Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

    2022         12            01                                 2022/ШЦТ/386

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Б.Б, Ш.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2225002650364 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3- 17-19 тоотод оршин суух хохирогч С.Эы гэрээс 42 инчийн LG загварын зурагтыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Ш.Б нь Б.Бийн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-19 тоотод оршин суух хохирогч С.Эы гэрээс 42 инчийн LG загварын зурагтыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт үйлдлийн улмаас өөрийн өмчлөх эрхдээ шилжүүлэн авсан, хууль бус эх үүсвэртэй эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвд байрлах “АГ” барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөгийн зээлийн барьцаанд өдрийн 0.5 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаанд тавьсан, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 258.800 төгрөгийг төлж уг барьцаалан зээлдүүлэх газраас 42 инчийн LG загварын зурагтыг авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад 280.000 төгрөгөөр худалдан борлуулах замаар захиран зарцуулах аргаар мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

                -шүүгдэгч Б.Бийн мэдүүлсэн: 2022 оны 3 дугаар сарын 26-ны орой гэрт унтаж байхад Б ах 4 үүлээ ирж Э ахынд очсон. 2 шил архи уусан. Өглөө унтаж босоод Э ахын зурагтыг аваад гарсан нь үнэн. Гэмшиж байна, хохирол төлсөн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Ш.Бийн мэдүүлсэн: Бид 3 гараад явж байхад Б зурагт тэврээд гараад ирсэн. Э ах ломбардад тавьчих гэнээ гэсэн. Тэгэхээр нь ломбардад 250,000 төгрөгөөр тавиад буцаагаад 258,000 төгрөгөөр аваад зарсан. Миний буруу гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-хохирогч С.Эы мэдүүлсэн...Ганхуяг, Даваадорж, Б гурав дахиад нэг юм нэмчихмээр байна гэхээр нь би өөрийнхөө LG загварын гар утсаа Даваадоржид өгөөд ломбарданд хэлсэн үгэнд нь өгчих гээд гар утсаа би өгсөн. Надад хэдэн төгрөгөөр ломбарданд барьцаалсан талаар би асуугаагүй. Тэгээд дэлгүүр ороод 2 шил 0.75 литрийн монгол стандарт гэх архи, нэг хайрцаг тамхи, хөзөр аваад 3-17-19 тоот манай гэр лүү орж ууцгааж хоол унд хийж идэж байгаад шөнө 02 цагийн үед унтахаар хэвтээд өглөө 07 цагийн үед сэртэл гэрт хэнч байхгүй. Манай гэрийн 42 инчийн зурагт, миний өмсөж байсан гутал, 2 ширхэг өмд гар цүнх зэргийг хулгай хийгээд гараад явчихсан байсан. Б нь манай найз Бат-Эрдэнийн төрсөн дүү нь байгаа юм би бага байхын л мэддэг байсан. Ганхуяг, Даваадорж, нарыг сайн мэдэхгүй зүс таних төдий л харилцаатай. Хэн нь юу авч гарсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид дөрөвийг гэрт ороход зурагт маань байж байсан өглөө сэрэхэд би гэртээ ганцаараа үлдээд зурагт миний өмсөж байсан гутал, 2 ширхэг өмд гар цүнх зэргийг хулгай хийгээд гараад явчихсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр үйлчилгээний төвийн цахилгаан соронзон орон гэх барааны дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ..Тухайн үед би согтуу тасраад унтчихсан байсан болохоор өглөө босоод хулгайд алдчихлаа гэж бодсон. Тэгээд дараа нь бодоод байсан чинь тухайн өдөр Доржоогийн хувцас халтар болчихсон байсан болохоор нь усанд оруулаад өөрийнхөө хувцаснаас өмс гээд өгч байсан. Би өмд болон гутлаа хулгайд алдаагүй өөрөө өгчихсөн юм. Тухайн үед би Ганхуяг, Б, Даваадорж бид нар зурагтыг барьцаалан зээлдүүлэх газар  өгөөд архи авч уу гэсэн санал болон яриа гаргаагүй. Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 41-р тал/

-гэрч Ц.Гийн мэдүүлсэн...Тухайн өдөр 3-17-19 тоот С.Эы гэрт нь Доржоо, Б ах, С.Э, Памбага /Б.Б/ бид 5 архи уугаад хөзөр тоглоод Памбага /Б.Б/ усанд ороод хувцсаа угаагаад байж байсан. Тэр хооронд бид хэд архи уучихсан байсан болохоор унтаад өглөө 8 цагийн үед сэрээд би Б, Доржоо бид гурав гэрээс нь гараад 3-22 дугаар байрны гадаа явж байтал араас Памбага /Б.Б/ цүнхтэй хувцас, С.Э ахын зурагтыг аваад гараад ирсэн. Бид 3 гурав яах гэж байгаа юм эргээд оруулаад гэрт нь тавь гэж хэлтэл Памбага /Б.Б/ нь С.Э ах чаддаг юм бол ломбарданд тавь гэж байна гэхээр нь бид нар нээрээ тэгсэн юм байхдаа гэж бодоод Мэнд-Амар худалдааны төвийн ломбардад эхлээд Памбага /Б.Б/ 100.000 төгрөгөөр тавилаа гээд гарч ирсэн дараа нь сонсоод байсан чинь 250.000 төгрөгөөр тавьсан гэж байсан. Тэгээд 2 шил архи, тамхи ундаа тэгээд таксинд мөнгө өгсөн мөнгийг нь Памбага /Б.Б/ өөрөө зарцуулсан бид нарт ямар нэгэн мөнгө төгрөг өрөөгүй. С.Э ахын гэрт орохдоо цүнхтэй хувцастай байсан гэрт нь ороод цүнхтэй хувцсаа бүгдийг нь гаргаж ирээд угаагаад л байсан. Доржоо гээд манай найзын хувцас нь халтар болчихсон байсан чинь С.Э ах өөрөө миний дүү хувцсаа солиод усанд ор гээд өөрийнхөө хувцаснаас хар пүүзэн гутал өмд, малгай өгөөд байсан. Тухайн өдрөөс хойш уулзаагүй одоо Төв аймгийн Заамар сумын Бүрэлд маянинг ХХК-д тогтооч хийж байгаа байх өмнө нь тэнд ажилладаг байсан. Би сайн мэдэхгүй байна Мэнд-Амар худалдааны төвдөө байгаа байх тухайн үед Б ах бичиг баримттай байж таараад ломбардад тавьж өгсөн юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ 

                  -“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02/03-23 дугаартай....2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар LG брэндийн 42 инчийн зурагт 800,000 төгрөг, хар өнгийн ECO гутал 80,000 төгрөг, 2 ширхэг жинсэн өмд 30,000 төгрөг, цүнх 45,000 төгрөг буюу нийт үнэлгээ 955,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх үнэлгээний тайлан /хх-ийн 21-25-р тал/ 

                  -“Соронзон орон” дэлгүүрийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримт /хх-ийн 45-р тал/

                  -Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55-р тал/

                  -Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 5 дугаар 21-ний өдрийн 20/182 дугаар тогтоол /хх-ийн 57-р тал/

                  -Шүүгдэгч Ш.Бийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Тухайн үед би Б.Бийн хулгай хийсэн 42 инчийн LG загварын зурагтыг хулгайлан барьцаалан зээлдүүлэх барьцаалан хөрөнгө гэдгийн мэдэж байсан. Тухайн үед би бичиг баримттай явж байсан болохоор өөрийнхөө дугаар болон нэрээр тавьсан. Тэгсэн чинь над руу залгаад хугацаа чинь хэтэрчихсэн байсан зурагтаа аваарай гэхээр нь би тухайн үед такси барьж явсан таксины жолоочид 280.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд тухайн жолооч 260.000 төгрөгөөр чөлөөлж аваад би дээрээс нь 20.000 төгрөг нэмж явсан. Тэгээд гараад явж байтал С.Этай тараад нэг шил архи аваад хамт ууж байхдаа зурагтын талаар яриад чи Б.Бийг чаддаг юм бол барьцаалаад гэж хэлсэн юм уу? гэхэд С.Э үгүй унтаж байхад алга болчихсон байсан гэж надад хэлсэн. Тухайн үед би зурагтыг чинь танихгүй хүнд зарчихсан шүү гэж хэлтэл С.Э одоо тэгээд яахав дээ? Б.Бийг олж зурагтаа авхуулахаас гэж байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р тал/

                  -Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:....Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зурагтыг авч гарсан нь үнэн. Хувцас болон бусад зүйл аваагүй... гэх дүгнэлт /хх-ийн 113-114-р тал/

                  -гэрч Ц.Дамдинжавын мэдүүлсэн...Тухайн өдөр би эхнэрийн хамт ажил дээр байсан. Тэгсэн ямар хүн ирж тавьсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямарч байсан 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шаандарын Б гэх хүн хар өнгийн 42 инчийн удирдлаггүй зурагт авч ирэн барьцаалж манайхаас 250,000 төгрөгийн мөнгийг бэлнээр авсан байна. Тухайн зурат одоо байхгүй 2022 оны04 дүгээр сарын 05-ны өдөр Б гэх хүн нэг эмэгтэй хүнтэй орж ирээд  аваад явсан. Би хулгайн зурат гэдгийг саяхан л мэдлээ....гэх мэдүүлэг /хх-ийн 116-р тал/

                  -“АГ” ЗБХН-ийн 6747 дугаар зээлийн гэрээний хуудас /хх-ийн 117-р тал/зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-19 тоотод оршин суух С.Эы гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээс нь 42 инчийн LG загварын зурагтыг зөвшөөрөлгүй, нууцаар авч гарсан ба хохирогч С.Эд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Ш.Б нь Б.Бийн авч гарсан 42 инчийн LG загварын зурагтыг өөрийн бичиг баримтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “АГ” барьцаалан зээлдүүлэх газарт 250,000 төгрөгөнд тавьж архи авч уух, тамхи авах, таксигаар явах зэрэгт зарцуулсан ба буцааж аваад бусдад худалдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Бийн хууль бус үйлдлийн улмаас С.Эд 800,000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь, шүүгдэгч Ш.Б нь Б.Бийн хулгайлж авсан 42 инчийн LG загварын зурагтыг  хулгайлах гэмт үйлдлийн улмаас өөрийн өмчлөх эрхдээ шилжүүлэн авсан, хууль бус эх үүсвэртэй эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад, улмаар зээл, зээлийн хүүгийн төлбөрт 258.800 төгрөгийг төлж уг зурагтыг авч бусдад 280.000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө угаасан болох нь хохирогч  С.Эы...  Ямар ч байсан бид дөрөвийг гэрт ороход зурагт маань байж байсан өглөө сэрэхэд би гэртээ ганцаараа үлдээд зурагт миний өмсөж байсан гутал, 2 ширхэг өмд гар цүнх зэргийг хулгай хийгээд гараад явчихсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр үйлчилгээний төвийн цахилгаан соронзон орон гэх барааны дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдан авч байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Гийн мэдүүлсэн... араас Памбага /Б.Б/ цүнхтэй хувцас, С.Э ахын зурагтыг аваад гараад ирсэн. Бид 3 гурав яах гэж байгаа юм эргээд оруулаад гэрт нь тавь гэж хэлтэл Памбага /Б.Б/ нь С.Э ах чаддаг юм бол ломбарданд тавь гэж байна гэхээр нь бид нар нээрээ тэгсэн юм байхдаа гэж бодоод Мэнд-Амар худалдааны төвийн ломбардад эхлээд Памбага /Б.Б/ 100.000 төгрөгөөр тавилаа гээд гарч ирсэн дараа нь сонсоод байсан чинь 250.000 төгрөгөөр тавьсан гэж байсан....гэх мэдүүлэг, гэрч Ц.Дамдинжавын мэдүүлсэн:.. Тэгсэн ямар хүн ирж тавьсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямарч байсан 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Шаандарын Б гэх хүн хар өнгийн 42 инчийн удирдлаггүй зурагт авч ирэн барьцаалж манайхаас 250,000 төгрөгийн мөнгийг бэлнээр авсан байна.... гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, Ш.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлимйн 1 дэх хэсэгт заасан эдийн засгийн эсрэг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-19 тоотод оршин суух хохирогч С.Эы гэрээс 42 инчийн LG загварын зурагтыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.Б нь Б.Бийн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-19 тоотод оршин суух хохирогч С.Эы гэрээс 42 инчийн LG загварын зурагтыг хууль бус эх үүсвэртэй эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвд байрлах “АГ” барьцаалан зээлдүүлэх газарт 250.000 төгрөгийн зээлийн барьцаанд өдрийн 0.5 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаанд тавьсан улмаар хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор бусдад 280.000 төгрөгөөр худалдан борлуулах замаар захиран зарцуулах аргаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, гэж,

        -шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Би 7 сард суллагдаад цэрэгт явж ирсэн. Дахин ийм үйлдэл хийхгүй гэж амлаж байна. Ээж аав хоёртойгоо амьдардаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж,

-шүүгдэгч Ш.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Би 7 сард ногоогоо зардаг улирлын чанартай ажилтай тул ял оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

      хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол арилсан байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бт хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ш.Бт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ялаас 2 сар 03 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан ял эдлүүлэх байгууллагын баримтууд, шийтгэх тогтоол зэргээр нотлогдсон тул энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Эд учирсан хохирол нөхөн төлөгдсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдсан, хохирогч нь гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Чимэд овогт Болдбаатарын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Харчуу овогт Шаандарын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих журамтайг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 03 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  5 сар 03 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 5 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжлэсэн хөрөнгөгүй шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмлээгүй болохыг дурдсугай

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ