Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Ж.Байгалмаа, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

Иргэдийн төлөөлөгч Б.Содгэрэл

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ц.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .. тоотод иргэн С.Чыг “гэрт шалдан унтаж байна” гэх зүйлээр шалтаглан түүний биед халдаж эрүүл мэндэд нь“...баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст хэсгээс эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, дагзны шарх” бүхий хүнд хохирлыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ц.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 04 сарын 17-ны өдөр ажлаасаа тараад хувцсаа солиод Депо байран дахь гэр рүүгээ явсан. Очиход хаалга цоожтой байсан. Тогштол хүүхэд хаалгаа нээсэн, гэрт ороход хүүхдүүд баруун орон дээр сууж байсан. Зүүн орон дээр нэг хүн хэвтэж байхаар нь очоод харахад Ч хэвтэж байсан. Тэгэхээр хөнжлийг нь татахад нүцгэн байсан. Тэгээд эхнэр, хүүхдүүд гараад явсан. Чын хувцсыг нь бөөгнүүлж, урд хашаа руу давуулж чулуудсан. Баруун талд эхнэрийн эгчийнх нь байдаг, тийшээ орсон байх гээд очиход хаалга нь цоожтой байсан. Буцаад гэр рүүгээ ороход Ч баруун орон дээр урдуураа даавуу тавьчихсан сууж байсан. Чи ор бузарлалаа, энэ чинь миний ээжийн ор, хүүхдүүд унтдаг ор гэж хэлсэн. Би ороо чирээд гэрийнхээ үүд рүү явсан. Ч босож ирэхгүй байсан. Ор байсны доод талд сүх байсан. Сүх аваад айлгах гээд босоод өргөлцөөд өг гээд далайгаад зүүн гараас нь татаж босгох гэж байгаад сүхээ алдсан гэсэн мэдүүлэг,

 

        Хохирогч С.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд сумын 7 дугаар багийн Депо байранд бөөндөө айлын хашааны хажуу талд 0.75 литрийн хараа нэртэй 1 ширхэг архи ууж байтал Э ирээд бид хэдтэй юм ярьж байгаад архи дуусчихаар нь Соотын байранд байрлах дэлгүүрээс Б, Э бид 3 орж 0.75 литрийн хараа нэртэй архи аваад бид 3 Депо байрны ....тоотод байрлах Энхжаргалын гэрт нь очиж архи уухаар явсан. Бид 3 Эын гэрт 12 цагийн орчимд очиход Эын 2 хүүхэд нь гадаа тоглоод байж байсан гэрт нь өөр хүн байхгүй байсан тэгээд бид 3 авсан 1 шил архиа хувааж уугаад би тасраад Эын гэрт нь унтаад өгсөн. Унтаж байсан чинь Э намайг сэрээгээд байрныхаа дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэртэй архи зээлээр авчихлаа ууя гэж хэлээд намайг сэрээсэн. Намайг сэрэхэд Б байхгүй Э ганцаараа байсан. Энхжаргал архиа задлаад бид 2 ууж байгаад өөрийн төрсөн эгч Тг нөхөр Бгийн хамт дуудсан. Т, Б хоёрын гэр нь Эын гэрийн хажууд байдаг болохоор тэр 2 ороод ирсэн тэгээд бид 4 хамт ууж байгаад архи дууссаны дараа Эын хүргэн ах эгч 2 нь яваад өгсөн. Би Эыг архи хаанаас авсан юм би 1 шил архи авч өгье гэсэн чинь Э гэрийн хажуу талын дэлгүүрээс архи зээлчихлээ гэсэн. Тэгээд би Этай хамт дэлгүүр лүү нь явсан дэлгүүр дээр очоод 0.5 литрийн хараа нэртэй 1 шил архи авсан. Би Эын авсан архины өрийг нь төлөөд өөр өр байсан тэрийг нь төлөөд бид 2 гэр лүү нь явсан. Нэг мэдсэн чинь тасарсан байсан. Тасраад унтаж байхад Эын нөхөр гэх үл таних залуу хөнжил татсан би тэр үед шалдан хэвтэж байсан. Эын нөхөр нь миний цамцны захаас заамдаад намайг өндийлгөж байгаад миний цээжин тус газарт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөөд намайг гэрт дотроо чирээд хаанаас ч юм 1 сүх гаргаж ирээд миний толгойн арын дагзны хэсэгт сүхний иртэй талаар 1 удаа цохиод сүхний ар талаар нь духны зүүн хэсэгт 1 удаа цохисон,миний толгой халуу дүүгээд байхаар нь толгойн арын хэсгийг баруун гараараа дараад үзтэл толгой хагарсан гар цус болсон байхаар нь чи ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд цааш нь би юу болсныг сайн санахгүй байна нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хүү 12 настай Чилүүгэн, 10 настай Т, 5 настай охин О нарын хамт амарч байх үед өглөө 08 цаг орчимд байхаа Ч /багын найз/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад орж ирээд надтай хамт ууна гэхээр нь би архи уухгүй байгаа гэж хэлсэн. Тэгсэн Ч өөрөө ууж байгаад унтаад өгсөн. Би Чыг 10 цаг орчмын үед сэрээх гэтэл босохгүй болохоор нь манай нөхөр одоо удахгүй ирнэ хурдан явахгүй бол болохгүй хардаад бөөн юм болно гэтэл босоогүй. Би сэрээх гэж янз бүрээр үзээд дийлээгүй. Удалгүй миний хамтран амьдрагч болох Б гаднаас орж ирсэн би шууд зөрөөд 2 хүү, охиноо аваад гарч зугтаасан. Би гарч яваад төрсөн эгч Эийн гэрт орсон. Эийн гэр нь манай хажууд байдаг. Би Эгийнд байж байгаад 1 цагийн дараа хүүхдүүдээ эгч Эгийнд орхиод буцаад гэртээ ортол Б байхгүй байсан гэрт ороход ертөнцийн зүгээр баруун талын орон дээр Ч толгой хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

          Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №02/0287 дугаартай “...1. С.Чын биед баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст хэсгээс эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, дагзны шарх гэмтлүүд тогтоогдлоо... 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... 3. Учирсан баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст хэсгээс эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... 4. Учирсан тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, дагзны шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

 

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 10 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 76-78 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Депо байрны 500 тоотод оршин суух Б.Эын гэрт  иргэн С.Чыг “гэрт шалдан унтаж байна” гэх зүйлээр шалтаглан түлээний сүхээр түүний толгойн ар хэсэгт цохиж  эрүүл мэндэд нь“...баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст хэсгээс эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, дагзны шарх” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсан болох нь хохирогч С.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тасраад унтаж байхад Эын нөхөр гэх үл таних залуу хөнжил татсан би тэр үед шалдан хэвтэж байсан. Эын нөхөр нь миний цамцны захаас заамдаад намайг өндийлгөж байгаад миний цээжин тус газарт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөөд намайг гэрт дотроо чирээд хаанаас ч юм 1 сүх гаргаж ирээд миний толгойн арын дагзны хэсэгт сүхний иртэй талаар 1 удаа цохиод сүхний ар талаар нь духны зүүн хэсэгт 1 удаа цохисон миний толгой халуу дүүгээд байхаар нь толгойн арын хэсгийг баруун гараараа дараад үзтэл толгой хагарсан гар цус болсон байхаар нь чи ингэж болохгүй шүү дээ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ...Ч /багын найз/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад орж ирээд надтай хамт ууна гэхээр нь би архи уухгүй байгаа гэж хэлсэн. Тэгсэн Ч өөрөө ууж байгаад унтаад өгсөн. Би Чыг 10 цаг орчмын үед сэрээх гэтэл босохгүй болохоор нь манай нөхөр одоо удахгүй ирнэ хурдан явахгүй бол болохгүй хардаад бөөн юм болно гэтэл босоогүй. Удалгүй миний хамтран амьдрагч болох Б гаднаас орж ирсэн би шууд зөрөөд 2 хүү, охиноо аваад гарч зугтаасан.  Эгийнд байж байгаад 1 цагийн дараа хүүхдүүдээ  орхиод буцаад гэртээ ортол Б байхгүй байсан ...баруун талын орон дээр Ч толгой хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан" гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/0287 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.         

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд  “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Чыг түлээний сүхээр буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хохирол учруулж байгаа нь түүний гэмт хэргийн зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдалд бүрэн хамаарна.

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэхэд Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  02/0287 дүгнэлтээр хохирогч С.Чын баруун талын хацрын сэртэн болон чамархайн ясны хайрст хэсгээс эхэлж цааш гавлын суурь хэсэг, суурь ясны баруун талын их бага далавч дайрсан хоёрлосон хөндлөн хугарал гэмтлүүд  нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж  тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Б хохирогч С.Чын толгойн ар хэсэгт түлээний сүхээр цохьсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэнд,халдашгүй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж хохирол,хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

           Иймд шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн талаар  маргаагүй болно.

          Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ц.Быг гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч С.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 1,652,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Иргэний нэхэмжлэгчээс хохирогч С.Чын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2022 оны 04 сарын 17-ноос 27-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1150900 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 1354000 төгрөгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд тушаасан байна. Иймд шүүгдэгчийн хохирогч С.Чын эмчилгээний төлбөрт илүү төлсөн 203100 төгрөгийг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Быг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөр нь шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Ц.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзээд шүүгдэгч  Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.        

         Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Ц.Бы 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хэрэг ирээгүй болохыг дурдаж  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь хүрэн бор өнгийн метал мэт иштэй ажлын хэсэг дээрээ 121969у8 гэсэн бичиглэлтэй, гагнаастай 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 3 жил 4 сарын  хугацаагаар хорих  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд илүү төлсөн эмчилгээний зардал 203,100 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Ц.Бд олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь хүрэн бор өнгийн метал мэт иштэй ажлын хэсэг дээрээ 121969у8 гэсэн бичиглэлтэй, гагнаастай 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН

                                                          ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА,

                                                          ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ