Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0519

 

 

 

 

 

 

 

 

      2021         08             09                                  128/ШШ2021/0519

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: К мХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Манай компани нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших Ц******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зешеврлийн дагуу ашигт малтмалын хайгуулыг хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн хийж ирсэн ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж ирсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 807 дугаар мэдэгдлээр манай компанийг тусгай зевшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, манай компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөр болох 5,914,506.5 төгрөг, алданги болох 531,305.59 төгрөгийг төсвийн орлогод нөхөн төлөх нөхцлийг ханган өгч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэн өгөхийг хүсч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21/001 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/226 дугаар албан бичгээр тус газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн тул ийнхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

 Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, банкуудын үйл ажиллагаа зогссон тул хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр болон алданги тооцуулан төлөх хуулийн хугацаа болох 30 хоногийн хугацаанд төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон юм.

Ковид-19 цар тахлаас үүдэн урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлж чадаагүй энэхүү нөхцөл байдлыг харгалзан, цар тахлын хатуу хөл хориотой байх үеийн засгийн газрын шийдвэрүүдийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бгийн 2021 оны 01-р сарын 04-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож манай компанийн эзэмшлийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт орших Ц******* нэртэй XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөр болох 5,914,506.5 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга таван зуун зургаан төгрөг тавин мөнгө), алданги болох 531,305.59 (таван зуун гучин нэгэн мянга гурван зуун таван төгрөг есөн мөнгө) төгрөгийг төсвийн орлогод төлөх нөхцлийг ханган өгч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.

 Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуулийн хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хатуу хөл хорио тогоон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн үед тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, цар тахлын хатуу хөл хорионы үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамжийг зөрчсөн байна. Манай хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлэх , бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж төсвийн орлого бүрдүүлэх нөхцлөөр ханган өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр Төв аймгийн Лүн, Өндөрширээ сумын нутаг дэвсгэрт байрлах Цахиур нэртэй 4329.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг К мХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.7. Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан. Гэтэл К мХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын хV - ******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 8/5309 дугаартай албан бичгээр, мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 8/7 тоот албан бичгээр тус тус К м ХХК-ийн албан ёсны хаяг болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д бүртгүүлсэн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо ХД ******* тоот хаягаар хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан  “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно. гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. гэж заажээ.

Үүнээс харахад К мХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах, үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүргүүлээгүй гэх нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар К мХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим сайтад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байршуулж, Үндэсний шуудан сонингийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №2 дугаарт хэвлэн нийтлэгдсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас МУ-ын ЗГ-ын тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс .......30 хоногийн хугацаанд төлбөрөө төлөх боломжгүй болсон... Ковид-19 цар тахлаас үүдэн урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөрлийн төлбөрөөр хуульд заасан хугацаанд төлж чадаагүй энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж .....гэжээ.

 Гэтэл К мХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV/******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан. Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т хүндэтгэн үзэх шалтгаан гэж нэр бүхий 5 зүйлийг шалтгаан гэж үзсэн байгаа. Гэтэл К мХХК-ийн дээрх шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын үүргийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”

ҮНДЭСЛЭХ нь:

            К мХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан  2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр Төв аймгийн Лүн, Өндөрширээ сумын нутаг дэвсгэрт байрлах Цахиур нэртэй 4329.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг К мХХК-д олгосон байна.

Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр цуцалж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 807 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн.

            Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөр болох 5,914,506.5 төгрөг, алданги болох 531,305.59 төгрөгийг төсвийн орлогод нөхөн төлөх нөхцлийг ханган өгч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэн өгөхийг хүссэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21/001 дүгээр албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/226 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс “Коронавируст халдвар (Ковид-19)-т цар тахлын улмаас Засгийн газрын тогтоолын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, банкуудын үйл ажиллагаа зогссон тул хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөр болон алданги тооцуулан төлөх хуулийн хугацаа болох 30 хоногийн хугацаанд төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон” гэж,

Хариуцагчаас “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.7. Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан. Гэтэл К мХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөөгүй” гэж тус тус маргажээ.

К мХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, төлбөрийг алдангийн хамт төлөх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болохоор байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.7. Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасны дагуу К мХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Кадастрын хэлтсийн даргын  2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 8/5309 дугаар албан бичгээр, К******* ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг тус компанийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо ХД ******* тоот хаягаар хүргүүлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно. гэж заажээ.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан боловч уг тогтоолоор Банкны төлбөр тооцооны үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоогүй байна.

Мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194, 209 дүгээр тогтоолоор бэлэн байдлын зэргийг бууруулсан бөгөөд банк санхүүгийн үйл ажиллагаа хязгаарлагдаагүй.

Иймээс нэхэмжлэгчийн Ковид-19 цар тахлаас үүдэн урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлж чадаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх харилцаатай төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6.1.41.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;. Гэтэл К мХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс, төлбөрийг алдангийн хамт төлөх 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд Ковид-19 цар тахлаас шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн гэх нөхцөл байдал буюу хорио цээрийн бүсэд хоригдсон болох нь тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч К мХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Татварын ерөнхий хуулийн 6.1.41, 6.1.41.г. заасныг баримтлан К мХХК-иас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН