Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/01578

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/01578

                              Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ДМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Б

 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох

 

гэрээний үүрэгт 405 280 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, түүний өмгөөлөгч Ш.С, хариуцагч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, түүний өмгөөлөгч П.Ц, гэрч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь “Дестинейшньмонголия” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож К/16 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний дотор Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байрны 16 тоот орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Бидний зүгээс орон сууцны өмчлөлийг түүний хүссэний дагуу М.Бын дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул түүнд орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа.

 

М.Б нь уг орон сууцыг цааш нь дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдад худалдсан байна. Уг орон сууцыг худалдан авсан хүн нь Д.Бээс авлагтай байсан тул Д.Б нь өрөндөө тооцож өгсөн байсан. Д.Б нь гэрээний дагуу төлбөрийг бидэнд төлөөгүй байгаа. Түүнчлэн, Д.Б нь “Дестинейшньмонголия” ХХК-д уг орон сууцны төлбөрийг төлөх болохоо амлан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан боловч биелүүлээгүй. Иймд Д.Бээс орон сууц худалдан авсан гэрээний үүрэгт 270 187 500 төгрөг, гэрээнд заасан алданги 135 093 750 төгрөг, нийт 405 280 500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Харин хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасандорж, түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Жигмэдсанжаа нь “Дестинейшньмонголия” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Д.Б нь түүний барьж буй орон сууцанд хөрөнгө оруулагч олж өгөхөд зуучилсан ба үүний хариуд Ч.Жигмэдсанжаа нь өөрийн барьж буй орон сууцнаас нэг орон сууцыг Д.Бт өгнө гэж ярьдаг байсан.

 

Түүнчлэн, Ч.Жигмэдсанжаагийн бас нэг хувьцаа эзэмшдэг “Энержи По Эверу” ХХК нь Улаанбатаар төмөр замын зүтгүүрийн депод 300 000 ам.долларын аккумляторын гэрээ хийсэн. Энэхүү гэрээ хийхэд Д.Б уг аккумляторыг танилцуулах, ашиглах талаар судалгаа хийж, олон удаагийн уулзалт ойлголцлын үр дүнд уг гэрээг хийсэн. 2015 онд Улаанбаатар төмөр замын Суудлын воган депод Д.Бийн олон жилийн яриа хэлцэл ойлголцол туршилтийн ажлын үр дүнд 1 300 000 000 төгрөгийн гэрээ хийж нийлүүлж мөнгөө авсан. Энэ үед Ч.Жигмэдсанжаа надад шүүхээр нэхэмжлээд байгаа уг гурван өрөө байраа өгсөн. Уг орон сууцыг би өртэй байсан Т.Пүрэвхатанд 200 000 000 төгрөгт тооцоод өрөндөө өгсөн. Т.Пүрэвхатан байр авахаас цааргалж байсан хэдий мөнгийг нь гаргаж авахийн тулд М.Б гэдэг хүний нэр дээр гэрчилгээг гаргуулж банкнаас өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан.

 

Ч.Жигмэдсанжаагаас авсан байрны хэлцэлд Т.Пүрэвхатан, М.Б нар бол ямарч хамаагүй хүмүүс. Тэр байрны төлбөр тооцоо Ч.Жигмэдсанжаа Д.Б хоёрын хоорондын асуудал. Д.Б нь “Дистейнэшньмонгол”  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Жигмэдсанжаатай хамтран ажилласны үр шимд тооцож дээрх орон сууцыг авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК нь хариуцагч М.Б, Д.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 405 280 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч М.Бт холбогдох хэсгээс татгалзажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний дагуу орон сууц худалдан авсан төлбөрт 270 187 500 төгрөг, алданги 135 093 750 төгрөг, нийт 405 280 500 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бол хариуцагч Д.Б нь “орон сууцыг хамтран ажиллах гэрээний үр шимд нэхэмжлэгчээс авсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх хариуцагч Д.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч М.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

1. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч М.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан К/16 дугаартай “орон сууц захиалгаар бариулах гэрээ”, мөн нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан К/16 дугаартай “орон сууц захиалгаар бариулах гэрээ” тус тус авагдсан байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч М.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан К/16 дугаартай “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байр, 16 тоот хаягт байрлах орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч М.Бт хүлээлгэн өгөх, М.Б нь уг орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр заасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Бтай байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн газарт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дээрх орон сууцыг хариуцагч  М.Бын өмчлөлд бүртгүүлэх, хариуцагч  М.Б нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус гаргаснаар уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд М.Б бүртгэгдсэн байна. Улмаар хариуцагч М.Б нь гэрээний үндсэн дээр уг орон сууцыг Т.Пүрэвхатангийн өмчлөлд шилжүүлж, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлт бүртгүүлсэн байна.

 

2. Нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан К/16 дугаартай “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ээр нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч Д.Бт хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б нь гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Дөрвөн бэрх” төслөөс нийт 170 ширхэг орон сууцыг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын ажилчдад туваарийн дагуу нийлүүлсэн тохиолдолд гэрээний зүйл болох орон сууцны үнэ  270 187 500 төгрөгийг төлсөнд тооцохоор тохиролцсон байна. Улмаар хариуцагч Д.Б нь уг гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул талууд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.

 

3. Нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-р нэхэмжлэгч нь  Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 107А дугаар байр, 16 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь үнэ 270 187 500 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр заажээ.

 

Дээрх үйл баримтаар хариуцагч Д.Б болон нэхэмжлэгч нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээний үндсэн дээр үүссэн гэж үзэхээр байна. Учир нь, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б, М.Б нартай 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээг байгуулахаас өмнө буюу 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар орон сууцыг хүлээн авсан буюу гэрээг байгуулах үед орон сууц ашиглалтад орсон байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бийн хүсэлтийн дагуу М.Бтай тухайн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, М.Бын өмчлөлд шилжүүлсэн нь хариуцагч Д.Бийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд тухайн орон сууцыг анхнаасаа М.Б худалдан авах зорилгогүй, зөвхөн улсын бүртгэлд М.Бын нэр дээр бүртгүүлэх зорилгоор гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бийн хүсэлтийн дагуу орон сууцыг М.Бын өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч М.Б тухайн орон сууцыг худалдан авах хүсэл зоригтой байсан нь түүний нэхэмжлэгч талд 2015 оны 10 дугаар сарын 13-ны, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасан өргөдөл болон түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна. Харин цаг хугацааны хувьд нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “зээлээр худалдах-худалдан авах гэрээ” нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээний дараа байгуулагдсан байх тул К/16 дугаар гэрээг баталгаажуулсан баримт гэж үзэхээр байна.

 

Иймд талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээний дагуу худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийг орон сууцыг хариуцагч буюу худалдан авагч Д.Бт хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Учир нь, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бийн хүсэлтийн дагуу тухай орон сууцыг М.Бт шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрээний 4.1-д төлбөр төлөх нөхцөлийг заасан байх бөгөөд хариуцагч Д.Б уг үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй атлаа гэрээний зүйлийг шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний төлбөрт орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Д.Б нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчтэй хамтран ажилласан гэрээний ашиг гэж маргаж байх боловч уг татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Хариуцагч нь иргэн Ч.Жигмэдсанжаатай хамтран ажилласан нь нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г нэхэмжлэгч талыг төлөөлөх эрхгүй этгээд Ч.Жигмэдсанжаа байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлаар Ч.Жигмэдсанжаа ажиллаж байгаад Ж.Цэвээндорж 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөн бүртгэгдсэн байхаас гадна Ч.Жигмэдсанжаа нь нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч байна. Мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК нь уг гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар шаардлага гаргаагүй байхаас гадна шүүх талуудын хооронд уг гэрээний үндсэн дээр үүрэг үүссэн гэж үзээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд мөн зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

 

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн К/16 дугаар гэрээний гэрээний 8.2-т талууд алдангийн талаар захиалагч гэрээний төлбөрийг төлөөгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцохоор заасан. Хариуцагч Д.Б нь гэрээний 4.2-т зааснаар орон сууцны үнэ 270 187 500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний хариуцлагад гэрээнд заасан алданги шаардах эрхтэй. Гэрээнд зааснаар алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 135 093 750 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна. Гэвч 50 хувиар тооцсон алданги болох 135 093 750 төгрөг илт их байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 100 000 000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Бээс 370 187 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 093 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 370 187 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дестинейшньмонголия” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 093 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч М.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 184 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 2 008 887 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН