Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

 

    2022         12            06                                 2022/ШЦТ/391

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 2229001940490 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг 2-28-20 тоотод түр оршин сууж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ө.Огийн данс андуурч Хаан банкны 5304314597 дугаарын данс руу шилжүүлсэн 500.000 төгрөг, мөн андуурсан байна буцаагаад шилжүүлээч гэх утгаар 5000 төгрөг нийт 505.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 505.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Т.М мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-Т.М эзэмшлийн 5304314597 дугаар ХААН банкны депозит дансны хуулга  /хх-ийн 17-р тал/

-хохирогч Ө.Огийн мэдүүлсэн  Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед найз Баярбаатар над руу залгаад 500.000 төгрөг зээлээч мөнгөний хэрэг байна удахгүй буцаагаад өгнө гэхээр нь би за найз нь завтай болохоороо шилжүүлье гэж хэлээд ажлаа амжуулж дуусаад өөрийн фэйсбүүк чат аа үзэхэд хаан банкны 5504314597 данс ирсэн байхаар нь тэр данс руу нь өөрийнхөө 5058419382 дугаартай данснаас мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд найзруугаа мөнгө шилжүүлсэн гэж хэлж амжаагүй ажлаа хийгээд байж байхад манай найз над руу залгаад мөнгө орж ирээгүй байна гэхээр нь юу гэсэн үг юм бэ? над руу явуулсан дансруу чинь мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн чинь манай найз над руу эргэж залгаад би чамд буруу данс өгчихсөн байна. Уг нь 5304315976 гэсэн дансанд хийх ёстой байсан юм гээд хэн хэн нь буруу данс өгч авч мөнгө андуурч шилжүүлснээ мэдсэн юм. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.. ...Над руу 99620441 гэсэн дугаараас ярьж эхлээд 100,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, саяхан 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 95596460 гэсэн дугаараас мессеж бичиж миний ХААН банкны 5058419382 дугаарын утас руу 100,500 төгрөг өгсөн. Одоо  надад нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралд суухгүй хохирлоо бүрэн төлүүлсэн гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-н 33, 37-38-р тал/

-шүүгдэгч Т.М яллагдагчаар мэдүүлсэн:.. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Тухайн үед 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 54 минутанд 5058419382 дугаарын данснаас 500.000 төгрөг Ноmies гэсэн утгаар миний хадгаламжын дансанд орсон байсан. Тэгээд би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гар утсны интернэт банкаар ороод хартал миний хадгаламжын дансанд 500.000 төгрөг орчихсон байхаар андуураад орчихсон юм байна гэж бодсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хадгаламжны дансны хугацаа дуусаад харилцагчийн 5071307193 дугаарын данс руу 555.000 төгрөгийг татаж авсан. Тэгээд би уг мөнгийг ойр зуурийн хувийн хэрэглээндээ хэрэглээд дуусчихсан. Би уг 500.000 төгрөгийг андуурч хийгдсэн мөнгө гэдгийг мэдсээр байж хувийн хэрэгцээндээ хэрэглэчихсэн юм. Тухайн үедээ би харсан. Тэгээд хадгаламжийн хугацаа дуусаагүй байсан болохоор эргээд шилжүүлж болохгүй. Тэгээд нэгэнт орчихсон юм чинь намайг мэдэхгүй байх гэж бодоод ашиглачихсан. Үлдэгдэл 50.000 төгрөг байсан дээр нь андуурч 505.000 төгрөг орсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/

-Т.М эзэмшлийн 5304314597 дугаар зорилготой хадгаламжийн депозит дансны хуулга /хх-ийн 79-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Т.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг 2-28-20 тоотод түр оршин сууж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ө.Огийн найз Баярбаатарт 500,000 төгрөг шилжүүлэх зорилгоор данс андуурч Т.М ХААН банкин дахь хадгаламжийн 5304314597 дугаар данс руу шилжүүлсэн 500,000 төгрөгийг, мөн андуурсан байна буцаагаад шилжүүлээч гэх утгаар 5000 төгрөг нийт 505.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж  хохирогч Ө.Од нийт 505,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Т.М үйлдлийн улмаас Ө.Од 505,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.Огийн:... Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед найз Баярбаатар над руу залгаад 500.000 төгрөг зээлээч мөнгөний хэрэг байна удахгүй буцаагаад өгнө гэхээр нь би за найз нь завтай болохоороо шилжүүлье гэж хэлээд ажлаа амжуулж дуусаад өөрийн фэйсбүүк чат аа үзэхэд хаан банкны 5504314597 данс ирсэн байхаар нь тэр данс руу нь өөрийнхөө 5058419382 дугаартай данснаас мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн юм. гэх мэдүүлэг, Т.М эзэмшлийн 5304314597 дугаар зорилготой хадгаламжийн депозит дансны хуулга, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.М энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Т.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг 2-28-20 тоотод түр оршин сууж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ө.Огийн данс андуурч Хаан банкны 5304314597 дугаарын данс руу шилжүүлсэн 500.000 төгрөг, мөн андуурсан байна буцаагаад шилжүүлээч гэх утгаар 5000 төгрөг нийт 505.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 505.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж  дүгнэлт гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ө.О нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Т М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ