| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/03681/И |
| Дугаар | 102/ШШ2019/01409 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2019/01409
| 2019 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2019/01409 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Хариуцагч: А ББСБ” ХХК нарт холбогдох,
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Азжаргал нь “Арвижих капитал ББСБ” ХХК-иас зээл авахдаа намайг хамтран зээлдэгчээр оруулаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие хамтран зээлдэгч болж зээлийг Д.Азжаргал авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй байсаныг тухайн үед миний бие мэдээгүй байсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 05-ний өдрийн 102/ШШ2017/00120 дугаарт захирамжаар 60 000 00 төгрөгийг Д.Азжаргал болон С.Анараас гаргуулан "Арвижих капитал" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төлбөрийг уг нь Д.Азжаргал төлж барагдуулна гэсэн. Төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Ариунзаяа нь хууль бус үйл ажиллагаа явуулан зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг хааж, зөвхөн урамшуулалын төлбөр авч хэргийг дуусгавар болгох хүсэл сонирхол байсныг тухайн үед нь миний бие хуулийн мэдлэггүй байсаны улмаас төөрөгдөлд орж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг “Арвижих капитал ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үе шаттай хийгдэх ёстой байсан боловч уг ажиллагаа явагдаагүй.
Шүүхийн шийдвэрт Д.Азжаргалаас мөнгө гаргуулахаар заасан байтал зөвхөн өөрийн урамшуулал төлбөрийг хурдан шуурхай олж авахын тулд намайг шахалт дарамтад оруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн өөрчлөгдөж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс урамшуулал гэх зүйлгүй болсоныг олж мэдлээ. Шүүхийн шийдвэрт Д.Азжаргал гэсэн хариуцагч байсаар байтал зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг төлсөн нь миний хувьд асар их хохиролтой байна. Миний ойлгож байгаагаар Д.Азжаргалаас төлбөр гаргуулах бүхий л боломжит арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямарч ажиллагаа хийгээгүй зөвхөн миний эд хөрөнгийг төөрөгдөлд оруулан н.Ариунзаяа нь зөвхөн өөрийн авах урамшуулалын төлбөрийн төлөө иргэн намайг хохироосонд гомдолтой байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт шилжүүлсэн миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууцыг надад буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 156 дугаар захирамжаар С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60 000 000 төгрөг гаргуулж “Арвижих капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, манай байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.Ань 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлт нь С.Аби тус албанд хандаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохирсон тул “Арвижих капитал ББСБ” ХХК-д шилжүүлж өгнө үү гэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр төлбөр төлөгч төлбөрөө төлөхөөр хүсэлтээ гаргаад ирж байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг тооцож, Д.Азжаргалд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон тул уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь өөрөө нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ өгсөн байх тул уг хүсэлт нь түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Аболон Д.Азжаргал нар нь хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг 60 000 000 төгрөг болгож С.Ань өөрөө Д.Азжаргалыг давхар итгэмжлэлээр төлөөлөөд шүүх хуралдаанд оролцож, зохигчид эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Уг зээлийн гэрээний барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэж эвлэрсэн байдаг.
Ингээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул “Арвижих капитал ББСБ” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед С.Аөөрөө хүсэлтээ гаргасан байгаа. Уг хүсэлт нь төлбөр төлөгч С.Ариунтуяа, Д.Азжаргалын төлбөрийг төлж чадахгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлөх болно гэж хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ дан ганц С.Абиш, н.Азжаргалын төлбөрийг төлөхөөр хамт нэрээ бичиж нотариатаар гэрчлүүлсэн байх тул уг хүсэлт нь хуулийн шаардлага хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн өмчлөлд уг байрыг шилжүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг ажиллагааг өөрөө мэдэж байсан, хүсэл зоригийнхоо хүрээнд хүсэлтээ бичиж өгсөн ба үүсэх үр дагаврыг нь бүрэн мэдэж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ань хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон “Арвижих капитал ББСБ” ХХК-д холбогдуулан “хууль бус явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг хүчингүйд тооцон ажиллагааг эхнээс нь явуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа “үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин эхлүүлэх” гэж өөрчилсөн боловч шүүх хуралдаанд шаардлагаа “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх” гэж тодорхойлсон. Шаардлагын үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллын дагуу явуулаагүй, бусад төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч хуурч мэхлэн шилжүүлж авсан” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нар шаардлагын үндэслэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үгүйсгэн маргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх” шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж өөрт учирсан хохирол шаардаагүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах зорилготой байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх шаардлагыг хариуцагч нарт хамтад нь холбогдуулсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шаардлагын тухайд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00120 дугаар захирамжаар хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Арвижих капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Хариуцагч нар шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60 000 000 төгрөг гаргуулан төлбөр авагч “Арвижих капитал ББСБ” ХХК-д олгохоор шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01010 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсан байна. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхийг шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлийг төлбөр төлөгч Д.Азжаргалд хүлээлгэн өгсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно.
Төлбөр төлөгч С.Ань шүүхийн шийдвэрт заасан 60 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 457 950 төгрөгийн хамт нийт 60 457 950 төгрөгийн төлбөрт өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2205010045 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууцыг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхийг хүссэн өргөдлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байна. Ийнхүү төлбөрт төлөгч С.Ариунтуяагийн хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон төлбөр авагч “Арвижих капитал ББСБ” ХХК-д шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч С.Ашүүхийн шийдвэрт заасан төлбөрт сайн дураараа өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгч, төлбөр авагчтай эвлэрсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86, 89 дүгээр зүйлд зааснаар эхний ээлжид төлбөрт төлөгч-иргэний бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах бөгөөд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна. Хэрэв төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Түүнчлэн, төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулан, суутгал тооцож болно.
Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.Ань өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураараа төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргасан тул хуульд заасан дээрх ажиллагааг хэрэглэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах боломжгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй юм.
Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэрээр хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрээр тэдний үүргийг тусгайлан зааглаагүй байна. Иймд төлбөрийг дан ганц С.Атөлсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэл болохгүй. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч С.Ариунтуяаг хуурч мэхлэн хүсэлтийг бичүүлсэн гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг үндэслэл нь хохиролтой холбоотой шаардлагад хамааралтай байх бөгөөд нэхэмжлэгч нь хохирол шаардаагүй байна.
2. Хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-д холбогдох шаардлагын тухайд:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00120 дугаар захирамжаар хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Арвижих капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар С.Аөмчлөлийн Улсын бүртгэлийн 2205010045 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууц хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-д шилжсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн уг шаардлагад хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-ийг буруутгах үндэслэл харэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 29 дүгээр дугаар зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хариуцагч “Арвижих капитал ББСБ” ХХК нарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ариунтуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН