өөр мөнгө одоог хүртэл төлөхгүй, удаа дараа шаардуулж, хохироож байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 40130000 төгрөг, хүү 6038200 төгрөг,  алданги 8841650 төгрөг, нийт 58207200 төгрөг иргэн Б.Д гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Д.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Би өөрийн зээлсэн 15000 ам долларыг тухайн үеийн ханшаар төлнө. Энэ гэрээ бол намайг өвчтэй байх үед аргагүй байлдлыг далимдуулж хийлгэсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Б.Д  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь одоогоос хоёр жилийн өмнө Д.Ц гоос мөнгө зээлсэн бөгөөд одоо 38600000 төгрөг төлнө. Гэтэл Д.Ц  нь намайг хүндээр бэртэж, хүнд өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ажиглан аргагүй гачигдлаар далимдуулж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг байгуулсан болно. Энэ хүү гэрээ нь миний эрх зүйн байдлыг ихээхэн дордуулж, Д.Ц  надаас илүү мөнгө нэхэмжлэх боломж олгож байгаа тул энэ хүү гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц гоос  Д  нь 2016 оны 03 дугаар сарын 14-нд 15000 ам долларыг авсан байдаг. Ингэж авахдаа ямар ч хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, долларыг доллараар нь буцааж өгөхөөр 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаатай 15000 ам долларыг зээлж  авсан байдаг. Үүнээс хойш төлөх хугацаа нь болоод Ц  нилээд шаарддаг байсан. Гэтэл Д  элдэв шалтгаан хэлж байсан. Ямар ч хүүгүйгээр 4 удаа нэмж мөнгө авсан байдаг. 4 удаа нийт 14800000 төгрөгийг 15000 ам доллар дээрээ нэмж авсан.  2016 оны 07 дугаар сарын 02-нд 7900000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Ц  удаа дараа мөнгө төлөхийг шаардаж байсан боловч Д  мөнгө төлж чадахгүй байгаа шалтгаанаа хэлээд мөнгө төлөгдөхгүй байсан. Ингээд Ц  Д д хоёулаа тооцоо нийлж гэрээ байгуулъя чи барьцаанд юм тавь, хоёулаа гэрээгээ нотариатаар батлуулъя гэж хэлээд 43130000 төгрөгийг 2  хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хавтаст хэрэгт байгаа. Өмнө нь 2016 оны 07  дугаар сарын 01-нд мөнгөө өгөхгүй болохоор нь арга буюу энэ гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ нэмэлт нөхцөлтэйгээр барьцаанд нь RODEX, 3000LC-7 маркийн экскаваторыг тавьсан зээлийн ба фидуцийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байдаг. Тухайн үед нотариатч нь зөвлөөгүй, хоёр иргэний эрх зүйн мэдлэг дутмагаас болоод фидуцийн гэрээ байгуулахаар хөрөнгө өмчлөлд шилждэг болохыг мэдээгүй байсан. Одоо өмчлөх эрхээ шилжүүлье гээд тээврийн газар очихоор Д  өөрийн биеэр байх ёстой. Эсхүл шүүхийн холбогдох баримт бичиг байх ёстой гэсэн тайлбар хэлдэг. Гэрээ байгуулаад мөнгөө төлөхгүй зээлийн хугацаа хэтэрчихлээ, хүүхдүүд явах болчихоод мөнгөө нэхээд байна. Мөнгөө авмаар байна гэсэн шаардлагыг удаа  дараа  хэлж байсан боловч Д  үүн дээр хариулт өгөхгүй байсаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 3000000 төгрөгийг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2000000 төгрөг өгсөн. Ингээд 5000000 төгрөг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл өөр мөнгө төлөгдөөгүй. Удаа дараа хохирч байгаа учраас үндсэн зээлийн төлбөр 38130000 төгрөг, хүү 6900800 төгрөг, алданги 12164200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Алданги нь Иргэний хуулинд заасан хэмжээ хязгаараас хэтэрчихсэн байдаг. 21288900 төгрөг, үүн дээр сар хэтэрсэн бараг 26000000 төгрөг, 27000000 төгрөг болсон байгаа. Бид хуулийн хязгаарлалтанд орох ёстой. Тийм учраас үүнийг 50 хувиар бодож алданги 12164200 төгрөг дээр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлсөн зардал 2910360 төгрөг, нийт 60105360 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Д  сөрөг нэхэмжлэлдээ намайг хүндээр бэртэж, хүнд өвчтэй алхаж чадахгүй байх үеийг ашиглаж аргагүй гачигдлаар далимдуулж гэрээ  хийсэн учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг үгүйсгэж байна. Ямар үндэслэлээр үгүйсгэж байна вэ? гэхээр Д , Ц  нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ Монгол улсын ямар нэгэн хуулийг зөрчөөгүй гэрээ байгаа. Тийм ч учраас 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сэржмядаг нотариатч нотариатаар баталгаажуулж болох  хууль ёсны гэрээ байна гэж үзэж гэрчилсэн гэж ойлгодог. Нотариатч гэрээг гэрчлэхдээ талуудын эрх ашгийг тэнцүү хамгаалж гэрчилдэг. Хэн нэгний талд илүү үйлчилдэггүй.  Нөгөө талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд Хүчин төгөлдөр бус хэлцлийн 10 шинж нөхцөл энэ зээлийн болон фидуцийн гэрээнд харагддаггүй. Энэ гэрээ зээлдэгч барьцаалуулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэрээ биш. Энэ гэрээ ямар нэгэн хууль зөрчөөгүй. Мөн энэ гэрээ нь дүр үзүүлсэн буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ биш. Энэ гэрээ нь үнэн санаанаасаа хийгдсэн гэрээ. Эрх зүйн чадамжтай этгээдтэй хийгдсэн гэрээ. Тухайн үед Д гийн эрүүл мэнд асуудалтай байсан байдаг. Гэхдээ сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн гэрээ биш. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ биш.  Бичгээр байгуулах байсан бол бичгээр байгуулж гэрээ хийсэн. Фидуцийн гэрээний нөхцөлүүд болон стандартыг зөрчөөгүй. Гэрээний стандартыг зөрчсөн гэрээ гэж үзэхгүй байгаа. Д г шахсан, Т сан, өөртэй нь харилцан тохиролцоогүй нөхцөл оруулсан зүйл байхгүй учраас гэрээний стандартыг зөрчөөгүй гэрээ гэж үзэж байгаа. Хэн нэгний дарамт шахалтан доор энэ гэрээ хийгдээгүй. Хэн аль нь хүсэж гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Энэ гэрээ хоёр иргэний хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Мөн ашиг сонирхлын нэгдэл байсан. Нэг талаас Д  хөрөнгөө барьцаалан зээл авах, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэж ажлаа амжуулан бүтээе гэсэн ашиг сонирхолтой байсан. Нөгөө талаас иргэн Ц  мөнгөө зээлдүүлж тухайн хүнд туслах, дараа нь дахин гэрээ байгуулж зохих хэмжээний хүү авах гэсэн ийм ашиг сонирхол хоёр талаас нэгдэж энэ хоёр иргэн зээлийн болон фидуцийн гэрээ байгуулахад хүргэсэн гэж ойлгож байгаа. 

Хариуцагч Б.Д  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 03 дугаар сард Ц  эгчээс 15000 ам долларыг, 5 сард 10000000 төгрөг, залгуулаад 2000000 төгрөг, нэмээд 300000 төгрөг, доллараар 15000 ам доллар, монгол мөнгөөр 12300000 төгрөг авсан. 15000 ам доллар нь тухайн үеийн ханшаар буюу 2040 төгрөгөөр борлуулахад 30600000 төгрөг болж байсан. 2016 оны 05 дугаар сарын 14-нд би хоёр хүүхдийн хонхны баярт орчихоод Өвөрхангай аймагт ирэхдээ өглөө нь дүүгийнхээ гадаа байрны сүүдэрт машинаасаа буухдаа өсгийтэй гуталтай унаад хөлөө шагайгаар нь гуталтайгаа эргүүлж  хүнд гэмтэл авч Өвөрхангай аймгийн эмнэлэгт 4 цагийн хагалгаанд орж хэдэн сар хүний гарт орсон.  Өвөрхангай аймагт 2 сар шахуу байж  байгаад Улаанбаатар хот руу явж гэртээ хэвтэрт байж байгаад 8 сар дөнгөж болж байхад Сэлэнгэ аймаг руу дөрвөлжин таяг тулчихсан шарх эдгээгүй байхад явсан. Би 3 өнчин хүүхэдтэй. 2 оюутантай. Хүүхдүүдийнхээ амьдралыг залгуулах гэж Уянга сумаас нүүсэн. Тэгээд Сэлэнгэ аймаг руу явж байх замд шарх нь эргэж сэдэрсэн. Хүний гарт байсан учраас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсаар байгаад 9 сард 2500000 төгрөгийг Ц  эгчээ нэмж авсан. Хэвтэрт байх хугацаанд 7900000 төгрөгийг Ц  эгчид бэлнээр өгсөн. Дараа нь 2000000 төгрөгийг буцааж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 14800000 төгрөгийн монгол мөнгийг төлчихсөн. 7900000 төгрөг, 2000000 төгрөг, сүүлд 3000000, 2000000 төгрөгөөр төлсөн. Одоод Ц  эгчид 15000 ам долларын тооцоо үлдсэн. байгаа.  Яагаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  тэр зээлийн гэрээ  хийгдсэн бэ? гэхээр Ц  эгч удаа дараа манай гэрт ирж байсан. Тухайн үед би хэвтэрт байсан. 3 хүүхдүүдийн дэргэд охиноо дагуулж ирээд, охин нь би ломбард ажиллуулдаг. Би энэ мөнгийг 60000000 төгрөг, 70000000 төгрөг болгочих байсан.  Одоо төлбөр төлөхгүй байгаа хүнийг дарамталдаг хүн байдаг гэсэн. Дарамталдаг хүн авчираад асуудлыг зохицуулж болно шүү гэсэн. Гэтэл би хоёр нялх эмэгтэй хүүхэдтэй, хэн нэгэн хүн манай гэрт орж ирээд ямар нэгэн асуудал гаргавал миний үр хүүхдүүдэд аюултай учраас үр хүүхдүүдээ бодоод шаардаад байгаа гэрээг чинь  хийе. Би барьцаанд экскаваторыг тавъя гээд гэрээ хийсэн. Энэ экскаватор бол миний хүүхдүүдийн амьдралыг залгуулдаг хоолоо олж иддэг хөдөлмөрийн багаж зэвсэг юм. Ц  эгчид надад нэг үйлчилгээн төв байдаг танил талаараа яриад зараад өөрийнхөө мөнгийг аваад зөрүүг нь надад өгчих гэж болох талаас нь зүтгэсэн. Хүүхдүүд руу утастаад, дахин дахин манайд ирээд байхаар хэцүү байсан. Тэгээд би 1 сард дахин хагалгаанд орж 6 хадаасаа Улаанбаатар хотод очиж авахуулж, дахин хэвтрийн дэглэм барьсан. Тэгээд Ерөнхийлөгчийн дахин сонгууль гэсээр байгаад 8 сард ажлаа хийх гэж байтал 9 сард ээж элэгний хавдартай байж байгаад тэр нь задраад 2 сар ээжийгээ сахиж байгаад  өчигдөр эмнэлгээс гаргачихаад ирсэн. Ц  эгчид одоо үлдэгдэл 15000 ам доллар өр байгаа.  Надад хүндэтгэн үзэх маш их шалтгаан байгаа. Одоо үлдсэн 30600000 төгрөг төлнө. Өөр төлбөр төлөх боломж байхгүй гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Д гээс 30697800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 282 дугаар  зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Д.Д гээс 311439 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 448986 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145\ШШ2017\00599 дугаартай шийдвэр нь “Шүүхийн шийдвэр үнэн зөв, үндэслэлтэй, хууль ёсны байна” гэсэн зарчмыг алдагдуулсан гэж үзэж давж заалдаж байна. Үүнд: А.Шийдвэрийн “Үндэслэх нь хэсэгт” Хариуцагч нь 15000 америк долларыг тухайн үеийн ханшаар нь төлнө гэж тайлбарласан, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр америк долларын ханш 2046,52₮ байсан талаар “Д гийн авсан зээлийн төлбөрийн тооцоо” гэсэн хүснэгтэд бичигдсэн байх ба тухайн үеийн гадаад валютын ханшийн талаар талууд маргаангүй” гэж илтэд худал дүгнэлт гаргасан нь “шүүхийн шийдвэр үнэн зөв байна” гэсэн зарчмыг алдагдууллаа. Миний бие нь долларын ханшны талаар харин ч нэхэмжлэгч хариуцагч нар нь маргаантай, өөр өөр байр сууринаас тайлбар хийж няцааж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

         1.“Б.Д гийн авсан зээлийн төлбөрийн тооцоо” гэсэн баримтанд шүүх эрх зүйн дүгнэлт хийх байтал анх доллар зээлдүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн долларын ханш /2046,52₮/-аар үндсэн зээлийн төлбөрийг тооцоолон шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч Д.Ц гийн эрх ашгийг хөндсөн шийдвэр боллоо.

Хавтаст хэрэгт “Б.Д  би 15000 долларыг Ц  эгчээс эргүүлж долларааар нь тооцоо хийхээр хүлээж авлаа” гэж анх зээл авахдаа 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бичсэн Б.Д гийн гарын үсэг бүхий гар бичмэлээс харахад, Б.Д  нь Д.Ц гоос авсан долларын зээлийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл төлөөгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар буюу “доллараар” нь төлөхөөр амласныг Б.Д гийн анхны гар бичмэл нотолдог.

Д.Ц гоос Б.Д гийн зээлийн төлбөрийн тооцоог гаргасан хүснэгтэд 15000 долларыг зээлийн гэрээг бичгээр байгуулсан өдрийн ханш болох 2484,27₮-т шилжүүлэн бодсон тооцоо ч байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлэн, төлөгдсөн төлбөрийг хасаж, мухарлан тооцоход гэрээ бичгээр байгуулсан өдрийн долларын ханшийг төгрөгт шилжүүлсэнтэй адил нэхэмжлэлийн дүн харагддаг. 15000 долларыг 2444,19₮-т шилжүүлэхээр 36 662 858₮ болж байгаа ба үүн дээр нэмж авсан монгол төгрөгийн зээлийн дутуу төлбөр 2000000₮ ороод нийт 38 662 858₮ нэхэмжлэхээс 532858₮-ийг хасч мухарлан 38 130 000₮-ийг шүүхэд нэхэмжилсэн юм. Шүүхэд нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өгсөнөөс хойш мөн өдөртөө 2000000₮ дансанд орсон учраас энэ мөнгө анхны нэхэмжлэлийн дүнгээс хасагдаж 38 130 000₮-ийг зээлийн үндсэн төлбөр гэж үзэн нэхэмжилсэн байдаг.

          Б.Д д 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр олгосон үндсэн төлбөр болох 15 000 долларыг нэхэмжлэгч Д.Ц  нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2444,19₮-өөр тооцон 38 130 000₮ нэхэмжилснийг Д.Ц гоос 2017 оны 8-р сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн дүн нотолно.

          2.Нэхэмжлэгч Д.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  миний бие нь 2017 оны 12-р сарын 24-ний өдөр хуралдсан шүүх хурал дээр долларын ханшны талаар  өөрийн байр суурийг илэрхийлж хэлсэн тайлбар, мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс долларын ханшны талаар миний тайлбарын эсрэг тайлбар хийж байгаа зэргийг шүүх хурлын протокол, тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын танхим дахь дүрс ба авиа бичлэг бүхий техник төхөөрөмж нотолно.

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  миний бие нь шүүх хурал дээр долларын ханшны талаар эсрэг ямар байр суурьтай байсныг, хэрхэн маргаж байсан, мөн “Б.Д гийн авсан зээлийн төлбөр тооцоо” хүснэгтийг нэг бүрчлэн дэлгэрүүлж тайлбарлахдаа анх долларын зээл олгоход долларын ханш 2046,52₮ байсан, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2 444,19₮ байсан тул нэхэмжлэгч Д.Ц  нь 15 000 долларыг төгрөгт шилжүүлснээр үндсэн зээлийн төлбөр 38 130 000₮, хүү 6900 800₮, алданги 12 964 200₮ нэхэмжилж байгаа болно.” гэж маш тодорхой тайлбарлан хэлж мэдүүлж байсныг огт дурдалгүй зориуд орхин “долларын ханшны талаар маргаангүй” гэж шийдвэрийн “тодорхойлох нь” хэсэгтээ тодорхойлсон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  би долларын ханшны талаар ямар зөрүүтэй байр суурьтай, “Б.Д гийн авсан зээлийн төлбөр тооцоо, долларын ханшны талаар хэрхэн яаж дэлгэрэнгүй тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн долларын ханшаар нэхэмжлэн ярьж байсныг тус хэргийг хянан хэлэлцсэн шүүх хурлын протокол, шүүх хурлын танхим дахь дүрс ба авиа бичлэг бүхий техник төхөөрөмж давхар давхар нотолно. Шүүгч шүүх хурлын процессыг буруу үнэлсэн тул давж заалдах шатны шүүх тус хурлын явцыг бичлэгээс заавал харах нь бодит үнэнийг тогтооход зайлшгүй чухал байна.

   4. Тус шүүх хуралдаан даргалагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т  миний биеэс “Д.Ц  нь Б.Д д долларын зээл олгоход тухайн үед доллар ямар ханштай байсан, одоо долларын ханшийг хэрхэн яаж нэхэмжилж байгаа талаар асуусан асуулт” хүртэл тавьж хариултыг авч байсныг шүүх хурлын бичлэг, протокол нотолно. Би шүүх хурал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч нарын долларын ханшны талаар өөр байр суурьтай байгааг няцааж хэлсэн үг ямар ч засваргүйгээр миний нөөтвүүкт хадгалагдан үлдсэнийг энд сийрүүлье. Долларын ханшны талаар шүүх хурал дээр миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцно” гэж хуульчилсны дагуу иргэн Д.Ц  8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд Б.Д гээс зээлийн төлбөр 58 207 200₮ нэхэмжлэхдээ энэ өдрийн буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар буюу 2444,197-өөр тооцож 38 130 000₮ -ийг хуулийн дагуу нэхэмжилж байгаа.Энэ мөнгийг шүүхэд нэхэмжлэх үеийн төгрөгийн ханшаар долларт шилжүүлэн өгсөн ч утга нэг шүү дээ. Харин 15 000 доллар анх авсан 2017 оны 3-р сарын 14-ний өдөр долларын ханш 2046,52₮ байсан байхад, Д.Ц , Б.Д  нарын хооронд зээлийн ба фидуцийн гэрээ байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр долларын ханш 2 484,27₮ байсан, шүүхэд нэхэмжлэх өдрийн буюу 2017 оны 8-р сарын 17-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар буюу 2 444,19₮-өөр тооцож 38 130 000₮ болох нь Монгол банкны сайтнаас хэн ч харсан нийтэд ил харагдаж байна” гэж тайлбар мэдүүлж байсан тухай шүүхийн шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт дурдалгүй бүхэлд нь орхигдуулсан байдаг. Долларын ханшны талаар 2 тал маргаантай, 2 өөр байр сууринаас хандан тайлбарлаж байхад шүүгч хуулийн хүрээнд эрх зүйн дүгнэлт гаргах ёстой байтал “маргаангүй байсан” гэж шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндлөө.

Б. Шүүх нь “үндэслэх нь” хэсэгтээ “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээлийн гэрээний зүйл болох 15 000 доллар нь 30 697 800₮ байхаар байна” гэж хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна” гэсэн зарчмыг алдагдууллаа. “Иргэний хууль эцэг хууль шүү дээ.Эцэг хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 ингэж заасан байхад ИХШХШТХ-ийн 63.2-ыг хэрэглэхгүй” гэж шүүх хурал дээр хариуцагчийн тайлбарласан тайлбарт шүүх хөтлөгдлөө. Шүүх нь гадаад валютын ханшийг тооцоолохдоо хууль буруу хэрэглэснийг дараах эрх зүйн зохицуулалт ба шүүхийн практикаас харж болно.Үүнд:

1.Иргэний хуулийн 3.3 “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.2. “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд: Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцно” гэж хуульчилсан зохицуулалт нь долларын ханшны төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ баримтлах нарийвчилсан зохицуулалт гэж ойлгогдож байна. Хууль тогтоогч огт хэрэглэгдэхгүй зохицуулалтыг хуулинд шигтгээгүй, гадаад валютын ханшийг тухайлан анхаарч, хэрэг маргаан шийдвэрлэхэд ийм байдлаар шийдвэрлэх ёстой шүү гэдгийг тусгайлан нарийвчлан хэлж өгсөн зохицуулалт юм. Харин ноос ноолуур, түүхий эд, түлш шатахуун зэрэг бараа материалын ханшны хувьд “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан зохицуулалт үйлчлэх болохоос долларын ханшны тухайд энэ зохицуулалт үйлчлэхгүй.

     2.Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон долларын зээлийн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг Улсын дээд шүүхээс шийдвэрлэсэн практикаас үзэхэд, ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 2-ыг баримтлан шийдвэрлэсэн байдгийг “shuukh.mn”-ээс Улсын дээд шүүхийн давж заалдах ба хяналтын шатны шүүхээс энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн практикаас ч харж болно. Иргэнээс олгосон долларын зээл, банкнаас олгосон долларын зээлийн төлбөрийн хэрэг маргаанд хууль тогтоогч ялгамжтай хандаагүй байдаг. Шүүх нь хэргийн оролцогчийн тайлбарт хөтлөгдөн таамаг байдлаар хандах биш, шүүгч өөрөө хэргийн нөхцөл байдалд хэнээс ч хараат бусаар, тал бүрээс нь судлан хуулийн дагуу эрх зүйн дүгнэлт гаргах ёстой.

      Б.Шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-т “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай” гэж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх зарчмыг алдагдууллаа. Үүнд: Шүүх нь иргэн Д.Ц , иргэн Б.Д  нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн ба фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохдоо хууль буруу хэрэглэснийг дараах эрх зүйн зохицуулалтаас харж болно.

1. Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 56.1.1-56.1.10 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн хүчингүйд тооцох ёстой байтал зээлийн гэрээ байгуулсанд тооцох тухай “Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэн заалтыг үндэслэн хууль буруу хэрэглэжээ. Энэ зохицуулалт нь гэрээ байгуулсан эсэхийг тооцоход хэрэглэх зохицуулалт болохоос гэрээг хүчингүйд тооцох зохицуулалт биш юм.

2.Хариуцагч    нь    шүүхэд    гаргасан    тайлбартаа “Иргэн Д.Ц  нь “...бие өвчтэй байхад аргагүй байдлыг далимдуулж гэрээ” хийсэн тул Д.Ц той байгуулсан гэрээ нь “дүр үзүүлсэн, нөхөж хийсэн гэрээ” гэж мэдүүлсэн тайлбарт шүүгч хөтлөгдөн, иргэн Б.Д , Д.Ц  нарын хооронд 2017 оны 1-р сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн ба фидуцийн гэрээг хүчингүйд тооцсоныг эрх зүйн зохицуулалтын үүднээс нь авч үзэж няцааж байна.

Үүнд: а/.Иргэн Б.Д , Д.Ц  нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн ба фидуцийн гэрээ нь Монгол улсын ямар нэгэн хуулийг зөрчөөгүй гэрээ. Тийм ч учраас энэ гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ц.Сэржмядаг нотариатч хууль ёсны гэрээ гэж үзэж гэрчилсэн байдаг. Нотариатч гэрээг гэрчлэхдээ талуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалж гэрчилдэг. Хэн нэгний талд илүү үйлчилдэггүй. Гэрээг гэрчлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээг хүчингүй байх шинж байдал байгаа эсэх мөн гэрээний стандартыг зөрчсөн шинж нөхцөл байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, нягталж байж гэрчилдэг. б/Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн 10 шинж, нөхцөл байдал энэ гэрээнд харагддаггүй. Энэ гэрээ бол зээлдэгч буюу барьцаалуулагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш. Энэ гэрээ бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш, энэ гэрээ бол үнэн санаанаасаа бус хийгдсэн гэрээ биш, энэ гэрээ бол эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл биш, энэ гэрээ бол сэтгэцийн хувьд эрүүл биш хүнтэй хийсэн хэлцэл биш, энэ гэрээ бол эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл биш, энэ гэрээ бол хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл биш, энэ 2 иргэнийг гэрээ байгуулахад хэн нэгэн албадаагүй, хэн нэгний дарамт шахалт дор хийгдээгүй, хэн нэг нь хүч хэрэглээгүй, хэн нэг нь ноцтой төөрөгдөөгүй. Харин энэ гэрээ бол энэ 2 иргэний хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Энэ гэрээ бол 2 иргэний ашиг сонирхлын нэгдэл байсан. Нэг талаас иргэн Б.Д гийн хөрөнгөө барьцаалан зээл авч, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэж, ажлаа амжуулан бүтээх гэсэн ашиг сонирхол, нөгөө талаас иргэн Д.Ц гийн мөнгөө зээлдүүлж, хүүгий нь авах гэсэн ийм 2 ашиг сонирхол нь энэ 2 иргэнийг зээлийн ба фидуцийн гэрээ байгуулахад хүргэсэн байдаг. в/.Хариуцагч энэ гэрээ бол “дүр үзүүлэн, нөхөж хийсэн гэрээ” учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлан, улмаар шүүгч энэ тайлбарт хөтлөгдөн, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иргэн Б.Д , Д.Ц  нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн ба фидуцийн гэрээг “нөхөж хийсэн гэрээ” гэж үзэж болохгүй. Анх гэрээгүй амаар, хүүгүй, барьцаагүй, 1 жилийн хугацаа бүхий нөхцөлтэйгөөр ам хэлцэл хийж авсан зээлийг талууд дахин 1 жилийн дараа харилцан тохиролцож, хүүтэй, барьцаатай, хугацаа хэтэрвэл алдангитай болгож зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж хийсэн гэрээ юм. Зээлийн харилцаанд оролцогч талууд ердөө “цор ганц гэрээ” хийнэ, эхэлж хийсэн гэрээ л хүчинтэй дараа нь нөхцөл өөрчилж хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн зохицуулалт Монголын хуулинд байхгүй. Гэрээний нөхцөл өөрчилж гэрээ байгуулахыг хориглосон заалт ч хуулинд байхгүй. Тухайлбал банк дээр жишээ авъя.”Ц” банк нь машин, 2 өрөө орон сууцаа барьцаалан зээлдэгч “Б”-д 15000 долларын зээлийг 1 жилийн хугацаатай 1,6%-ийн хүүтэй олгож, гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа зээлдэгч “Б” хувийн сууцаа нэмж барьцаалан  6 900 000 төгрөгийн зээлийг нэмж 1 жилийн хугацаатай авах хүсэлт гаргахад банк гэрээний нөхцлийг өөрчлөн зээлийн ба барьцааны гэрээ байгуулдагтай агаар нэг л асуудал юм. Энэ банкны жишээ шүүх дээр маргаад очиход шүүх 14 800 000 нэмж олгосон зээлийн ба барьцааны гэрээг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 282.4-т зааснаар анхны 15 000 доллар олгосон гэрээг гэрээ байгуулсанд тооцож, банкыг хохироох уу? Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй банк, иргэнд хууль адил тэнцүү үйлчлэх ёстой. Гэрээ байгуулах эсэх, гэрээний нөхцлөө өөрчлөх эсэх нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Үүнд шүүх хөндлөнгөөс халдаж талуудын хүсэл зорилгоо илэрхийлж, гэрээний нөхцлөө өөрчилж хийсэн гэрээг нь хүчингүйд тооцож гэрээний оролцогчийг хохироож байгаа нь хуульд яагаад ч нийцэхгүй байна.

Г. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн ба фидуцийн гэрээ байгуулах замаар иргэний эрх зүйн харилцаанд оролцсон иргэн Д.Ц , Б.Д  нарын гэрээний чөлөөт байдалд халджээ. Тайлбар: Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгуй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэсэн иргэний хуулийн зарчмыг алдагдуулжээ.

 Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь гэрээ байгуулах, нэгэнт байгуулсан гэрээний нөхцлөө өөрчлөн байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, татгалзах зэрэг нь гэрээний чөлөөт байдал, гэрээний эрх чөлөө юм. Хуулиар баталгаажуулсан талуудын гэрээний чөлөөт байдал гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс хэн ч халдах эрхгүй. Шүүх ч халдах эрхгүй. Анхан шатны шүүх гэрээний чөлөөт байх зарчмыг алдагдуулсанаас болж, иргэн Д.Ц  нь иргэн Б.Д д 15000 доллараа 2 жил шахам хэрэглүүлчихээд хүү ч үгүй, алданги ч үгүй, доллар зээлдүүлсэн тэр өдрийн маш бага ханшаар гаргуулахаар хууль бус шийдвэр гаргалаа.

Иймд энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Д.Ц гийн эрх ашгийг илтэд дэндүү хохироосон шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн хууль буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэр үнэн зөв, хууль ёсны байх, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын гэрээний чөлөөт байдал халдашгүй байх Иргэний хуулийн зарчмыг алдагдуулсан шийдвэрийг хуульд нийцүүлэн, иргэн Б.Д , Д.Ц  нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн ба фидуцийн гэрээг хүчинтэйд тооцож, зээлийн үндсэн төлбөр 38 130 000₮, хүү 6 900 800₮, алданги 12 964 200₮, нийт 57 995 000₮-ийг фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Д гээс барьцаалуулсан RODEX, 3000LC -7 маркийн эксковатороор хангаж, иргэн Д.Ц г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

         Нэхэмжлэгч Д.Ц  нь хариуцагч Б.Д гээс үндсэн зээл 43 130 000 төгрөг, зээлийн хүү 6 038 200 төгрөг, алданги 8 841 650 төгрөг, нийт 58 207 200  төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч зарим эсэхийг эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...өөрийн зээлсэн 15 000 долларыг төлнө, өвчтөй байх үед аргагүй байдлыг далимдуулан бичгээр хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү...” гэж үндэслэлээ тодорхойлжээ.

         Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Д гээс 30 697 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

        Анхан шатны шүүх талуудын хооронд үүрэг үүсэх үед нэг ам долларын төгрөгтөй харьцах ханш 2046.52 байсан гэж үзэн хариуцагч Б.Д гийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг тодорхойлжээ. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн  118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ. Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлах бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа явдал юм.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байхыг шаарддаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хураамж төлсөн эсэхийг нягтлан үзэж, хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэл гаргах үед нэг ам долларын төгрөгтөй харьцах ханш 2444.19 төгрөг гэж тооцсон боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн, шийдвэрийн үндэслэл болсон нэг ам долларын төгрөгтөй харьцах ханш хэд болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүйн улмаас, давж заалдах шатны шүүх дээрх алдаа, зөрчлийг зөвтгөж өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 518125 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.   

                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00599 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч Д.Ц гийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 518125 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НЯМДОРЖ

                                        ШҮҮГЧИД                          Т.ДАВААСҮРЭН

                                                                                   М.МӨНХДАВАА