| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/00430/И |
| Дугаар | 184/ШШ2019/01280 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2019/01280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.О,
Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-т холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь дүүргийн Цагдаагийн газарт ажилладаг ба Х.Б хажууханд нь дэлгүүр ажиллуулдаг байсан. Х.Б нь Б.Э-с 2,000,000 төгрөг зээлээч, хуушуурын гуанз нээх гэж байгаа учир даруй буцааж өгнө гэсний дагуу Б.Э Х.Б-т 2,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард зээлүүлсэн байдаг. Үүнийгээ өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичин гарын үсэг зуруулж, зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй боловч зээлийн гэрээний ерөнхий хугацаагаар 1 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэхээр харагдаж байгаа. Мөн Б.Э нь Х.Б-т дахин 2,000,000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сард зээлсэн байдаг. Х.Б нь зээлийн хүүгээ төлж байсан ба удалгүй төлөхөө больсон. Б.Э нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Х.Б рүү залгасан 127 удаагийн утасны дуудлагаар нийт зуу гаруй минут утсаар ярьсан байдаг. Утсаар дуудлага хийсэн зургийг гаргаж өгсөн. Мөн тэдний хоорондын ярианы бичлэгт үзлэг хийлгэсэн. Ярианаас үзэхэд хариуцагч 4,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй болохоо, уг мөнгийг шаардах эрхийг Б.Э нь С.О-т шилжүүлэн өгснийг мэдэж хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогддог. Хариуцагч талаас С.О, Х.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Э нь С.О-т 4,000,000 төгрөг төлөх төлбөрийн үүрэгт Х.Б-с 4,000,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн өгсөн. Б.Э, С.О, Х.Б нар уулзаж энэ тухай ярилцаж байгаад хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрөн С.О, Х.Б нар төлбөр барагдуулах хэлцлийг нотариатаар баталгаажуулан хийсэн. Энэ хэлцлийн дагуу С.О нь Х.Б-т мөнгө шилжүүлж өгөөгүй, гэвч Б.Э-ийн үүргийг С.О хүлээн аваад Х.Б-ээс шаардаж байгаа юм. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж зааснаар шаардах эрхийг С.О-т шилжүүлэхээс өмнөх асуудал яригдвал Х.Б нь Б.Э-н өмнө үүрэг хүлээх нь тодорхой байна. 123.3-т үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж заасан боловч уг асуудал яригдаагүй нэг ёсондоо үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх, ашиг, сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна. 123.4-т үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасан. Х.Б-т нь С.О-т үүрэг шилжүүлэх үед тухайн мөнгийг танд төлөхгүй, үүрэг шилжүүлсэн харилцаанд оролцохгүй гэсэн татгалзлаа илэрхийлж, тухайн хэлцлийг хийхгүй байж болох байсан. Гэтэл нотариат дээр очин гэрээ хийсэн нь 123.2-т заасан хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэсэнтэй нийцэж байна. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О-т олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь Б.Э нь С.О-тай хувийн тооцоотой, уг мөнгийг С.О-т шилжүүлж өгөх нь зүйтэй гэж үзсэн учраас ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Харин нэхэмжлэгч С.О нь Төлбөр барагдуулах хэлцлээр хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Б.Э-ийн өмнө хүлээсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул уг гэрээний дагуу хариуцагч Х.Б-с 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2018 онд Б.Э гэдэг хүнээс 4,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. 2017 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 2,000,000 төгрөг зээлсэн. Гэрээг бичгээр хийгээгүй, өөрөөр хэлбэл хүү тооцсон гэрээ байдаггүй. Х.Б нь Б.Э-аас 4,000,000 төгрөг зээлсний дараагаас сар болгон 200,000 төгрөг төлж байсан байдаг. Нийт 4,000,000 төгрөгөөс 2,800,000 төгрөгийг төлсөн байдаг. Б.Э-ийн ажлын хажууд хариуцагч Х.Б-ийн дэлгүүр байдаг тул орж ирээд л дэлгүүрийн орлогоос авдаг байсан. Үлдэх 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, энэ үнийн дүнд эвлэрэх боломжтой. С.О, Х.Б нарын байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул С.О-т төлөх төлбөр байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Х.Б-ийг С.О дээр дагуулж очин би энэ хүнд өртэй, та энд хүнд мөнгөө өг гэдэг байдлаар айлгаж, сүрдүүлж С.О гэх хүнтэй төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан байдаг. Энэ хэлцлээр бол Х.Б нь С.О гэх хүнээс мөнгө авсан байх байтал мөнгө аваагүй, харин Б.Э-с 4,000,000 төгрөг авсан байдаг. Өөрөөр хэлбэл төлбөр барагдуулах хэлцэл нь Б.Э болон Х.Б нарын зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Иймд С.О, Х.Б нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3802 дугаар төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Х.Б нь 4,000,000 төгрөгийг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Зээлийн гэрээг сарын 10 хувийн хүү тохирч бичгээр хийсэн байдаг. Б.Э-ийн тэмдэглэлийн дэвтэрт хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч 4,000,000 төгрөгийн 2,800,000 төгрөгийг төлсөн гэх боловч хэрэгт баримт байдаггүй. Хариуцагч 4,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэггүй байсан бол С.О-т 4,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурахгүй байсан. Нэхэмжлэгч Б.Э нь миний мөнгийг энэ хүнд өг гэж хэлээд нотариат дагуулж явсан байдаг. Утасны ярианы бичлэгээс тэгээд хийчихгүй юу даа гэсэн өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт харагдаж байна. Нотариатчид хуульч байх шаардлагагүй гэдэг хуулийн шаардлага тавигдсанаас хойш нэрлээгүй гэрээний ойлголтыг маш буруугаар ашиглаж байна. Нэрлээгүй гэрээ нь нийгмийн харилцааг зохицуулахад шаардлагатай бүх асуудлыг зохицуулах боломжтой байдаг. Гэтэл нотариатчид төлбөр өгөх, авах асуудал дээр зээлийн гэрээ батлаад явуулчихдаг. Үүн дээр нотариатын үйлдлийг буруутгах үндэслэлгүй. Гэсэн хэдий ч Төлбөр барагдуулах хэлцэл нь нэрлээгүй гэрээний ойлголтод хамаарна. Энэ хэлцлийг айсандаа хийсэн, айлган сүрдүүлсэн гэж байна. Хэрэв ийм зүйл байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах бүрэн боломжтой. Үүнийг тодруулах эрх нь байсан. Гэтэл өнөөдрийн хувьд тодруулсан зүйл алга. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш юм. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь нэг гэрээг хийснээр өөр этгээдэд ашиг сонирхол бүхий үйлдлийг тодруулах, давуу байдал олгох зорилгоор хийсэн хэлцлийг хэлдэг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О, Б.Э нар нь хариуцагч Х.Б-с 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О-т олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч С.О, Х.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Б-т 2017 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, шилжүүлэн өгсөн гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Э нь Х.Б-т дээрх мөнгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохирсон гээд энэ нь Цагдаа-таны төлөө гэх тэмдэглэлийн дэвтэрт гараар бичиж, хүлээн авсан Х.Б гэж гарын үсэг зурсан байдлаар тогтоогдоно гэжээ. Хариуцагч Х.Б нь бичгээр гэрээ байгуулаагүй гээд сар бүр 200,000 төгрөг буюу нийт 2,800,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.
Тэмдэглэлийн дэвтэрт нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан агуулга бүхий тэмдэглэл байх боловч хариуцагч Х.Б-ийн гарын үсэг мөн гэж үзэхэд эргэлзээтэй учир зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. /хавтас хэрэгт хавсаргасан тэмдэглэлийн дэвтэр/ Хариуцагч авсан зээлээс 2,800,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэхүү тайлбарыг нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч С.О болон хариуцагч Х.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 3802 дугаар Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, нотариатаар гэрчлүүлжээ. Талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримтад маргаагүй боловч хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилго бүхий хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн маргажээ. /хх-60/
Төлбөр барагдуулах хэлцэлд Х.Б нь С.О-с 2018 оны 2 дугаар сард 4,000,000 төгрөг зээлсэн нь үнэн гээд мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирчээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг хэлцлээр, эсхүл хэлцлээс өмнө нэхэмжлэгч С.О нь хариуцагч Х.Б-т 4,000,000 төгрөг шилжүүлэн өгөөгүй хэмээн тайлбарлаж, энэ талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Б.Э хариуцагч Х.Б-с зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах шаардах эрхийг нэхэмжлэгч С.О-т шилжүүлсэн учир Төлбөр барагдуулах хэлцэлд ийнхүү дурдсан хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болохоор, шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр заасан байна.
Иргэний хуульд мөнгөн хөрөнгө шаардах эрхийг үүсгэсэн хэлцэлд хэлбэрийн шаардлага тавиагүй тул Б.Э-с С.О-т шилжүүлсэн шаардах эрх нь аман хэлбэрээр байгуулагдсан нь хууль зөрчөөгүй.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, харин халхавчлагдсан хэлцлийн талууд эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байх нөхцөлд хамаарах ойлголт юм. Төлбөр барагдуулах хэлцэл нь энэ ойлголтод хамаарахгүй бөгөөд харин Б.Э болон Х.Б нарын зээлийн гэрээний төлбөр шаардах эрхийг С.О шилжүүлэн авсан болохыг, улмаар хариуцагч Х.Б 4,000,000 төгрөгийг С.О-ийн өмнө биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х.Б-ээс зээлийн гэрээний 4,000,000 төгрөгийг шаардах эрхийг нэхэмжлэгч С.О-т бүхэлд нь шилжүүлэн өгсөн тул хариуцагч Х.Б-ээс дангаар, эсхүл хамтран үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Х.Б-с 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгон, нэхэмжлэгч Б.Э-с хариуцагч Х.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О-с төлсөн 78,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгон, хариуцагч Х.Б-с 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар тодорхойлсон бөгөөд хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тогтоож, хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч Х.Б-с 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгон, нэхэмжлэгч Б.Э-с хариуцагч Х.Б-т холбогдуулан гаргасан шаардлага болон хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.О-с төлсөн 78,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч Б.Э-с төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгон, хариуцагч Х.Б-с 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН