| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/011 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214001660318 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-15 дугаар гудамжинд байх худаг дотор, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******тай маргалдсаны улмаас нүүрэн хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн
... 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай аав манай эхнэрийг бэр гуйх ажилтай бас тэр өдөр манайх бага хүүхдийнхээ даахийг авах байсан юм. Манай аав худаг ажиллуулдаг. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би ус авах гээд аавын ажиллуулдаг худаг дээр очсон чинь ******* нь манай аавтай архи хувааж уугаад байж байхаар нь би худаг дотор нь ороод маргааш чухал ажилтай байж архи дарс уугаад гэж хэлээд *******ы архийг нь булааж авах гэсэн чинь архиа гэдэс рүүгээ хийчихээд өгөхгүй байсан. Тэгээд би архийг нь авах гэж булаацалдсан чинь ******* гараараа миний цээжин хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би аавд загнуулаад гараад явсан. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ сууж байсан чинь манай 5 настай охин уйлаад хацраа бариад гэртээ ороод ирсэн. Тэгээд би яав ийв гэсэн чинь гадаа алгадчихлаа гэхээр нь гадаа гарсан чинь ******* хашааны хажууд “ална тална” гээд элдэв нэгээр хэлээд орилоод биеэ хянах чадваргүй орилоод байж байсан. Тэгэхээр нь би хашааны завсраар яаж байгаа гэсэн чинь ******* намайг ална тална гээд бид хоёр барилцаж аваад бид хоёр жаахан түлхэлцээд салгаад би гэртээ орж ирээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/
Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн
...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед манай найз ******* намайг Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-15 дугаар гудамжны үзүүр дээр байрлах худаг дээр хүрээд ир гэсэн. ******* бид хоёр Ерөөл нэртэй 0.5 литртэй 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад байж байсан чинь ******* хүү ******* нь ирсэн. ******* нь аавыг уруу татаж архи уулаа гээд намайг нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед гайгүй байх гэж бодоод цагдаад хэлээгүй. Тэгсэн чинь маргааш өглөө нь хөхөрч хавдсан байсан. Намайг цохиход *******, ******* бид гурав байсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эсвэл 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Энэ гэмтэл нь шинжээч эмч үзсэн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 3-5 хоногийг дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу *******ы талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан бусдад зодуулсан үйлдэлтэйгээ холбоогүй бол манай байгууллага энэ төлбөрийг нэхэмжлэх шаардлагагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 496 дугаартай
1.*******ы биед зүүн нүдний дээд, доод зовхи алимны салстын цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 97-99/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113/, депозит дансны хуулгууд /хх-ийн 117-118, 129-131/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол тэмдэглэл /хх-ийн 120-122/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 2-15 дугаар гудамжинд байх худаг дотор, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг Зээг 1-122 тоот хашааны гадна талд иргэн *******тай маргалдсаны улмаас нүүрэн хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч мэдүүлэг /хх-ийн 107-108/, хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 91-92/, Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 496 дугаартай .... Б.Амарсайханы биед зүүн нүдний дээд, доод зовхи алимны салстын цус хуралт, гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /24-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ы биед зүүн нүдний дээд, доод зовхи алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 24-25/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******гээс шүүхийн хэлэлцүүлэгт... шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлж өгнө үү... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогчтой зүй бус харьцсан, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, мөн нэг гэмт хэргийн шинжийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэж хохирогч *******ы биед хөнгөн гэмтэл учруулсан болно.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал / хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч эзэмшлийн ...Redmi note А... маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч эзэмшлийн ...Redmi note А... маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА