| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0351/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/404 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/404
2022 12 19 2022/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 2225000000432 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Гийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Баруун дэнжийн 7-6 тоотод насанд хүрээгүй хохирогч Г.Сыг 11 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж түүний зүүн хацар хэсэгт гараараа алгадан өргөж хана руу савж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:Яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-насанд хүрээгүй хохирогч Г.Сын мэдүүлсэн:...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш авга эгч Ууганцэцэгийн гэрт найз Агийн хамт очсон. Тэгтэл тэднийд Г ах Ц эгч /16 настай/, Р ах /14 настай нар байсан. Гэрт ортол Г ах намайг нааш ир гээд миний зүүн хацар луу 2 удаа алгадсан. Тэгсэнээ цаад талын жижиг өрөө рүү оруулж намайг өргөснөө газар руу савсан юм. Мөн намайг хана руу толгойгоор минь 1 удаа савсан. Тэгээд намайг зодохоо больсон бөгөөд А байхгүй явчихсан байсан. Ингээд байж байтал миний төрсөн эгч Х ирсэн бөгөөд намайг явъя гэтэл Г түүнд хандан “миний дүү цусан төрөл” гэж хэлсэн... Ахиж намайг зодоогүй бөгөөд Г согтуу байсан юм. Миний зүүн хөл урд нь шатнаас унаад гэмтчихсэн байсан бөгөөд Г ах намайг газарт савсанаас болж уг хөл маань ахин өвдөж эхэлсэн юм. ..Миний зүүн хөл тухайн үед зүгээр байсан бөгөөд Г ах намайг өргөөд доош тавихад хөлөөрөө газарт хүчтэй бууснаас болж хөл маань гэмтсэн. Намайг Г ахаас өөр хэн нэгэн нь цохиж зодоогүй. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09, 12-р тал/
-насанд хүрээгүй гэрч О.Цийн мэдүүлсэн:... 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 7-6 тоот гэртээ байхад С 10 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирсэн. Манай нагац ах Г.Г өчигдөр уусан архи нь гараагүй жоохон халамцуу байсан. Тэгээд Сыг “чи ягаад хулгай хийдэг юм” гээд асууж эхэлсэн. С намайг нэг хүүхэд хулгай хий гэсэн гэж хэлээд уйлж эхэлсэн. Г ах нэг удаа алгадаад танай ах дүү нар чинь хулгай хийж хэрэг төвөгт орооцолдож байгаагүй гэж загнаад өргөөд шидсэн. Ширээний булан мөргөсөн. Нэг хөл нь доголсон байсан асуухад шатнаас унасан гэж хэлсэн. Өөр цохисон үйлдэл байхгүй загнаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
-насанд хүрээгүй гэрч О.Ргийн мэдүүлсэн... Би яг огноог санахгүй байна. Тухайн өдөр би хашаан дотроо түлээ хагалаад байж байтал манай хамаатан С нь манай гэрт нэг найзтайгаа хоёулаа ирсэн юм. Тэгээд тэр 2 гэр лүү орсон бөгөөд би хамт ороогүй гадаа түлээгээ хагалаад үлдсэн. Энэ үед манайд нагац ах Г, миний төрсөн эгч Ц нар байсан юм. С нь найзтайгаа манайх руу орсоноос хойш удалгүй тэр найз нь гэрээс гараад гүйчихсэн бөгөөд би гэр лүүгээ ортол С уйлчихсан зогсож байсан. Сыг Г ах загнаж байсан юм. Миний хажууд Сыг Г ах цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 825 дугаартай... "... Г.Сын биед тархи доргилт, хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт /хх-н 26-27-р тал/
-шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун дэнжийн 7-6 тоот төрсөн эгч Ууээ гэрт байсан юм. Тэгтэл миний төрсөн ахын хүү С нь гэрт орж ирсэн бөгөөд би түүнээс хөлөө яачихсан юм бэ гэж асуухад тэрээр шатнаас уначихсан юм гэж хэлсэн. Тухайн үед тэрээр доголоод явж байсан юм. Би тухайн үед халамцуу байсан бөгөөд Ст хандан “чи яахаараа хулгай хийдэг юм бэ, аавынхаа нэр төрийг гаргаад” гээд түүний мөр рүү 1 удаа алгадсан. Тэгтэл тэрээр газарт унасан бөгөөд босоод ирэхээр нь би түүнийг өргөчихөөд тавьчихсан юм... Г.Сын биед учирсан тархи доргилт, хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Г.Сын ээжтэй нь амаар тохиролцож тэднийд идэшний адуу өгөхөөр болсон....гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/
-Нас тоолсон тухай “насанд хүрээгүй хохиогч Г.С нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 нас буюу гэмт хэрэгт хохирох үедээ 11 нас 07 сар 14 хоногтой байсан байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 70-р тал/
-Г.Сын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Баруун дэнжийн 7-6 тоот эгч Уээ гэрт байхдаа гаднаас орж ирсэн насанд хүрээгүй 11 настай Г.Сыг “чи яахаараа хулгай хийдэг юм бэ, аавынхаа нэр төрийг гаргаад” гэж уурлан түүний зүүн хацар хэсэгт гараараа алгадан, өргөж хана руу шидэж биед нь тархи доргилт, хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй Г.Сын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Сын мэдүүлсэн... Гэрт ортол Г ах намайг нааш ир гээд миний зүүн хацар луу 2 удаа алгадсан. Тэгсэнээ цаад талын жижиг өрөө рүү оруулж намайг өргөснөө газар руу савсан юм. Мөн намайг хана руу толгойгоор минь 1 удаа савсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Цэнд-Аюушийн мэдүүлсэн... Тэгээд Сыг чи ягаад хулгай хийдэг юм гээд асууж эхэлсэн. С намайг нэг хүүхэд хулгай хий гэсэн гэж хэлээд уйлж эхэлсэн. Г ах нэг удаа алгадаад танай ах дүү нар чин хулгай хийж хэрэг төвөгт орооцолдож байгаагүй гэж загнаад өргөөд шидсэн.... гэх мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 825 дугаартай... Г.Сын биед тархи доргилт, хуйх, зүүн шилбэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...гэх дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай бүртгэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Г.Гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж гэмтэл хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, бага насны гэдгийг мэдсээр хохирогч Г.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хөдөө ээжийн хамт амьдардаг, ажилгүй хөдөө малаа маллаж байгаа тул торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал,хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Саранцэцэг хохирол төлбөр нэхэмжлээгүй энэ талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд ороцохгүй, цаашид гаргах гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Б овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ