Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Одгэрэл нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Одгэрэлд холбогдох эрүүгийн 201625022458 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Боржигон овогт Батчулууны Одгэрэл, Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 54-45 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:НЭ78110471/;

Шүүгдэгч Б.Одгэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед эхнэр Д.Доржхоролыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одгэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би хөдөө буцаж явах гээд гэртээ байсан. Тэгэхэд эхнэр маань ажлаасаа ирээд уурлаж “чи ашиггүй хөдөө явлаа” гээд маргалдсан. Би үг хэлэлгүй дуугүй хэсэг байж байхад эхнэр маань улам уурлаад над руу ноцоод байсан. Би түүнийг тайвшруулах гэхэд тэр үгэнд орохгүй миний хувцсыг ураад байхаар нь би түүнийг 2 удаа алгадсан нь үнэн. Тэрнээс биш би шууд барьж аваад эхнэрээ зодсон зүйл байхгүй, би эхнэртээ гар хүрнэ гэж боддоггүй. Манай эхнэр өөрөө хурц

 

ааштай бөгөөд би эхнэртээ тэгж гар хүрсэндээ гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Доржхорол мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр Одгэрэл нь гэрээ цэвэрлээгүй хүүхдүүдээ хоол хийж өгөөгүй сууж байхаар нь ядаж хүүхдүүдээ хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэтэл чамд хамаагүй чи өөрөө янхандах болохоор надаас хэрүүл өдөж байна уу гээд шууд үсдэж аваад алгадаж газар унагаасан тэгээд босож ирээд хоолой багалзуурдаад чамайг ална гэж заналхийлсэн…”   гэсэн мэдүүлэг./хх-9/,

Шүүгдэгч Б.Одгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай эхнэр Доржхорол ажлаа тарж ирээд ашиггүй юманд явлаа чи гээд үглээд байсан. Удалгүй ар гэрийг минь доромжилж эхэлсэн. Тэгээд тэвчээр барагдаад маргалдаж эхэлсэн. Тэгээд миний өмсөж байсан хувцсыг урахаар нь би гарыг нь тавиулахаар хоёр шуунаас нь цааш түлхээд нэг удаа алгадсан. Би эхнэр Доржхоролыг цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-10/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13402 тоот дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Д.Доржхоролын биед зүүн шуу, зүүн гуя, баруун гуя, шилбэнд цус хуралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-26/,

Шүүгдэгч Б.Одэрэлийн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас./хх-31/,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт /хх-30/,

Мөн хохирогч Д.Доржхоролын шинээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Одгэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед эхнэр Д.Доржхоролыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Д.Доржхоролын мэдүүлэг./хх-9/, шүүгдэгч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалты болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13402 тоот дугаартай шинжээчийн дүгнэлт “…Д.Доржхоролын биед зүүн шуу, зүүн гуя, баруун гуя, шилбэнд цус хуралт, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. …. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-26/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Б.Одгэрэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Одгэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,

мөн хохирогч Д.Доржхоролын “….эвлэрсэн тул цаашид ямар нэгэн гомдол саналгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна. Мөн нэхэмжилсэн бодит төлбөрийг барагдуулсан”  гэсэн хүсэлт зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Б.Одгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Б.Одгэрэлд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан ба энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Батчулууны Одгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Одгэрэлийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Одгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одгэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Одгэрэлд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ИДЭР