Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/409

 

 

  2022        12             20                                 2022/ШЦТ/409

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.От холбогдох эрүүгийн 2225000000503 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Ч.Оийг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-47 тоотод 5 сар 9 хоногтой нярай Баттулгын Гантулгын ам, хамрыг нь таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Ч.Оийн мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүслэн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал/

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/

 -хохирогч Н.Бн мэдүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 08 цагийн охин Номинжинг 11 дүгээр цэцэрлэгт хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд бага хүүхэддээ тараг хүргэж өгөөд ажлын хувцасаа аваад найз Мянган-Эрдэний хамт хорооллын эцэст байх айлын гэрийн гадна фасат хийсэн. Өдөр 14 цаг хүртэл ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэрт цутгалт хийхээр очоод орой 17 цагийн үед ажлаасаа буугаад найз Мянган-Эрдэний хамт яваад Нарлаг дэнжийн 1б-17 тоот гэрт нь очиж Мянган-Эрдэний хамт Сэнгүр 2.5 литрийн хэмжээтэй шар айрагнаас 1ш,  0.75 литрийн хэмжээтэй архинаас 1ш уугаад Мянган-Эрдэний гэрт унтаж амарсан. Өглөө эрт босоод Эрдэнэ багийн 5-47 тоот гэртээ очиход эхнэр О нь хоёр хүүхдийн хамт унтаж байхаар нь хажуу талын орон дээр унтаж амарсан. Унтаж байтал манай эхнэр орилоод намайг сэрээсэн. Би сэрээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад “хүүхэд болохоо байчлаа” гэж орилоод байсан. Ингээд би найз Мягмарбаатарыг гар утсаар залгаж дуудсан ба удалгүй найз Мягмарбаатар машинтайгаа ирээд эмнэлэг явсан юм. Миний хүү Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн эмнэлэгт төрсөн, миний хоёр дахь хүүхэд юм. Нэг, хоёр удаа ханиад хүрч байсан, тухайн үед эмчид үзүүлж эмчийн заавраар эм уулгаж байсан, ямар нэгэн архаг, хууч өвчин байхгүй. Миний бие 2018 онд эхнэртэйгээ танилцаж, 2020 оноос хойш хамт амьдарч байна.2019 онд цэргийн алба хаахаар Увс аймаг руу яваад 2020 онд халагдаж ирээд эхнэртэйгээ хамт амьдарч эхэлсэн. Эхнэр бид хоёр бага хүүхдээ алдсандаа маш их харамсаж гэмшиж байна. Хүүхдээ алдсанаас хойш эхнэр болон миний сэтгэл санаа тогтворгүй байгаа. Эхнэр бид хоёр Эрдэнэ багт эсгий гэрт амьдардаг эхнэр жоохон хүүхэдтэй байсан болохоор ажил хийхгүй байсан. Би барилга дээр ажилладаг. Тогтсон ажил төрөл байхгүй. Эхнэрийг минь харж үзэж хөнгөн хариуцлага хүлээлгэж өгөөч гэж хүсэж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүйби шүүх хуралд оролцож чадахгүй, надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 15-16, 18-р тал/,

-гэрч Н.Тын мэдүүлсэн...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дунд нь цагийг нь сайн санахгүй байна. Эрдэнэ багийн соёлын төв дээр байх үед дүү Баттулгын найз Ариука ирээд “Эгээ Тулгаагийн бага хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн. Би ингээд цагдаагийн газарт ирсэн....” гэх мэдүүлэг /хх-н 20-р тал/

-гэрч Б.Нгийн мэдүүлсэн:...Өнөөдөр 12 цагийн үед сувилагч хүнд хүүхэд ирлээ гэж хэлэхээр нь доош буугаад очих үед 5 сартай эрэгтэй нярай хүүхэд байсан ба биеийн байдлыг үзэхэд нас бараад удсан нярай байсан. Баруун гарын бугуй шуу, баруун талын хацар хэсгээр хүүрийн толбо үүссэн байсан. Ээж нь хэлэхдээ өнөөдөр өглөө 06 цагийн үед сэрээд хүүхдээ хэвтээгээр нь хөхүүлсэн. Хөхөөрөө дарсан юм шиг байна гэж хэлсэн. Ямар нэгэн ил харагдах шарх байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай ... Нярай гэдэг нь төрснөөс хойших 28 хоногийг тооцно. Амь хохирогч Баттулгын Г /ФА22260370/ нь хүүхэд ба задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч нь ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн ходоод хийрхэг, хөндийдөө маш их хэмжээтэй цагаан өнгийн зунгааралдсан агууламжтай байв. ..." гэсэн дүгнэлт/хх- ийн 33-39-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 322 дугаартай :...Чойжилсүрэнгийн О /МЯ:00212005/-ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй... гэх дүгнэлт /хх-ийн 49-р тал/

-шүүгдэгч Ч.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:... миний бие гэртээ хоёр хүүхдийн хамт хоносон. 2022 оны 11 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнийн 00 цагийн үед хүүхдээ хөхүүлээд унтуулсан. Шөнө 03 цагийн үед сэрэх үед нь мөн хөхүүлсэн, дараагаар нь өглөөний 06 цагийн үед сэрэх үед нь хэвтээгээр нь хөхүүлж байгаад унтчихсан байсан. Хэсэг унтаж байгаад сэрэх үед нөхөр Б ирчихсэн хажуу талын орон дээр унтаж байсан, тухайн үед цаг 08 цаг өнгөрч байсан, би босоод хувцасаа өмсөөд гэр орноо цэвэрлээд байж байсан. Энэ үед цаг 11 цаг өнгөрч байсан. Би гарч бие засаж орж ирээд хүүхдээ харах үед хүү Г унтаж байхаар нь ямар удаан унтаж байна гэж бодоод хажууд нь очиж харах үед гараа нүүрэн дээрээ тавьчихсан унтаж байхаар нь сэрээгээд хөхүүлье гэж бодоод гарын цаашлуулаад авах гэтэл царай нь ягаарч, хөхөрсөн, мөн гар нь бас ягаарсан хүүгээ сэгсэрч үзэхэд сэрэхгүй байхаар нь нөхрийгөө сэрээсэн, нөхөр сэрээд найз Мягмарбаатарыг дуудсан, хэсэг хугацааны дараа Мягмарбаатар машинтайгаа ирээд бид нарыг аваад хүүхдийн хүлээн авах тасагт очиж эмчид үзүүлэх үед амьсгал хураасан байна гэж хэлсэн. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. би өөрийн хайхрамжгүй байдлаас мөн шөнө дунд хүүхэд уйлаад хэд хэдэн удаа сэрдэг нойр дутуу асуудлаас болоод тухайн үед ядарч хүүхдээ хөхүүлж байхдаа унтчихсан байсан…би маш их гэмшиж бас харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/

-0-5 хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 69-78-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 06 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-47 тоотод гэртээ өөрийн хүү 05 сар 09 хоногтой Б.Гантулгыг хэвтээгээрээ хөхүүлж байгаад хөхөөрөө ам хамрыг нь дарж унтсанаас хүүхдийн амьсгалын зам бөглөрч механик амьсгал бүтэлт болж нас барсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-47 тоотод 05 сар 09 хоногтой хүү Б. Гантулгыг хэвтээгээрээ хөхүүлэхдээ унтаж хөхөөрөө хүүгийн ам хамрыг дарснаас болж амьсгал бүтэлт болж нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч  Н.Баттулгын ... намайг унтаж байтал манай эхнэр орилоод намайг сэрээсэн, би сэрээд эхнэрээсзэ юу болсон талаар асуух үед “хүүхэд болохоо байчлаа” гэж орилоод байсан. Ингээд би найз Мягмарбаатарыг гар утсаар залгаж дуудсан, удалгүй найз Мягмарбаатар машинтайгаа ирээд эмнэлэг явсан юм....” гэх мэдүүлэг, гэрч Н.Тын ... Баттулгын найз Ариука ирээд “Эгээ Тулгаагийн бага хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн. Би ингээд цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн... Өнөөдөр 12 цагийн үед сувилагч хүнд хүүхэд ирлээ гэж хэлэхээр нь доош буугаад очих үед 5 сартай эрэгтэй нярай хүүхэд байсан ба биеийн байдлыг үзэхэд нас бараад удсан нярай байсан. Баруун гарын бугуй шуу, баруун талын хацар хэсгээр хүүрийн толбо үүссэн байсан. Ээж нь хэлэхдээ өнөөдөр өглөө 06 цагийн үед сэрээд хүүхдээ хэвтээгээр нь хөхүүлсэн. Хөхөөрөө дарсан юм шиг байна гэж хэлсэн. .. гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай ... Нярай гэдэг нь төрснөөс хойших 28 хоногийг тооцно. Амь хохирогч Баттулгын Г /ФА22260370/ нь хүүхэд ба задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч нь ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний ам насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч, бага насны хүүхдийг хөхөөрөө хооллох үедээ амьсгалын замыг хөхөөрөө дарж амьсгал боогдуулах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдлээр хүүхдийн амь насыг хохироожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн агуулгыг хуульд “...эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав: шүүгдэгч болгоомжгүй үйлдлээр хүүхдийн амь насыг хохироосон гэм буруугаа хүлээж байгаа, тохирсон ялыг оногдуулна уу гэж тус тус дүгнэлт санал гаргасан ба шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурортой ял тохирчээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э овогт Чийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.От шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ