| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000412 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Дорнод аймаг ******* сумын 11 дүгээр баг 5-16 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Улсын дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож байсан, ******* овогт ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч , нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, цагдаагийн ахлах ахлагч цолтой ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, самардах, цагдаагийн албаны хээрийн дүрэмт хувцсыг урж эсэргүүцсэн, цагдаагийн албан хаагчийн биед халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хорих ангиас суллагдаад удаагүй байгаа. Архи уухаараа муухай авир гаргаад байдаг. Цаашдаа архинаас хол байна гэж бодож байна. Эхнэр маань 2021 онд төрсөн. Одоо дахиад 3 сартай жирэмсэн. Би дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Надад нэг удаа боломж олгохыг шүүхээс хүсэж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа албан тушаалтай. Миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 13-ны оройн 18 цагаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний 00 цаг хүртэл тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, дэд ахлагч хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. ...2022 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед жижүүрийн 102 дугаарын утас руу ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд согтуу хүмүүс маргалдаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт эргүүлийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр тус баар руу очсон. Энэ үед тухайн баарнаас маш олон хүн гарч ирж байсан бөгөөд гэх залуу нэлээн согтсон байдалтай дээгүүрээ цээж нүцгэн хэн надтай зодолдох вэ, намайг барах хүн байхгүй шүү гээд үүдэнд байсан бүх хүн рүү дайраад агсраад байсан. Ингээд би эргүүлийн цагдаа хамт түүн рүү очиж тухайн залууд хандаж найзынхаа үгэнд ороод эрт очиж амар гэхэд тэрээр цагдаа нар зайлцгаа гээд орилоод шаардлага эсэргүүцээд явахгүй байсан. ...Тухайн залуу олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явж орилж чарлаад хүнтэй маргалдах магадлалтай байхаар нь эргүүлийн цагдаа хамт өчиг мэх хэрэглэн эргүүлийн машинд суулгаж эрүүлжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Гэтэл тухайн залуу эхлээд миний мөрдөснөөс бариад, куртикнээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь куртикээ тайлаад гавлах гэтэл түүнтэй явж байгаа бололтой аа гэх залуу нь бид хоёрыг эсэргүүцээд байсан юм. Энэ үед гэх залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...Миний нүүр шалбарсан, дотор талын хээрийн гитльний баруун талын халаас урагдсан байна. Тухайн үед ийн согтолтын зэрэг 2 бүхэл гарантай байсан. Эргүүлийн үүргээ гүйцэтгээд явж байхдаа архи уусан хүнд зодуулж хувцсаа уруулж олон хүний өмнө эвгүй байдалд орсондоо гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Дорнод аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа албан тушаалтай юм. Миний хувьд 2022 оны 10 дугаар сарын 13-ны оройн 18 цагаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний 00 цаг хүртэл тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. ... гэх залуу нэлээн согтсон байдалтай дээгүүрээ цээж нүцгэн хэн надтай зодолдох бэ, намайг барах хүн байхгүй шүү гээд үүдэнд байсан хүмүүс рүү дайраад агсраад байсан. Ингээд би эргүүлийн цагдаа хамтаар түүн рүү очоод тухайн залууд хандаж найзынхаа үгэнд ороод эрт очоод амар гэхэд тэрээр цагдаа нар зайлцгаа гээд орилоод шаардлага эсэргүүцээд явахгүй байсан. ...Энэ үед гэх залуу нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ... нүүр шалбарсан, дотор талын хээрийн гитльний баруун талын халаас урагдсан байсан. ...******* хандаж хүнтэй битгий муудаа, найзынхаа үгэнд ороод одоо яв гэж хэлэхэд би шоронд яваад ирсэн, эрүүлжүүлэхэд чинь нэг хоноод л гарчихна, та хоёр зүгээр зайлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ахыг өөрөө аваад явчихъя гэж бодоод цагдаа нарт хэлсэн боловч үгүй гэхээр нь эрүүлжүүлэх байр руу явуулахгүй санаатай дундуур нь орсон. баарны гадаа бахираад байх шиг байсан. Гэхдээ юу гэж орилоод байсныг нь санахгүй байна. тухайн үед явахгүй гээд цагдаагийн хувцас болон биед нь хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд хуурай дүү хамт дүү ажиллуулдаг Сүхжин хорооллын дунд байрлах “ДС” цахим тоглоомын газарт очсон. Очиход танил дүү , нар байсан. Ингээд бид дөрөв ын тээврийн хэрэгсэл дотор 1 литрийн архи хувааж ууцгаагаад 21 цагийн орчимд Чойбалсан буудлын хойд талд байрлах Галакси нэртэй бааранд орцгоосон. ...бааранд халуун байсан учир дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлсан байсан. талбайд бүжиглэж байх үедээ тэнд байсан нэг дээлтэй ахтай маргалдаж байхад нь би очиж дундуур нь салгаж тухайн дээлтэй ахад боль гэж хэлээд болиулж байхад аа ирээд ширээ рүүгээ авч явсан. Ширээн дээрээ сууцгааж байгаад хамт тамхи татахаар гарах үед хоёр цагдаа тухайн баарны үүдний хэсэгт зогсож байгаад буцаад гарцгаасан. ...гадаа гарахад тухайн хоёр цагдаа намайг эрүүлжүүлэх байр руу авч явна гэхэд дундуур орж би ахыгаа аваад явчихъя гэж хэлээд байсан. ...тухайн үед цагдаагийн алба хаагч нар намайг авч явна гэхэд нь бие болон хувцсанд нь хүрч эсэргүүцэл үзүүлсэн. Намайг явахгүй гэж эсэргүүцэл үзүүлэх үед тухайн хоёр цагдаа эхэлж миний баруун гарыг гавласан. Гавласан гар маань их өвдсөн учир зүүн гараараа нэг цагдаагийн нүүр рүү самардсан. Мөн цагдаагийн алба хаагчийн хувцасны халаасыг урсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/
Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 637 тоот дүгнэлтэд:
1. ын биед баруун, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/
- Камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/
- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 57-60/
- Дорнод аймаг дахь цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын тушаал, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 61-74/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалын хуулбар /хх-ийн 75-84/
- Дорнод аймаг дахь цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын даргын албан тоот /хх-ийн 85-86/
- *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 87-90/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-92/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 94-108/ болон шүүхийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, хүсэлт, дансны хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар бичлэг бүхий CD-г шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси баарны гадна согтуугаар дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч , нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , У. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 637 тоот дүгнэлт, Цагдаагийн газрын хэв журмын эргүүлийн чиглэл, хуваарь, эргүүлийн болон бусад алба хаагчдын өдөр тутмын ажлын дүн мэдээ, албан тушаалын тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон хувийн байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхэд саад учруулахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******өд 1 жил 2 сарын хорих ял, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг шоронжуулахгүй байх үүднээс торгох ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, ажлын хувцас урагдсан тул хохирлоо барагдуулж авмаар байна” гэж тэмдэглүүлсэн байх бөгөөд энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч ын өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА