Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

 

       

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор М.Отгонбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б /цахимаар/

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,Б.О ...

 

Холбогдсон хэргийн талаар

         Яллагдагч Б.О нь 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Цгийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас бие гүйцсэн сувиа үхрийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 14-ний өдөр Иххэт сум руу хүнээс үхэр авахаар явсан. Тэгээд хүнтэй нь уулзаж чадалгүй буцаад явах замдаа айлын хүрэн зүсмийн сувай үнээг авсан гэсэн мэдүүлэг,

 

хохирогч Г.Цгийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 09 сарын 12-наас 13-нд шилжих шөнө манай ээж үхрээ эргэж очсон байсан. Бид нар өөрсдөө ажлынхаа зав чөлөөгөөр үхрээ байнгын хариулгатай байлгадаг. Тухайн орой нар жаргахад үхрээ очиж үзэхэд бүрэн байсан. Маргааш өглөө нь очиход сувай үнээ, тугалтай үхэр байгаагүй. Салсан юм болов уу гээд сумын төвөөр хайж үзэхэд байгаагүй, ээж надад ийм, ийм үхэр алга байна гэж хэлсэн. Би ойр хавын айлаар болон усаар үзэхэд байгаагүй, манай ах, хүргэн бүгдээрээ эрж хайсан. Гэтэл баруун урдаас тугалтай үхэр ирсэн. Манай үхэр баруун урдаас ирэх ёсгүй, яагаад гараад ирэв гэж бодсон. Сувай үхэр яагаад ч үхрээсээ салах ёсгүй учраас ийм зүсмийн үхэр хулгайд алдсан гэж сумынхаа төлөөлөгчид өргөдөл бичиж өгсөн. Тухайн өдөр сураг гараагүй учраас сураг гаргахад О ирээд буцсан сураг гарсан. Тэгээд Оыг авч явсан байх гэж араас нь хөөцөлдсөн. О А гэх хүнээс үхэр авахаар очсон гэж ярьж байна. А гэх айл сумаас зүүн тийшээ, манай үхэр сумын хойд талд байсан. Айл руу явах зам дээр байх боломжгүй. Тухайн үед манай сумын бойны газарт мал их хэмжээгээр авч байсан. Манай ээж сувай үхрээ махлаад өгчих үү гэхээр нь би за 2, 3 хоног хүлээж бай, үнэ өсөж магадгүй гэж байсан. Үхрийн мах 1 кг 9,000-9,500 төгрөгийн үнэтэй байсан. Би нэхэмжлэл дээрээ зах зээлийн ханш гээд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлт, орон нутгийн ханш гээд 1,450,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Прокурорын газраас 1 удаа ирж уулз гэж хэлсэн. Явсан шатахууны төлбөрөө нэхэмжилж байгаа. Сумын төв дээр хайсан шатахууныхаа үнийг нэхэмжлээгүй байгаа. Манай сум Сайншанд сумаас 200 километрийн зайтай. Би Оыг хохирол барагдуулчих болов уу, ярих болов уу гэж хүлээсэн. 7, 8 хоногийн өмнө надтай ярьж таны санал юу байна, хохирол төлбөрийг төлье гэхээр нь би хохирол төлбөрийнхөө саналыг хэлсэн. Нэг нутаг усных, хохирол төлбөрөө барагдуулчихвал гомдол санал байхгүй гэж хэлсэн. Мал өсгөх гэж тодорхой хэмжээний хөдөлмөр шаардаж байгаа. Хүнийг дахиж битгий хохироогоорой. Шүүх хуралдаан болохоос өмнө над руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 1,000,000 төгрөг өгөөд дуусгах гэж байгаа бол үгүй гэхэд дахиад 1,500,000 төгрөгийг цалингийн зээл авч өгнө гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх юм гэхэд 03 сарын 10-ны хавьцаа өгнө гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

  Хохирогч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-наас 15-ны хооронд шиг санаж байна манай хүү өргөдөл дээрээ бичээд өгсөн байх ёстой Иххэт сумын төвийн хойд хэсгээс 3 тооны үхрээ хулгайд алдсан юм... манай хулгайд алдсан үхэр нь 2 чих үзүүрээсээ ухам имтэй, хар хүрэн зүсмийн сувай үнээ, нөгөөх нь 2 чих үзүүрээсээ ухам имтэй, алаг үнээ тугалын хамт алдагдсан. Тухайн үед нь өглөө эрт үхэр дээрээ очиж үзэхэд энэ 3 үхэр байгаагүй... тэгээд хайгаад явж байхад сумын баруун урдаас тугалтай үхэр нь ирсэн. Тэгээд 1 сувай үнээ олдоогүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 54-55 дугаар тал),

 

Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үхрийн мах 226 кг худалдан авсан. Тухайн үед ганцаараа улаан өнгийн жижиг суудлын машинтай ирсэн номер дугаарыг нь би хараагүй. Жоохон махлаг дуу ах байх шиг байсан. Би царайг нь харвал танина...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.О 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эгч Б нь өнгөрчихлөө гэж хэлээд гуйж авч явсан. Тэгээд хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр надаас мөн миний ... улсын дугаартай автомашиныг ойрхон яваад ирий гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15, 55-56 дугаар тал),

 

Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...О ажил явдал гарсны  хэд хоногийн ар дээр улаан өнгийн суудлын жижиг машинтай ганцаараа ирсэн бид нар ажил явдалтай байсан учраас яг сар өдрийг санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-нд гарсан хойно ирсэн. Тэгээд ирсэн хойноо би хүнээс үхэр авах ёстой гэж хэлээд морь унаад явсан. Тэгээд орой нь 20 цагийн үед морьтойгоо нэг тооны үхэр туугаад ирсэн тэгээд маргааш ажилтай гэж хэлээд тууж ирсэн үхрийг нь бид хоёр хийж янзлаад унаж ирсэн улаан өнгийн машиндаа гэдэс толгой, шийр, арьс, махыг нь бүгдийг нь хийж аваад явсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 

Ашидбилгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 69-71  дүгээр тал),

 

Б.Оын мэдүүлгийг газар нь шалгасан буюу “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 30 дугаар зөрлөгөөс Иххэт сум руу салсан шороон зам руу салж ертөнцийн зүгээр зүүн талд байх хонхорт самсунг А12 маркийн гар утсаар Б.Оын хаясан үхрийн толгой, арьс, гэдэс”-ийг бэхжүүлсэн ажиллагааны тэмдэглэл ( хавтаст хэргийн 57-59  дүгээр тал),

 

А.Агийн мах худалдан борлуулсан этгээд Б.О болохыг таньсан талаарх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 131 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Цгийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас бие гүйцсэн сувай үхрийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бын мэдүүлэг,  мөрдөн шалгах ажиллаганд мэдүүлсэн хохирогч Г.Ц, гэрч А.А, Д.Н, Б.Б нарын мэдүүлэг, Ашидбилгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Б.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын 1 тооны малыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр авч эзэмшилдээ оруулж байгаагаа  ухамсарлан ойлгож өөрийн шунахай сэдэлтээ зорилго болгожээ.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж буй эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

Шүүгдэгч Б.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн ХХК” нь нас бие гүйцсэн сувай үнээг 1,500,000 төгрөгөөр үнэлж тогтоосон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “сувай үнээгээ 2,000,000 төгрөгөөр үнэлнэ,малаа эрж хайсан шатахууны зардалтай хамт 2,500,000 төгрөг нэхэмжилнэ, үүнээс 1,000,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Б.О нь хулгайлж авсан үхрийн махаа бусдад 1695000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчийн нэхэмжлэлд   шүүгдэгч  маргаагүй, төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс хохиролд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж үлдэх 1,500,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Оыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Оад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэж олсон,хөрөнгө орлого” гэж энэ хуулийн тусгай ангид заасан...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд,шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ,түүнээс олсон ашиг,орлого... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно гэж , мөн хуулийн 3 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт” шилжүүлнэ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.О нь Сайншандаас Иххэт сум руу Primera .... дугаарын тээврийн хэрэгсэлтэй явсан боловч Иххэт сумын 1 дүгэр баг Хорлоогийн хонхор гэх газарт байх ах Б.Бийн гэрээс Иххэт сумын төв рүү явахдаа уг тээврийн хэрэгслийг унаж яваагүй ба Иххэт сумын төв рүү явах замдаа Г.Цгийн 1 тооны сувай үнээг тууж ирэн алж нядалсан байна. Иймд гэмт хэрэг үйлдэх үедээ уг тээврийн хэрэгслийг унаж яваагүй байх тул тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Харин хулгайлан авсан үхрийн махаа Сайншанд суманд ирж бусдад 1695000 төгрөгөөр зарж, хүүхдийн тэтгэмжийн төлбөрт өгсөн болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1695000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б.Оыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Оад 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Оад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 1,500,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ц болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд олгосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,695,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч,шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН