Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/405

 

 

     2022        12            19                                  2022/ШЦТ/405

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам

Улсын яллагч Г.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн 2225006770431 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” цэцэрлэгийн “Буратино” бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1 нас 4 сар 17 хоногтой Г.Дыг бага насны болохыг мэдсээр байж “унтсангүй” гэх шалтгаанаар гарын алгаар цохиж, чимхэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч А.Оийн мэдүүлсэн Яллах дүгнэлт тохирч байгаа тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан : 

-насанд хүрээгүй хохирогч Г.Дын гэмтсэн байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 05-06-р тал/

-Фейсфүүк цахим орчинд нийтлэгдсэн нийтлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-11-р тал/

-хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-21 сүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүлэл” цэцэрлэгийн 2 дугаар давхрын 203 тоотод “Буратино” гэсэн хаягтай анги руу ороход 1 өрөөний зохион сайгуулалттай, хойд талын ханан дээр 1 ширхэг хяналтын камер суурьлуулсан байх оөгөөд тус ангид өөр хяналтын камер байхгүй байв. Цааш ангиас гарч 4 дүгээр савхарт байрлах захирал Ц.Ариунаагийн албан өрөөнд орж хяналтын камерын дүрс бичлэг хадгалдаг төхөөрөмжнөөс “Буратино” бүлэг байрлах 203 тоот ангийн хяналтын камерын харагдаж буй байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэгийг үзэх гэсэн боловч байхгүй байв. Тус төхөөрөмжинд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр зарын 09-ний өдрийг хүртэлх хяналтын камерын дүрс бичлэг хадгалагдсан байна....гэх тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/

       -Нас тоолсон тухай....Г.Д /РД:ФА21261036/ хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар байна. Г.Д нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн байна....гэх мөрдөгчийн тэмпэглэл /хх-ийн 15-р тал/

-насанд хүрээгүй хохирогч Г.Дын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 18-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гийн мэдүүлсэн ... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрч байхад эхнэр бид 2 хамт “Тэмүүлэл” цэцэрлэг дээр очиж эхнэр ганцаараа цэцэрлэг рүү орж нэлээд удаан байсны дараа хүүг аван гарч ирэхэд хүүгийн баруун талын хацар хөхөрч, хавдан зулгарсан байсан бөгөөд уйлагнаад байсан. Тэгээд эхнэр бид 2 гэртээ хариад хүүгийн хувцсыг тайлж биеийг нь шалгахад нуруу, гуя, чихэн дээр нь олон тооны хөхрөлтүүд үүссэн байсан. Тэгээд маргааш нь хүүгээ эмнэлэгт үзүүлж, “Тэмүүлэл” цэцэрлэг дээр эхнэр Г.Энхзул, эгч М.Сайнтөгс нарын хамтаар очиж “Буратино” бүлэг байрладаг ангийн хяналтын камерын бичлэгийг тус цэцэрлэгийн захирал Ариунаа, ангийн багш Оийн хамт шүүж үзэхэд, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад миний хүү Г.Дыг унтах гээд хэвтэж байхад нь ангийн багш болох О нь нүүрэн тус газарт арван хэдэн удаа алгадсан, хөнжлийг нь нөмрүүлж байгаад олон удаа цохиж байгаад хөнжлийг нь сөхөн биеийг нь чимхэж байсан, мөн хацрыг нь салфетикаар арчаад байсан. Миний бодлоор нүүр лүү цохисон үйлдлээс болж хацар нь хөхрөөд, хөхөрснийг нь зулгаралт болгох гээд хацрыг нь салфетикаар арчаад байсан гэж бодож байна. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Тухайн үед бичлэг үзэхээс өмнө Оээс юу болсон талаар асуухад ор мөргөсөн л гэж хэлсэн, өөр зүйл хэлэхгүй байсан. Тэгээд бичлэг үзсэн хойно унтуулах гээд алгадсан юм гэж хэлсэн. Миний хүү Г.Дын биед учирсан гэмтлүүдийг “Тэмүүлэл” цэцэрлэгийн багш А.О зодож учруулсан.  Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс өмнөх өдрүүдийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзээгүй, миний хүү зодуулж байгаа үеийн бичлэгийг л үзсэн. Маш их гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү. Хүүгээ нарийн сайн шинжилгээнд оруулах хүсэлтэй байх тул тус зардлыг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна... Миний өргөдөлд хавсаргаж өгсөн хүү Г.Дын зүүн хацрын зургийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан, харин бусад зурагнуудыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан. Миний хүү Г.Дын зүүн хацранд үүссэн хөхрөлт нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмнөх өдрөөсөө илүү том болж хөхөрч улайсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.Дын зүүн хацар л хөхөрсөн байсан. Биеийн бусад хэсэг нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25, 29-р тал/

-гэрч Ц.Ариунаагийн мэдүүлсэн...А.О ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргахгүй ажиллаж байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд “Буратино” бүлгийн хүүхэд Г.Дын төрсөн эцэг, эх мөн эгч нь гээд гурван хүн миний өрөөнд орж ирээд Г.Дын хацар нь улайж, хөхөрсөн байна, хяналтын камерын бичлэгийг шүүж үзье гэсний дагуу би А.О багшийг дуудаж хамтдаа хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өдрийн 12 цаг 40 минутын орчимд Г.Дыг А.О багш унтуулах гэж биеийг нь илж байхад Г.Д хүүхэд унтахгүй байсан чинь А.О нь Г.Дын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа алгадаж байгаа дүрс бичлэг харагдсан. Тэгээд би А.Оээс яаж байгаа юм бэ гэж асуухад юу ч хэлэхгүй уйлаад байсан. Би Г.Дын эцэг, эх, эгч нь явсан хойно үндсэн багш А.О, туслах багш М.Отгончимэг нарыг дуудаж уулзан А.Оээс яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад уйлаад тийм ээ алгадсан юм гээд өөр зүйл хэлэхгүй байсан. Г.Дыг А.О багш алгадаж байх үед туслах багш М.Отгончимэг нь үүдний хэсгийг цэвэрлэж байсан болохоор юу болсонг анзаарч хараагүй байсан. А.Оийн Г.Д хүүхдийг алгадаж байгаа буруутай үйлдлийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32-р тал/

-гэрч Г.Энхзулын мэдүүлсэн:... 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би хүүгээ цэцэрлэгээс нь авахад манай хүүгийн зүүн талын хацар хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би багшаас нь асуухад тоглоом булаацалдаж байгаад унасан гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд харахад манай хүүгийн зүүн хацар дээр хөхөрсөн, урсан толбо байсан бүтэн биеийг би анзаараагүй юм. Харин 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би цэцэрлэгээс нь хүүгээ авахад баруун хацар нь тэр чигтээ хөхөрсөн зулгарсан байдалтай байхаар нь багшаас нь асуухад тоглоом хүүхэдтэй булаацалдаж байгаад ор мөргөөд ийм болсон гэж хэлсэн. Тэгээд гэртээ хариад бүтэн биеийг нь харахад ар нуруундаа чимхэлтийн хөхрөлттөй, зүүн гуя нь бас хөхөрсөн байсан. Би 2022 онь 10 дугаар сарын 28-ны өдөр очиж цэцэрлэгийн хяналтын камерыг шүүхэд О гэх багш нь манай хүүгийн нүүр хэсэг рүү 4-5 удаа угсруулаад цохиж байсан. Манай хүүхэд уйлахаар нь хөнжилөөр нь бүтээж байгаад дээрээс нь цохиож байсан. Тэгээд манай хүүхдийн хацар хөхрөнгүүт сальфиткаар олон удаа үрээд байсан ингээд манай нөхөр Г цагдаагийн байгууллагад хандсан... Өмнө мэдүүлэг өгөхдөө бичлэгийг нарийн сайн үзээгүй байсан болохоор 4-5 удаа гэж мэдүүлсэн байсан, дараа нь яг тоолоход 12 удаа алгадаж байсан. Миний хүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цэцэрлэгээс нь аваад гэртээ харихад шөнөжингөө халуураад уйлаад унтаагүй. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамт хяналтын камерын бичлэг үзэхээс өмнө захирал Ариунаа нь О багшаас юу болсон талаар хэлэхгүй юм уу, одоо хяналтын камерын бичлэг үзээд бүх зүйл тодорхой болно гэхэд юу ч хэлэхгүй суугаад байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэж дууссаны дараа “тийм ээ, би Г.Дыг унтахгүй болохоор нь цохисон юм аа” л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36-р тал/

-гэрч М.Отгончимэгийн мэдүүлсэн:.... Манай бүлгийн 1 ой 4 сарын настай, эрэгтэй Г.Д нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэцэрлэгт бүртгүүлж тус өдрөөсөө 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цэцэрлэгт явсан. Г.Дын ээж нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүүхдээ авах гээд Тэмүүлэл цэцэрлэг дээр ирэхэд Г.Дын баруун талын хацар хөхөрсөн байсан. Би тухайн үед буюу Г.Дын ээжийг ирэх үед 3 дугаар давхарт аяга угаачихаад эргээд Буратино бүлэг байрлах 203 тоот ангидаа ирэхэд А.О багштай Г.Дын ээж уулзаад дуусаж байсан болохоор юу ярилцсан талаар нь мэдэхгүй байна. Намайг дөнгөж орж ирэхэд А.О багш Г.Дын баруун хацар нь хөхөрсөн байна, яагаад хөхөрсөн юм бол гэж надад хэлсэн болохоор би хүүхдийн хацрыг хараад хөхөрсөн байна гэдгийг нь мэдсэн. Манай цэцэрлэг үндсэн багш, туслах багш хоёр ээлжлэн 17 болон 19 цагт ажлаасаа тарж явдаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би 19 цагт тарахаар болж 17 цагийн үед А.О багш түрүүлээд ажлаасаа буусан байхад Г.Дын ээж хүүхдээ авах гээд 17 цаг өнгөрч байхад ирж Г.Дыг авахад зүүн талын хацар нь хөхөрсөн байсан, надаас юу болсон талаар асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн... Фейсбүүк цахим орчинд нийтлэгдсэн цэцэрлэгийн хүүхэдтэй холбоотой бичлэг нь манай Тэмүүлэл цэцэрлэгийн Буратино бүлгийн 203 тоот ангид байрлах хяналтын камерын бичлэг байгаа юм. Уг бичлэгэнд А.О багш Г.Д хүүхдийг өдрийн унтлагын цагаар унтуулах гэж байхдаа нүүрийг алгадаж байгаа харагдсан. Уг үйл явдал нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өдрийн унтлагын үеэр болсон асуудал байсан бөгөөд би тухайн үед үүдний хэсэгт цэвэрлэгээ хийгээд байж байсан болохоор анги дотор яг юу болж байсанг нь мэдээгүй. Ямар ч байсан А.О багш хүүхдүүдийг унтуулах гээд байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/

-гэрч Б.Амирлангийн мэдүүлсэн... Би фейсбүүк цахим орчинд нийтлэгдсэн “Тэмүүлэл” цэцэрлэгтэй холбоотой хяналтын камерын дүрс бичлэгийг үзсэн бөгөөд тухайн бичлэг дээр гарч байгаа А.О багш ангийнхаа хүүхдийг унтуулах гэж байхдаа биед нь халдаж байхад миний хүү А.Нигүүлэн наад талын орон дээр унтаж байгаад өндийн босож ирэхэд А.О багш миний хүүгийн нуруу хэсэгт түлхэх үйлдэл гаргасан байсан. Тэрнээс миний хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учруулахаар халдаагүй. Тухайн үед миний хүү А.Нигүүлэнд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хэд хоног биеийг нь ажигласан ч ямар нэгэн зовиур илрээгүй. Миний хүү “Тэмүүлэл” цэцэрлэгтэй дуртай хэвийн зүгээр явж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 824 дугаартай... Г.Дын биед баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй ..” гэсэн дүгнэлт /хх-н 48-49-р тал/

-Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн... Г.Дын биед үүссэн гэмтлүүдээс зүүн хацарт үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь 3x2 см хэмжээтэй байсан байна. Хүний алганы хэмжээнээс их хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулдаг. Г.Дын биеийн бусад хэсэгт үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь хохирогчийн гарын алганы хэмжээ 8,5x5 см-ээс илүү их байгаа тул зүүн хацарт үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь түүний биед үүссэн гэмтлүүдээс хасагдсан ч гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Г.Дын баруун гуя, нуруу, баруун чихний дэлбээнд үүссэн цус хуралтууд нь цохих эсвэл чимхэхэд үүсэх боломжтой. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Д гэх хүүхдэд үзлэг хийхэд, Г.Дын биед баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралтууд бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд тус цус хуралтуудын өнгөний өөрчлөлтөөс үзэхэд шинэ гэмтлүүд байсан. 5 хоногийн дотор үүссэн цус хуралтууд байсан учраас хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугааанд үүссэн байж болно гэж дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/

-шүүгдэгч А.Оийн яллагдагчаар мэдүүлсэн: Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр миний сэтгэл санаа тогтворгүй, бухимдалтай, стресстэй байхдаа Г.Д гэх хүүхдийг өдрийн цагаар унтуулах гэхэд унтахгүй байхаар нь гар хүрч биеийнх нь зүүн хацарнаас бусад хэсэгт гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/

 

-“Тажун” ХХК-ний захирлын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай, Алтангэрэлийн Оийг “Туршилтын  хугацаагаар ажиллуулах тухай”  тушаал /хх-ийн 90-р тал/

-“Тажун” ХХК-ний захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай, Алтангэрэлийн Оийг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай”  тушаал /хх-ийн 91-р тал/

- Насанд хүрээгүй хохирогч Г.Дын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд “Амбулаториор эмчлүүлсэн тухай” картын хуулбар /хх-ийн 100-103-р тал/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Тэмүүлэл цэцэрлэг” гэх тэмдэглэгээ бүхий дүрс бичлэгийн хуурцаг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч А.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт “Тэмүүлэл” цэцэрлэгийн “Буратино” бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус бүлгийн 1 нас 04 сар 17 хоногтой Г.Дыг унтуулах гэж байхдаа гарын алгаар болон араар нь нүүр толгой хэсэгт нь 11 удаа алгадаж, хөнжил дотуур нь гараа оруулж чимхэн зодож биед нь баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч А.Оийн үйлдлийн улмаас бага насны хохирогч Г.Дын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Гийн мэдүүлсэн... Тэгээд маргааш нь хүүгээ эмнэлэгт үзүүлэн явж байгаад “Тэмүүлэл” цэцэрлэг дээр эхнэр Г.Энхзул, эгч М.Сайнтөгс нарын хамтаар очиж “Буратино” бүлэг байрладаг ангийн хяналтын камерын бичлэгийг тус цэцэрлэгийн захирал Ариунаа, ангийн багш Оийн хамт шүүн үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрч байхад миний хүү Г.Дыг унтах гээд хэвтэж байхад нь ангийн багш болох О нь нүүрэн тус газарт арван хэдэн удаа алгадсан, хөнжлийг нь нөмрүүлж байгаад олон удаа цохиж байгаад хөнжлийг нь сөхөн биеийг нь чимхэж байсан, мөн хацрыг нь салфетикаар арчаад байсан. Миний бодлоор нүүр рүү цохисон үйлдлээс болж хацар нь хөхрөөд, хөхөрснийг нь зулгаралт болгох гээд хацрыг нь салфетикаар арчаад байсан гэж бодож байна.....гэх мэдүүлэг, гэрч Ц.Ариунаагийн мэдүүлсэн:.. Би Г.Дын эцэг, эх, эгч нь явсан хойно үндсэн багш А.О, туслах багш М.Отгончимэг нарыг дуудаж уулзан А.Оээс яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад уйлаад тийм ээ алгадсан юм гээд өөр зүйл хэлэхгүй байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Энхзулын мэдүүлсэн:.. Тэгээд хяналтын камерын бичлэг үзэж дууссаны дараа “тийм ээ, би Г.Дыг унтахгүй болохоор нь цохисон юм аа” л гэж хэлсэн... гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 824 дугаартай... Г.Дын биед баруун болон зүүн хацар, баруун гуя, нуруу, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, фейсфүүк цахим орчинд нийтлэгдсэн нийтлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй.

Гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заахдаа “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч А.Оийн, бага насны хохирогч Г.Дын биед нь хүч хэрэглэн халдаж  гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэй буюу хохирогчийг бага насны хүн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж гэмтэл хохирол учруулжээ. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хүүхдийг бага насны гэдгийг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

   -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо  хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэргийн нөхцөл байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ялын агуулгыг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзах Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж үйлдсэн” гэх хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзлээ.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: нялх хүүхэдтэй тул торгох ял оногдуулна уу гэж санал гаргасан байна.

Шүүх, хэргийн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж болон шүүгдэгч эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хохирол хор уршиг, хэргийн шалтгаан нөхцөлийн талаар: Хохирогч тал мөрдөн байцаалтийн үед болон шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдуулан төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж заасан ба хор уршгийн тухайд бага насны хүүхдийн эрүүл мэндэд хохирол гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч А.Оийн тухайд мэргэжлийн боловсрол эзэмшсэн байдал, мэргэжлийн төлөвшил хангалтгүй, тухайн нөхцөл байдалд хандах хувь хүний сэтгэл зүйн байдал, өөрийгөө жолоодох чадвар сул зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г овогт Ан Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оийг  720 цагийн /долоон зуун хорь/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/-аас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Шүүгдэгч А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууь ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ