Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н, Д.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: Д.Н, Д.Г

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Г” ЗБН, Б.Б, Б.Н, Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: “”Г” ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0694 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээд “Г” ЗБН-ийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/0518/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н, Д.Г нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Г” ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0694 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан Д.Н, Д.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Д.Н, Д.Г нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0694 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Д.Г нарын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““Г” ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2. Хэргийн үйл баримтын тухайд: Д.Г нь Г-2204013*** газар өмчлөх Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 6 дугаар гудамжны 254* тоот хаягт байрлах 1864731038**** нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайг өмчилдөг бөгөөд дээрх газарт өөрийн өмчлөлийн Ү-2204086*** дугаар бүхий 48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй болно. Харин Д.Н Г-2204004*** газар өмчлөх Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр гудамжны 250* тоот хаягт байрлах 1331301470 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350 м.кв талбайг өмчилдөг бөгөөд дээрх газарт өөрийн өмчлөлийн Ү-2204060*** дугаар бүхий 104 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй болно.

3.3. Нэхэмжлэгч нарын амьдарч буй Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч Д.Н, Д.Г бид хэсэг иргэдийн хамт “газар өмчлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбарт саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор” 255 тоот хаягт оршин суух Л.Батдоржийн гэрт уулзалт хийсэн. Тус уулзалтад Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 6 дугаар гудамж, 262 тоот хаягт оршин суух Б.Бн охин Б.Н гэх иргэн ирсэн ба дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд оролцон газар өмчлөгч бидэнд туслахаар болсон.

3.4. Ийнхүү нөхөрлөлд Л.Б, Я.Ч, Б.Б, Д.Н, Д.Г нарыг буюу газрын өмчлөгч нарыг элсүүлэхээр харилцан тохиролцсон боловч Б.Н нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Н /РД:ЦЖ*********/, Б.М /РД:ЦЖ*********/, Б.Б/РД:ЦЖ*********/ гэх 1 нэгж талбар бүхий газартай 1 гэр бүлийн 3 иргэн болон нэхэмжлэгч Д.Н, Д.Г биднийг оролцуулан нийт 5 гишүүнтэйгээр “Г" ББН/бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-ийг үүсгэн байгуулсан байсан. Ийнхүү байгуулахдаа нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан байсан.

3.5. Улмаар дээрх нөхөрлөлийн бүртгэлд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н нь Д.Г, Д.Н нарыг нөхөрлөлийн гишүүнээс хасахаар бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Мөн 2021 онд нөхөрлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулан, Б.Н нь өөрийгөө бүрэн хариуцлагатай гишүүнээр бүртгүүлж, бусад нөхөрлөлийн гишүүдийг зарим хариуцлагатай гишүүн болгохоор бүртгүүлсэн байсан. Үүнийг бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргасны дагуу тус байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1035 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

3.6. Дээрх дүгнэлтийн 5-д "Улсын бүртгэлийн нэгдсэн архивын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9020005019 дугаартай “Г” ЗБН-ийн хувийн хэрэгт авагдсан архивын эх нотлох баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээлэл, хяналт шалгалтын хүрээнд авагдсан холбогдох бусад баримт, мэдээллийг тулгаж хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: " гээд 5.1-д ““Г” ББН-ийн захирал Б.Н нь тус хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 29- ний өдрийн 01 дугаартай тогтоол, мөн өдрийн нөхөрлөлийн гэрээнд тус тус зарим гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, нөхөрлөлийн гишүүд хуралд бүгд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн болох нь хяналтын улсын байцаагчийн 2022 оны 13 дугаар албан шаардлага, мөн оны 5508 дугаар дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 5227 дугаар прокурорын тогтоол болон холбогдох бусад баримт мэдээллээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой ... байх" гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн" байна гэж тодорхойлон Дүгнэх нь хэсгийн 1-д "Г ББН-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2018 оны 02 дугаар сарын 14/2018 оны 02 дугаар сарын 08/, 2021 оны 08 дугаар сарын 17/2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох" гэж дүгнэсэн болно.

3.7. Ийнхүү 2018, 2021 онуудын бүртгэлийг хүчингүй болгосны дараа 2014 оны буюу нөхөрлөлийн анхны гэрээ, тогтоолыг бүртгэсэн бүртгэл сэргэсэн бөгөөд сүүлд Б.Н нь 2023 онд нөхөрлөлийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлд хавсаргасан нөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээнд нэхэмжлэгч бид гарын үсэг зураагүй бөгөөд тус бүртгэл нь хууль бус байх тул “Г” ББН-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь хууль бус юм. Б.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр "Г" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д “Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана" гээд 1-д “гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон" гэх үндэслэлээр Д.Г, Д.Н биднийг нөхөрлөлийн гишүүнээс хасаж, 01 дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

3.8. Мөн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн "Г” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээний 3 дугаар зүйлийн 5-д "Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ: а/ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, б/үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөх" гэж, мөн Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-д "Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй" гэж тус тус заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Д.Г, Д.Н нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан.

3.9. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд “үнэн зөв, бодитой ...байх" зарчим баримтална гэж мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар "Хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр"-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хавсарган өгөхөөр заасан байх боловч "Г" ББН-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлд Д.Н, Д.Г нарыг оролцсон мэтээр хуурамчаар гарын үсэг зурж, нөхөрлөлийн хуралд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;" үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

4. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Г" Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээний 5.1.1-д “Нөхөрлөлийг үүсгэн байгуулагч, бүрэн хариуцлагатай гишүүн Бат-Өлзий овогтой Нямжав нь Нөхөрлөлийг бүрэн төлөөлөх эрхтэй захирал нь байх бөгөөд Нөхөрлөлийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах, шийдвэр гаргах, гишүүдийг төлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах чадвараа болон 200,000 төгрөг буюу 33.34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөө нэгтгэнэ” гэх, мөн 7 дугаар зүйлийн 7.1-д “Бүрэн хариуцлагатай гишүүд нь энэхүү гэрээний 5.1 дэх хэсэгт дурдсан хөрөнгө ажиллах чадвараа нөхөрлөлд нэгтгэж байгаа бөгөөд нөхөрлөлийн ашгаас дараах байдлаар хүртэнэ" гээд 7.1.1- д “Нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлага нь нөхөрлөлийн цэвэр ашгаас 100 хувийг авах бөгөөд нөхөрлөлийг удирдан төлөөлсөн үнэлгээг сар бүр 1,000,000 төгрөг гэж тооцно" гэх байдлаар Б.Н нь өөртөө давуу байдал бий болгосон өөрчлөлтүүдийг оруулсан байсан.

5. Хууль хэрэглээний тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж, мөн Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана" гэж тус тус зохицуулсныг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т "...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Д.Н, Д.Г нар нь өөр иргэдийн хамтаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Тогтуун бүрэн хайрхан ЗБН-ийг 13 дугаар хороонд хэрэгжих гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих эрх ашгаараа нэгдэх зорилгоор байгуулж, улмаар Тогтуун бүрэн хайрхан ЗБН-өөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05 тоот албан бичгээр Г ЗБН-д хандан "давхар бүртгэлтэй тэдгээр гишүүдийг Г ЗБН-ийн гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргах"-ыг хүссэн байдаг. Иймд нэхэмжлэгч нарыг Нөхөрлөлийн тухай хуулийн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

-Учир нь "Г" ЗБН-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “"Г" зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гэрээ"-ний дагуу нэхэмжлэгч нар нь тус нөхөрлөлийн зарим хариуцлагатай гишүүнээр бүртгэлтэй болсон. Улмаар зарим хариуцлагатай гишүүн болсныхоо дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Х, Н.Ц нарын хамт "Т" ЗБН-ийг үүсгэн байгуулсан. Ингэхдээ гуравдагч этгээдийн дурдаад буй Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д "Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно" гэж заасныг зөрчөөгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1768 дугаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай" дүгнэлтээр "Д.Н, Д.Г нар дээрх 2 нөхөрлөлийн зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүн тул Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д "Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно" гэсэн заалтад хамаарахгүй байна" гэж дүгнэснээр үгүйсгэгдэж байхад тус нотлох баримтыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл Нөхөрлөлийн тухай хуульд заасан хориглосон заалтад хамаарахгүй байхад зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.1. 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн "Г" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээний 3 дугаар зүйлийн 5-д "Гишүүд дор дурдсан асуудлыг заавал санал нэгтэй шийдвэрлэнэ: а/ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, б/үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өөрчлөх" гэж заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөнтэй холбоотой асуудлаар Д.Г, Д.Н нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан бөгөөд хуралд оролцуулаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр "Г" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолд Д.Г, Д.Н нарыг нөхөрлөлийн гишүүнээс хасах талаар шийдвэрлээгүй байтал нэхэмжлэгч нарыг нөхөрлөлийн бүртгэлээс хассан байдаг.

5.2. Мөн "Г" ББН-ийн 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр "Г" Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д "Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана” гээд 1-д “гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон" гэж заасан байна. Бид Д.Г, Д.Н нарыг өөр нөхөрлөлд гишүүн орсон тул Үүргээ биелүүлэх чадваргүй, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон гэж үзэж байна. Мөн эд хөрөнгөө өөр нөхөрлөлд нэгтгэн ажиллаж байгаа тул хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон гэж үзэж байгаа болно гэжээ.

Гэтэл дээр дурдсаны дагуу гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон зүйл байхгүй бөгөөд нэгдсэн гэх 200,000 төгрөгийг буцаан авах санал тавиагүй байдаг.

Иймд дээрх байдлаар шүүх нь нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5.3. Хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална" гээд 4.1.4-д "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", 4.1.5-д "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна" гээд 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох", 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;", 19.4.10-д "улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх" гэж тус тус заасныг зөрчсөн байна.

5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:" гээд 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах" гэж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж тус тус заасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Н, Д.Г нараас ““Г” ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлд хавсаргасан нөхөрлөлийг үүсгэн байгуулах тухай гэрээнд зурагдсан нэхэмжлэгч нарын гарын үсэг хуурамч, бид гарын үсэг зураагүй тул “Г” ББН-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь хууль бус ...”, “...2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр “Г” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-д “Нөхөрлөлөөс дор дурдсан үндэслэлээр хасагдана” гээд 1-д “гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Д.Г, Д.Н биднийг нөхөрлөлийн гишүүнээс хасаж, 01 дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна ...”, “... Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-д “Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй” гэж тус тус заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Д.Г, Д.Н нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан ...” гэж тайлбарлан маргасан байна.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. “Г” ББН нь анх Б.Н, Б.М, Б.Б, Д.Г, Д.Н гэсэн 5 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, нөхөрлөлийн захирлаар Б.Н сонгогдсоныг улсын бүртгэлд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн байна.

4.2. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Н нь Д.Н, Д.Г нарыг нөхөрлөлийн гишүүнээс хассаныг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулийн этгээдийн хаягт өөрчлөлт оруулсныг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нөхөрлөлийн хэлбэр өөрчилж, хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, гишүүдийн тоог нэмж 65 гишүүнтэй болсныг тус тус бүртгүүлжээ.

4.3. Д.Н, Д.Г нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст гомдол гаргасны дагуу улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1035 дугаар дүгнэлтээр дээрх 2018, 2021 онуудын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон байна.

4.4. Уг бүртгэлүүд хүчингүй болсонтой холбогдуулан нөхөрлөлийн захирал Б.Н нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, “Г” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Д.Н, Д.Г нарыг нөхөрлөлийн гишүүнээс хасах, нөхөрлөлийн хэлбэрийг “Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл” болгон өөрчлөх шийдвэр гаргасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гаргажээ.

4.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Г” ББН-ийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

4.6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг” гээд 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж тус тус заасан.

4.7. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл улсын бүртгэгч нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримтуудыг хүлээн авч хянаад баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол бүртгэхээс татгалзах эрхийг зохицуулсан бөгөөд “Г” ББН-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл болон ирүүлсэн нотлох баримтууд зөрчилтэй нь болох тогтоогдоогүй гэж үзэж бүртгэснийг хууль бус гэж үзэхгүй үндэслэлгүй, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

4.8. Түүнчлэн нэхэмжлэгч нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “үүсгэн байгуулах баримт бичигт зурагдсан тэдгээрийн гарын үсэг хуурамч” хэмээн маргаж, “Г” ББН-ийг хуулийн этгээдээр бүртгэсэн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч нар анх нөхөрлөлийг үүсгэн байгуулахад биечлэн оролцож санал өгснөө хүлээн зөвшөөрдөг, улмаар нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцож явсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон ..., ... үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зуруулахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул өөрсдийнх нь өмнөөс хэн нэгэн гарын үсгийг зурахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий үйл баримт юм ..., ... анх хуулийн этгээдийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй ..., ... газрын үсэг зураагүй нь нөхөрлөлийг үүсгэн байгуулах, гишүүн байх, үйл ажиллагаанаас ашиг олох зэрэг нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн үнэн бодит байдлыг үгүйсгэхгүй тул улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимд нийцээгүй гэж үзэхгүй ...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан.

5. Дээрхээс үзвэл маргаан бүхий үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа энэ тохиолдолд шүүх дахин хэлэлцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.1. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “... нөхөрлөлийн гишүүнээс Д.Г, Д.Н нарыг хасаж бүртгүүлсэн нь Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасантай нийцсэн ...” гэжээ.

5.2. Харин нэхэмжлэгч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо “... гуравдагч этгээдийн дурдаад буй Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчөөгүй нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1768 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр “Д.Н Д.Г нар дээрх 2 нөхөрлөлийн зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүн тул Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалтад хамаарахгүй байна” гэж дүгнэснээр үгүйсгэгдэж байхад тус нотлох баримтыг үнэлээгүй ...” гэжээ.

5.3. Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д “Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно”, 28 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт бүрэн хариуцлагатай гишүүдэд нэг адил хамаарна” гэж тус тус зааснаар зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн байсан ч  өөр нөхөрлөлийн гишүүн байж болохгүй.

5.4. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н, Д.Г нар нь Б.Х, Н.Ц нарын хамтаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Т” ЗБН-ийг үүсгэн байгуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байж болно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.5. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... Улсын бүртгэгч хуулийг өөрөөрөө тайлбарлаж хэрэглээд дүгнэлт гаргаад явсныг анхан шатны шүүх үнэлсэнгүй гээд байдаг. Гэтэл шүүх хуулийг тайлбарлаж хэрэглэх атал яахаараа улсын бүртгэгчийн дүгнэлтийг үндэслэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёстой юм. Хуулийг ургуулж тайлбарлаж болохгүй. Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно гэсэн үндэслэл тодорхой тогтоогдсон учраас нэхэмжлэгч нарыг нөхөрлөлийн гишүүнээс хассан ...” гэсэн тайлбар үндэслэлтэй.

5.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ