Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч С.Хадбаатар, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дулаан-Уул овогт Сэржмядагийн Хадбаатарт холбогдох эрүүгийн 201625022143 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөрхүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Дулаан-Уул овогт Сэржмядагийн Хадбаатар Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймагттөрсөн,37 настай, эрэгтэй, дарьганга, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Их Дарь эхийн 9 дүгээр гудамж, 275 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд ял шийтгэлгүй, /РД:ЛГ79121814/;

 

Холбогдсон хэргийн талаар:

С.Хадбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 13-15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-43 тоотод оршин суух иргэн Г.Даваагийн эзэмшлийн орон байранд нэвтрэхийн тулд лоомыг багаж хэрэгслийн чанартай хэрэглэн хаалгыг хөшин онгойлгож, улмаар орон байранд нэвтэрч Шарп маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтхолбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хадбаатар мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Г.Даваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хөдөөнөөс ирсэн чинь манай хүү Булган гэрт хулгай ороод зурагт алдагдсан талаар хэлсэн. Тэгээд удалгүй манай хамаатны С.Хадбаатар гэдэг залуу хулгайлсан байсан ба уг зурагтыг буцааж авсан талаар надад хэлсэн… Манай гэрээс ганцхан зурагт алдагдсан… Манай зурагт 40 инчийн Шарп маркийн хар өнгийн зурагт байсан…Өөр гэм хор учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-26/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Ганболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим.. Дөлгөөн нэг танихгүй залуугийн хамт ирээд зурагтаа авах уу гэхээр нь би авъя гэж хэлээд 150.000 төгрөг өгөөд хар өнгийн Шарп маркийн зурагт  худалдан авсан… Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөө зурагтыг авч явсны дараа Дөлгөөн надад 100.000 төгрөг буцааж өгсөн. Дараа нь Хадбаатар гэдэг залуу ирээд үлдсэн 50.000 төгрөгийг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайн зурагт авч ирнэ гэж огт санасангүй…” гэсэн мэдүүлэг /хх-28/

 

Гэрч Г.Булганы мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутын орчим би гэрээ түгжээд ажилдаа гараад явсан. Тухайн үед манай гэрийнхэн Хөвсгөл явсан байсан ба би гэртээ ганцаараа үлдсэн байсан. Тэгээд орой 19 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн… хаалга онгорхой байсан. Тэгээд өөр эд зүйлс алдагдсан эсэхийг шалгахад зурагтнаас өөр эд зүйлс алдагдаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-55/,

 

Гэрч Х.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…С.Хадбаатар гэх ар манай гэрт өдөр 16 цагийн орчим хавтгай зурагт барьсан орж ирээд энэ зурагтыг ломбарданд тавиад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгээд би юун зурагт юм бэ гэхэд манай эхнэрийн хамаатан хүний зурагт байгаа юм. Би тэднийд 2 сар ажиллаад цалингаа авч чадахгүй болохоор зурагтыг нь авсан юм хямдхан зарлаа гэхээр нь С.Хадбаатар бид хоёр манай эмээ өвөө хоёр руу такси бариад 19-р хороолол руу очсон. Тэгээд С.Хадбаатар манай эмээ өвөө хоёрт энэ манай гэрийн зурагт байгаа юм. Хүнд өртэй болчихоод зарах гэсэн юм гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

 

С.Хадбаатар сэжигтнээр мэдүүлэхдээ: “… 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэдэн цагийг мэдэхгүй байна. Эхнэрийн талын хамаатан Даваагийн гэрт нь хүн байгаа эсэхийг үзэхээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Шинэ замын дэргэд байрлах гэрт нь очсон. Тэгээд хашааны хаалга онгорхой байхаар нь хашаа руу нь ороод хаалга нь цоожтой байгаа эсэхийг нь харсан. Тэгтэл хаалга нь цоожтой байхаар нь хашааг налуулж тавьсан байсан лоомыг аваад хаалганы завсраар хийгээд хөшиж байгаад хаалгыг нь онгойлгосон. Тэгээд… байшин руу орсон чинь байшингийн хойд талд зурагтын тавиур дээр хар өнгийн зурагт байсан. Тэгэхээр нь уг зурагтыг нөгөө адиалаараа боож аваад байшингаас гарсан. Тэгээд зурагтаа тэврээд авто зам руу алхаад зам дээрээс такси бариад Дарь Эх рүү очиж найз Дөлгөөнөөтэй уулзаж зурагт худалдаж авах уу гэсэн чинь би зурагт авахгүй, манай эмээ зурагт авч магадгүй гэсэн… Тэгээд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын 44 дүгээр байран дээр очоод Дөлгөөн эмээгээ дуудсан чинь эмээ гэх нэг эмэгтэй, нэг хөгшиний хамт гэрээсээ гарч ирсэн чинь Дөлгөөн нөгөө хөгшинд та зурагт авах уу гэсэн. Тэгтэл нөгөө хөгшин юун зурагт юм бэ гэхээр нь би Дөлгөөний өвөөд би уг зурагтыг зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд би тэр өвөөд 150.000 төгрөгөөр зарна гэсэн чинь нөгөө өвөө зөвшөөрөөд худалдаж авсан…Тэгээд 20.000 төгрөгийг таксины хөлсөнд өгөөд 30.000 төгрөгөөр нь хүмүүст өртэй байсан түүний өгсөн. Үлдсэн 100.000 төгрөгийг Дөлгөөнд өгч хадгалуулсан. Тэгээд миний хадгалуулсан 100.000 төгрөгийг Дөлгөөн буцаагаад нөгөө өвгөнд өгсөн гэсэн… Би хулгай хийхдээ ганцаараа явсан…” гэсэн мэдүүлэг /хх-38/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/,

Эд зүйлийн үнэлгээ /210.000 төгрөг/ /хх-22/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-23-24/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-53/,

 

Шүүгдэгч С.Хадбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-41-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.Хадбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 13-15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-43 тоотод оршин суух иргэн Г.Даваагийн эзэмшлийн орон байранд нэвтрэхийн тулд лоомыг багаж хэрэгслийн чанартай хэрэглэн хаалгыг хөшин онгойлгож, улмаар орон байранд нэвтэрч Шарп маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Г.Даваагийн “...Манай гэрээс ганцхан 40 инчийн зурагт алдагдсан… Өөр гэм хор учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-26/, иргэний нэхэмжлэгч С.Ганболдын “…150.000 төгрөг өгөөд хар өнгийн Шарп маркийн зурагт худалдан авсан… Дөлгөөн надад 100.000 төгрөг, Хадбаатар 50.000 төгрөгийг өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-28/, гэрч Г.Булганы “...манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд өөр эд зүйлс алдагдсан эсэхийг шалгахад зурагтнаас өөр эд зүйлс алдагдаагүй байсан...” /хх-55/, гэрч Х.Дөлгөөний “…С.Хадбаатар манай эмээ, өвөө хоёрт энэ манай гэрийн зурагт байгаа юм. Хүнд өртэй болчихоод зарах гэсэн юм гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан…” гэх /хх-56-57/, шүүгдэгч С.Хадбаатарын “…лоомыг аваад хаалганы завсраар хийгээд хөшиж байгаад хаалгыг нь онгойлгож гэрт орсон. ...хар өнгийн зурагт байсан. ...Дөлгөөний өвөөд 150.000 төгрөгөөр зарсан. ...Би хулгай хийхдээ ганцаараа явсан…” гэх мэдүүлэг /хх-38/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, эд зүйлийн үнэлгээ /210.000 төгрөг/ /хх-22/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт С.Хадбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Хадбаатарт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахьхэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Хадбаатарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн С.Хадбаатарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Хадбаатар нь бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Хохирогч Г.Даваа нь эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.6 см-ийн өргөнтэй, 116 см-ийн урттай нэг талын үзүүртэй тавтай, нөгөө талдаа үзүүртэй, голоороо хөндлөн зураастай лоом 1 ширхэгийг устгуулахаар эд мөрийн устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаарзүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дулаан-Уул овогт Сэржмядагийн Хадбаатарыг лоомыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар С.Хадбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Хадбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. С.Хадбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.6 см-ийн өргөнтэй, 116 см-ийн урттай нэг талын үзүүртэй тавтай, нөгөө талдаа үзүүртэй, голоороо хөндлөн зураастай лоом 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Хадбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Хадбаатарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Хадбаатарт авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР