Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

Улсын яллагч: Ж.Энхбат

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000332 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 19 цагийн 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 33-03 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, зовхи, дух, хамрын нуруу, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Тухайн өдөр би 17 цаг өнгөрч байхад эхнэр лүүгээ залгасан чинь шуудан хүргээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би хэнтэй явж байгааг нь асуухад ганцаараа явж байна гэсэн. Би ажлынхаа үүдэнд зогсож байгаад санамсаргүй байдлаар эхнэрийгээ ажлынхаа газрын залуутай хамт явж байхыг харчихсан юм. Тэгээд би гэртээ ороод “...чи ажлынхаа газрын залуутай хамт явж байсан юм бол үнэнээ хэлэхгүй яасан юм...” гэж хэлээд толгой руу нь 1 удаа цохисон. Нүдний дээд зовхи хэсэг нь бол би цохиогүй. Тэр явдлын дараа эмнэлэгт очиж үзүүлнэ гээд явсан чинь дүү н.тайгаа цагдаа нар дагуулаад ороод ирсэн. Тэгээд би цагдаагийн газар луу явсан гэв.

  Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

... 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед эхнэр лүүгээ залгахад ганцаараа шуудан хүргэж өгөөд явж байгаа талаар хэлсэн. Тэгээд ажлынхаа гадаа зогсож байхад манай эхнэр нисэх болон цаг уурын газарт шууданг ажлынхаа хүнтэй өөрийнхөө машинаар хүргээд өгч явж байсан. Ажил 18 цагт тараад гэрийнхээ гадаа ирээд дэлгүүрээс 1 шил 0.5 литртэй архи авч уугаад гэртээ ороод эхнэртээ “хүнтэй явж байсан бол үнэнээ хэлчихгүй, яасан юм гэхэд цуг явсан ажлын залуу чамтай утсаар ярьсны дараа ирээд цуг явсан юм гэхээр нь үнэнээ хэлэхгүй гээд толгой руу 1-2 удаа гараараа цохиод, зүүн талын хацар луу цохисон. Тэгтэл эхнэрийн зүүн талын нүдний доод хэсгээс цус гараад, эмнэлэгт үзүүлнэ гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,    

   Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2022 оны оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цаг 30 минутын үед манай нөхөр ажлаа тараад гэртээ согтуу орж ирээд чи орой ажлынхаа хүнтэй юу хийгээд яваад байгаа юм гэж хэлээд шууд алгадаж аваад толгой руу 3 удаа цохиод, зүүн талын нуд рүү цохиж, нүдний доод хэсгийг хагалж цус гаргасан. Миний зүүн талын нүдний доод хэсгээс цус гараад байхаар нь эмнэлгийн гадаа А.д утсаар залгаж хэлэхэд ирээд намайг харчихаад шууд дагуулаад цагдаа дээр ирээд, би цагдаагийн жижүүр дээр болсон зүйлийн талаар хэлсэн. Манай нөхөр орой орж ирэхдээ нэлээд согтуу орж ирсэн, хаана архи уусныг мэдэхгүй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

   ... шөнө 22 цаг өнгөрч байхад миний утас руу манай төрсөн эгч ******* видео дуудлагаар залгахаар нь авахад “нүд ийм болчихлоо” гээд нүдээ үзүүлэхээр нь харахад нүдний доод хэсэгт хагарч цус гарч хөхөрсөн байхаар нь хаана байгаа гэхэд эмнэлэг дээр байна гэхээр нь эмнэлэг дээр ирээд шууд цагдаа дээр дагуулж ирээд эгч өөрөө цагдаагийн жижүүрт хандсан юм. Эгч *******гийн зүүн нүд хөхөрсөн, нүдний доод хэсэгт хагарч цус гарсан байсан, өөр гэмтэл байгааг бол анзаарч хараагүй юм, эгчтэй хамт цагдаа дээр ирээд цагдаа нарын хамт хүргэн *******ийн гэрт нь очсон, очиход архи үнэртэж байсан, хэр зэрэг согтуу байгааг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 684 дугаартай “

  1.*******гийн биед зүүн нүдний дээд, доод, зовхи, дух, хамрын нуруу, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 685 дугаартай

 1. *******ийн биед доод уруулын язрал, зүүн хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдсэн байх боломжтой...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,     

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 11/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-03/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, депозит дансны хуулганууд /хх-ийн 55-57/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн өдрийн 19 цагийн 30 минутын орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 33-03 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод, зовхи, дух, хамрын нуруу, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 46-47/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч мэдүүлэг / хх-ийн 21-22/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 684 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед биед зүүн нүдний дээд, доод, зовхи, дух, хамрын нуруу, шанаа, хацрын цус хуралт, зулгаралт гэмтэл учруулсан ...гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас учирсан хохиролд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал / шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид Автогрейдерчин, жолооч ажилтай, тогтмол орлоготой, сар бүр 1000000 төгрөгийн цалинтай /, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

Шүүгдэгч *********************** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА