Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

  2023         01         25                                    2023/ШЦТ/137

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгч .......... түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч .......... овогт .......... холбогдох эрүүгийн 2203 00612 0589 дугаартай хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, .......... оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ..........  суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот, ..........дүүрэг .......... дугаар хороо .......... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .........., .......... овогт ...........

           

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч .......... нь “Баянзүрх дүүрэг .......... дугаар хороо, .......... дугаар байрны хойд талын замд 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цаг 34 минутын үед .......... улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ..........-г мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч .......... нь Баянзүрх дүүрэг ..........  дугаар хороо, ..........  дугаар байрны хойд талын замд 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 14 цаг 34 минутын үед .......... улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ..........-г мөргөж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэм буруутай болох нь

 

Шүүгдэгч .......... шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар тал/,

 

Явган зорчигч .........., “Тоёото” маркийн “Приус-20” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ..........  нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022.09.25-ны өдөр гадуур явж байгаад гэртээ орох гэтэл орцны чипээ гэртээ мартчихсан байсан болохоор чип асуух гээд эгч рүүгээ залгах гээд доошоо хараад утсаараа оролдоод ..........-р байрны хойд талын зогсоол дээр зогссон машинуудын хажуугаар тонгойгоод явж байтал 14 цаг 35 минутын үед гэнэт нэг машин ухасхийгээд л намайг мөргөчихсөн. Би ч өөрөө гайхсан. Цагаан өнгийн приус-20 маркийн эмэгтэй жолоочтой машин намайг мөргөөд зогсоол дээр зогсож байсан машинтай хавсраад баруун хөлийн өвдөгний хэсгийг гэмтээсэн. Тэр жолооч мөргөчхөөд шууд холдоогүй намайг машинтай хавсарч мөргөчхөөд зогсоод байсан. Би копут дээр нь цохиод ухраач ээ гэж байж ухарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Иргэний нэхэмжлэгч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022.09.25-ны өдөр байрны гадаа 2 хүүхдээ салхилуулчхаад гэртээ орохоор явж байтал гэнэт л түс хийх чимээ гарахаар нь тэр зүгт харахад ..........-р байрны хойд талын зогсоол дээр цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхдаа явган зорчигчийг мөргөж, зогсохдоо байрны хойд талын зогсоол дээр байрлуулж тавьсан байсан миний машинтай наагаад зогсчхоод хөдлөхгүй хүнээ мөргөчхөөд зогсоод байхаар нь би шууд гүйж очоод хүүе ээ чи болиоч ээ ухраач ээ гэхэд хойшоо ухраад зогсохоор нь нөгөө хүүхдийг зүгээр үү? гэхэд яая гээд тонгойчхоод байсан. Тэгэхээр нь би шууд 103, 102-т дуудлага өгсөн. Мөргөсөн эмэгтэй бууж ирээд юу ч дугарахгүй зогсоод байсан. Чи яаж байгаа юм бэ? Би сандарсандаа мөргөчихлөө би жолооч бишээ жолооны курст сурч байгаа хотын жолоонд нэг удаа гарсан машинаа эргүүлэх гэж байгаад хүн мөргөчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжлэгч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг машин дээрээ ирэхэд мөргөсөн машины жолооч гээд нэг эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэй надад хэлэхдээ би жолооны курст сурч байгаа үнэмлэх байхгүй та нарын хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

 

Иргэний хариуцагч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд л би сандраад машинаас буухад .......... бас буугаад мөргүүлсэн хүн дээр гүйгээд очиход уг хүүхдийн хөлийг зогсоол дээр байсан машинтай хавсраад мөргөчихсөн /хөл нь машинд хавчуулагдаагүй байсан/ хүүхэд газарт хэвтэж байхаар нь би машиндаа суугаад машинаа арагш нь жоохон ухрааж зогсоосон. Тэгээд түргэн, цагдаагийн дуудлага өгсөн. .......... яав ийв гэж асуухад асуухад хүн хараад сандраад тоормос гишгэх гэж байгаад хаазаа андуураад гишгэчихлээ гэж хэлсэн. Осол болсны дараа түүнийг үнэмлэхгүй гэдгийг нь мэдсэн. Яагаад үнэмлэхгүй байж түүний машин тэрэг унадаг юм гэж хэлэхэд ойрхон яваад зогсъё гэж бодсон гэж хэлсэн. Би түүнд жолоогоо шилжүүлсэн зүйл байхгүй хамт яваад замдаа бууя гэхээр нь машинд хүлээж бай хувцсаа өмсөөд гараад очъё гэж хэлсэн. Тэгэхэд л тэр миний машиныг унаад хөдөлсөн байсан. Тухайн машин нь манай охин .......... -ийн нэр дээр байдаг боловч миний өөрийн машин байгаа юм. Охин маань Монголд байдаггүй Солонгос яваад 1 жил гаран болж байна. 2 жилийн дараа ирэх байх 3 жилийн гэрээгээр явсан. Уг машиныг би 2013 онд худалдаж авч байсан. Түүнээс хойш би өөрөө унаж хэрэглэж байна. Машинд үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Зүүн урд талын их гэрэл хагарч, гупер хонхойсон байсныг .......... мөнгийг нь өгөөд янзлуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №13225 дугаартай дүгнэлт:

1. .......... биед баруун гуяны өргөн булчингийн урагдал, няцрал, өвдөгний дотор жийргэвчний урагдал, урд чагтан холбоосны суналт, өвдөгний хоёр хажуул цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт” /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 999514 дугаартай дүгнэлт:

1. ..........улсын дугаартай Тоёото маркийн Приус 20 загварын тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй байна.

2.Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрэл хагарсан, зүүн талын крило нь урд хэсэг нугларсан, урд буферын зүүн тал хонхойсон, тоног төхөөрөмжөөр шалгахад урд их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байна.

3. .......... улсын дугаартай Тоёото маркийн приус 20 загварын тээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрэл хагарсан, зүүн талын крило нь урд хэсэг нугларсан, урд буферын зүүн тал хонхойсон эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл болно. Тоног төхөөрөмжөөр шалгахад урд их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүссэн хуучин гэмтэл байна. Уг зам тээврийн осол нь өдрийн 14 цаг 34 минутын үед болсон гэх тул зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй болно.

4.Уг зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй болно.

5.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат цахилгаан тоормосны системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-51 дүгээр тал/,

 

“Ашид билгүүн”  ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1823 дугаартай тайлан: “...Toyota Axio маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол 490.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 64 дүгээр тал/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны 32561 дугаартай тайлан: “...Volkswagen passet маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол 1.043.000 төгрөг...” гэх тайлан /хх-ин 70 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 938 дугаартай дүгнэлт:

1. .......... биед баруун гуяны өргөн булчингийн урагдал, няцрал, өвдөгний дотор жийргэвчийн урагдал, урд чагтан холбоосны суналт, өвдөгний хоёр хажууд цус хуралт,зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүдээс баруун гуяны өргөн булчингийн урагдал, няцрал, өвдөгний дотор жийргэвчийн урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1295 дугаартай магадлагаанд:

1.Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч .......... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна

2.Явган зорчигч .......... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хх-н 80 дугаар тал/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/1954 дугаартай: “...Лавлагаа авахаар ирүүлсэн .......... нь жолоочийн бүртгэлийн “TPS” санд бүртгэлгүй байна...” гэх албан бичиг,

 

 Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13225 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 938 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар тал/-ээр хохирогч .......... биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;

 

Мөн мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1295 дугаартай магадалгаанд шүүгдэгч .......... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн талаар дурдсан байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч .......... замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.          

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм. Согтуурсан үедээ гэж авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсныг хэлнэ. Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч .......... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч .......... нь хохирогч .......... хохирол төлбөрт 2.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 384.900 төгрөг төлсөн байна. Иргэний нэхэмжлэгч .......... нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

 

Хохирогч .......... нь  өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох .......... жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч .......... шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч .......... шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлбөр нөхөн төлсөн, анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүхээс шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч ..........  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ..........  овогт .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар .......... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/  сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар .......... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. .......... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

7. Хохирогч .......... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, .......... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл .......... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС