| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0430/З |
| Дугаар | 221/МА2024/0806 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0806
Ч.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.АЧ
Нэхэмжлэгч: Ч.Э
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0430/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э-өөс Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжийн Ч.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/573 дугаар захирамжаар иргэн Ч.Э-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ТЭЦ-4” цахилгаан станцын зүүн талд, Үйлдвэрлэлийн баруун бүс-4 (16103) тоот хаягт байрлах, 953 м.кв хэмжээтэй, аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бол дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/121 дүгээр захирамжаар уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2.3-т “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2. Гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.6. Үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд байрлах”, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 112 дугаар тогтоолоор баталсан “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын бүсэд маргаан бүхий газар нь багтсан бөгөөд дээр дурдсан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон байх тул ийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 112 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд дээрх тогтоолд холбогдуулан нэхэмжлэгч маргадаггүй. Гэтэл шүүхээс дүүргийн Засаг даргын дээд шатны байгууллага албан тушаалтан болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг биелүүлсэн шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Нэхэмжлэгч нь тус газрыг зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон.
3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг баримтлан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалыг зөрчиж нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн үйлдлийг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.6. Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 112 дугаар тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 2.3.2, 2.3.6 дахь заалтыг баримтлан Ч.Э-ийн газар эзэмших эрхийг сунгасан шийдвэрээ хүчингүй болгосон байна.
4. Тогтоогдсон үйл баримтын тухайд;
4.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар захирамжаар Э.Э-д Баянгол дүүрэг 20 дугаар хороо ТЭЦ-4 станцын урд байрлах 975 м.кв талбай бүхий газрыг ногоо тарих зориулалтаар эзэмшүүлж, дараа нь дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаар захирамжаар Э.Э-аас Д.Б-т шилжүүлсэн бол дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 649 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 953 м.кв болгон багасгаж, зориулалтыг өөрчилсөн.
Дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/145 дугаар захирамжаар Д.Б-ээс Ш.Э-д, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/795 дугаар захирамжаар Ш.Э-с Ч.Э-д шилжүүлснээр нэхэмжлэгч тус газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/573 дугаар захирамжаар 953 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
4.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор, Баянгол зэрэг нийслэлийн зарим дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбилцол, хамгаалалтын горим дэглэмийг тогтоосны дотор энэ хэсгийн 4.1-д заасан Ч.Э-ийн эзэмшиж буй газрын дийлэнх хэсэг багтсан болох нь хэрэгт цуглуулсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын лавлагаа, зургаар тогтоогдох ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд, орон нутгийн тусгай хэрэгцээний газрын хамгаалалтын горим дэглэм зөрчсөн гэх 17 нэгж талбарын газрын эрхийг дуусгавар болгох арга хэмжээ авахыг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байна.
4.3 Улмаар маргаан бүхий захиргааны актаар энэ хэсгийн 3-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбогдуулан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхэд Ч.Э-өөс 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр тухайн асуудлаар холбогдох тайлбарыг өгсөн.
Харин дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Ч.Э-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан тус дүүргийн 2018 оны А/573 дугаар захирамж (түүнд холбогдох хэсэг)-ийг хүчингүй болгож шийдвэрлэснээр маргаан үүсчээ.
5. Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байхад дүүргийн Засаг дарга нь тухайн харилцааг зохицуулсан хуулийг баримтлаагүй нь хууль бус” гэж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ч.Э-ийн эзэмшиж буй газар нь Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газрын хамгаалалтын бүсэд багтсан буюу тогтоосон хориглолтыг зөрчсөн учраас дээд шатны байгууллагаас хууль хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийг дуусгавар болгосон” гэж тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
6. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг /ойлгоно/”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.4. усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах", 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж,
Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.3. тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж,
Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 2.3-д “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2. гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.6. үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд;” гэж тус тус заасан.
7. Энэ маргааны тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгосон газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хүчингүй болгох эрх харьяа шатны Засаг даргад бий эсэх, уг үндэслэлээр гаргасан дүүргийн Засаг даргын захирамж нь хууль болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
8. Харин анхан шатны шүүхээс “... Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байгаа тохиолдолд, маргаан бүхий газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байгалийн нөөц газрын хамгаалалтын бүсэд давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, газрыг нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах шаардлагатай, захиргааны байгууллагаас анх газар эзэмших эрх олгохдоо усны сан бүхий газрын хориглолт хязгааралалтын дэглэм зөрчигдсөн эсэхийг судалж тогтоогоогүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, Засаг даргаас хууль бус тушаал шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Энэ хэсгийн 4-т заасан маргааны үйл баримтыг, 6-д заасан хууль, захиргааны хэм хэмжээний актын зохицуулалт, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмын агуулгатай уялдуулан тайлбарлавал, иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болох газар нь газрын нэгдмэл сангийн ангилалд хамаарахын зэрэгцээ гагцхүү хуулиар тогтоосон хориглолтод үл хамаарах үндсэн шаардлагатай.
Тухайлбал, Газрын тухай хуульд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглосон бөгөөд үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 112 дугаар тогтоолоор Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийг тогтоож, түүнд хамаарах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.
Нэхэмжлэгчийн аж ахуйн зориулалтаар эзэмшиж буй уг газар нь “Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар”-ын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт багтах болсон төдийгүй түүний хамгаалалтын горим, дэглэмд нийцүүлэн явуулж болох байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байна.
10. Ийм нөхцөлд усны сан бүхий газар, түүний хамгаалалтын зурвас /тусгай хэрэгцээний газар/-тай давхцал үүссэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах буюу газар эзэмшүүлэхтэй холбоотой хориглосон хэм хэмжээг зөрчсөн шийдвэрээр хүчингүй болгох бүрэн эрх Баянгол дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулиар олгогдсон учраас Газрын тухай, Усны тухай хууль болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн, хуульд нийцүүлэх зорилгоор өөрийн өмнө гаргасан, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасныг буруутгах үндэслэлгүй.
11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл энэ маргааны үйл баримтад холбогдолгүй, нөгөөтээгүүр Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус хэсгээс “дүүргийн Засаг дарга” гэснийг хассан агуулгатай өөрчлөлт оруулснаар дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхгүй болсон учраас анхан шатны шүүхийн “... газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн учир дутагдалтай болжээ.
12. Хариуцагчаас нийтийн ашиг сонирхол буюу Улаанбаатар хотын усны сан бүхий газрыг хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан шийдвэрээ хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актыг шүүхээс хууль бус бөгөөд уг актын улмаас нийтийн ашиг сонирхлоос илүүтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй нөхцөлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэрээ хүчингүй болгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх гагцхүү нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ба Ч.Э-ийн хувьд нөхөх олговортой холбоотой шаардлага гаргаагүй.
14. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна”, 104.3-д “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно” гэж зааснаар захиргааны байгууллагаас нөхөн олговор шаардах нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1042 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Б.А-ээс шүүгч Ц.М-д шилжүүлж, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1132 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 15 хоногоор сунгаж тус тус шийдвэрлэсэн ба шүүгчдийн зөвлөгөөний эдгээр тогтоолд тус бүр 6 шүүгч гарын үсэг зурж албажуулснаас үзэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дэх хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тогтоосон ирцийн шаардлагыг хангаагүй Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг цаашид анхаарвал зохино.
Харин хэргийг шүүгч Б.А-д зохих журмын дагуу буцаан шилжүүлж, тэрээр хянан шийдвэрлэсэн энэ тохиолдолд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0793 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/121 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий Ч.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ