Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 дугаар сарын 18-ны өдөр                                Дугаар 2023/ШЦТ/19                           Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Г.М,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.С,

            Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ггийн Мад холбогдох 2228003010171 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багт байрлах Хилийн цэргийн 166 дугаар ангийн хойд талд нохойгоороо мал бариуллаа гэх шалтгаанаар З.Стой маргалдан, бие махбодид нь халдан нүүр, толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь духны зулгаралт, зүүн чихний чамархай, толгойн оройны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Мын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр 03-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед би хашааны шон янзалж байгаад ус авах гээд явж байхад шувуу бужигнаад байхаар нь очиход нэг ямаа гэдсээ чирчихсэн байсан. Ямааны хажууд С гуайн хар, халтар 2 нохой байсан. Хойд гэрийн үүдэнд цэнхэр хувцастай хүн байхаар нь давхиад очиход З.С гуай байсан. Би мотоциклоос бууж уулзаад мэндлээд нохой чинь мал барьчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн манай нохой биш гэж хэлсэн. Намайг зодсон нүдсэн гэж худлаа өөрийн хэлсэн үгээ намайг хэлсэн болгож мэдүүлсэн байна. Намайг мотоциклоос түлхэж унагаасан, би мотоцикль босгож өг гэхэд өөрөө босго гэж хэлсэн. Цагдаа дуудчих уу гэхэд дууд гэж хэлээд гайгүй болсон. Тэгээд мотоциклоо босгож байхад манай дүү гэртээ ирсэн тэгээд би явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 09 дүгээр сард энэ асуудал 2 дахь удаагаа болж байгаа. Г.Мын дүү зам усалдаг. Тухайн газарт нь би зам услах гэж очсон боловч эзгүй байсан. Хажууд нь Г.Мын мал байсан. Би гэрийнх нь үүдэнд хүлээгээд сууж байхад урдаас мотоцикль гараад ирсэн. Гэрийн эзнийг ирж байна гэж бодож суухад Г.М цээж нүцгэн давхиад ирээд танай нохой мал барьчихлаа гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ манай нэг нохой тэр хамар дээр байна нэг нь хажууд дагаад явж байна гэж хэлсэн. Тэгээд хамт мал дээр нь очиход нэг халтар нохой байж байсан. Г.М уурлаад хойш малаа хөөгөөд явсан. Би эргэж очоод дүүг нь хүлээгээд гагнуурын газар сууж байхад  Г.М чиний хоёр нохой миний малын барьчихлаа хайран ямаа төлүүлнэ гэж хэлсэн. Малчин хүний нохой намайг дагаж яваа би яахаараа төлдөг юм бэ гэж хэлэхэд уурлаж миний каск малгайг хага цохисон, муу цагаач, хөгшин төгцөг гэж хэлсэн. Би хөгшин хүн энэ хүний гарын аяыг даахгүй. Би холоос ирсэн. Зүгээр байж яагаад наашаа дуудагдаж хэцүү байна. Хоёр талын зардал нэхэмжилмээр байна. Нэг талын зардал 50.000 төгрөг 2 талын зардал 100.000 төгрөг нэхэмжилмээр байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Мтай хуучин овоотын цэргийн хойд талд хээр малын бэлчээрт уулзсан. Уулзаад чиний хоёр нохой миний малын барьсан байна гэж хэлээд мал руугаа давхисан. Би араас нь мотоциклоор очсон. М мал барьсан гэх газар надаас түрүүлээд очсон, би араас нь яваад очиход барьсан малыг нь халтар нохой идээд, баахан том шувуу суучихсан байсан. М малаа хойш нь хөөгөөд явсан, би өөрөө мал барьсан газраас хөдлөөд гагнуур хийх зам усалгааны цэг дээр очсон. Мал барьсан газраас усалгааны цэг, гагнуур хийх газар хүртэл 500 м орчим зайтай. Усалгааны цэг буюу гагнуур хийх газар ирэхэд М ирээгүй би түрүүлж очоод мотоциклынхоо хажууд сууж байсан. Ингэхэд М давхиж ирээд чиний 2 золбин нохой миний малыг барьсан, чи төлж өг гэхээр нь чиний малыг барьсан нохой тэнд байна, миний нохой энд байна, манай нохой надтай хамт байна гэж хэлсэн чинь чи золбин араатангаа өмөөрлөө, чамайг яасан ч яадаг юм бэ гээд намайг нүүрэн тус газар цохиод авсан. Нүүрэн тус газар цохиод авахаар нь нүүрээ гараараа хаасан, толгой руу цохиод байхаар нь доошоо суусан чинь ар нуруу руу өшиглөөд, өмсөж явсан каск малгайгаар цохьсон, үснээс татсан, чулуу модоор шидсэн, тэхдээ цохиогүй, намайг айлгах гээд газар луу шидээд байсан. Ар нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, тухайн үед өвдөж байсан ч одоо зүгээр болсон. Хамгийн сүүлд нь би за Маа одоо больё би хөгшин хүн үхлээ, чамд болохгүй бол архи авч өгий гэсэн чинь, нэгийг авахгүй 2 шил архи авна гэж хэлсэн. Одоо бушуухан яваад аваад ир гэсэн тэгэхээр нь би яваад өгсөн. Би тухайн газраас яваад шууд гэртээ харьсан. Гэрт ирэхэд эхнэр том хүүхэд 2 байсан. Би эхнэртэй хэлсэн, том хүүхэддээ хэлээгүй, эхнэртээ М-д зодуулаад гэж хэлсэн чинь юу болсон бэ гэж асууж байсан. Эхнэр одоо хөдөө гэртээ байгаа. Одоо 10 дугаар сарын 01-ний өдөр ирнэ. ...Би 2022.09.05-ний өдөр Гэртээ байсан. Гэрээсээ 11 цагийн үед гарсан. Гэрээсээ гараад усалгааны цэг дээр очсон. Усалгааны цэг дээр очоод Мтай таарсан. Замдаа би хүнтэй тараагүй, М мотоцикльтой явсан. ойр хавьд хүн байгаагүй, Манай 2 нохой намайг дагаад явж байсан. Ойрхон юманд явахаар намайг дагаад явж л байдаг. Овоотын цэргийн ангиас 10 км орчим зайтай. Зам дагуу боловч замаасаа 1 км орчим зайтай байдаг. Тэр хавиар машин тэрэг явж харагдсан, Замаасаа нэлээн зайтай. Ойр хавьд хүн амьтан ирж харагдаагүй. Би ойрын хугацаанд хүмүүстэй хэрүүл маргаан хийгээгүй, Маас өөр хүнтэй зодоон цохионы асуудал гаргаж байгаагүй. Духны зулгарал нь М гараар цохиж үүсгэсэн. Зүүн чамархай, толгойны орой дээр хавдсан, энэ нь гараар цохьсоноос үүссэн гэж үзэж байна. Намайг зодоод байхаар нь мотоциклиос нь татсан чинь мотоцикль нь газар унасан. Мотоцикль босго гэхээр нь би яаж даах юм гэсэн чинь намайг цохиод авсан, мөн толгой руу цохьсон санагдсан гэжээ. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Гэрч З.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Гурвантэс сумын 2 дугаар багт оршин суудаг. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Гурвантэс сумын 2 дугаар багийн нутаг Овоотын цэргийн ард талд зам усалгааны цэг, худгийн цэг дээр очиход Мын малын ойролцоо айсан золбин нохой Мын малыг барсан байсан. М чиний 2 нохой манай малыг барьсан байна гэхээр нь би үгүй манай хоёр нохой надаас холдоогүй гэж хэлсэн. Малыг нь барьсан нохой сэг зэмийхээ хажууд нь байсан ба хажууд нь баахан том шувуу суучихсан, 2 нохой малын сэг зэмийг нь идэж байсан. Золбин ноход Мын 1 ямааг барсан бололтой харагдаж байсан. М чиний дагуулж явсан 2 нохой мал барсан гээд над руу уурлаад намайг зодсон. М эхлээд миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Би гараараа хаасан. Гараар хаасан чинь гаран дээр гараараа цохьсон. Дараа нь учир зүггүй намайг зодож эхэлсэн. Би зодоод байхаар нь хэвтээд өгсөн. Мын миний толгой, нуруу, өгзөг рүү цохьсон. Толгой хүзүү рүү нилээн хэдэн удаа цохьсон, би хэдэн удаа цохьсон болохыг мэдэхгүй, газар хэвтээд өгсөн чинь дээрээс хөлөөрөө өшиглөөд байсан, нуруу, өгзөг рүү өшиглөсөн. Хүзүү рүү өшиглөсөн, хүзүү мушгисан, би дүү минь одоо боль гэж хэлээд болиулсан. Тухайн үед зодуулаад их өвдсөн. Маргааш нь толгой, бие өвдөөд байсан ч малаа хараад явж л байсан. Би 2022.09.03-ны өдөр Мад зодуулсан. Өнөөдөр цагдаад хэлж байна. Биед үүсэн хөх няц байхгүй, толгойн дээд хэсэгт 2 газар хавдсан, духан дээр бага зэрэг хавдсан. Би зодуулах үедээ цэнхэр өнгийн хуванцар малгайтай байсан. Малгайтай байсан тулдаа толгой тархи зүгээр байна. Нуруу, өгзөг зүгээр байна. Нүүр хэсгээр өшиглөснөөс болоод хавирга их өвдөж байна. Босож суухад хүндрэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

Гэрч Ш.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022.09.05-ны өдөр Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд иргэн З.С нь үзүүлсэн. Уг иргэнийг үзэхэд С гуай надад хэлэхдээ хүнд зодуулсан гэж хэлсэн. Зодсон хүнийхээ нэрийг хэлээд байсан одоо санахгүй байна. Цохиулсан газрынх нь хувцсыг тайлж үзсэн. Ил харагдах шарх байхгүй. Толгой, нуруу хэсэг рүү гараар цохиулсан. Зүүн чамархай, толгойны орой хэсэг, духны баруун дээд хэсэгт бага зэрэг арьс зулгарсан. Шинэ зулгарсан байсан. Зулгарсан хэсэгт тав тогтоогүй, хөршжиж эхэлж байсан. Толгойны орой дээр бага зэрэг хавдсан, зүүн чамархай байсан. Дарж үзэхэд хөндүүртэй, улаан өнгийн туяатай байсан. ҮЗүүлэгч З.С нь 64 настай эрэгтэй хүн байсан. Хавирга нь хуучин хугаралтай байсан. Хэвлий дээрээ эвэрхийтэй, даралттай боолттой, зүүн хацар дээр, духан дээр хуучин сорвитой байсан. Миний мэдэж зүйл ийм байна. Би энэ хүнийг өмнө үзэж байгаагүй юм. Энэ хүн 5 дугаар багийн иргэн байсан. Үзүүлэгч З.С нь хүнд зодуулаад 2-3 хоногийн дараа эмчид үзүүлж байна гэж надад хэлсэн. Би бол 2022.09.05-ны өдөр үзсэн гэжээ. /хавтаст хэргийн 37 дахь тал/

Гэрч Д.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би С М нарыг таньж мэднэ. Гурвантэс сумын 2 дугаар багийн малчид. С гуай архи дарс ууж харагддаг, М хаяад нэг ууж байдаг.  Энэ хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан зүйл байхгүй. Надад бол энэ хоёрыг хэрүүл маргаан хийсэн талаар мэдэх зүйл байхгүй. Надад хэлж яриагүй. С өвгөн эхнэр, хүүгийн хамт байдаг. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, тархи толгойны өвчтэй, 30 гарсан залуу байгаа. Хүүхэдтэйгээ байнгын хэрүүл маргаантай байдаг. Хүүхэдтэйгээ архи уухаараа таарч тохирдоггүй гэж сонссон. Би хүүхэдтэйгээ хэрүүл маргаан хийдэг гэж сонссон. Эхнэр нь тэтгэвэрт байдаг. Эхнэр нь ааш зан гайгүй гэжээ. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би цаг хугацаагаа сайн санахгүй байна. Манай нөхөр С хүнд зодуулчлаа гэж сумын төвд ирээд надад хэлсэн. Би тухайн үед Гурвантэс сумын төвийн гэртээ байсан. Хэнд зодуулсан бэ гэсэн чинь нээх юм яриагүй, эмнэлэг явж үзүүлнэ гээд явсан. Хүнд зодуулчихаад маргааш нь сумын төв орж ирээд цагдаад мэдэгдсэн байх. Хүнд зодуулаад бие нь өвдөөд байна гээд эмнэлэгт үзүүлсэн. Дараа нь сонсоход нутгийн залуу Мад зодуулсан гэж ярьж байсан. Хэрэг маргаан болох үед хөдөө гэртээ хүүгийн хамт байсан. Манай хүү сэтгэцийн хувьд эрүүл бус хүний хараа хяналтанд байдаг. Хэрэг маргаан болох үед нь эгч нь сумын төвийн гэртээ байсан болохоор эгч нь юу болсон талаар мэдэхгүй. Хөдөө байдаг хүү бол юмыг сайн ойлгох чадваргүй хүүхэд байгаа юм. Эгчид нь өөр мэдэх зүйл байхгүй. Энэ хоёрын асуудлыг эгч сайн мэдэхгүй байна гэжээ. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “З.Сын биед духны зулгаралт, зүүн чамархай, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 51-54 дэх тал/

Төрөл садангийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дахь тал/

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 72-76 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 81 дэх тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 82 дахь тал/

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/

Хохирогч З.Сын “З.С миний бие Өмнөговь аймгаас Гурвантэс сумаас ирэх, буцах зардалд 100.000 төгрөг хүлээн авлаа” гэх өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багт байрлах Хилийн цэргийн 166 дугаар ангийн хойд талд нохойгоороо мал бариуллаа гэх шалтгаанаар З.Стой маргалдан түүний биед халдсан үйл баримт тогтоогдож байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Мын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Г.Мын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багт байрлах Хилийн цэргийн 166 дугаар ангийн хойд талд нохойгоороо мал бариуллаа гэх шалтгаанаар З.Стой маргалдан, бие махбодид нь халдан нүүр, толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь духны зулгаралт, зүүн чихний чамархай, толгойн оройны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч З.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Д.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн “З.Сын биед духны зулгаралт, зүүн чамархай, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Ст духны зулгаралт, зүүн чамархай, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.М нь З.Сын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь духны зулгаралт, зүүн чамархай, толгойн оройн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.С шүүгдэгч Г.Маас Гурвантэс сумаас шүүх хуралдаанд ирсэн замын зардалд 100.000 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч Г.М нь хохирогчид хохирол төлбөрт 100.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М хувийн байдал нь

Шүүгдэгч Г.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “би хохирогч З.Сын бие эрх чөлөөнд халаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ шүүхийн өмнө хэлж байна. Би гэм буруугүй. Намайг гүтгэж байна гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг эдлэх ба өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар хуульчилсан.

Шүүгдэгч Г.Мын би гэмт хэрэг үйлдээгүй гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа нь хуулиар олгогдсон эрх болохоос гэм буруугүй гэж үзэх боломжгүй юм.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон З.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүрэг хүлээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэх хуулийн өмнө хариуцлагатай гарын үсэг зурж өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Сын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Г.Мыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Сын мэдүүлэг, гэрч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Д.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан,

Шүүгдэгч Г.М нь хохирогчоос хүн гүтгэж болдог юм байна гэдгийг сурч авлаа. Би гэмт хэрэг үйлдээгүй, шуналтай байхаас шударга бай, битгий дүлий болж маяглаж бай, энэ хүнд би хадаг барьж шавь орно. Энэ хүн удахгүй надад очиж агсам тавина миний амь нас болон эрүүл мэндэд хохирол учирсан байвал энэ хүн болон энэ хүний үр хүүхдүүдтэй хамаатай гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Г.Мын гаргасан тус гэмт хэрэгт гүтгэгдлээ гэх санал, дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул гэмт хэрэгт гүтгэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Г.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

          Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Шүүгдэгч Г.М өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ч овгийн Ггийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Ст хохирол төлбөрт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

         6. Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

         7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ