Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1821001250431 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Алтангадас одон, Монгол Улсын Гавьяат эмч цолоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн 7 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа биед үзлэг хийж, онош тодруулах, баталгаажуулах, мөн дээрх зорилгоор их эмч , , нар нь тасгийн зөвлөх эмчийн хувьд хандахад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн тасгийн бүтэц, үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар батлагдсан “Зөвлөх эмчийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасан “Зөвлөх эмч нь тасагт хэвтэн эмчлүүлж байгаа онош тодорхойгүй байгаа болон хүнд өвчтөнг үзэж эмчилгээ оношилгооны асуудлыг шийдвэрлэх, мөн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ” гэсэн албан үүрэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд зөвлөх эмчийн үүргийг гүйцэтгэж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний талийгаач охин 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад миний гар утас руу залгаад 5 дахь өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сургуулиасаа тарж байхдаа шатан дээрээс үсрээд хөлөө эвгүй болгочихлоо гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хандаж эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин минь миний гар утас руу залгаад эмнэлэгт ирээд хөлөө шохойдуулсан. Миний хөл өвдөөд байна, та ирэхгүй юм уу гэж хэлсэн. Маргааш нь дахиад миний хөл өвдөөд байна, та ирээч гэж хэлэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөө аваад 16 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. Энэ үед манай охин гэртээ хэвтэж байсан бөгөөд миний хөл өвдөөд, намдахгүй байна гэж хэлээд уйлаад байхаар нь аавынхаа хамт эмнэлэг дээр ирээд өглөө нь үзсэн эмчид үзүүлэх гэсэн боловч тараад явчихсан байсан. Ингээд эмч нь байхгүй байсан учраас хүлээн авах тасаг руу ороход жижүүрийн эмч гэдэг махлаг цагаан царайтай, нүдний шилтэй эмч үзээд ...хөлийг нь боогоод явуулчихсан. ...Ингээд гэртээ ирээд 6 цагт эмчийн бичиж өгсөн эмийг уулгасан боловч өвчин нь намдахгүй уйлаад байсан учраас 00 цагийн үед түргэн дуудахад гэдэг эмч ирж үзээд анельгин, демодрол гэдэг тариа хийх гээд доошоо хар гэж хэлсэн чинь манай охин бөгсөө дийлэхгүй, хоёр хөл мэдээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тариа хийгээд бөгс чинь мэдээгүй болсон юм байлгүй дээ гэж хэлээд тариа хийлгэсэн юм. Өвчин намдаах эм таллаж өгөөд өглөө 6 цагт талыг нь өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед эмч болохгүй бол эргээд яриарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд шөнө 03-04 цагийн орчимд охин минь сэрээд хурдан өглөө болоосой, өвдөөд байна гэж хэлж байсан бөгөөд миний охины духан дээгүүр улаан өнгийн зүйл туурч гарсан байхыг анзаарч харсан. Урьд өдөр нь буюу 31-ний өдрийн 19 цагийн орчимд миний таньдаг хүн надтай гар утсаар ярихаар нь болсон зүйлийн талаар хэлэхэд бүр болохгүй бол эмчид хэлээд өгье. Очоод үзүүлчих гэж хэлсэн болохоор нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд эмчид очиж үзүүлэхэд суудлын мэдрэлийн өрөвсөл байж магадгүй гэж хэлээд нурууны зураг авахуулаарай гэж хэлсэн. Охиныхоо духан дээрх тууралтыг нь харуулсан чинь салхин цэцгийн шинж тэмдэг байна гэж хэлэхээр нь халдвартад очиход залуухан эмэгтэй эмч ирж үзээд халдвартад хэвтүүлж ажиглая, цэврүү үүсэх нь үү гэж хэлээд шууд хэвтүүлсэн юм. Халдвартын эмнэлэгт хэвтсэний дараа цусны шинжилгээ аваад шинжилгээний хариуг надад танилцуулаагүй. Энэ үед охин ы бие муудчихсан зүрх өвдөөд байна гэж хэлээд байсан. Ингээд үдээс хойш 14 цагийн орчимд мэсийн эмч ирж үзчихээд ямар нэгэн зүйл хэлэхгүй яваад өгсөн. 16 цагийн орчимд Маршал мед эмнэлэгт нурууны зургийг нь авахуулахаар охиноо өргөөд явж байхад зүрхнийх нь цохилт надад мэдэгдэж байсан юм. Ингээд эмнэлэгт ирж нурууны зургийг авахуулахдаа эмчид нь өмнө хөлийнх нь зургийг авахуулсан. Одоо нурууны зураг авахуулж байна гэж хэлсэн чинь Улаанбаатар хот руу явсан нь дээр байхдаа гэж хэлж байсан. Ингээд буцаад халдвартын эмнэлэгт ирээд 16 цагийн орчимд эм өгсний дараа далан дээгүүр нь битүү улаан зүйл гарчихсан чинь тухайн өдрийн эмч харшил байна гэж хэлээд харшлын эм өгсөн. ...Орой хоолоо идэхгүй байсан. Ингээд 19 цагийн орчимд өвчтэй хөл минь халуу оргиод загатнаад байна гэж хэлээд маажих гээд гипсээ тайлах гээд байсан. Би дотроо гайгүй болж байгаа юм болов уу гэж бодоод баярлаад байсан чинь үгүй байсан юм байна лээ. ...Тэр орой нь охины минь хоёр хөл, гар нь хөрөөд байсан чинь хүйтэн өрөөнд даараад байгаа юм байлгүй дээ гэж хэлээд өрөөг нь сольж, зузаан хөнжлөөр хучаад бүлээн жин тавь гэж хэлсэн боловч охин минь даарахгүй байна гэж хэлээд хөнжлөө сөхөж хаяад байсан. Тухайн үед эмч нарт нь миний охины шээс хаагдаад хөл нь хөрөөд байна гэж хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй тоохгүй, миний хүүхэд өвчинд шаналаад уйлж байхад хүүхдээ дуугүй болго, энд олон хүн хэвтэж байгаа гэж хэлж байсан. ...Ингээд их эмч 23 цагийн орчимд ирж үзээд ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. ...Энэ үед хүүхдийн эмч, сэхээний эмч нар ирсэн. Миний охиныг харчихаад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр шууд гараад яваад байсан. Ингээд эмч нар ирээд зөвлөлдөж байна гэж хэлээд алга болцгоосон. Хоёр сувилагч судсанд нь тариа хийх гэсэн боловч судас нь олдоогүй. Тэгээд 23 цагаас хойш ухаангүй болоод 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шөнийн 02 цаг 40 минутад нас барсан. ...Миний охин 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эмнэлэгт хандаж эмчлүүлэх гэсэн боловч ямар нэгэн шинжилгээ хийгээгүй, 5 хоног нойр, хоолгүй, эмчийн бичиж өгсөн эмэнд намдахгүй тарчилж байгаад өвдөлтийн шоконд орж нас барсан. Эмнэлгийн байгууллага болон эмч нар яаралтай тусламжийг цаг алдалгүй аваагүй, эм бичиж өгөөд буцаагаад явуулдаг байсан. Үзсэн эмч болгонд нь намдахгүй байна гэж хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй, мэдлэг, сэтгэл хоёр нь дутсан юм бол ядаж Улаанбаатар хот руу яаралтай очоод үзүүлэх талаар огт хэлээгүй. Миний охин нас барсны 1-2 хоногийн дараа дарга тухайн үед миний охиныг үзсэн бүх эмч нарыг дуудаж хурал хийхэд 20 орчим эмч нар ирсэн бөгөөд эхлээд аав, бид хоёр мэдүүлэг өгч байгаа шигээ эхнээс нь яриад дууссан чинь эмч босоод энэ хэрэгт манай мэсийнхэн доороосоо дээшээ бүгд оролцсон юм байна. Эртхэн арга хэмжээ авч чадаагүйд уучлаарай гэж хэлсэн. ******* эмч дараа нь босоод тиймээ би энэ хүүхдийг хамгийн анх үзсэн эмч нь байна. Тусламж үзүүлж чадаагүй нь харамсалтай байна гэж хэлээд уучлалт гуйсан. Тэнд байсан эмч нар бүгдээрээ босож уучлалт гуйцгаасан юм. Миний хувьд эмч нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 133-134/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчимд миний ач охин Ч. нь хичээлээ тарсан. Би орой болгон охиныгоо сургуулиас нь тосож авдаг, тэр өдөр ч гэсэн тосож авахад охины хөл өвдөж байгаа талаараа ямар нэг зүйл хэлээгүй. Зүгээр л алхаж яваад бид хоёр гэртээ очсон. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 27-ны хагас сайн өдөр охин маань хөл жоохон өвдөөд байна, баруун хөлийн өсгий өвдөөд байна гээд өлмий дээрээ яваад байсан. Тэгэхээр нь би миний охин хөлөө яасан юм бэ, яагаад өвдөөд байгаа юм бэ гэхэд сургуулийн шатыг 2-3 алгасаж үсэрч буусан, тэгээд өвдөөд байна гэж хэлсэн. Ингээд тэр шөнөөс хойш хөл өвдөөд байна гээд уйлагнаад эхэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цагийг нь санахгүй байна, ач охины маань аав ирж охиныгоо  эмнэлэгт үзүүлэхээр авч яваад удалгүй ирээд хүлээн авахад үзүүллээ, нэг дэх өдөр зургийг нь авахуул гэж байна гэж хэлсэн. Ингээд аав нь яваад өгсөн. Тэр шөнө ч гэсэн ач охин маань хөл өвдөөд байна гээд уйлж хоносон.  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө охин маань хөл өвдөөд байна гэсээр л байсан учир сургуульд нь явуулаагүй, эмнэлэгт очих гэсэн боловч үзүүлэх номер аваагүй учир үзэхгүй байх гэж бодоод охиныгоо харзнаж гэрт нь өнжөөсөн. Гэтэл охин маань орой нь хөл өвдөөд байна гээд орилоод байсан учир арга буюу 17-18 цагийн орчимд БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиход мэс заслын ******* эмч байсан. ******* эмч үзчихээд охины чинь зургийг авахуулна гэсэн тул зургийг нь авахуулсан. Зургийг нь ******* эмч хараад манай аппарат муу, тод гараагүй байна, маргааш төлбөртэй зураг авдаг газар очиж зургийг нь авахуулаарай гэж хэлсэн. ...тэр шөнөдөө өнжөөд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө охиныгоо авч хувийн зураг авдаг газар зургийг нь авахуулаад, ...зураг уншдаг эмч нь болох эрэгтэй эмч үзээд өсгийндөө гэмтэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд буцаж гэмтлийн тасаг руу нь очиж 2 давхрын 215 тоот өрөөнд орж эрэгтэй залуухан эмчид зургийг нь үзүүлэхэд өсгийндөө гэмтэлтэй байна гээд шохойдож, эм бичиж өгөхөөр нь үйлчилгээний Монос эмийн сангаас дээрх эмүүдийг нь авсан. Гэртээ очиж охиндоо эмийг нь өгөөд орой хүртэл харсан боловч өвчин нь намдахгүй хэвээрээ хөл гээд уйлаад байсан. Тэгэхээр нь арга ядаад 20 цагийн орчимд өөрөө машин авч эмнэлэг рүү дахин очиж хүлээн авах тасагт очиход залуухан эрэгтэй эмч үзээд гайгүй л байна шүү дээ, юунд нь уйлаад байгаа юм бэ гээд загнаад байсан. ...Гэртээ ирээд мөн л эм өгсөн боловч намдахгүй байхаар нь 00 цагийн үед түргэн дуудсан, түргэний эмч гэж залуухан эмч ирээд аналгин демодрол хийгээд одоо гайгүй байх гээд яваад өгсөн. Тэр тариаг хийснээс хойш 30-40 минут гайгүй болоод дахиад л хөл гээд орилоод эхэлсэн. Тиймээс шөнө 03 цагийн үед хамаатныхаа залууг дуудаж машинтай дахин хүлээн авах тасаг руу явсан, ...эмч нь ирэхгүй байсаар 05-06 цагийн орчимд 30 орчим насны нүдний шилтэй залуу эмч ирж үзээд одоо гипсийг нь авсан юм чинь өвдөхгүй, бага зэргийн өвдөлт байлгүй яахав гээд тоогоогүй, мөн өглөө гэмтлийн эмчид үзүүл гээд буцаагаад явуулсан. Тэгээд би өглөө үүрээр гэртээ ирээд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 09 цагийн орчимд охиноо аваад буцаж гэмтлийн тасагт очиж үзүүлэхэд эрэгтэй залуухан эмч байсан. Тэр эмч үзээд зургийг нь харчихаад өө гайгүй юм байна, хөл нь юм уу, тэгвэл зүгээр гээд тоогоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 146-147/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төвд 2018 онд багажийн шинжилгээ болон ретген 3, ЭХО-ны аппарат 5 байсан мөн 1 ширхэг компьютер томограф ашигладаг байсан бөгөөд уг аппарат үе үе гэмтэл гарах тохиолдол байдаг боловч тухай бүр нь засвар хийгдэж хэвийн ашиглалтад оруулдаг байсан. Тухайн үед уг тоног төхөөрөмж хэвийн байсан. Лабораторийн шинжилгээнүүд бүгд хэвийн байсан бөгөөд иргэдэд түргэн үйлчлэх бололцоогоор хангах ёстой байдаг. 2017 онд манай төвд Эрүүл мэндийн яамны хөрөнгөөр “Сэтүнари” гэдэг компани лабораторийн аппаратууд нийлүүлж оруулж байсан. 2018 оны 01 дүгээр сард тус аппаратын ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 197/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2014 оны 01 дүгээр сараас хойш хугацаанд БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Жижүүрт гарч байгаа эмчид өөрийнхөө оношоо тодруулах, батлахын тулд бүх төрлийн шинжилгээ хийлгэх эрх мэдэл нь байгаа. Өөрөө шаардлагатай гэж үзвэл ахлах эмчдээ ЭХО, рентген, лабораторийн шинжилгээг амралтын өдөр болон шөнө оройн аль ч цагт дуудаж хийлгэх эрхтэй. Манай БОЭТ-ийн дүрэмд удаа дараа ирсэн өвчтөнд ийм арга хэмжээ ав, тийм шинжилгээ хийж эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн яг тогтоож өгсөн дүрэм журам байхгүй, удаа дараа ирсэн өвчтөнд үзлэг хийсэн эмч л өөрөө өвчтөнийг зөвлөх эмчдээ үзүүлэх, хэвтүүлэх эсэхээ шийдэх ёстой...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 203-205/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шиг санаж байна Ч. гэх охин өвөөтэйгөө хамт ирж надад үзүүлсэн. Би тухайн өдөр мэс засал гэмтлийн тасгийг төлөөлөн жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэр үед өвөө нь надад охин маань хоёр гурав хоногийн өмнө сургуулийнхаа шатнаас үсэрч бууснаас хойш хөлийнх нь тавхай өвдөөд, гишгэх үед өсгий нь өвдөөд байна гэж хэлээд надад хөлийнх нь рентген зургийг үзүүлсэн. Хөлийнх нь рентген зургийг харах үед дүгнэлт өгөх ямар ч боломжгүй маш бүдэг, муу зураг байсан учир өвөөд нь зураг шаардлага хангахгүй байна, хугарал байхыг үгүйсгэхгүй, Маршал мед гээд хувийн эмнэлэгт очиж дахин рентген зураг авахуулаад, зургийг нь уншуулаад эмчээр нь бичүүлээд хүрээд ир гэж хэлээд явуулсан. Үдийн дараа болж байхад өвөө нь Маршал мед эмнэлэгт рентген зураг авахуулаад ирсэн байсан ба уг зургийг авсан  эмч “Өсгий ясны цууралттай, өөр ясанд эмгэггүй байна” гэж бичсэн байсан ба хувийн эмнэлгээс хүрч ирэх үед нь би хөл нь гэмтэл авснаас хойш гишгэх үед өвдөөд байна гэхээр нь түүнд өвчин намдаах тариа хийгээгүй шиг санаж байна. Би ямар ч эм бичиж өгөөгүй. Тэгээд би өвөөд нь та маргааш өглөө хүрээд ир, очер дугаар авах хэрэггүй, би таны охиныг гэмтлийн эмчид үзүүлж, эмчилгээг нь шийдүүлж өгнө гэж хэлээд г өвөөтэй нь цуг буцаасан. Маргааш нь би ажил цуглах үед гэмтлийн эмч ын дугаарын утсаар залгаад хөлийн өсгий яс нь цуурсан хүүхэд очно, чи хүлээж аваад шийдээрэй, нээх сүртэй юм биш, шохойн боолт хийгээд явуулаарай, хүүхэд юм чинь хөдөлгөөн нь хязгаарлагдахаар дорхноо эдгэчихнэ гэж хэлсэн. Ингээд аар шохойн боолт хийлгэсэн байсан. Миний хувьд энэ асуудал дээр ганцхан өөрийгөө буруутгадаг юм. Тухайн үед хугарал нь тодорхой болчихоод байхад би өөрөө шууд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлчих нөхцөл байдал байсаар байхад уг тусламж үйлчилгээг үзүүлээгүй. Тухайн өвчтөний өсгий ясны хугарлыг хэт хөнгөнөөр үнэлж маргааш ир гэж явуулдагт маш том алдаа гарлаа. Би 30 жил мэс заслын эмчээр ажилласан, мөн зөвлөх зэрэгтэй, Монгол Улсын гавьяат эмч хүн. Манай тасгийн эмч нар бүгд надаас зөвлөгөө авсан. эмч 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 04:00 цагийн орчим надтай миний дугаарын утсаар залгаж өвчтөний талаар асууж зөвлөлдсөн. Мөн эмч намайг ажил тараад явж байхад уулзаж зөвлөгөө авсан. Би энэ хүүхдийг өөрийн биеэр үзсэн, дээрээс нь би энэ охины оношинд итгэлтэй байсан учраас асуумжид тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүл гэдэг зөвлөмж өгсөн нь бусад эмч нарын /, , / өвчтөнд үзүүлэх анхаарал болгоомжтой хандах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн байх. Анх над дээр л онош нь тодорхой болж байх үед би өөрөө шохойн боолтыг цаг алдалгүй тавьж эмийн эмчилгээг өөрөө үзүүлсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Мөн манай эмч нар энэ хэрэгт холбогдохгүй байх байсан гэж одоог хүртэл харамсаж байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад: Эмч хувьд: г үзээд яаралтай түргэн тусламжийн хуудаст нь бичилт хийгээд рентген зураг авахуул гэж бичсэн байсан. Тухайн үед ажлын цаг дууссан байх үед ирсэн байсан. Асуумжаар болон бодит үзлэг хийхэд хугарлыг шууд оношлох боломжгүй юм. эмч гэмтлийг тодорхойлохын тулд хамгийн түрүүнд хийгдэх ёстой шинжилгээг хийлгэхийг зөвлөсөн байна. Эмч ын хувьд: Өвчтөнийг амбулаториор хүлээн авч үзсэн, үзлэг хийсэн, онош тавьсан, тохирох эмчилгээ буюу хөдөлгөөн хязгаарлах гөлтгөнө боолт /шохой/ хийж, өвчтөнд үнэлэлт дүгнэлт өгсөн байна, эмийн эмчилгээ зөвлөсөн байна. Эмч ын хувьд: Хүлээн авах тасгаар хүлээн авч үзсэн, үзлэг хийсэн, онош тавигдсан байсан өвчтөний зовууриас шалтгаалан хөдөлгөөн хязгаарлах гөлтгөнө боолт /шохой/-ыг тайлж шалгасан байна, өвчтөнд үнэлэлт дүгнэлт өгсөн байна, өвчтөнийг хянаж хүлээн авах тасаг хянаж хонуулсан байна, эмийн эмчилгээний талаарх зөвлөгөө өгсөн зэрэг нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж болно. Эмч ийн хувьд: Хүлээн авах тасгаар хүлээн авч үзсэн, үзлэг хийсэн, онош тавигдсан байсан, өвчтөний зовууриас шалтгаалан хөдөлгөөн хязгаарлах гөлтгөнө боолт /шохой/-ыг тайлж шалгасан байна, өвчтөнд үнэлэлт дүгнэлт өгсөн байна, өвчтөний картад эмийн эмчилгээний талаарх зөвлөгөө өгсөн, шаардлагатай тохиолдолд Зөвлөх эмчид үзүүлэх талаар шийдвэр гаргасан биелүүлсэн зэрэг нь үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж болно. Шээс цусны шинжилгээ аваагүйн тухайд: Уг шинжилгээг үзүүлсэн хүн бүрд хийхгүй. Өвчтөний тухайд 2 шат алгасаж үсэрсэн гэсэн асуумжтай, гишгэх үед хөл нь тавхайгаар эмзэглэж өвдөж байна гэсэн өгүүлэмжтэй ирсэн учраас хөлийн ясанд хугарал байна уу, ясны бүтцийн өөрчлөлт байна уу гэдгийг тогтоох зорилгоор рентген зураг авахуулах ёстой юм. Бүх эмч нар дээр гишгэхээс бусад үед хөл нь өвдөхгүй байсан ба халууралт, хордлого байхгүй өөр өвчний шинж тэмдэг илрээгүй учраас түүнээс цусны шинжилгээ авах шаардлага байгаагүй байна. Ер нь энэ шинжилгээг хурц өвчин, идээт үрэвсэл, ясны ил хугарал, хагалгаанд бэлтгэгдэж байгаа өвчтөн зэрэгт зайлшгүй хийхээс биш ясны далд, зөрүүгүй хугарал, зөөлөн эдийн гэмтэл, толгой, нурууны өвдөлт гэх мэт олон зуун өвчин болон шинж тэмдгийн үед уг шинжилгээг толгой дараалан хийх заалт байхгүй. Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй хүн бол би болоод байна. Манай тасгийн эмч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 96/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 98/

- Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх-ийн 99/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 100-102/

- Цогцсыг оршуулсан газргаас гарган шинжлэх тухай тогтоол /1 хх-ийн 106/

- Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 107-111/

- Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл /1 хх-ийн 113/

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралтууд /1 хх-ийн 114-122/

- Эмнэлгийн тусламжийн алба, Чанарын албаны өргөтгөсөн хурлын тэмдэглэл /1 хх-ийн 123-125/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 126-128/

- Гэрч ын мэдүүлэг /1 хх-ийн 150-151, 153-154/

- Гэрч ын мэдүүлэг /1 хх-ийн 155-156, 158-160

- Гэрч ийн мэдүүлэг /1 хх-ийн 161, 163-165/

- Гэрч гийн мэдүүлэг /1 хх-ийн 166-167, 169-170/

            - Гэрч Д.ийн мэдүүлэг /1 хх-ийн 175-176, 178/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 179/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 180/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 181-182/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 184/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 185/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 187/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 189-190/

            - Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 192/

- Гэрч мэдүүлэг /1 хх-ийн 195/

- Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол /1 хх-ийн 206-208/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаар дүгнэлт /1 хх-ийн 210-214/

-Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар дүгнэлт /1 хх-ийн 250/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 896 дугаар дүгнэлт /1 хх-ийн 222-226/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1347 дугаар дүгнэлт  /2 хх-ийн 6-26/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар дүгнэлт /2 хх-ийн 43-46/

- Шинжээч дүгнэлт /2 хх-ийн 01-02/

- Дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол /2 хх-ийн 03-05/

- Дүрс оношилгооны хариу /2 хх-ийн 28/

- Шинжээч , нарын дүгнэлт /2 хх-ийн 37-38/

- Шинжээч нэмэлт шинжилгээний дүгнэлт /2 хх-ийн 39-40/

- Шинжээч мэдүүлэг /2 хх-ийн 55-57/

- Шинжээч ийн мэдүүлэг /2 хх-ийн 65-67/

- Шинжээч мэдүүлэг /2 хх-ийн 75-76/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 114/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 115-122/

            - *******ын Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 123-129/

            - БОЭТ-ийн мэс засал, гэмтлийн эмч нарын судалгаа /2 хх-ийн 190/

            - Шүүгдэгч *******ын ажил байдлын тодорхойлолт /2 хх-ийн 200-201/

            - Эмгэг судлалын шинжилгээний протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 206-210/

            - өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл, шинжилгээний хариу /2 хх-ийн 211-235/

            -  Мэс засал, гэмтлийн эмч нарын 2018 оны 1 дүгээр сарын жижүүрийн хуваарь /2 хх-ийн 240/

            - эмнэлгийн байгууллагад үзүүлсэн гэмтлийн амбулаторийн үзлэгийн бүртгэлийн хуулбар, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл /2 хх-ийн 243-250, 3 хх-ийн 01-03/

            - Хүүхдийн ясны архаг үрэвслийн оношилгоо эмчилгээний удирдамж /3 хх-ийн 08-10/

            - БОЭТ-ийн захирлын тушаалаар батлагдсан Яаралтай, түргэн тусламжийн тасгийн ажиллах журам /3 хх-ийн 19-25/

            - БОЭТ-ийн захирлын Зөвлөх эмчийг томилсон тушаал, ажиллах журам /3 хх-ийн 26-29/

            - Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 хх-ийн 30-33/

            - Эмнэлзүй, эмгэг судлалын хурлын төлөвлөгөө, хурлын протокол /3 хх-ийн 34-68/

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч прокурорт гаргасан хүсэлт /3 хх-ийн 89-90/

            - Шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /3 хх-ийн 139-140/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.                                      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн 7 дугаар багт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байх хугацаандаа биед үзлэг хийж, онош тодруулах, баталгаажуулах, мөн дээрх зорилгоор их эмч , , нар нь тасгийн зөвлөх эмчийн хувьд хандахад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн тасгийн бүтэц, үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/26 дугаартай тушаалаар батлагдсан “Зөвлөх эмчийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасан “Зөвлөх эмч нь тасагт хэвтэн эмчлүүлж байгаа онош тодорхойгүй байгаа болон хүнд өвчтөнг үзэж эмчилгээ оношилгооны асуудлыг шийдвэрлэх, мөн эмч нарт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ” гэсэн албан үүрэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 627 дугаартай дүгнэлт, Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 896 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1347 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцсыг оршуулсан газраас гарган шинжлэх тухай тогтоол, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эмнэлгийн тусламжийн алба, Чанарын албаны өргөтгөсөн хурлын тэмдэглэл, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл, шинжилгээний хариу, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн гэмтлийн амбулаторийн үзлэгийн бүртгэлийн хуулбар, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэл, БОЭТ-ийн захирлын тушаалаар батлагдсан Яаралтай, түргэн тусламжийн тасгийн ажиллах журам, БОЭТ-ийн захирлын Зөвлөх эмчийг томилсон тушаал, ажиллах журам болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т 1 жилийн хорих ял оногдуулж, эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг нь харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т  “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж заасан байна. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны  Өршөөл үзүүлэх  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх  тухай хуульд зааснаар өршөөн хассан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зураг, 17 хуудас иргэний эрүүл мэндийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.  

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентген зураг, 17 хуудас эрүүл мэндийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.    

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА