Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

 

  2022          11             21                                2022/ШЦТ/378

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч Б.У, О.А, О.М, Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У, О.А, О.М, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2225003580343 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У, О.А, О.М, Ц.Э нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” байрны гадаа иргэн Э.Оын нүүр толгой, цээж хэсэгт цохиж өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч О.Мын мэдүүлсэн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэрэг болдог өдөр Э, У, Атай нартай хамт яваагүй гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлтэй байна. Би сонсгосон зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:

-Угалз” дэлгүүрийн гаднах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 21-24  дэх тал/

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Оаас гаргаж өгсөн “Wave” баарны гадна талын камерын бичлэг, Зэст багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна талын камерын бичлэг/ 214-216-р тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дотор өнцөгт 2,5х1,5 см хүрэн шар цус хуралттай, зүүн хацарт бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй. Бүсэлхийд зүүн талд 5х2 см талбайд цус хурсан... Э.Оын биед тархи доргилт, нүүр, бүсэлхийд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 916 дугаартай “...Э.Оын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт гэмтэл нь бодит үзлэг, мэдрэлийн үзлэг, толгойн СРТ шинжилгээнүүдээр батлагдаж байна. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гаргасан 2022.06.13-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Симптом Манна гэх шинж нь тархи доргисноос болж тархины хаван үүссэн үед илэрдэг шинж бөгөөд нүд хараатай байдалд нүдний алиман дээр дарахад эмзэглэлтэй байдлыг хэлнэ. Э.Оын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 204-206-р тал/,

-хохирогч Э.Оын мэдүүлсэн: ... 2022 оны 06 дугаар сарын 03-нд хоёр найзынхаа хамт Зэст багт байрлах “Wave” нэртэй бааранд ороод би 2 шилтэй Сэнгүүр пиво уугаад манай найзууд бол архи уусан. Тэгээд тэндээ бүжиглэж байгаад 23 цаг 45 минут болж байхад гараад үүдэн дээр хоёр залуутай маргалдаад хоорондоо ярилцаад зогсож байхад нэг хар хувцастай залуу миний нүүр хэсэгт цохиод авахаар нь хажуу тийшээ татаад унагаачихсан чинь хажууд зогсож байсан залуу чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд намайг шууд бас цохиод авсан. Тэгэхээр нь би хойшоо болоод зугтаад "Угалз баян Хангай" гэх дэлүүрийн урд очоод зогсож байхад ирээд ээлжлээд намайг газар унагаагаад дээрээс цохиод нүүр лүү өшиглөөд байсан. Би маш мх гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би тухайн залуучуудыг танихгүй юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна надтай хамт явж байсан залуутай маргалдаад тоглож байсныг би буруугаар ойлгоод зодоон болсон байсан.... У миний нүүрний зүүн шанаа хэсэгт 3 удаа гараараа цохисон. Э миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохиод унах үед нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. А зүүн шанаа руу 1 удаа цохисон. Харин М нь намайг 2 удаа миний хацар руу алгадсан. Миний хохирлыг барагдуулчихсан байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 41-р тал/,

-зөрчлийн холбогдогчоор Ц.Эын мэдүүлсэн...М тухайн залууг биеийнх нь ал хэсэгт яаж халдаж зодсон талаар мэдэхгүй байна, би тэр үед байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 15-р талд/

- зөрчлийн холбогдогчоор Б.Уын мэдүүлсэн...Тухайн өдөр Waveбааранд Өсөхням Золбаяр нарын хэмт орсон.Таньдаг дүү А,Э нартай тааралдсан.Тэгээд 23 цагийн үед баарны гадаа тамхи татахаар гараад иртэл А хамарнаас нь цус гарсан хүнд зодуулчихлаа гэсэн...нэг үл таних залуутай муудалцаж зодолдсон байсан.Тэгээд тэр залуутай уулзаад юу болсон талаар асуух гээд ...үл ойлголцож маргаж би тэр залууг зодсон... М тухайн залууг биеийнх нь аль хэсэгт яаж халдаж зодсон талаар мэдэхгүй байна,би тэр үед байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р талд/

-зөрчлийн холбогдогчоор О.Мын мэдүүлсэн...Тухайн өдөр “Вэв” бааранд Ганчулууны хамт орсон...Би тэр үед 2 дүү дээр очиход У ирээд тэр хэдийг салгаж байсан...4-5 минутын дараа баарны урд дэлгүүрийн урд очиход У нөгөө үл таних залууг зодож байсан. Тэр үед Аын хамарнаас цус гараад байсан болохоор дэлгүүр орж нэг удаагийн цаас аваад гарч ирээд тэр хэдийг салгаж явуулсан. Тэгээд тэр согтуу залууг “такси бариад гэртээ харь” гэж хэлсэн, гэтэл миний араас салахгүй дагаад яваад байсан тэр үед нь би уурлаад “гэр рүүгээ яв” гээд 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч О.Аын сэжигтнээр мэдүүлсэн: ... Би тухайн өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Wave бааранд ороод байж байтал таньдаг ах болох У , М нартай тааралдсан юм. Тэгээд баар хаах үеэр баарны гадна талд би гараад ирэх үед баарны гадаа Э гараад ирсэн зогсож байсан. Би нэг үл таних залуутай хэрэлдэж байсанэр залуу миний хамар руу гараараа цохихоор нь би буцаагаад шанаа руу нь 1 удаа гараараа цохисон. Бид хоёрыг маргалдаж байхад Э ирж салгаад тэр залууг явуулах гэтэл нөгөө залуу явахгүй байхаар нь Э ямар асуудал байгаа талаар нь асуухад тэр үл таних залуу Эыг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэр үед У ах “Wave баарнаас гарч ирээд салгах гэж оролдож байгаад Э бид хоёрыг та 2 цаанаа байж бай гэж хэлээд тэр залуутай юм ярьж байгаад гэнэт цохиод тэр залууг чи ер нь юу гээд байгаан гэсэн. Тэгээд удалгүй М ах дотроос гарч ирээд намайг яасан юм юу болсон юм бэ яагаад хамраас чинь цус гарсан юм бэ гэхээр нь энэ нэг залуу намайг цохьчихлоо гэхэд М ах дэлгүүр ороод нойтон салфетка авч ирээд гарсан цусаа арч гээд арчиж байхад цаана У ах тэр залууг нилээн олон удаа цохиод зодоод байсан. Би тэр залуугийн шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод бид хоёр барьцалдаж байгаад хамт унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

-шүүгдэгч О.Мын сэжигтнээр мэдүүлсэн: ... Би тухайн өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Wave нэртэй бааранд найз Ганчулууны хамт орсон. Ороод байж байтал таньдаг дүү Э болон А, найз У нартай тааралдаж гар бариад өнгөрсөн юм. Тэгээд 23 цагийн үед би баарны гадаа гарч иртэл А, Э нар зогсож байсан. Би тэр хоёртой юм яриад байж байтал зүс таних Буянт гэх залуу маш их согтсон явж байгаад бид нар дээр ирэхээр нь би “чи маш их согтсон байна гэртээ харь” гэж хэлсэн гэтэл Буянтын найз нар бид нартай муудалцаж байна гэж бодоод ирээд Буянтыг аваад явсан. Гэтэл Буянттай хамт явж байсан үл таних залуу бид нар дээр ирээд маргаан үүсгэсэн. Тэгээд удалгүй тэр үл таних залуу яваад өгсөн. Тэгээд нэг хартал манай хоёр дүүтэй тэр залуу зодолдоод манай нэг дүүг хавсараад газар унагааж байхыг нь би харсан. Би тэр үед хоёр дүү дээрээ очтол манай найз У ирээд тэр хэдийг салгаж байсан. Тэгэхээр нь би санаа амраад дүү нараа боль гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 4-5 минутын дараа баарны гадаа байдаг дэлгүүрийн урд очтол У нөгөө үл таних залууг зодож байсан. Тэр үед Аын хамарнаас цус гарсан болохоор дэлгүүр орж нэг удаагийн цаас аваад гарч ирээд тэр хэдийг салгаад явуулсан юм. Тэгээд тэр зодуулсан үл таних залуу согтуу байсан, дээрээс нь хэрүүл маргаан хийгээд байсан болохоор нь би тэр залууг "такси бариад гэртээ харь" гэж хэлсэн. Гэтэл миний араас дагаад салахгуй яваад байсан тэр үед нь би уурлаад "гэр лүүгээ яв гээд" нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

-шүүгдэгч Б.Уын сэжигтнээр мэдүүлсэн: ... Би тухайн өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Wave нэртэй бааранд хоёр ах болох Өсөхням, Золбаяр нарын хамт орсон. Ороод байж байтал таньдаг дүү Э болон А нартай тааралдсан юм . Тэгээд 23 цагийн үед би гадаа тамхи татахаар гараад иртэл баарны гадаа Аын хамараас цус гарсан байдалтай хүнд зодуулчихлаа гэж байсан. Би юу болсоныг тодруулахад нэг үл таних залуутай манай хоёр дүү хэрэлдэж муудалцаад зодолдсон байсан. Би тэр үед тэр үл таних залуутай уулзаад юу болсон талаар асуух гээд хамт зогсож байхад манай хоёр дүү тэр залууг хоёр талаас нь цохиод байсан. Тэгсэн чинь тэр залуу манай Э гээд дүүг хөлөөрөө хавсараад унагаасан. Би тэр үед тэр залууг салгаад аваад явсан юм. Тэгээд холдуулаад тэр залуутай хамт байж байтал бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж хэрүүл маргаан болоод би тэр залууг зодсон. Би тэр залууг нүүр хэсэгт 3-4 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,

-шүүгдэгч Ц.Эын сэжигтнээр мэдүүлсэн: “... Би тухайн өдөр Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Wave нэртэй бааранд найз Аын хамт орсон. Ороод байж байтал таньдаг ах болох У, М нартай тааралдсан юм. Тэгээд баар хаах үеэр намайг баарны гадна гараад ирэх үед баарны гадаа А М хоёр гараад ирсэн зогсож байсан. Гэтэл манай найз А нэг үл таних залуутай хэрэлдэж байсан. Би тэр үед салгаад явуулах гэтэл нөгөө залуу явахгүй би ямар асуудал байгаа талаар нь асуухад тэр үл таних залуу намайг хөлөөрөө хавсарч унагаасан. Тэгээд А бид хоёр тэр залууг зодсон. Тэр үед манай хоёр ах болох У, М хоёр салгах гэж оролдож байсан. Сүүлдээ манай хоёр ах уурлаад тэр үл таних залууг зодож байсан. Би тэр залуугийн бие рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн бас нүүр хэсэгт нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/

- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл,

-хохирогчийн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн баримтууд,амбулаторийн карт зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: 2022 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 23 цагийн орчим О.А, Ц.Э нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wave” бааранд үйлчлүүлж гарч ирээд иргэн Э.Отай О.А нь үл ойлголцон маргалдаж улмаар "Угалз баян Хангай" гэх дэлүүрийн урд талбайд харилцан цохилцож байхад нь Ц.Э ирж О.Аыг өмөөрч ”ямар асуудал байна вэ” гээд Э.Оын бие рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж нүүр хэсэгт нь 1 удаа цохисон, улмаар тэр үед баарнаас гарч ирсэн Б.У нь “юу болоод байна “гэж асуугаад Э.Оын толгой хэсэг рүү баруун гараараа  2 удаа цохиж хайс руу унагасан ба Ц.Э болон дэлгүүрээс эмэгтэй хүн гарч ирж салгахаар оролдоход нь цааш нь түлхээд дахин Э.Оыг газраас боссоны дараа түүний нүүр толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж зодсон ба О.А, Ц.Э,Б.У нарыг тэр газраас явсанаас хэсэг хугацааны дараа О.М, Б.О нар дэлгүүрийн урд талд зогсоод О.М нь "такси бариад гэртээ харь" гэж хэлсэн ч араас нь дагаад ирэхээр нь Б.Оын нүүр хэсэгт нь зүүн гарын ар хэсгээрээ 3 удаа алгадаад хохирогчийг орхиж явсан, улмаар хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн гэмтэл учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч нарын сэжигтнээр болон зөрчлийн холбогдогчоор мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд хохирогч шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Б.У, О.А, Ц.Э нар санаа сэдэл, үйлдлээрээ бүлэглэж хохирогч Э.Оыг зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шууд шалтгаант холбоотой, харин шүүгдэгч О.Мын үйлдлийг шүүгдэгч нартай бүлэглэсэн гэж үзэх, түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Оаас гаргаж өгсөн “Wave” баарны гадна талын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Э, А нар нь баарны урд зогсоол дээр байсан Э.Оын хажууд очиж байгаа дүрс бичлэг харагдаж байлаа. Бичлэгийн 07:52:04 цагт А нь баруун гараараа Оын нүүр хэсэг рүү цохиж байгаа, О нь хойшоо ухарч байгаа бичлэг харагдаж байлаа. Бичлэгийн 07:52:07 цагт Э нь баруун гараараа Э.Оын нүүр хэсэг рүү цохиж байгаа, Э.О нь цаашаа алхаад явж байх үед араас нь Э, А нар явж байгаа дүрс бичлэг харагдаж байлаа. Бичлэгийн 07:52:16 цагт баарны зүүн урд талд Э, А, Э.О нар хоорондоо зууралдаж байгаа дүрс бичлэг, баарны үүдний хэсэгт зогсож байсан У, М нар нь Э, А, Э.О нар луу очиж яваа бичлэг харагдаж байлаа. Бичлэгийн 07:52:41 цагт М нь Эыг түлхэж байгаа дүрс бичлэг, буцаад М, Э нар цааш нь алхан явж хяналтын камераас харагдахгүй хэсэг рүү орж байгаа дүрс бичлэг харагдаж байлаа...” гэсэн,

-Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэг,

түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд... “Угалз баян хангай” дэлгүүрийн баруун талд Э.О хойшоогоо ухарч алхаж байгаад дэлгүүрийн үүдний хэсгийн шатанд хөл нь тулаад хойшоогоо бөгсөөрөө сууж байгаа, Э.Оын урд У Эрдэнбаяр нар зогсож байгаа, Э.О нь дэлгүүрийн урд талын шатны дээрээс босох үед У нь баруун талын гараараа Э.Оын баруун гарнаас татаж дэлгүүрийн урд хэсэг рүү очиж зогсож хоорондоо маргалдаж байгаад У нь баруун гараар Э.Оын толгой хэсэг рүү цохих үед О хойшоо ухарч байгаа, У нь урагш алхаж дахин баруун гараараа Э.Оын толгой хэсэг рүү цохих үед Э.О нь дэлгүүрийн баруун талд шатны хажууд унаж байгаа дүрс бичлэг, Э.Оыг газарт унасан байх үед түүний дээр нь У хоёр хөлөөрөө алцайж зогсоод доошоо тонгойж байгаа дүрс бичлэг, энэ үед Э ирээд Уын хувцаснаас татах уед Эыг цааш нь түлхэж байгаа бичлэг, У нь газарт унасан байсан  Э.Оын цамцны юүдэнгээс татаж байх үед “Угалз баян хангай” дэлгүүрээс эмэгтэй хүн гарч ирээд Уыг салгаж байх үед Э.О нь газраас босоход У нь баруун гараараа Э.Оын нүүр хэсэг рүү цохиж байгаа бичлэг, цаана нь зогсож байгаа Э ирээд Уыг салгаж байгаа,  М нь дэлгүүр рүү орж байгаа, А нь Э.Оын хажууд ирэх үед У цаанаас нь дахин ирээд Аыг хойш нь татаад баруун гараараа Э.Оын нүүр хэсэг рүү цохиж байгаа, толгой хэсэг рүү баруун гараараа хоёр удаа цохиж, хоорондоо зууралдаад хяналтын камерын дүрс бичлэгнээс гарах үед цаана зогсож байсан Э нь У, Э.О нар руу очиж байгаа, А нь хараад зогсож байгаа, М нь энэ үед дэлгүүрээс гарч ирж байгаа дүрс бичлэг, хэсэг хугацааны дараа Э нь Уыг салгаж дэлгүүрийн урд хэсэгт ирээд зогсож байх үед Э.О нь хажууд нь ирэх үед У дахин Оын нүүр хэсэг рүү гараараа цохиж хяналтын  камерын бичлэгнээс гарах үед М нь У, О нар руу очиж хяналтын камерын дүрс бичлэгнээс гарч байгаа, Э А  болон үл таних хоёр залуу хараад зогсож байгаа дүрс бичлэг тус тус харагдаж байлаа. Хэсэг хугацааны дараа М нь Уыг салгаж дэлгүүрийн  урд хэсэгт ирж байгаа, У, О хоёр дахин хоорондоо маргалдаж, камерын дүрс бичлэгнээс гарч байгаа, М нь Уыг салгаж байгаа нь дүрс бичлэгт харагдаж байлаа. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд дүрс бичлэгт  Э, А нар дэлгүүрийн баруун тал руу явж байгаа, У дэлгүүрийн урд гар утсаараа оролдож байгаад утсаараа яриад дэлгүүрийн мөн баруун тал руу явж байгаа... М, Э.О нар хэсэг хугацаанд харагдахгүй байж байгаад дүрс бичлэгт орж ирээд дэлгүүрийн урд талд хоорондоо маргалдаж байгаад М нь зүүн гараараа Оын толгой хэсэг рүү 1 удаа цохиж байгаа, дахин хоорондоо маргалдаж байгаад М нь Оын толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохих үед О нь хойшоогоо ухарч алхаж байгаа,  дэлгүүрийн үүдний хэсэгт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хараад зогсож байгаа,  М нь цааш алхаад явж байгаа дүрс бичлэг тус тус харагдаж байлаа...” гэсэн баримтууд нь шүүгдэгч нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, зөрчлийн холбогдогчоор авсан мэдүүлгүүд, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээс зөрүүгүй байна.

Хэргийн үйл баримт нь тухайн хэрэг гарсан газрын камерийн бичлэгт тодорхой харагдах бөгөөд бичлэгт, хохирогч Э.Оын нүүр болгон толгой руу эхлээд О.А 2 удаа, дараа нь Ц.Э 1 удаа,  Б.У 5-6 удаа цохиж, улмаар О.М 3 удаа алгадаж байгаа нөхцөл байдал бичигдсэн байгаа ч, О.А 2 удаа, дараа нь Ц.Э 1 удаа,  Б.У 5-6 удаа бие биенээ өмөөрөх сэдлээр санаатай үйлдлээр нэгдэж хохирогчийг зодсон, О.М нь зодооны дундуур хохирогчийг Б.У нь зодож байхад 2 удаа салгасан ба зодоон дуусаж О.А, Ц.Э, Б.У нар явсаны дараа хохирогчтой үлдэж ярилцаж байгаад араас нь дагахаар зүүн гарын араар баруун хацар руу нь алгадаж буй байдал тогтоогдсон тул О.Мын үйлдлийг бусад шүүгдэгч нартай нэг санаа сэдэл, үйлдлээр нэгдэж бүлэглэн зодсон гэж үзэхэд эргэлзээтэй юм.  Шүүгдэгч О.Мын “ ....би тэр залууг "такси бариад гэртээ харь" гэж хэлсэн. Гэтэл миний араас дагаад салахгүй яваад байсан тэр үед нь би уурлаад "гэр лүүгээ яв гээд" нүүр хэсэгт нь хоёр удаа алгадсан...”гэх мэдүүлэг болон хохирогчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Би Моос утсаа нэхээд байсан чинь, чи ийшээ явбал тэд нар чамайг дахиад зодно, тийшээ яв гэхээр нь би “Моо утас олоод өгчих, би яаж утасгүй гэртээ харих юм бэ” гэтэл эргэж хараад хацар руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 160-р талд/ зэрэг мэдүүлгүүд зөрүүгүй, тухайн үед бусад шүүгдэгч нар уг газраас явчихсан байсан болох нь камерын бичлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.     

          Түүнчлэн, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн... Э.Оын биед тархи доргилт, нүүр, бүсэлхийд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон... гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 916 дугаартай шинжээчийн... Э.Оын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон... учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтүүд, хохирогчийн амбулаторийн картанд 6 дугаар сарын 09-ний өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд...Зүүн зовхи чамархай орчим эмзэглэлтэй,зовхины арьсан дор цус хуралт хөхрөлт үүссэн...гэж тэмдэглэгдсэн зэргээс дүгнэхэд хохирогч Э.Оын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч О.М нь хохирогчийн баруун шанаа хацар руу нь алгадсан үйлдлийн улмаас учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

        Дээрхи үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Мод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Мыг цагаатгаж,

       -шүүгдэгч Б.У, О.А, Ц.Э нарын бүлэглэн зодсон үйлдлийн улмаас Э.Оын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тул эдгээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. Эдгээр шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд бүлэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй бөгөөд нийгэмд аюултай, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл бөгөөд ба шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар болон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээсэн.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бүлэглэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нар үйлдлээрээ бүлэглэсэн, хэний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсныг тогтоох боломжгүй гэж,

 

-шүүгдэгч Б.М өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэхдээ : Би хохирогчийг алгадсан гэдгээ эхнээсээ хэлсэн. Яллах дүгнэлтэд алгадсан гэж бичээгүй. Миний алгадсныг энэ хүмүүс хараагүй, явсан байдаг. Би эдгээр хүмүүстэй санаа, үйлдлээрээ нэгдээгүй. Надад хохирогчийг зодож гэмтэл учруулах санаа сэдэл байгаагүй, эхнээс нь салгаж байсан, яв гэхэд явахгүй байсан тул алгадсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тархи доргилт үүсэхэд 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн. Миний алгадсан үйлдлээс өмнө аль эрт 6-7 удаа цохичихсон байдаг. Тархи доргилт шууд үйлчлэлээр үүсдэг гэмтэл. Тэр үед шууд үүссэн байх боломжтой. Эдгээр байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар М надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэж мэтгэлцсэн ба шүүгдэгч Б.У “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэж, шүүгдэгч  О.А, Ц.Э нар “гэм буруугаа хүлээж байгаа” гэжээ

 

Шүүгдэгч Б.У, О.А, Ц.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

        -шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо  хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол,эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг сонгож оролцоог харгалзан ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Улсын яллагч ялын саналдаа: шүүгдэгч нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж,

      -шүүгдэгч Б.У: эхнэр 2 хүүхэдтэй. БНСУ-д мэрэгжил дээшлүүлэх боломж удаан хүлээсний эцэст гарсан. Энэ хэргээс маш их зүйлийг ухаарлаа. Өөрийн алдаагаа олж харлаа. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж,

     -шүүгдэгч О.А: Өмнөговьд олон улсын компанид ажиллаж байгаа, магистрт гадаад руу явах гэж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж,

     -шүүдэгч  Ц.Э: гэм буруугаа хүлээж байна, их зүйл ойлголоо, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж тус тус санал гаргасан.

 

        Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ба өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, олон нийтийн газар биеэ авч явах хувь хүний ухамсарын төлөвшлийн байдал нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд хүргэхгүй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.О цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Мод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Мыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Бодонч овогт Баяртсайханы У, Боржигон овогт Цогтбаатарын Э, Папийнхан овогт Оын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр, шүүгдэгч Ц.Э, О.А нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Ц.Эрдэнбаяр, О.А нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.У, Ц.Эрдэнбаяр, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг хуурцагийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,хэрэгт хавсаргасан хохирогчийн эрүүл мэндийн шаардлагатай баримтуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ