Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 195

 

Өмнөговь аймгийн

 Ардчилсан намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ундрах, Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, Ө.Баянмөнх нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0139 дүгээр магадлалтай, Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас гарсан 1/1, 1/2, 1/3, 1/4 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0139 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6-23.9, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гаргасан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах” тухай Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг Монгол ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 57,5 хувийн ирцтэйгээр, насаар хамгийн ахмад төлөөлөгч гэх Х.Сугир албан ёсоор нээж, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутад хуралдуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан анхдугаар хуралдаан явагдах хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байх бөгөөд бүрэн эрх дуусгавар болж байсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт хуралдуудахаар товлож тогтоол гаргасан. Гэтэл Монгол ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч тус өдрийн 17 цаг 40 минутад эрх бүхий этгээдээс товлоогүй хуралдаан хуралдуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан. Анхдугаар хуралдаанд Монгол ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчөөс насаар хамгийн ахмад нь анхдугаар хуралдааныг нээн удирдсан Х.Сугир биш, О.Бадарч болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны ирцийн хүснэгт, О.Бадарч, Х.Сугир нарын иргэний үнэмлэхний лавлагаа, хуралдааны тэмдэглэл, Монгол ардын намын бүлгээс Ардчилсан намын бүлэгт хүргүүлсэн албан бичиг, зэргээр тус тус нотлогддог.

Гэтэл шүүх анхдугаар хуралдаан товлосон цагтаа хуралдаагүй боловч зарласан өдрийн 17.40 цагт шинээр сонгогдсон төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр анхдугаар хуралдаан хуралдсан, төлөөлөгчдийн хамгийн ахмад настай төлөөлөгч О.Бадарч хуралдаанд хүрэлцэн ирээгүй байсан тул Х.Сугир хурлыг нээсэн нь хууль болон хуралдааны дэгийг зөрчиж хуралдаагүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлтийг хийгээгүй, нотлох баримтыг дутуу шалгаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Цогтцэций сумаас сонгогдсон гэх 4 төлөөлөгч анхдугаар хуралдааны ирцийг бүрдүүлсэн 19 төлөөлөгчид багтсан бөгөөд эдгээр 4 төлөөлөгчийг аймгийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчөөр сонгогдсон гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариагүй байсан байдаг. Нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгож, хуралд өргөн барих нь сонгуулийн хорооны эрх хэмжээний асуудал. Гэтэл сонгуулийн хорооноос өргөн бариагүй байсан 4 төлөөлөгч уг хуралдааны ирцийг бүрдүүлснээс гадна тэдний бүрэн эрхийг зөвшөөрсөн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Түүнчлэн Цогтцэций сумаас нэр дэвшсэн 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх талаар хуралдааны дэгд тусгаагүй атлаа хуралдааны дундуур уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 20 дахь заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан маргааны үйл баримтад хамаарал бүхий нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. 

Өмнөговь аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоох, уг хуралдаанаас гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 1/1,  “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 1/2, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 1/3, “Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 1/4, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 1/5, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 1/6  дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...товлосон цагтаа эхлээгүй, ...төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь хуралдааныг даргалах хуулийн шаардлага хангаагүй, ... хуралдааны дэг зөрчигдсөн, ... 4 нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн хорооноос өргөн бариагүй байхад бүрэн эрхийг нь баталгаажуулж, сонгуулийн хорооны эрхэд халдсан..., ардчилсан намын төлөөлөгчдийг оролцуулаагүй эрхийг нь зөрчсөн ... ” гэж тайлбарлажээ.

Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл Хуралдаан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоолоор товлогдсон 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагт биш, албан ёсоор 17 цаг 40 минутад эхэлж, хуралдаанд аймгийн сонгуулийн хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрийг нь өргөн мэдүүлсэн төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирсэн, хуралдааныг эдгээр төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Х.Сугир нээж, удирдан явуулсан байна.  

Төлөөлөгчдийн ирц, сонгуулийн хорооны шийдвэр зэрэг тодорхой шалтгаануудын улмаас Хуралдаан товлогдсон цагтаа эхлээгүй, тухайлбал, Адчилсан намаас сонгогдсон төлөөлөгч 11.00 цагт, Монгол ардын намаас сонгогдсон төлөөлөгчид 14.00 цагт тус тус цугларсан, 14.00-17.25 цаг хүртэл Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсон, 17.25 цагт тус намын бүлгийн дарга Л.Батчулуун сонгуулийн тойргийн маргаантай  асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа,.. анхдугаар хуралдаанд оролцох боломжгүй...” гэж мэдээлснээр хуралдаан  тус намын төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр үргэлжилсэн нь дээрх тэмдэглэлд тусгагджээ.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно “ гэж хуралдаан хүчинтэй байх гол үндэслэлийг тодорхой зохицуулсан байна.  

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд аймгийн сонгуулийн хорооноос Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэрийг нь өргөн мэдүүлсэн төлөөлөгчийн олонхи хүрэлцэн ирсэн нь тогтоогдсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...хуралдааны ирцийн тухайд маргахгүй...” гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын анх гаргаж байсан энэ үндэслэлээсээ татгалзсан болно.

Иймээс тухайн өдөр болсон хуралдааныг “товлогдсон цагтаа эхлээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль  зүйн үндэслэл байхгүй байна. 

Тодруулбал, нэгэнт дээрх хуульд заасан ирц хангагдсан тул товлогдсон өдөр хийсэн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид..., зарлан хуралдуулна” гэж заасан хугацааг баримталсан, хууль ёсны гэж үзнэ.

Түүнчлэн сонгуульд ялалт байгуулж, сонгогчдын олонхийн санал авсан нийт 33 төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад нь Монгол ардын намаас нэр дэвшигч О.Бадарч болохыг нэхэжлэгч, хариуцагчийн аль аль нь зөвшөөрсөн, маргаагүй боловч, “Сонгуулийн хууль зөрчсөн” гэх маргаантай асуудлын улмаас О.Бадарч нь тухайн хуралдааныг удирдан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна.

Иймд аймгийн сонгуулийн хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрийг нь албан ёсоор өргөн мэдүүлсэн 29 төлөөлөгчөөс насаар хамгийн ахмад Х.Сугир анхдугаар хуралдааныг нээж, удирдан явуулсан нь   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д ”Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь ... нээж удирдана” гэж заасантай нийцнэ.    

Үүнээс гадна хуралдааны тэмдэглэлээс үзвэл, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч 4 иргэнд  түр үнэмлэх олгох асуудлыг Сонгуулийн хууль зөрчсөн гэх маргаантай асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хойшлуулсан Сонгуулийн хорооны шийдвэрийг үндэслэн Д.Батзориг, Ц.Доржсүрэн, О.Бадарч, Б.Баярбилэг нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хуралдааны явцад нээлттэй үлдээж, бусад асуудлыг хэлэлцсэний дараа Хуралдааны цагийг сунган дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2008 оны ээлжит гуравдугаар хуралдааны 3/1 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн 20-д “...Зарим асуудлыг түр нээлттэй орхиж дараагийн асуудлыг хэлэлцэж болно...” гэж тус тус заасантай нийцсэн, үүнийг дэгд тусгагдаагүй асуудлыг хуралдааны дундуур хэлэлцсэн  гэж үзэхээргүй байна.

Харин нэхэмжлэгч нь “... нэр дэвшигчдэд түр үнэмлэх олгож, Хуралд өргөн барих тухай” Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй байхад эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Сонгуулийн хорооны бүрэн эрхэд халдаж, хууль зөрчсөн” гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлтэй.

Хуралдаан Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3-д “... сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно” 161.4-д “...,орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж,....” гэж заасныг зөрчиж маргаж буй 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрснийг давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлд заасан “Хурлын Онцгой бүрэн эрх”-д хамруулан, зөвтгөн тайлбарлаж дүгнэсэн нь буруу байна. 

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт нь Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх асуудлуудыг өөр хэн нэг биш зөвхөн тухайн Хурал шийдвэрлэх эрхтэй болохыг тодорхойлсон зохицуулалт бөгөөд Хурлын шийдвэрлэх эдгээр асуудал нэг бүр нь холбогдох хуульд нийцэж хэрэгжих учиртай.

Энэ маргааны тухайд дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”-д заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д зааснаас тусад нь хэрэгжихээр ойлгох боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хорооноос тухайн 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг өргөн бариагүй байхад тэдний бүрэн эрхийг зөвшөөрсөн Хуралдааны шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасанд нийцээгүйг хяналтын шатны шүүх зөвтгөх боломжгүйг тэмдэглэж байна. 

Гэвч, Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралтай дээрх асуудлыг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэх үндэслэлд хамруулж байгаа нь ойлгомжгүй, тэдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгосноор Ардчилсан намын зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна.

Хяналтын шатны шүүх зөвхөн энэ үндэслэлээр “Д.Батзориг, Ц.Доржсүрэн, О.Бадарч, Б.Баярбилэг нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх”  “Д.Батзориг, Б.Баярбилэг нарыг Хурлын тэргүүлэгчдээр нэмж сонгох” тухай анхдугаар хуралдааны 1/5, 1/6  дугаар тогтоолуудыг нэхэмжлэгчийн шаардлагаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Нөгөө талаар нэгэнт хуралдааныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул төлөвлөгдсөн асуудлуудыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлаар  Хуралдаанаас гаргасан  1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6  дугаар тогтоолууд нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан намын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хуралдаанд зориудаар оролцоогүй орхиж гарсан тухайн намын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх зөрчигдөөгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн, “...эрх бүхий этгээдээс товлогдоогүй хуралдаан болсон, ...төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь хуралдааныг даргалах хуулийн шаардлага хангаагүй, ...хуралдааны дэг зөрчигдсөн, ,...4 нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн хороноос өргөн бариагүй байхад бүрэн эрхийг нь баталгаажуулж, сонгуулийн хорооны эрхэд халдсан...” гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ