| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2019/01067/и |
| Дугаар | 184/ШШ2019/01284 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2019/01284
2019 оны 5 сарын 16 өдөр Дугаар 184/ШШ2019/01284 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б.Э /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр,тоот
Хариуцагч: НШШГГ Хаяг: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байр
Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2016 онд найзынхаа гуйсны дагуу өөрийн орон сууцыг Худалдаа, хөгжлийн банкны барьцаанд тавьж зээл авч өгсөн боловч найзын маань ажил нь бүтээгүй, зээлээ төлж чадахгүй явсаар 56 000 000 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Намайг НШШГГ-аас дуудаж төлбөр төлөх талаар мэдэгдсэн, миний орон сууцны үнэлгээг надаар бичүүлж авсан, үүнийг би дуудлага худалдаанд оруулах үнэлгээ гэж ойлгоогүй, шийдвэр гүйцэтгэгч тодорхой тайлбарлаж өгөөгүй, миний бие эрх зүйн мэдлэггүйгээс болж юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, дуудлага худалдаагаар зарах тухай надад огт мэдэгдэж байгаагүй гэтэл 76 000 000 төгрөгөөр миний орон сууцыг зарсан гэж мэдэгдсэн.
Би орон сууцныхаа үнийг 120 000 000 төгрөг гэж бичиж өгсөн, таны хэлсэн үнээр зарна гэж надад хэлж байсан атлаа надад мэдэгдэхгүйгээр 76 000 000 төгрөгөөр зарсан нь хууль бус болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур хямд үнээр зарж иргэн намайг хохироож байна. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж барагдуулах боломжтой.
Иймд Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, 4 өрөө орон сууцны үнэлгээг болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01662 дугаар захирамжаар Б.Э-ээс 56 820 544 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Э-д шүүхийн шийдвэрийг биелүүэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18271500/03 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан.
Төлбөр төлөгч Б.Э-ээс Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад дээрх орон сууцны зах зээлийн ханш 120 000 000 төгрөг гэснийг төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк зөвшөөрч, талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон. Төлбөр авагч, орон сууцны өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 120 000 000 төгрөгийн 50 хувь болох 60 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ч.О нь 76 000 000 төгрөгөөр худалдан авсан.
Дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгчид тухай бүр хуульд заасан хугацаанд мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг болон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01662 дугаар шийдвэрээр Худалдаа, хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 56 570 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/09612 дугаартай захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 1035 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18271500 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 20, 23, 24/
Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх байгуулага 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18271500/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18271500/08 тоот тогтоолоор хураан авсан байна. /хх-ийн 27, 30/
НШШГГ нь 2018 оны 11 дүгээр арын 27-ны өдөр 4/19447 тоот мэдэгдлээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоох, тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоох, үнэлгээний 70 хувиар тооцон албдан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон явуулах тухай мэдэгдсэн, уг мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Б.Эрдэнэбат 120 000 000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б зөвшөөрснөө бичгээр илэрхийлжээ. /ХХ-ийн 32, 34/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтоохоор заасан байна.
НШШГГ нь анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулах, тохиролцсон үнийн 70 хувь буюу 84 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоосон тухай 4/3759 тоот мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд үнийн 50 хувь буюу 60 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 4/6110 тоот мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлбөр төлөгчид мэдэгджээ.
Дуудлага худалдааг явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасан хугацаа, шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсан, 120 000 000 төгрөгөөс доош үнээр худалдах байсныг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан ба харилцан тохиролцож тогтоосон үнийн тухайд талууд шүүхэд гомдол гаргах боломжгүй юм.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01662 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Э-ийн төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдахаар анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууцыг иргэн Ч.О 76 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, дугаар байр, тоот, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ