Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 31

 

С.М-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, хохирогч Э.Д, хохирогч Э.М, иргэний хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 64 дүгээр магадлалтай, 201618020200 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын М нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх С.М-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сар хугацаагаар хасч, 6 сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.М-гөөс 10,600,000 төгрөг гаргуулж хохирогч Э.М-д, иргэний хариуцагч Л.Бат-Эрдэнээс 13,927,506 төгрөг гаргуулж хохирогч Э.Д-т олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, С.М-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.М-ын эрүүл мэндэд хүнд, Э.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай” гэж,  5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.М-гөөс 10,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-д, иргэний хариуцагч Л.Б-ээс 12,223,719 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-т тус тус олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх С.М-д холбогдох эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчин иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ямар ч дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагч Л.Б-ээс 13,927,506 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл дээрх хохирлын үнийн дүн зөрүүтэй, хэрэгт байгаа хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн 2016 оны 09 сарын сарын 11-нээс хойшхи утас, шатахууны зардал, банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн хэрэглээ нэрийдлээр янз бүрийн зүйл нэхэмжилсэн байхад үүнд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжилсэн бүх хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний хариуцагч Л.Б-ийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс зохих төлбөрийг тооцон гаргуулахаар уг тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн. Шүүгдэгч С.М гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш, түүний хуваарьт хөрөнгө ч биш байтал тээврийн хэрэгслийг хурааж хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй хуулийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг мөн л буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д иргэний хариуцагчийн төлөх хохирлыг нарийн хуульчлан заасныг огт дурдахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч Э.Д эмчилгээний зардалд 1,391,735 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримттай зөрж байна. Шүүгдэгч С.М шүүхийн өмнөх шатанд 1,600,000 төгрөгийг эмчилгээний зардал гэж төлж барагдуулсныг анхан болон давж заалдах шатны шүүх огт дурдаагүй, хохирлоос хасаж тооцоогүй. Мөн хохирогч Э.Д-ийн нэхэмжилж байгаа нотлох баримттай гэх хохирол нь 12,223,719 төгрөг байхад  нотлох баримтгүй нэхэмжилсэн 14,727,526 төгрөг гаргуулж хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч С.М нь замын хөдөлгөөнд оролцохдоо буюу уг гэмт хэрэг гарах үед эзэмшиж байсан “Тоёота Ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг “Ард даатгал” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр эзэмших эрх нь үүссэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Л.Б-г  С.М-д тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн буюу өөрөө томилсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын иргэний хариуцагч Л.Б-д холбогдох иргэний нэхэмжлэлтэй хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Иргэний хариуцагч Л.Б-ийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний найз С.М унаж явахдаа зам тээврийн осол гаргаснаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасныг үндэслэн  Л.Б-ийг иргэний хариуцагчаар татаж байцаалт авсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж хуульчилсан. Эндээс харахад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Л.Б-ийг үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар тогтоож эрхийг нь зөрчсөн. Анхан шатны шүүх Л.Б-ийг иргэний хариуцагч биш болохыг дурдаад мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу дахин хэргийг хянан хэлэлцсэн. Ингэхдээ Л.Б-ийг иргэний хариуцагч хэмээн үзэж түүнээс 13,927,506 төгрөг гаргуулж хохирогч Э.Дэлгэрцэцэгт олгуулж, Л.Б-ийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс зохих төлбөрийг тооцон гаргуулахаар уг тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн ба харин давж заалдах шатны шүүх Л.Б-ээс 12,223,719 төгрөг гаргуулж хохирогч Э.Дэлгэрцэцэгт олгуулахаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан. Тус шүүх “Л.Б- нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрөө шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагчаар татаж хохирогч Э.Д-т учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Даатгалын тохиолдол гарсан даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, даатгалын баталгааг шалгуулах үүргээ биелүүлээгүй”, мөн хуулийн 13.5-д “Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг даатгагч жолоочийн даатгалыг хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцана” гэж зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг даатгуулагч зөвхөн өөрөө хариуцах нөхцөл үүссэн байна” хэмээн дүгнэсэн байдаг. Дээрх дурдагдсан бүхнийг иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь тухайн хэрэг учрал болох үед Л.Б тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед жолоочийн хариуцлагын даатгалд С.М хамт даатгагдсан талаар мэдүүлсэн боловч шүүх түүний мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх нь Жолоочийн даатгалын тухай хуулийг өөр үндэслэлээр ойлгож хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 13 дугаар зүйл нь бүхэлдээ жолоочид хамаарах заалтууд байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”Жолооч гэж автотээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг ойлгоно” гэж заасан. Үүнээс харахад тус хуулийн 13 дугаар зүйл нь тухайн үед “Тоёота ланд круйзер 80” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.М-д хамаарах заалт болох нь тодорхой байна. Тээврийн хэрэгслийн “Ард” даатгал компанитай байгуулсан гэрээний мэдүүлгийн маягтын 3 дахь хэсэгт С.М-гийн нэр болон регистрийн дугаар бичигдсэн байдаг. С.М тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрх энэ үеэс албан ёсоор олгогдсон ба тэрээр осол гаргасан тохиолдолд Жолоочийн хариуцлагын тухай хуульд заасан “даатгалын тохиолдол” үүсэх буюу түүний нэр регистрийн дугаар бичигдсэнээр осол гаргасан бол С.М нь бусдын өмнө хариуцлага хүлээх үндэслэл бий болж, Л.Б Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж иргэний хариуцагч Л.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэн олгогдох ёсгүй төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4-т заасан “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэснийг, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдийг баримтлан шийдвэрийг ерөнхий байдлаар гаргалаа. Хохирогч зардлаа урьдчилан төлүүлэх, шүүгдэгч төлөх үүрэгтэй хэдий ч нотлох баримт ямар ч эргэлзээгүй байх ёстой. Гэтэл хохирогч Э.М нь зүүн түнхний хиймэл үений хагалгаанд орсон нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад энэ төлбөрийг гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч С.М нь хохирогч Э.М, Э.Д нарын гаргасан бодит зардлыг төлж барагдуулсаар байтал ирээдүйд гарах зардал 9,600,000 төгрөгийг шүүгдэгчээс, 12,223,719 төгрөгийг Л.Бат-Эрдэнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Хохирогч нар ирээдүйд гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. Иймд шүүгдэгч С.М бодит гарсан хохирлыг төлж барагдуулсан тул тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч С.М нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Тоёота ланд круйзер 80” маркийн авто машиныг согтуугаар жолоодож явахдаа өөдөөс нь ирж явсан иргэн Э.Д-ийн автомашиныг мөргөж Э.М-ын эрүүл мэндэд хүнд, Э.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлыг үндэслэн С.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой.

Тээврийн хэрэгслийн эзэмшигч эсхүл өмчлөгч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг өөрөө гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцана гэж Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Л.Б-ийг иргэний хариуцагчаар татаж С.М-д холбогдох хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

Гэвч энэхүү зохицуулалтын хүрээнд иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо эхний ээлжинд гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарч тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад түүний шууд болон шууд бус нөлөө бий эсэх, эд хөрөнгийн хувьд хохирсон байдал, хохирогч нарт учирсан нийт хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзнэ.

Үүнээс гадна иргэний нэхэмжлэлийг нотолж буй баримт сэлт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд баримт бүрээр үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдах шаардлагын талаар хуульчилсан бөгөөд уг зүйлийн 3.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлээ заавал тусгахаар заажээ.

Гэтэл анхан шатны шүүх төлбөрийн баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч, иргэний хариуцагчаас гаргуулах төлбөрийн харьцаанд тайлбар өгөхгүйгээр Л.Б-ээс төлбөр гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан ноцтой зөрчил гэж үзэв.

Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан гомдлын хохиролтой холбоотой хэсгийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, С.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН