| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/135 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
2023 01 31 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ............... овгийн ............... холбогдох эрүүгийн “2206 03492 0037” дугаартай хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............... оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... дүүргийн 11 дүгээр хороо ............... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............., ............... овгийн ................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө ............... дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ............... хэвлийн тус газарт хутгаар хатгаж цээжний зүүн ар хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............... мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ............... өгсөн мэдүүлэг /хх-ийн 7 /, гэрч ............... өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч ............... өгсөн мэдүүлэг /хх-ийн 60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10379 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/, хохирогч ............... Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 85/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 86-87/, шүүгдэгч ............... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ............... дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ............... хэвлийн тус газарт хутгаар хатгаж цээжний зүүн ар хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ............... өгсөн: “... 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчим ............... дүүргийн ............... дугаар хороо автобусны эцсийн буудлын орчим байрлах караокед ганцаараа ороод 0.5 литрийн хэмжээтэй “Gold Chingis” нэртэй нэг шил архи уугаад бууж байхад зүс таних эрэгтэй ирээд надтай хамт уугаад сууж байгаад удалгүй явсан. Тэгээд би 02 цагийн орчим тус караокены үүдэнд тамхи татах гээд гарахад гадаа нь 4-5 залуучууд зогсож байгаад нэг мэдсэн надтай хэрэлдээд намайг ямар том бээ гээд над руу дайраад бүгд надтай зодолдсон. Би 2 залуу нь цохиод зууралдаж байхад баруун бөөр хэсэгт халуун оргиод байхаар нь үзэхэд цус гарсан байсан. ............... хувьд надад учирсан 3.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж намайг хохирол болгосон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............... өгсөн: “... Тухайн караокед сууж байтал ............... гаднаас фудволк нь урагдсан байдалтай орж ирсэн ба над дээр ирээд хоёулаа гарч тамхилъя гэж хэлсэн. Тэгээд бид 2 гарч тамхилчаад би ............... гадаа үлдээгээд дотогш ортол араас 20 орчим минутын дараа ............... хамаг хувцас нь цус болсон ороод ирсэн. Тэгээд би эмнэлгийн байгууллагад хандсан. Бид хоёрыг гарах үед тухайн караокед сууж байсан хэдэн залуу хамт гарсан ба ............... тухайн залуучуудтай юм яриад зогсоод байхаар нь би үлдээгээд орчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............... өгсөн: “... Тус өдөр Батаа өөрөөсөө гадна 2 найзынхаа хамтаар бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн явж байсан бөгөөд намайг “хамт караоке орох уу” гэхээр нь би “тэгье” гээд бид нар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед орцгоосон. Уг караокед ороод тэр нар пиво ууцгаагаад би 2 ширхэг ундаа ууж дуулж сууцгаасан бөгөөд Батаа 2 цаг орчим бид нартай хамт байж байгаад яваад өгсөн. Би ............... 2 найзтай үлдээд гарч тамхи татахаар гарсан бөгөөд Батаагийн найз Нямбаяр гадаа байсан үл таних залуугаас “тамхи байна уу” гэж асуугаад улмаар уг залуутай ам муруйн маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо барьцалдаж аван караокены гадаа байсан залуу Нямбаярыг унагаахад би очиж уг залууг салгасан бөгөөд намайг салгаад барьж байх үед ............... хаанаас юм бүү мэд хутга гаргаж ирээд миний салгасан залуугийн нуруу руу 1 удаа хатгачхаад зугтаагаад явсан. Тэр үед би айсандаа ............... араас ............... найзын хамтаар хоёулаа гүйгээд бид 3 миний машинд суусан бөгөөд ............... найзын хамтаар хоёулаа гүйгээд бид 3 миний машинд суусан бөгөөд Батаагийн найз нь гэр лүүгээ явлаа гэж яван би ............... машиндаа хэсэг хугацаанд унтуулж байгаад Амгалан захын ойролцоо түүнийг буулган такси бариад явчих гэж явуулсан. Тус өдөр ............... урдаа үүрдэг жижиг мөнгөний цүнхтэй явж байсан. Уг цүнхээ миний машинаас буухдаа урдаа үүрсэн чигээрээ авч буусан. Би ............... хаанаас хутга гаргаж ирж хаана тэрийгээ хаясан гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10379 дугаартай:
1................ биед цээжний зүүн ар хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлийн үүссэн хүчин зүйл, дэс дарааллыг тогтоох боломжгүй, гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт: “...урьд гаргасан 10379 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,
Шүүгдэгч ............... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч ............... нь хохирогч ............... эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг хутгалсны гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч ............... тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ............... дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ............... хэвлийн тус газарт хутгаар хатгаж цээжний зүүн ар хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ............... дүүргийн ............... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ............... хэвлийн тус газарт хутгаар хатгаж цээжний зүүн ар хэсэг, хэвлийн зүүн хажуу хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч ............... тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч ............... нь хохирогч ............... биед халдаж, хутгалсан үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ............... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч ............... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ............... нь хохирогч ............... хохирол төлбөрт 3.500.000 төгрөг төлсөн мөн хохирогч ............... нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар ............... холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ............... нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овгийн ............... “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ............... авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС