Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0639

 

Иргэн Ш.Сувдаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ш.Сувдаагийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-д тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Сувдаа 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын А/375, мөн 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Ш.Сувдаагийн эзэмшил газарт холбогдох хэсэг болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн захиалж хийлгэсэн авто замын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.Сувдаагийн эзэмшил газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр:

“1.Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 35 дугаар зүйлийн 35.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.3-т заасныг баримтлан Ш.Сувдаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын А/375 тоот захирамжийг бүхэлд нь, 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/228 тоот захирамжийн 1.15 дахь хэсгийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ш.Сувдаагийн эзэмшил газарт холбогдох хэсэг болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн захиалж нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог дайруулан хийгдсэн авто замын зураг төсөл, ажлын даалгаврын Ш.Сувдаагийн эзэмшил газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож;

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “контор, авто засварын үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой газрыг урьд эзэмшиж байсан газрын хэмжээгээр өөр газар олгож өгөхийг нийслэлийн Засаг даргад, мөн шинээр олгох газарт барилгын зураг баталж өгөхийг эсвэл Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрын байршилд тохирсон барилгын зургийг баталж өгөхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсөл”-ийн захирал Б.Батболд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Гудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Үйлдвэрчний гудамж”-ийг “Москва” хорооллын арын далангаар явуулж “Өнөр” хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто зам, “Т” хэлбэрийн дам нуруутай төмөр бетон 2 гүүр бүхий авто зам нь Улаанбаатар хотын баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нийтийн эрх ашигт нийцсэн чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй зам юм.

Уг авто замыг дахин өөр байдлаар төлөвлөх боломжгүй, хэрэв трассыг өөрчлөх нөхцөлд их хэмжээний газар чөлөөлөлт, нөхөх олговрын асуудал гарна. Төслийн хувьд хамгийн боломжит хувилбар гаргаж төслийг хэрэгжүүлэхээр зургийн даалгавар, зураг төслийг боловсруулсан боловч зөвхөн нэг иргэний эзэмшил газраас хамаарч энэхүү улс орны бүтээн байгуулалт, нийтийн эрх ашигт нийцсэн зам тавигдахгүй болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх “...Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт бохирын ус татан зайлуулах шугамын ойролцоо барилга байгууламж барьж болохгүй талаар хуульчилсан бөгөөд харин газар эзэмших эрхийг хязгаарлаагүй байна” гэж хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Учир нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх, хамгаалалтын зурвас газартай байна”, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны тогтоолд “үерийн далангийн гадна ирмэгээс 10 м зайд суурьшлын бүс байна” гэж тус тус заасан.

Гэтэл Ш.Сувдаагийн эзэмшлийн газар нь бохир усны шугам болон үерийн далангийн хамгаалалтын бүс, зурвас газартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх тухай хуулийн заалтыг зөрчсөн.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хариуцагчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн “Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замыг Москва хорооллын арын далангаар явуулж Толгойтын авто замтай нийлүүлэх авто замын барилгын ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зургийн даалгавар”-ыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталсан, түүнчлэн нэхэмжлэлийн нэг шаардлага болох нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай” А/228 дугаар захирамжийн 1.15-д дээрх трассын дагуу шинээр барих 2.16 км авто замд зориулан нийт 2.84 га газрыг Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж төсөл” хэрэгжүүлэх нэгжид 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

Эдгээр захиргааны актуудаас үзэхэд “Гудамж төсөл” нь зургийн даалгаврын тухайд шийдвэр гаргасан этгээд бус захиалагч, захирамжийн тухайд газар эзэмшигч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар бус гуравдагч этгээдээр оролцуулах байжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийг нэхэмжлэгчээс анхлан тодорхойлдог ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч хариуцагчийг, мөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй.

2.Хэрэгт авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 02-04-131/1340 тоот дүгнэлт, Үйлдвэрлэл, худалдааны “Сүү” ХК-иас нийслэлийн Засаг даргад гаргасан 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/215 тоот, нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/225 тоот хүсэлт болон хариуцагчийн шүүхэд гаргасан бичгийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд захирамжид тодорхой дурдаагүй ч нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/375 дугаар захирамжийг гаргах болсон нэг үндэслэл нь “Сүү” ХК-иас анх гаргасан гомдолтой холбоотой байх магадлалтай байна.

Улсын байцаагчийн дүгнэлт тус компанийн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн байх бөгөөд “Сүү” ХК-ийн эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлын агуулгаас үзэхэд хэдийгээр эзэмшил газрын давхцал, эсхүл орц, гарц хаасан зэрэг асуудлаар маргаагүй ч тухайн газартай холбоотой тодорхой хэмжээний эрх, ашиг сонирхол байсныг үгүйсгэх аргагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар “...маргааны үйл баримтын ...улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг ...шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, 22.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж тус тус заасны дагуу “Сүү” ХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн “...“Сүү” ХК өргөдөл гаргаад үүний дагуу энэ захирамж гарсан мэт харагдаж байгаа...” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх талд тусгагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. Шүүхээс хэргийг дахин хянахдаа маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын А/375 дугаар захирамжийн огноог шийдвэрт бүрэн тусгавал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН