Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2019/00661/И |
Дугаар | 184/ШШ2019/01387 |
Огноо | 2019-05-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2019/01387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О-т холбогдох
барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Т, хариуцагч Ц.О, гэрч Ш.С, О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Миний бие улсын бүртгэлийн Ү-2206018309 дугаартай, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 65 тоот хаягт байрлах, 28 метр квадрат талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2206005237 дугаартай, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 65 тоот хаягт байрлах, 678 метр квадрат талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч юм. Миний төрсөн эгч Ш.С нь надад мэдэгдэлгүйгээр миний бичиг баримтыг ашиглан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр О.Г-аас 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Үүнийг миний бие 2017 оны 8 дугаар сард мэдэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан юм. Нотариатч Ц.О нь барьцааны гэрээ хийхдээ миний биеийг оролцуулалгүй гарын үсэг хуурамчаар зуруулж, Монгол Улсын Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн байна. Иймд миний гарын үсгийг хуурамчаар зурж хийсэн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Ш.Т, О.Г, Ш.С нар нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах миний ажлын байранд ирж зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх Ш.Т-с Ш.С-д олгосон итгэмжлэлийг тус тус гэрчлүүлсэн. Ш.Т нь өөрийн биеэр нотариатын ажлын байранд ирж үйлчилгээ авсан ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрээний бүртгэлийн дэвтэр, мөн тухайн өдрийн 397 дугаар итгэмжлэл, итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг, үйлчлүүлэгчдийн хувийн байдлыг тогтоосон иргэний баримт бичгийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. Ш.Т нь өөрөө ирээгүй, огт мэдээгүй мэтээр худал ярьж байгаа болон 2017 оны 8 дугаар сард анх мэдсэн гэдэг нь худал болох нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний ажлын байранд ирж архивын баримтын хуулбар авч явсан нь бүртгэл хийсэн дэвтрээр нотлогдоно. Ш.Т нь өөрийн биеэр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ба ажилтай амжихгүй учир эгчдээ барьцаа гэрээ бүртгүүлэх итгэмжлэлээ өгье хэмээн итгэмжлэл өгч байсан. Иймд нэхэмжлэгч Ш.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Ш.Т болон О.Г нарын хооронд байгуулагдсан гэх барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээ гэрчлэх үйлдлийг хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж маргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлд эрх зүйн маргааны хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хуульчилсан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарах үүргийн харилцааны төрлийг нэрлэн заасан бөгөөд энэхүү тусгай хугацаанд нотариатын үйл ажиллагаатай холбоотой шаардлага гаргах эрхийг хамааруулаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлага нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарах тул Ш.Т нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэн О.Г болон Ш.Т нарын хоорондын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээ байх бөгөөд гэрээгээр Ш.Т нь өөрийн өмчлөлийн 35,000,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат 5 дугаар гудамж, 65 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018309 дугаартай, 28 метр квадрат талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2206005237 дугаартай, 678 м.кв талбай бүхий газрыг зээлдүүлэгч О.Г, зээлдэгч Ш.Т нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавихаар харилцан тохиролцсон байна. Гэрээнд талуудын гарын үсгийн тайлал, гарын үсэг байх бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 667 дугаар бүртгэлд гэрээний үнэн зөвийг гэрчилсэн мэдээлэл бүхий дардастай байна. /хх-53-54/
Иргэн О.Г болон Ш.С, Ш.Т нарын хоорондын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ байх бөгөөд гэрээгээр О.Г нь Ш.С-д 15,000,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэрээнд талуудын гарын үсгийн тайлал, гарын үсэг байх бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн мэдээлэл бүхий дардастай байна. /хх-7/
Нэхэмжлэгч Ш.Т-с Ш.С-д 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт барьцааны гэрээ бүртгүүлэх, авах эрхийг олгосон итгэмжлэл авагджээ. Итгэмжлэлд гарын үсгийн тайлал, гарын үсэг байх бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 397 дугаар бүртгэлд үнэн зөвийг гэрчилсэн мэдээлэл бүхий дардастай байна /хх-21/.
Нотариатын бүртгэлийн дэвтэрт барьцааны гэрээг 667 дугаар бүртгэлд, итгэмжлэлийг 397 дугаар бүртгэлд бүртгэсэн тухай талуудын гарын үсгийн тайлал, гарын үсэг бүхий тэмдэглэл байна. /хх-23-26/
Нэхэмжлэгч Ш.Т нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нотариатчийн ажлын байранд очоогүй, Барьцааны гэрээг байгуулаагүй, гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэлээр гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна гэсэн бол хариуцагч Ц.О нь тухайн өдөр нэхэмжлэгч Ш.Т, зээлдүүлэгч О.Г, зээлдэгч Ш.С нар ажлын байранд ирэн, гэрээ, итгэмжлэл гэрчлүүлсэн гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2019/02978 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн О.Г болон Ш.С, Ш.Т нарын Зээлийн гэрээнд зурсан гарын үсэг, О.Г болон Ш.Т нарын Барьцааны гэрээнд зурсан гарын үсэг, Ш.Т-с Ш.С-д олгосон итгэмжлэлд зурсан гарын үсэг, нотариатын бүртгэлийн дэвтрийн 397, 667 дугаарт зурсан гарын үсэг Ш.Т-ийн гарын үсгийн хэв загвартай таарч байгаа эсэхэд шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. /хх-32-35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1686 дугаар шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2013.05.23 гэсэн огноотой Итгэмжлэл гэх баримт болон 2013.05.23 гэсэн огноотой Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Итгэмжлэл, Гэрээ №2 дугаартай нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 667-р бүртгэлийн хэсэг, Итгэмжлэл №2 дугаартай нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 397-р бүртгэлийн хэсэг зэрэгт зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Т-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөө, туршилтын загваруудтай тохирч байна гэжээ.
Гэрч Ш.С нь . . . 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нотариатчийн ажлын байранд О.Г-ийн хамт очсон, Ш.Т байгаагүй. Гэрээ, итгэмжлэл, бүртгэл дээр Ш.Т-ийн өмнөөс хэн нэгэн гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн бол гэрч О.Г нь . . . тус өдөр нотариатчийн ажлын байранд Ш.Т, Ш.С бид гурав очиж, гэрээ, итгэмжлэлд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Эдгээр хоёр гэрч нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий энэхүү иргэний хэрэгт шууд ашиг сонирхолтой этгээд биш боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх нь Барьцааны гэрээ, Зээлийн гэрээний оролцогч болохын хувьд шууд бус үр хамааралтай юм. Иймээс гэрчүүд нь өөрсдийн ашиг сонирхлын үүднээс хандах магадлалтай гэж үзсэн тул тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагагүй, улмаар хэн алины өгсөн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзээгүй болно.
Барьцааны гэрээг гэрчилсэн байдал, нотариатын бүртгэл хөтлөлт, тэдгээрт зурсан гарын үсэгт адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар /цаашид заавар гэх/-ын 2-т баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ гэх нотариатын үйлдэл хийхэд тавигдах шаардлага, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйл, зааврын 3-т нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ бүртгэл хөтөлж, түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар, өдрийн дарааллаар үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ, бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг тэмдэглэнэ, үйлчлүүлэгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна, нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь бүртгэлийн дугаартай ижил байна гэх нотариатын үйлдлийн бүртгэл хөтлөх журам, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйл, зааврын 4-р зүйлд заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг иргэний баримт бичгийг үндэслэн тогтооно гэх зохицуулалтыг хариуцагч Ц.О нь баримталсан байна гэж дүгнэлээ.
Тодруулбал, нотариатч Ц.О-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээг гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын дагуу явагдсан байх тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар уг үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Ш.Т-н гаргасан Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан,
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн нотариатч Ц.О-ийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй тооцуулах тухай Ш.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН